Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 115/ШШ2020/0017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: ДГА-ийн АН-ын нэхэмжлэлтэй

           Хариуцагч: ДГА-ийн СХ-нд холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ДГА-ийн АН-аас нэр дэвшүүлсэн Ц.Г, Д.Г, Ш.Г нарыг сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй аймгийн СХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт Ц.Г, Д.Г Ш.Г нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах,

        Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлсэн У.О-ийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа ДГА-ийн СХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, У.О-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг ДГА-ийн СХ-нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДГА-ийн АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч ДГА-ийн СХ-ны дарга Н.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн Ардчилсан намын хороо 2020 оны 02 дугаар хуралдаанаараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн нэрсийг 08 дугаар тогтоолоор батлан гаргасан. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 31 нэр дэвшигчдийн материалыг бүртгүүлэхээр Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо 28 нэр дэвшигчдийг бүртгэж, 3 нэр дэвшигч болох Ц.Г, Ш.Г, Д.Г нэр дэвшигчдийг бүртгэсэнгүй.

         Аймгийн Ардчилсан намаас эдгээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг шаардсан албан бичгийг аймгийн Сонгуулийн хороонд гаргахад “хариу өгөх” албан бичгээр ... нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл дутуу, ... 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаагүй гэсэн зүйлийг тусгасан байсан.

           Аймгийн Сонгуулийн хороо дээрх 3 нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох хүсэлтэй байна.

            Мөн аймгийн Сонгуулийн хороо эдгээр 3 нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй, энэ талаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба үүнээс үүдэн нөхөн нэр дэвшүүлэх хугацааг алдагдуулж байна. Нөхөн нэр дэвшигчийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэхэд мөн л хүлээж авсангүй. Иргэний сонгогдох эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох тухай” гэж зааснаар тодорхойлж байна.

        Дорноговь аймгийн Ардчилсан намаас нийт 31 нэр дэвшигчийг орон нутгийн Хурлын сонгуульд оролцуулахаар тогтоол гаргаж хүргүүлсэн боловч үүнээс 2, 7,16 дугаар тойрогт Ш.Г, Ц.Г, Д.Г нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн эсвэл бүртгээгүй талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймээс тухайн нэр дэвшигчдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхгүй гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” гэж, мөн “нөхөн нэр дэвшигч У.О-ийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, У.О-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

       ДГА-ийн АН-ын хороо 2020 оны 2 дугаар хуралдаанаараа гишүүдийн дунд нууцаар санал хурааж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн нэрсийг 2020 оны 8 дугаар тогтоолоор батлан гаргасан. Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны 2020 оны 8 дугаар тогтоол, 31 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтын хамт хуулийн дагуу баримт бичгийг бүрдүүлж аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хүлээлгэж өгсөн. Аймгийн Сонгуулийн хороо нь намын нэр дэвшигчдээс 28 хүнийг бүртгэж 3 хүнийг буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2 дугаар тойрогт нэр дэвшсэн Ц.Г, 7 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Г, 16 дугаар тойрогт нэр дэвшсэн Ш.Г гэсэн хүмүүсийг бүртгээгүй. Бүртгэсэн эсэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.  Дорноговь аймгийн Ардчилсан намын хороо 8 дугаар тогтоолоор 31 хүнийг нэр дэвшүүлсэн байтал аймгийн Сонгуулийн хороо нь материал дутуу гэдэг үндэслэлээр нэр дэвшигч нарыг хүн нэг бүрээр нь нягтлан шалгаж жагсаалт гаргаж бүртгэж аваагүй нь материал хүлээлгэж өгсөн 2 талын гарын үсэгтэй баримт бичгийн тэмдэглэлээс харагдаж байна. Энэ бол Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.9 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн Дорноговь аймгийн Ардчилсан намаас 3 нэр дэвшигчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны хариу хүссэн албан тоотыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэхэд татгалзсан эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэсэн хариуг албан тоотоор ирүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр 31.9-д “Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ заалтын дагуу Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэх, бүртгэхээс татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой гэж үзэж байна. Сонгуулийн хороо нь Ардчилсан намын хорооны хурлаас гаргасан тогтоол, нэр дэвшигчийн жагсаалтыг хүргүүлсэн байхад 3 нэр дэвшигчид хамаарах материал байхгүй гэсэн шалтгаанаар нэр дэвшсэн 3 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахгүй байгаа нь нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй болгож байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Дорноговь аймгийн Ардчилсан намаас сонгогдсон нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нам, эвслийг сонгуулийн хороонд бүртгүүлэх талаар нийт 10 шаардлага байна. Миний ойлгож байгаагаар нам дотоод асуудлаа хурлаар шийдвэрлэж 31 мандат, 31 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан. Дээрх 10 шаардлагын хүрээнд бид эхний ээлжинд нэгдүгээр шаардлага дээр тавигдсан мөн хуулийн 31.2.1-д заасан “нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”-ыг хүргүүлсэн. Тэгэхээр 10 шаардлага байхад хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороо нь 8 гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Эдгээр 10 шаардлагаас эхний шаардлага нь хэрэгжсэн буюу Ардчилсан намаас энэ баримтыг хүргүүлсэн байна. Тэгэхээр Сонгуулийн хороо материалыг хүлээж авахдаа, нэр дэвшигч бүрийн 10 шаардлагын дагуух баримт байгаа эсэхийг нэг бүрчлэн бүртгэх ёстой гэж ойлгож байна. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хариу тайлбарт Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарахгүй зүйлийг бичсэн байна. Би энэ бүх заалтуудыг Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Дорноговь аймгийн Ардчилсан намын дотоод асуудал руу орсон гэж ойлгож байна. Нийт 31 нэр дэвшигчийн хувьд яг ямар, ямар баримт ирүүлсэн гэдэг дээр нягтлан шалгана уу гэхээс тухайн нам дотооддоо нэр дэвшигч нарыг яаж тодруулж байгаа гэдэг асуудал дээр аймгийн Сонгуулийн хороо оролцох шаардлагагүй гэж бодож байна. Нам 31 нэр дэвшигчээ дотооддоо санал хураалтаар сонгон шалгаруулж тодруулж гарч ирсэн. Үүнд бүртгүүлэх явцад 3 хүн хувийн асуудлаар материал бүрдүүлж ирүүлээгүй шалтгаан нөхцөл үүссэн. Тэгэхээр тухайн үед ямар шалтгаан гарсан гэдгийг бид нар мэдэж байгаа ч гэсэн Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд тайлбарлах шаардлага байхгүй гэж ойлгож байна. Дорноговь аймгийн Ардчилсан намын тогтоолд 31 хүний нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлсэн байхад 28 хүний нэрийг бүртгэж түүнд нягтлан шалгалт явуулсан баримт бичиг хүлээж авсан 2 талын гарын үсэг зурсан актад харагдаж байна гэв.

         Хариуцагч Сонгуулийн хороо Ардчилсан намын 3 нэр дэвшигчийн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, гэсэн хэдий ч хуулийн хугацаанд багтааж нөхөн нэр дэвшигчийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэтэл үүнд аймгийн Сонгуулийн хороо нь гараар бичиг үйлдэж хүргүүлсэн байдаг.

          Иймээс Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэхэмжлэлийн шаардлагад заасан 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэр бүхий 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгаж, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигч У.Одонтуяаг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, У.Одонтуяаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-т зааснаар Дорноговь аймгийн Ардчилсан намаас 08 дугаар тогтоолоор нийт 31 нэр дэвшигчийн материалыг бүртгүүлэхээр Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. 3 нэр дэвшигчийн бүртгэж авах болон бүртгэж авахаас татгалзсан ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа нь тухайн нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг, иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж заасан байна. Зарчмын заалтууд хөндөгдөж нэр дэвшигч бүртгэгдэх эсэх асуудал нь тодорхой шийд гаргахгүй болохоор дараагийн нөхөн нэр дэвшигч У.Одонтуяагийн материалыг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байгаа үйлдэл нь хуулийн заалтыг зөрчихөд хүргэж байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т зааснаар Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж заасан байна. Гэтэл Сонгуулийн хорооноос 7 хоногийн хугацаанд 28 нэр дэвшигчийн бүртгэх тогтоолыг гаргасан болохоос 3 нэр дэвшигчийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлээгүй. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т дахь хэсэгт талууд харилцан мэтгэлцлээ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгээс 31.10 дахь зүйл хүртэл зааж өгсөн байна. Гэтэл хариуцагчийн хувьд тухайн хувь хүний мэдээлэл баримт бичгийн бүрдлийг хянан шалгах асуудлаа шийдэхээс биш шууд матриалыг ирүүлээгүй гэж үзэн бүртгэж авахгүй гэж хэлж байгаа нь хуульд заагдаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэн татгалзах байтал 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

        Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Х шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа: ... Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Ардчилсан намаас аймгийн Сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цаг 35 минутад нийт 28 нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь тухайн үед хүлээлцсэн тэмдэглэлээр баталгаажсан. Ийнхүү нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авахад аймгийн Сонгуулийн хорооны дарга миний бие, гишүүд Ч.Байгалтуяа, Л.Шагдарсүрэн, Д.Цэндмаа, Б.Оргилбаяр нар ажилласан.

          Ардчилсан намаас ирүүлсэн “аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай” 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтад заасан нэр дэвшигчдийн жагсаалтад Ц.Ганбат, Д.Гантөмөр, Ш.Ганбат гэсэн 3 хүний нэр бичигдсэн боловч:

  1. Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл байхгүй.
  2. Хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар байхгүй,
  3. Хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа байхгүй.
  4. Хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт байхгүй.
  5. Нэр дэвшигчийн намтар байхгүй.
  6. Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар байхгүй.
  7. Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа байхгүй.
  8. Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг байхгүй байсан.

         Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга А.Баяраагаас намын тогтоолд нэр нь бичигдсэн баримт бичиг нь байхгүй 3 хүний талаар баримт бичиг яагаад ирүүлээгүй байгааг лавласан. Тухайн үед А.Баяраа нь энэ 3 хүн баримт бичгээ өгөөгүй тул ирүүлээгүй гэсэн тодруулга өгч байсан нь тухайн үеийн хүлээлцсэн тэмдэглэлээс тодорхой харагдана.

          Ядаж л эдгээр хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбар байгаагүй учраас Монгол Улсын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “сонгогдох нас /18 нас/-нд хүрсэн” хүн мөн эсэхийг ч тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл анхнаасаа Ардчилсан намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авахад тухайн 3 хүний нэрнээс өөр ямар нэг мэдээлэл, баримт бичгийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд Сонгуулийн хороо юуг мэдэж, ямар мэдээлэлд үндэслэж, ямар шийдвэр гаргах юм бэ?

           Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн Ц.Ганбат, Д.Гантөмөр, Ш.Ганбат нарын хүмүүст холбогдох баримт материалд огт байхгүй тохиолдолд эдгээр  хүмүүс нэр дэвшээгүй, Ардчилсан намаас Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойргуудад нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл болно.

           Өөрөөр хэлбэл энэхүү 3 хүнээс хувь хүнийхээ зүгээс өгөх ёстой 1 ч баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь тухайн намаас нэр дэвшүүлэх ажиллагаа хэрхэн явагдсан нь мэдэгдэхгүй, тухайн 3 хүний зүгээс нэр дэвших зөвшөөрөл өгөөгүй нь нотлогдож байгаа юм. Ардчилсан намаас нэр дэвшүүлэх ажиллагаагаа хууль, дүрэмдээ заасны дагуу нэр дэвшүүлэх хуулийн хугацаанд буюу баримт бичиг бүрдүүлэх хуульд заасан хугацаанд тухайн 3 хүний баримт бичгийг нь бүрдүүлэх хүнээ олоогүй, эсхүл олсон 3 хүн нь зөвшөөрөөгүй байгааг харуулж байна. Тиймээс улс төрийн намаас хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаагаа тухайн 3-н мандатад хуулийн хугацаанд нь хийж чадаагүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх хуулийн үзэл баримтлалыг ашиглах боломжгүй гэж аймгийн Сонгуулийн хороо үзсэн.

           Нэгэнт тухайн тойргуудад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй тохиолдолд Сонгуулийн хороо бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах талаар ямар нэг шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

            Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9 дэх заалтын дагуу “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”. Гэтэл нэр дэвшигч гэх хувь хүнийх нь 1 ч баримт бичиг байхгүй байхад ямар нэг шийдвэр гаргах боломжгүй бөгөөд энэ нь үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй биш харин ч баримт бичгээ ирүүлээгүй нам болон нэр дэвшигчийнх нь эс үйлдэхүй гэж үзэж байна.

          Улс төрийн намуудын хувьд нэр дэвшүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө тухайн хүмүүсээсээ нэр дэвших зөвшөөрлийг нь бичгээр заавал авахын сацуу хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлүүлж авах нь хуулийн шаардлага болно. Тиймээс “санаатай эсхүл санамсаргүй” ямар нэг шалтгаанаар нэр дэвшсэн хувь хүнд холбогдох баримт бичгийг ирүүлээгүй асуудал нь тухайн хүний оронд өөр хүний нөхөн нэр дэвшүүлэх хуулийн боломжийг ашиглах “арга” болох ёсгүй /Энэ нь хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй/. Харин тухайн нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлээд /бичгээр өгсөн зөвшөөрөл болон бусад/ нэр дэвшигчдэд тавигдах боломжийг олгосон бол бүртгэх болон бүртгэхээс татгалзах аль нэг шийдвэр гаргах эрх зүйн үндэс бүрдэх учиртай.

         Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн гэж тогтоолын хавсралтад бичигдсэн Ц.Г, Д.Г, Ш.Г гэсэн нэр бүхий хүмүүсийн хувьд тус намаас нэр дэвшүүлсэн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэх болон бүртгэхээс татгалзах талаар ямар нэг шийдвэр гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж аймгийн Сонгуулийн хорооны гишүүд 100 хувь санал нэгдсэн болно.

        Нэгэнт дээрх 3 хүний хувьд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаагүй тул тухайн тойрогт нөхөн нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд аймгийн Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлнэ хэмээн ирүүлсэн Л.О гэдэг хүний баримт бичгийг хүлээж аваагүй буцаасан болно.

          Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймгийн Ардчилсан намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар Дорноговь аймгийн Ардчилсан намаас Сонгуулийн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цаг 35 минутад нийт 28 нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед хүлээлцсэн тэмдэглэлээр баталгаажсан.

        Ийнхүү нэр дэвшигчдийг бүртгэж авахад аймгийн Сонгуулийн хорооны дарга миний бие, гишүүд Ч.Б, Л.Ш, Д.Ц, Б.О нар ажилласан. Эдгээр баримт бичгийг Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга А.Баяраа гэх хүн хүлээлгэж өгсөн. 31 хүний баримт бичиг гэж тайлбараа андуурч байна гэж харж байна. Яагаад гэвэл баримт бичиг нь өөрөө тодорхой хэмжээний бүрдлийг шаарддаг тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т ямар баримт бичгийг авч ирэх асуудлыг тодорхой тусгасан. Энд 28 хүний баримт бичгийг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа Ц.Ганбат, Ш.Ганбат, Д.Гантөмөр нарын хувьд тухайн намаас хууль ёсны дагуу нэр дэвшүүлсэн гэж ярьж байгаа, тогтоолд зөвхөн нэр нь байсан. Өөр ямар ч баримт бичиг байгаагүй нь актаар тодорхой харагддаг. Энд ямар баримт бичгүүд нь байхгүй байсан бэ гэж авч үзэх юм бол хуульд заасан шаардлагыг хангаж байгаа юм уу гэдгийг тодорхойлох 8 төрлийн баримт бичиг байх ёстойгоос нэг нь ч байхгүй байсан учраас бид нар энэ тэмдэглэлийг хүлээж авахдаа 28 хүнээр хүлээж авсан гэдэг нь актад байна. Энэ актад А.Баяраа гарын үсэг зурсан. 28 хүний баримт материал хүлээж авсан учраас бид нар 28 хүний хүрээнд нягтлан шалгах ажиллагааг явуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргаж ажилласан. Энд байхгүй байсан баримтыг дурдахгүй. Тайлбар дээрээ 8 төрлийн баримт буюу тухайн хувь хүн нь нэр дэвших эрхтэй хүн мөн үү, биш үү гэдэг талаар бүхий л баримт бичгүүд огт ирээгүй. Хүлээж авахдаа баримт бичгийг нягтлан шалгах талаар мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-т заасан байдаг. Бид нар хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлж баримт бичиг шалгахдаа А.Баяраагаас асуусан. Танай намаас ирүүлсэн тогтоолд 31 хүний нэр дурдсан байна. Намын тогтоолд нэр нь бичигдсэн баримт бичиг нь байхгүй 3 хүний материал яагаад ирүүлээгүйг лавласан. Тухайн үед А.Баяраа нь энэ 3 хүн нь баримт бичгээ өгөөгүй тул ирүүлээгүй байгаа гэж хариулсан. Энэ 3 хүн нэр дэвшсэн гэж үзэхгүй юм байна гэж ойлгосон.

