Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/397

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0372/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Э.Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 1818007370431 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.М-, 1997 оны 8 дугаар сарын 11-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт үсчин ажилтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э.М- нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  Б.Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 508602**** дугаартай данснаас интернет банкны үйлчилгээг ашиглан 500 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Э.Э.М-ийн өгсөн: Манай ах ******* Солонгос улсад ажил хийдэг юм. Тэгээд би ахаас мөнгө зээлнэ гэж ярьсан байсан. Тэгээд дараа нь бэр эгч Б.Г- ахтай дүрсээ харж ярьж байхыг нь сонссон чинь ах эгч рүү мөнгө шилжүүлнэ гэж байсан. Дараа нь би Б.Г- эгчийн гар утсыг нь аваад Fасеbоок ороодохъё гэж хэлээд мессеж дээр нь байсан дансных нь нууц кодыг хараад Б.Г- эгчийн өөрийнх нь утсаар интернэт банк руу орж дансыг нь шалгасан чинь мөнгө орж ирээгүй байсан. Тэгээд нууц кодыг нь мэдэж авчихаад маргааш нь билүү нөгөөдөр нь интернэт банк ороод Б.Г- эгчийн дансыг нь шалгасан чинь мөнгө орчихсон байсан. Тэгээд би компьютер тоглоомын газар тоглож байсан найзынхаа утсыг түр авч гараад Б.Г- эгчийн интернэт банк руу орсон. Мөнгө шилжүүлж авах гэсэн чинь дансны дугаар олдохгүй болохоор нь Номин худалдааны төвийн 2 давхарт байдаг Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очсон чинь нэг эгч картнаасаа мөнгө аваад зогсож байсан. Тэр эгчийг гуйгаад данс руу Б.Г- эгчийн данснаас интернэт банк ашиглан 500 000 төгрөг шилжүүлээд тэр эгчийн карт үлдэгдэлгүй байсан учраас 495 000 төгрөг авсан. Тэгээд тэр мөнгөөр 200 000 төгрөгөөр нь компьютер тоглоомын газар өрөндөө өгсөн. Үлдсэн мөнгөөр нь өөртөө нэг цамц, үсчний багаж хэрэгсэл аваад дууссан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,                                                                                                                                                                                              

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч Б.Б.Г-ийн өгсөн: Манай нөхөр ******* 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 070 000 төгрөг миний 508602**** дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн үед би ажил дээрээ байж байгаад 17:00 цагт ажлаасаа буусан. Тэр өдөр би гэртээ утсаа орхисон байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр банкнаас мөнгө авах гэтэл 575 000 төгрөгийн үлдэгдэлтэй болчихсон байсан. Ингээд би дансны хуулгаа банкнаас аваад шалгахад 500 000 төгрөгний зарлага гарсан байсан гэх мэдүүлэг /хх 19/,

 

            Гэрч М.Ц- өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16:30 цагийн үед Номин их дэлгүүрийн 2 давхарт байх Хаан банкны АТМ-с Худалдаа хөгжлийн банкны картнаас мөнгө аваад зогсож байхад үл таних залуу ирээд таны данс руу мөнгө шилжүүлээд авчихъя гэсэн. Ингээд би өөрийн Хаан банкны 505515**** дугаарын дансаа хэлсэн юм. Тухайн залуу утсаараа миний данс руу мөнгө шилжүүлсэн бөгөөд миний утсанд орлого гэх мессеж ирсэн. Тэр залуу 495 000 төгрөг авсан ба миний дансанд 5 000 төгрөг үлдсэн. Учир нь АТМ-с мөнгө авах гэсэн чинь миний дансанд байх мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд тэр залуу 5 000  төгрөгийг нь үлдээчихье гэж хэлээд Номингийн араас орж ирдэг хаалга зүглээд явсан гэх мэдүүлэг /хх 21/,

 

            Гэрч М.М- өгсөн: Би сурахынхаа хажуугаар Үйлчилгээний төвийн эсрэг талд байдаг Найрамдал төвийн Champion гэдэг тоглоомын газарт цаг хийж өгдөг админаар ажиллаж байсан. Тэгэхэд Э.М- 2018 оны 7 дугаар сараас хойш манай тоглоомын газар зээлээр тоглоод нийт өр нь 200 000 төгрөг болсон байсан. Тэр мөнгөө Э.М- 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн гэх гэх мэдүүлэг /хх 22/,

 

Хохирогч Б.Б.Г-, гэрч М.Ц- нарын Хаан банкны дансны хуулга /хх 9, 11/, камерын бичлэгт үзлэг хийж, CD дискийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /хх 13-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Шүүгдэгч Э.Э.М- нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Б.Б.Г-ийн өгсөн: “Э.М- 500 000 төгрөгөө надад өгч хохирол төлбөрийг барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 18/-ээр шүүгдэгч Э.Э.М-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Э.Э.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

            Шүүгдэгч Э.Э.М- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 31/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3.3-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Э.М-д энэ тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэссэн тул өмнөх  Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин худалдааны төвийн 2 давхарт байх бэлэн мөнгөний машины хяналтын камерт үзлэг хийсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч" хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Э.М-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