Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч М.Энхзул,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбат, иргэний нэхэмжлэгч Б.Батдагва, хохирогч нарын өмгөөлөгч Х.Нямдэлгэр/13-58/, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар/10-98/,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Ж-д холбогдох 1834004970289 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хс төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 8, эхнэр, дүү, ээж, 4 хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэ сум 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Б гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ж Төв аймгийн Эрдэнэ сум гэх мэдээллэх тэмдэгний

орчим Улаанбаатар хотоос Багануур дүүргийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "портер” маркийн 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг тус тус зөрчин "Хонда си эйр ви” маркийн 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Энхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Батдагвын эд хөрөнгөнд 5929000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.Ж нь Төв аймгийн Эрдэнэ сум гэх мэдээллэх тэмдэгний орчим Улаанбаатар хотоос Багануур дүүргийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “портер” маркийн 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг тус тус зөрчин “Хонда си эйр ви” маркийн 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Энхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Батдагвын эд хөрөнгөнд 5929000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хохирогч М.Энхзулын: "... Төв аймгийн Эрдэнэ сум руу орох гэж явж харагдсан байшингууд харагдаад би хүүхдээ тэврээд унтуулах гээд явж байсан ба нөхөртэйгөө юм яриад явж байсан юм. Тэгээд нэг мэдсэн Эрдэнэ сумын эмнэлэгт ухаан орсон ба ухаан санаа орж гараад байсан. Надаас нэг цагдаа овог нэр асуугаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн машин дотор явж байсан ба хашаа явж байгаа юм бэ гэхэд гэмтэл явж байна гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Би яг осол болох үед урдаас ямар машин ирж мөргөсөн болох талаар огт санахгүй байгаа ба яг юу болсон талаар ямар ч мэдэх зүйл байгаагүй сүүлд л портертой мөргөлдсөн гэж мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-16 тал/, хохирогч Б.Ганбат мэдүүлсэн: "Би яг хурд сааруулагчийн наахан байсан нилээн зөөлөн хурдаа сааруулаад хурд сааруулагч дөхөж байна гэж бодоод явж байтал гэнэт урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл ирээд шууд мөргөчихсөн. Уг нь би яг өөрийн эгнээндээ явж байсан ба хажуугаар тээврийн хэрэгслүүд дүрмийн дагуу зөрж өнгөрч байсан ба тэр машиныг мөн адил гараад явах болов уу гэж бодсон гэрэл нь тусах шиг болоод юм бодож амжаагүй байхад шууд ирээд л мөргөчихсөн, би ямар ч зогсоох арга хэмжээ авч чадаагүй нүд эрмэхийн зуур болж өнгөрсөн юм. Би болон манай эхнэр хамгаалах бүс зүүсэн байсан ба хүүхэд маань манай эхнэрийн өвөр дээр урд талд унтаад явж байсан юм” гэх мэдүүлэг / хх-18 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-05 тал/,

-зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-06 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/,

  • гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-14 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн №8727 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8732 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Анандын биед тархи доргилт, зулай ясны шугаман хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт, зүүн шилбэний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

  1. Дээрх        гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-43 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн №8726 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45 тал/,

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №580 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-48 тал/,

-"Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-57-58 тал/, Г.Анандын өвчний түүх /хх-66-72 тал/,

  • М.Энхзулын өвчний түүх /хх-73-82 тал/,

-Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №00000083 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

  1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Портер маркийн 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байна. 33-83БРА улсын дугаартай Си Эйр Ви маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв.
  2. Хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 85-97ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж, 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганбат нар нь осол болох үед ямар хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй.
  3. Хавтаст   хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Портер маркийн 85-97ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байна.
  4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн ослын зам орчины байдал нь асфаль, тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлага, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын илрээгүй” гэх /хх-84 тал/ зэргээр тогтоогдсон байна.

Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь согтуурсан үедээ гэж хуульчлагдсан, шүүгдэгч Б.Ж нь хүнд зэргийн согтолттой байсан нь цус авсан тухай тэмдэглэл, шинжээчийн 2018 оны 07 сарын 19-ны өдрийн 7344, 7345 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр ,

Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 сарын 20-ны өдрийн 8732 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн нь түүний

үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт” Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан борловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байх хангалттай нөхцөл байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Ж-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч насанд хүрээгүй хохирогч Г.Ананд, хохирогч М.Энхзул нарт учирсан зарим хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн боловч хэргийн улмаас учирсан хохирлоос үүссэн хор уршиг бүрэн арилаагүй, хохирлыг хэзээ, хэрхэн төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлээгүй, хохирогч Г.Ананд, М.Энхзул нар нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт "..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан, шүүгдэгч Б.Ж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж, хорих ялыг эдэлж дууссан үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолно.

Хохирогч Г.Ананд, М.Энхзул нарын зүгээс ажилгүй байх хугацааны цалин 4500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3000000 төгрөг, хүүхэд асаргааны хөлс 2400000 төгрөг, эм тариа 1405364 төгрөг,

Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөг нийт 13805364 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн 4000000 төгрөгийг хасч 9805364 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Үүнд:

Хохирогч, түүний хууль ёсын төлөөлөгчийн зүгээс 13.805.364 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Б.Ж 10.000.000 төгрөг төлсөн. Үүнээс иргэний хариуцагч Б.Батдагвад 6.000.000 төгрөг төлж түүнийг хохиролгүй болгосон байна.

Хохирогч М.Энхзул, Г.Ананд нарт 4.000.000 төгрөг төлсөн байна.

Иймд 13.805.364 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 4.000.000 төгрөгийг хасч 9.805.364 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас бензин болон эм тариа 1.405.364 төгрөг, машин ачлаганы хөлс 500.000 төгрөг, М.Энхзулын ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг, Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2.000.000 төгрөг, асрагчийн хөлс 2.400.000 төгрөг, хүүхдийн сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад бензин болон эм тарианы зардалд/эм тарианы зардал нэхэмжилсэнээс илүү баримт хэрэгт авагдсан байх тул/ 2.638.494 төгрөг, машин ачлагын зардалд 500.000 төгрөг, асрагчийн хөлс 2.400.000 төгрөг, нийт 5.538.494 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж үүнээс шүүгдэгчийн өгсөн гэх 4.000.000 төгрөгийн зардлыг хасч үлдэх 1.538.494 төгрөгийг шүүгдэгч Б.Жаргалсайнхаас гаргуулж, хохирогч М.Энхзулд олгох нь зүйтэй.

Хохирогч М.Энхзулын ажилгүй байх хугацааны цалин 4500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримт дутуу, М.Энхзул нь хаана ямар албан тушаал хашдаг эсэх, сарын үндсэн цалин хэд болох, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхийг нотлосон баримт болох нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн цэсийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй,

Ажлаасаа цалинтай болон цалингүй чөлөөтэй байсан эсэх, эмчийн дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй байх тул түүний ажилгүй байх хугацааны цалин 4500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т " хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон, хөнгөн хохирлын улмаас хохирогч Б.Ганбат ажилдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очоогүй гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөг, сэтгэл санааны хохирол учирснаас сэтгэл засалын болон бусад эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна .

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Б.Ж-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б. Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  1. Шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг сануулсугай.

  1. Хэрэгт       эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
  2. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас 1.538.494 төгрөгийг гаргуулж хохирогч М.Энхзулд олгож, хохирогч М.Энхзул нь ажилгүй байсан хугацааны цалин 4500.000 төгрөг болон хохирогч Г.Ананд, М.Энхзул нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй, иргэний хариуцагч Б.Батдагвад 6000000 төгрөг төлснийг тус тус дурдаж, хохирогч Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  3. Анхан       шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                                                                                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.ОТГОНЖАРГАЛ