          Анх хүлээж авсан тогтоолын эх хувилбар нь байна. Бид нар үүнийг шалгаж байхдаа энэ 3 хүний материал яасан юм бэ гэж асуухад энэ 3 хүн баримт материалаа бүрдүүлээгүй, нэр дэвшээгүй гэдэг агуулгыг хэлж өгсөн. Тийм учраас бид нар холбогдох баримт бичгүүдээ өгөөгүй гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алгирмаа нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасныг Сонгуулийн хороо зөрчиж байна гэж хэлж байна. Бид нар хууль зөрчөөгүй. Харин Дорноговь аймгийн Ардчилсан нам хууль зөрчиж байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д баримт бичгийг хүлээн авахдаа нягтлан шалгах бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно. Тэгэхээр бүрдэл дутуу биш энэ бол анхнаасаа нэр дэвшээгүй агуулгаар хүмүүс материалаа өгөөгүй гэдэг зүйл хэлэхэд нь бид нар анхнаасаа нэр дэвшээгүй, хүний нэр биччихээд нөгөө хүн нь зөвшөөрөөгүй гэдэг агуулгаар ойлгосон. Намаас нэр дэвшүүлэх нь ямар ажиллагаа юм бэ гэдгийг хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа. Монгол улсын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэр дэвшүүлэх нийтлэг журмыг заасан байна. Тэгэхээр намаас нэр дэвшүүлэх ажиллагаа нь дээрх хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлнэ гэдэг нь харагдаж байна. Тэгвэл Ардчилсан нам нь хууль болон дүрэмд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан гэж дурдаж байгаа хэдий ч яг тэр иргэнийг нэр дэвшүүлж чадсан юм уу үгүй юм уу гэдэг баримтыг Сонгуулийн хороонд өгөх нь хамгийн гол үүрэг болохоос насанд хүрээгүй ч юм уу эсхүл энд байнга оршин суудаггүй, Улаанбаатар хотын харьяалалтай хүн ч юм уу, ял шийтгэлтэй, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн эсэх нь мэдэгдэхгүй тогтоолын хавсралтад нэр бичиж ирүүлчхээд Сонгуулийн хороо үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Хамгийн нийтлэг шаардлага бол тухайн нэр дэвшигч нэр дэвшиж байгаа тухайгаа хүлээн зөвшөөрч бичгээр өгсөн зөвшөөрлөө гаргаж өгсөн байх ёстой.

        Нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх гэдэг нь хуульд заасны дагуу 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны дотоод журам гэдэг зүйлийг ирүүлсэн байна. Тэгэхээр тэр дүрэмд зааснаар тухайн нэр дэвшиж байгаа хүн нь зөвшөөрсөн байх ёстой гэж заасан байдаг. Бид 28 хүний материалыг хүлээж авснаас 31 хүний материалыг хүлээж аваагүй. 31 хүний материалыг хүлээж авсан болон хүлээлгэж өгсөн тухай ямар ч тэмдэглэл байхгүй. Намаас нэр дэвшүүлэх ажиллагааны явцад энэ хүн ямар хүн гэдэг талаарх нотлох баримтыг ядаж иргэний үнэмлэхийн хуулбар ч ирүүлээгүй. Өөрсдөөс нь асуухад хүн нь материалаа өгөөгүй, нэр дэвшээгүй, зөвшөөрөөгүй гэдэг хариулт өгсөн. Бид бүхэн нягтлан шалгалт хийж анхнаасаа 28 хүнийг нэр дэвшсэн гэж ойлгож 28 хүний материал хүлээж авсан. Тэгэхээр энэ 3 хүн дээр бид нар ямар эс үйлдэхүй хийсэн гэдгийг ойлгохгүй байна. Хуульд зааснаар энэ 3 хүн дээр дэвшсэн эсэх нь тодорхойгүй, баримт бичиг өгөөгүй тохиолдолд бид нар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй 3 хүний нэр байсан. Ямар хүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа болохоор шаардлага хангасан эсэхийг мэдэхгүй. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ямар үед гаргадаг вэ гэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 32 дугаар зүйлд зааж өгсөн байна. Ардчилсан намын тайлбарт болон нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа нэр дэвшигчийг бүртгүүлэхэд баримт бичгийн дутуу гэдэг зүйл нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргачих юм бол нөхөн нэр дэвшилт орж ирнэ гэдэг намын тактик хэрэглэж байна. Нөхөн нэр дэвшүүлэх нь намын тактик байх ёсгүй, хуулийн үзэл баримтлал нь тийм биш. Яагаад гэвэл нөхөн нэр дэвшүүлнэ гэдэг хуулийн үзэл баримтлал нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан, нэр дэвшүүлж ирсэн хүн нь нас барсан, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял шийтгүүлсэн тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлэхээр заасан байдаг. Үүнээс нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ямар үед гаргах вэ гэхээр тухайн тойрогт нь нэр дэвшигч нь өөрөө байж холбогдох баримт материалаа бүрэн ирүүлсэн тохиолдолд энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх дээр нягтлан шалгалт хийсний үндсэн дээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах уу эсвэл нэр дэвшигчээр бүртгэх үү гэдэг шийдвэрийн аль нэгийг нь гаргана. Тэгэхээр татгалзсан шийдвэр гаргах ямар ч үндэслэл байхгүй байна. Ардчилсан намаас энэ 3 хүнийг нэр дэвшүүлсэн эсэх нь өөрөө баримтаар нотлогдохгүй, баримт материал огт байхгүй. Бүрдэл дутуу биш. Энэ бол байхгүй, өгөөгүй асуудал байна. Аймгийн сонгуулийн хороо эс үйлдэхүй гаргаж үүргээ биелүүлээгүй асуудал байхгүй. Харин нягтлан шалгалт явуулж 28 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Улс төрийн намууд төлөөлөгчид нэр дэвшүүлэхдээ анхнаасаа хуульд заасан шаардлага хангасан иргэнийг хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй талаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан байна. Тэгэхээр анхнаасаа бид нар үүнийг юугаар нотлож харах вэ гэхээр улстөрийн нам мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдгийг ирүүлсэн баримт бичгээс нь харахаас биш бид нар цагдаагийн ажилтнууд шиг гүйцэтгэх ажиллагаа явуулж хаана, хэзээ, ямар хурал явуулж байгаа талаар мэдэх боломжгүй. Нэр дэвшүүлсэн тухай намын тогтоол, нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт нь Сонгуулийн хороонд бүрдүүлж ирэх хуульд заасан баримт бичигт хамаарна. Гэхдээ нэхэмжлэгч нь 3 нэр дэвшигчтэй холбоотой, хувийн байдлыг нь нотлох баримт бичгийг огт ирүүлээгүй. Иймээс 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаагүй. Татгалзах шийдвэр гаргаагүй учраас нөхөн нэр дэвшилтийн асуудал байхгүй. Би нөхөн нэр дэвшилтийн талаар өмнө нь тайлбарласан. У.Одонтуяагийн материалыг аваагүй талаар би өөрөө гараараа цаасан дээр бичиж өгсөн. Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймгийн Ардчилсан намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа[1] шүүх хуралдааны явцад “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ц.Ганбат, Д.Гантөмөр, Ш.Ганбат нарыг сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ц.Ганбат, Д.Гантөмөр Ш.Ганбат нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах,

         Нөхөн нэр дэвшүүлсэн У.О-ийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, У.О-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” гэж тодруулсан болно.

          Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “...хариуцагч нь нэр дэвшигчийн материалыг хүлээн авч нягтлан шалгасны дараа бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах хуулийн зохицуулалттай, гэтэл Ц.Ганбат, Д.Гантөмөр Ш.Ганбат нарын нэр дэвшигчдийн баримт бичгийг дутуу ирүүлсэн гэдгээр нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахгүй байгаа нь намын нэр дэвшүүлэх болон иргэний сонгох сонгогдох эрхийг хязгаарласан хууль бус эс үйлдэхүй, цаашлаад нэгэнт “нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр байхгүй” гэх шалтгаанаар нөхөн нэр дэвшүүлсэн У.Одонтуяагийн материалыг хүлээн аваагүй, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба, харин хариуцагчаас “Ардчилсан намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахад 3 нэр дэвшигчтэй холбоотой ямар нэг мэдээлэл, баримт бичиг ирүүлээгүй тул намаас нэр дэвшүүлсэн гэж үзэх боломжгүй, нэр дэвшигчээр бүртгэх болон бүртгэхээс татгалзах ямар нэг шийдвэр гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж үзсэн, нэгэнт нэр бүхий 3 хүний хувьд бүртгэхээс татгалзсан шийдвэр гараагүй тул нөхөн нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалтгүй, иймээс сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээж авах боломжгүй“ гэх агуулга бүхий тайлбар гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.

