Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0406

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Д-ын Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000000488 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг 1-104 тоот гэртээ хамтран амьдрагч Л.Б-ийг “гадуур хонон өнжин архи ууж явлаа” хэмээн хардалтын улмаас маргалдаж улмаар төмрөн сандалаар нуруу, хөл хэсэгт нь олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг 1-104 тоот гэртээ хамтран амьдрагч Л.Б-ийг цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн дал, гуя, шилбэнд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б-ийн “...манай нөхөр гэртээ архи уугаад байхаар нь манай аавын талын дүү Цоомоо эгчийнхээ гэрт 2 хоночхоод 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгсэн манай нөхөр Д.Ц нь чи гэртээ хонохгүй хаагуур яваад байдаг юм бэ гэж уурлаад миний баруун нүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэгснээ гэрээс гарах гэж байснаа гэрт байсан төмөр хөлтэй сандлыг аваад миний зүүн дал орчим хоёр удаа, зүүн гуя руу хоёр удаа цохиж зодсон. “...Урд нь хоёр удаа архи дарс уучихсан ирээд үглэж яншаад гэнэт намайг зайл ална гэж орилохоор нь цагдаад 2 удаа дуудлага өгч эрүүлжүүлэх рүү явуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 1071 дугаартай “...Л.Б-ийн биед баруун нүдний зовхи, зүүн дал, гуя, шилбэнд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 28/,

 

Шүүгдэгч Д.Ц “...тэр өдөр манай эхнэр олон хоног гадуур хонон өнжин явж дансан дахь мөнгө төгрөгөө үрчихсэн байсан учир миний уур гэнэт хүрч түргэн уурнаас болж энэ хэргийг үйлдчихлээ” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан байдал, цалин, орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Л.Б- нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Ц гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ц оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД