| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0760/э |
| Дугаар | 2018/ШЦТ/813 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн “1811014000841” дугаартай, 186/2018/0760/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ мах” маркет ХХК-нд туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Орхон аймаг, 1 баг, толгодын 27-18 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Д.Э,
Монгол Улсын иргэн, 1956 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, хүү, охин, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 105 дугаар байрны 76 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар: Д.Э, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө.Одончимэгийн андуурч өгсөн бөгжийг завшсаны улмаас 920.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...өмнө нь “Сайн” ломбарданд Чимгээ эгчийн бөгжийг 50,000 төгрөгт барьцаалсан. Маргааш нь дахин мөнгөний хэрэг гараад 10,000 төгрөг нэмж авсан. Дараа нь би хөдөө явах болоод хугацаа нь дуусах гээд байна. Явахаасаа өмнө авч өгье гээд ломбард ороод бөгжийг нь авахад Чимгээ эгчийн бөгж биш байсан. Тэгээд дахин өөр ломбарданд мөнгө нэмж тавьсан гэв.
1.2. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр танил дүү Д.Этай миний урьд нь тавьсан бөгжийг авах гэж очиход ломбардны ажилтан надтай хамт явсан Энхбаатарт алтан бөгж андуурч өгсөн. Тэгээд Энхбаатар энэ таны бөгж биш юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад өгсөн нь дээр байх энэ ломбард камертай бас би байнгын үйлчлүүлэгч нь гэж хэлсэн. Тэгээд би наад бөгжийг чинь өөр ломбардад орж шалгуулъя гэж хэлээд Сайн ломбардны нэг салбарт нь 900.000 төгрөгт тавьсан. Би 350.000 төгрөг авсан, Энхбаатар 550,000 төгрөг авсан гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Одончимэгийн:..2018 оны 05 сарын 03-ны өдөр манай 7 буудлын сайн ломбарданд 2018 оны 04 сарын 06-ны өдөр 028040433 дугаартай гэрээгээр монетон бөгж тавьсан залуу, нэг эгчийн хамт эд зүйлээ ирж авахдаа өөр гэрээний дугаартай эд зүйл буюу 11 граммтай алтан бөгжийг андууран өгч явуулахад Долгор овогтой Энхбаатар гэх залуу манай 7 буудлын Соёмбо кинотеатрын 1 давхарт байрлах сайн ломбардны салбарт 920.000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай тавьсан байсан. Ингээд тухайн залуугийн утасны дугаараар холбогдон ярьж энэ талаар хэлэхэд надтай уулзана гэж хэлээд сүүлдээ утсаа унтраагаад алга болсон юм. 1.1 грамтай сорьцгүй монетон бөгжийг 2018 оны 04 сарын 06-ны өдөр 30 хоногийн хугацаатай тавиад 2018 оны 05 сарын 03-ны өдөр ирэхдээ 52.600 төгрөг төлөөд эд зүйл авах байсан боловч дээр дурдсан мөнгөө өгөөд ойролцоо гэрээний дугаартай алтан бөгжийг андууран өгөхөд тухайн иргэн уг эд зүйлийн талаар манай байгууллагад өөр салбарт эд зүйлийг тавиад завшсан байна гэх мэдүүлэг. /хх 17-18/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ариунтуяагийн:..би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 55 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын сайн ломбардны салбарт теллерийн ажлаа хийгээд байж байхад манай ломбарданд эд зүйлээ тавьсан Д.Э гэх залуу эд зүйлээ авахаар орж ирсэн юм. Тэр үед манай эрхлэгч Одончимэг гэрээний кодийг буруу гарган өгөхөд, би тухайн эд зүйлийг аваад хүлээлгэн өгөх явцад гэрээний дугаартай кодийг эд зүйлийг хооронд нь буруу тулган өгч гэрээг нь хаасан байна. Тэгээд 18 цаг 50 минутын орчимд “тухайн залуутай хамт явсан Б.Э гэх эгч орж ирээд, та нар хүнд буруу эд зүйл өгөөд явуулсан байна, монетон бөгж өгөх байсан боловч алтан бөгж өгөөд явуулсан байна” гэж хэлсэн. Буруу эд зүйл хүлээлгэн өгснийг мэдсэний дараа 7 буудлын ойролцоо сайн ломбардруугаа залгаж танайд Энхбаатар гэх хүн алтан бөгж тавихаар орж ирсэн үү гэж асуухад, нэлээд хэдэн минутын өмнө орж ирээд тавиад гарч явсан гэж хэлсэн юм. Тухайн үед нэг эмэгтэйн хамт явсан гэж хэлсэн. Ломбарданд тавихдаа алт мөн үү гэж асуухад, манай авсан теллер алт мөн байна гэж хэлээд, эхлээд 100000 төгрөгөөр тавихаар болсоны дараа 150000 тавихаар болох үед хамт явсан эмэгтэй нь тулгаад тавибал хэд болж байна гээд 920000 төгрөгөнд тавьсан байна гэх мэдүүлэг. /хх-28/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганмөрөнгийн:..2018 оны 05 сарын 03-ны өдөр сайн ломбардны буудлын соёмбо салбарт теллерийн ажлаа хийгээд байж байхад Долгор овогтой Энхбаатар гэх хүн 11 граммтай алтан бөгжийг ломбарданд тавьж үйлчлүүлсэн юм. Тухайн хүн өөрөө иргэний бичиг баримттай, явсан болохоор журмын уг зүйлд үнэлгээ тогтоож 920.000 төгрөгний 1 сарын хугацаатай зээлийн гэрээ авсан юм. Тухайн хүнийг эд зүйл тавиад явснаас хойш 20 минутын дараа 7 буудлын Чингэлтэй салбараас манайх руу залгаж танайд 11 граммтай алтан бөгж хүн тавихаар ирсэн үү гэж асуусан юм. Тэгээд болж өнгөрсөн үйл явдлыг тухайн салбарын ажилтанд хэлсэн юм. Түүнээс хойш тухайн бөгжийг Чингэлтэй салбарын ажилтнууд өөрсдөө мөнгийг нь төлж, манай салбараас 11 граммтай алтан бөгжийг авсан гэх мэдүүлэг. /хх-35/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Нацагдоржийн:...2018 оны 04 сарын 03- ны өдөр өөрийн найз Аюурзаны хамт явж байхад манай найз ломбарданд бөгж тавих гэсэн юм гэж хэлээд бичиг баримт байхгүй гэхээр нь миний бичиг баримтаар 7 буудлын сайн ломбарданд түүний 11 граммтай алтан бөгжийг 1 сарын хугацаатай зээлийн барьцаанд тавьсан юм. Тэгээд дунд нь 2 удаа очиж сунгалт хийлгэсэн юм. 2018 оны 07 сарын 03-ны өдөр ломбарднаас очиж авсан гэх мэдүүлэг. /хх-36/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Аюурзаны:...2018 оны 04 сарын 03-ны өдөр би хүнээс автомашин худалдан авах гэхэд 2.000.000 төгрөг дутахаар нь өөрийн 11 граммтай алтан бөгжийг найз Нацагдоржийн бичиг баримттай болохоор явуулсан юм. Тэгээд манай найз миний бөгжийг 7 буудлын сайн ломбарданд тавьчихаад ирлээ гэж хэлээд 900.000 төгрөг өгсөн юм. Үүнээс хойш ломбардны сарын сунгалтын мөнгийг би өөрөө зээлийн гэрээгээ авч очоод төлж байсан. Тэгээд 2018 оны 07 сарын 23-ны өдөр найзтайгаа очиж ломбарданд үлдсэн мөнгийг төлж бөгжөө авсан гэх мэдүүлэг./хх-37/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1 Хавтас хэргээс улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, 13-14 дүгээр хуудас, 10-11 дүгээр хуудас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 16-18 дугаар хуудас хохирогч Ө.Одончимэгийн мэдүүлэг, 28 дугаар хуудас гэрч Т.Ариунтуяагийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас “Сайн” ломбардны барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч: шүүгдэгч Д.Эт оногдуулах ялшийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 24, 25, 39, 38 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Э, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө.Одончимэгийн андуурч өгсөн бөгжийг завшсаны улмаас 920.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ө.