         1. “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ц.Г, Д.Г, Ш.Г нарыг сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, тогтоол гаргаагүй Аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ц.Г, Д.Г, Ш.Г нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын талаар

     Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нийт 31 нэр дэвшигчийг тодруулж, үүнээс сонгуулийн 2-р тойрогт /Алтанширээ сум/ Ц-ийн Г-ыг, 7-р тойрогт /Иххэт сум/ Д-ийн Г-ийг, 16-р тойрогт /Сайншанд сум 7-р баг/ Ш-ийн Г-ыг нарыг тус тус нэр дэвшүүлсэн болох нь Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тухай” 08 дугаар тогтоол,[2] уг тогтоолын хавсралт,[3] мөн Ардчилсан намын хорооны хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр[4] тус тус тогтоогдож байна.

        Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно”, 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 31.2.1-д “нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”, 31.2.2-т “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл”, 31.2.3-т “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”, 31.2.4-т “энэ хуулийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа”, 31.2.5-д “энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт”, 31.2.6-д “нэр дэвшигчийн намтар”, 31.2.7-д “нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар”, 31.2.8-д “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа”, 31.2.9-д “нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг”, 31.2.10-д “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж тус тус зааснаар хуульд заасан иргэнийг нэр дэвшүүлсэн нам нийт 10 төрлийн баримт бичгийг Сонгуулийн хороонд ирүүлэхээр байна.

         Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 31 нэр дэвшигчдийн баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байх ба ингэхдээ сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Ц-ийн Г, 7-р тойрогт нэр дэвшигч Д-ийн Г, 16-р тойрогт нэр дэвшигч Ш-ийн Г нарт хамаарах дээр дурдсан хуульд тодорхойлон заасан баримт бичгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасан “нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”-ыг тус тус ирүүлснээс өөр 3 нэр дэвшигчтэй холбоотой бусад баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлбэл хуульд тодорхойлон заасан 10 төрлийн баримт бичгийн 1-ээс бусад 9 төрлийн баримт бичгийг нь хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

        Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороо аймгийн Ардчилсан намаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахдаа, нийт 31 нэр дэвшигчээс 28 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /жагсаалт/-ийг үйлдэж, энэ тэмдэглэл /жагсаалт/-д Ц-ийн Г, Д-ийн Г, Ш-ийн Г нарын 3 нэр дэвшигчийн нэрийг оруулалгүйгээр хассан, улмаар нэр бүхий 3 иргэнийг Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгээгүй болох нь “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл”[5], Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Нэр дэвшигчдээр бүртгэх тухай” 13 дугаар тогтоол, хариуцагчийн “Дорноговь аймгийн Ардчилсан намын даргад” хаяглан хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар албан бичиг,[6] хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Х-ын шүүх хуралдаанд гаргасан “...3 нэр дэвшигчтэй холбоотой баримт бичиг огт ирүүлээгүй учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргах эрх зүйн үндэслэлгүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

         Гэвч нэхэмжлэгчээс хариуцагч аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн “нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр” буюу Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах тухай” 08 дугаар тогтоол, мөн “нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт” буюу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан “Ардчилсан намаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт”[7] /нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын Д/д 2-т “Цэдэвдорж Ганбат 2-р тойрог”, Д/д 10-т “Дорж Гантөмөр 7-р тойрог”, Д/д 25-д “Шагдарсүрэн Ганбат, 16-р тойрог” гэж бичигдсэн/ гэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д заасан баримт бичгүүд нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан “нэр дэвшүүлсэн намаас тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх баримт бичгийн бүрдэл”-д хамаарч байна.

        Нөгөөтэйгүүр “...3 нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг огт ирүүлээгүй” гэх хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгч Ардчилсан намын нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэлд “Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт” гэх хүснэгтийг оруулж, нэр дэвшигч бүрийн нэрийн ард “2 эх хувь” гэж бичсэн байгаагаар,[8] мөн Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэл,[9] Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт нь Сонгуулийн хороонд ирүүлэх баримт бичгийн бүрдэлд хамаарна” гэх тайлбараар тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

          Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж, мөн хуулийн 7.4, 7.4.1-д зааснаар Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан хууль дээдлэх зарчмыг баримтлахаар заажээ.

          Мөн дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно”, 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана” 32.1.4-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасныг Сонгуулийн байгууллага нь улс төрийн намаас сонгуульд нэр дэвшүүлсэн иргэний баримт бичгийг хүлээн авсаны дараа хуульд заасан баримт бичгийн бүрдлийг нягтлан шалгаж, бүрдэл дутуу бол нөхөн ирүүлэх боломжийг олгон, хэрэв хуульд заасан хугацаанд дутуу баримт бичгээ нөхөн ирүүлээгүй тохиолдолд, тогтоол гарган “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэхээр тус тус ойлгож хэрэгжүүлнэ.

            Нэхэмжлэгчээс хуульд тодорхойлон заасан баримт бичгийн заримыг буюу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тус тус хүргүүлсэн, өөрөөр хэлбэл нэр бүхий 3 нэр дэвшигчийг бүртгэхэд шаардагдах баримт бичгийг бүрдэл дутуу байхад хариуцагч нь “...3 нэр дэвшигчид хамааралтай баримт бичгийг огт ирүүлээгүй” гэж үзэж, улмаар тухайн нэр дэвшигчдийн нэрийг “Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл” гэх жагсаалтад оруулалгүйгээр хассан, үүнийгээ “тухайн иргэд сонгуульд нэр дэвшээгүй, аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 3 иргэнийг аймгийн иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах, ...”, 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба, хариуцагчийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”, 32.1.Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана” 32.1.4-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй, тодруулбал нэхэмжлэгчээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Цэдэвдоржийн Ганбат, 7-р тойрогт нэр дэвшигч Доржийн Гантөмөр, 16-р тойрогт нэр дэвшигч Шагдарсүрэнгийн Ганбат нарыг “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” тогтоол гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд хариуцагчийн энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “сонгуульд хуульд заасан шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх” нэхэмжлэгчийн эрх, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1-д тус тус заасан “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх”, “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх” хууль ёсны ашиг сонирхол тус тус зөрчигдсөн нь тогтоогдож байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ц.Ганбат, Д.Гантөмөр, Ш.Ганбат нарыг сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт Ц.Ганбат, Д.Гантөмөр Ш.Ганбат нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

          2. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Нөхөн нэр дэвшүүлэх тухай” 13 дугаар тогтоолоор[10] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р тойрогт нэр дэвшигчээр Уламын Одонтуяаг нөхөн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба, нэхэмжлэгчээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-31.2.10 дахь хэсгүүдэд тус тус заасан баримт бичгүүдийг[11] Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ.

          Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороо нэхэмжлэгчээс ирүүлсэн нөхөн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авалгүй буцаасан, ингэхдээ ямар нэг баримт бичиг үйлдэж шийдвэр гаргаагүй, албан ёсны хариуг бичгээр өгөөгүй болох нь хариуцагч Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзулын шүүхэд бичгээр гаргасан  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

          Хариуцагч нь нэхэмжлэгчээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлсэн У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээн авалгүйгээр буцаасан, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй шалтгаан, татгалзлаа “...нэгэнт нэр бүхий 3 хүний хувьд бүртгэхээс татгалзсан шийдвэр гараагүй тул нөхөн нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалтгүй, иймээс сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээж авах боломжгүй“ гэж тайлбарлан маргадаг.

            Шүүх “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Рурлын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойргуудад Ц.Ганбат, Д.Гантөмөр Ш.Ганбат нарыг “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй” хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр бүхий 3 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн, тодруулбал “...У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээн авалгүйгээр буцаасан, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан” хариуцагчийн татгалзлын үндэслэлийг дээрх байдлаар хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоосон.

           Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно”, 33.1.1-д “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан”, 33.2-т “Тухайн шатны сонгуулийн хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй буюу “...У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээн авалгүйгээр буцааж, нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан” хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй нь мөн хууль бус болно.

            Хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “... орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлсэн У.Одонтуяагийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, У.Одонтуяаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгаж” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4,106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 31 дүгээр зүйлийн 31.9, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.4, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.2 дахь зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ц.Г, Д.Г, Ш.Г нарыг сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг, Дорноговь аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нөхөн нэр дэвшүүлсэн У.О-ийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож,

            Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2, 7, 16 дугаар тойрогт Ц.Г, Д.Г Ш.Г нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахыг, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт У.О-г нөхөн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахыг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Ардчилсан намд олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 48-р хуудас

[4] Хавтаст хэргийн 45-47-р хуудас

[5] Хавтаст хэргийн 27-29-р хуудас

[6] Хавтаст хэргийн 9-р хуудас

[7] Хавтаст хэргийн 6-р хуудас

[8] Хавтаст хэргийн 27-29-р хуудас

[9] Хавтаст хэргийн 37-р хуудасны доороосоо 3, 4 дүгээр мөр

[10] Хавтаст хэргийн 7-р хуудас

[11] Хавтаст хэргийн 51-61-р хуудас