Одончимэгийн:..2018 оны 05 сарын 03-ны өдөр манай 7 буудлын сайн ломбарданд 2018 оны 04 сарын 06-ны өдөр 028040433 дугаартай гэрээгээр монетон бөгж тавьсан залуу, нэг эгчийн хамт эд зүйлээ ирж авахдаа өөр гэрээний дугаартай эд зүйл буюу 11 граммтай алтан бөгжийг андууран өгч явуулахад Долгор овогтой Энхбаатар гэх залуу манай 7 буудлын Соёмбо кинотеатрын 1 давхарт байрлах сайн ломбардны салбарт 920.000 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай тавьсан байсан. Ингээд тухайн залуугийн утасны дугаараар холбогдон ярьж энэ талаар хэлэхэд надтай уулзана гэж хэлээд сүүлдээ утсаа унтраагаад алга болсон юм. 1.1 грамтай сорьцгүй монетон бөгжийг 2018 оны 04 сарын 06-ны өдөр 30 хоногийн хугацаатай тавиад 2018 оны 05 сарын 03-ны өдөр ирэхдээ 52.600 төгрөг төлөөд эд зүйл авах байсан боловч дээр дурдсан мөнгөө өгөөд ойролцоо гэрээний дугаартай алтан бөгжийг андууран өгөхөд тухайн иргэн уг эд зүйлийн талаар манай байгууллагад өөр салбарт эд зүйлийг тавиад завшсан байна гэх мэдүүлэг. /хх 17-18/,
гэрч Т.Ариунтуяагийн:..тэгээд 18 цаг 50 минутын орчимд “тухайн залуутай хамт явсан Б.Э гэх эгч орж ирээд, та нар хүнд буруу эд зүйл өгөөд явуулсан байна, монетон бөгж өгөх байсан боловч алтан бөгж өгөөд явуулсан байна” гэж хэлсэн. Буруу эд зүйл хүлээлгэн өгснийг мэдсэний дараа 7 буудлын ойролцоо сайн ломбардруугаа залгаж танайд Энхбаатар гэх хүн алтан бөгж тавихаар орж ирсэн үү гэж асуухад, нэлээд хэдэн минутын өмнө орж ирээд тавиад гарч явсан гэж хэлсэн юм. Тухайн үед нэг эмэгтэйн хамт явсан гэж хэлсэн. Ломбарданд тавихдаа алт мөн үү гэж асуухад, манай авсан теллер алт мөн байна гэж хэлээд, эхлээд 100000 төгрөгөөр тавихаар болсоны дараа 150000 тавихаар болох үед хамт явсан эмэгтэй нь тулгаад тавибал хэд болж байна гээд 920000 төгрөгөнд тавьсан байна гэх мэдүүлэг. /хх-28/,
гэрч Б.Ганмөрөнгийн:..2018 оны 05 сарын 03-ны өдөр сайн ломбардны буудлын соёмбо салбарт теллерийн ажлаа хийгээд байж байхад Долгор овогтой Энхбаатар гэх хүн 11 граммтай алтан бөгжийг ломбарданд тавьж үйлчлүүлсэн юм. Тухайн хүн өөрөө иргэний бичиг баримттай, явсан болохоор журмын уг зүйлд үнэлгээ тогтоож 920.000 төгрөгний 1 сарын хугацаатай зээлийн гэрээ авсан юм. Тухайн хүнийг эд зүйл тавиад явснаас хойш 20 минутын дараа 7 буудлын Чингэлтэй салбараас манайх руу залгаж танайд 11 граммтай алтан бөгж хүн тавихаар ирсэн үү гэж асуусан юм. Тэгээд болж өнгөрсөн үйл явдлыг тухайн салбарын ажилтанд хэлсэн юм. Түүнээс хойш тухайн бөгжийг Чингэлтэй салбарын ажилтнууд өөрсдөө мөнгийг нь төлж, манай салбараас 11 граммтай алтан бөгжийг авсан гэх мэдүүлэг. /хх-35/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Э, Б.Э нарыг бүлэглэн андуурагдсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон шүүгдэгч Б.Эд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Эт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Б.Эгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй,
шүүгдэгч Д.Эаас 170.000 /нэг зуун далан мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Одончимэгт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э, Б.Э нарыг бүлэглэн андуурагдсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Д.Эныг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнсүрэнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 58 хоног буюу 464 цагийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 36 цагаар тогтоосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эаас 170.000 /нэг зуун далан/ мянган төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Ө.Одончимэгт олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