Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Э. Оюунтөгс,

Шүүгдэгч Д. ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 13 дугаар гудамж 2 тоотод иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д. ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

******* гэдэг охины төрсөн ах нь манай малыг малладаг байсан, тэгээд таньдаг юм. Манай нөхөртэй 2015 оны 02 сараас хойш уулзаж байгаа юм шиг байна лээ, би найздаа манай нөхөр нь ******* буюу Улаанаа гэгчтэй яваад байгаа юм шиг санагдаад гээд найз Энхбаярт ярихад найз маань хөдөөгүүр ноднингоос хойш тийм зүйл яригдаад байгаа юм гэсэн. Би 2017 оны 12 сарын 14-нд *******ийн ээжид нь хүүхэд харуулна гэж худлаа яриад *******ийг гэрээс нь аваад голын зах ороод *******ээр бүх зүйлийг нь яриулаад 40 орчим минут болоод буцаагаад гэрт нь хүргэж өгсөн, утасны дугаарыг нь бичиж аваад явсан. Тэгээд 16 цагт “Голомт” банкин дээр уулзая гэж мессеж бичээд 1 цаг 30 минутын орчим ******* холбоон дээр ирсэн. Би *******ийг аваад шууд голын зах оготнотой булаг дээр уулзаад “өглөөний ярьсан юмыг үнэн зөвөөр яриад өгөөч, нөхөртөө үзүүлэх” гэсэн юм гэхэд Наранцэцэг “ээжид битгий хэлээрэй өглөөний ярьсан бүх үнэнийг хэлье” гэсэн. Би 20 орчим минутын бичлэг хийгээд зах дээр буулгаж өгөөд би хүүхдээ авах гээд цэцэрлэг явсан. 2017 оны 12 сарын 16-нд дахиж уулзае гэхэд “би хотод байна, танай нөхөр залгаад байна” гэж хэлж байсан түүний дараа би утас руу нь залгахад утсаа авахгүй байсан, би мессежээр үнэнээ хүлээ, надаас уулчлалт гуй, бичлэгэн дээр байгаа зүйл дутуу байна, худлаа ярьсан байна гээд хараалын ганц нэг үг хэлсэн. 2017 оны 12 сарын 18-нд гэрт нь ээжид нь бичлэгийг үзүүлэе гээд очоод хаалгыг нь нүдэхэд ******* гэрээсээ гарч ирээд хаалгаа онгойлсон би “чи чинь хотод байгаа гэсэн яасан” гэхэд надад даапаалсан үг хэлэхээр нь “яагаад байгаа янхан вэ” гээд үсдэж авч тавиад ээжид чинь үнэнийг хэлнэ гээд гэр лүү ороод ээжид нь “танай охин манай нөхөртэй 3-н жил явалдсан байна” гээд бичлэгийг нь үзүүлэх гэхэд Наранцэцэг “нөхрөө хардаад, хүн рүү эгцэлж харуулдаггүй гээ биздээ, та энэ бичлэгийг намайг айлгаад, үгээ зааж өгөөд хийлгээ биздээ” гээд гүжирдээд байхаар нь би заамдаж аваад цамцных нь захыг ураад “яасан худалч гичий вэ” гээд удирдлага авч шидээд “та нартай цагдаа дээр уулзана” гэж хэлээд би гараад явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй, утсаар яриагүй, манай нөхөр хөдөөнөөс ирэхээр нь нөхрөө 2017 оны 12 сарын 20-нд явуулж *******ийг авчирч уучлалт гуйлга гэж нөхрөө явуулсан тэгтэл манай нөхрийг ээж нь аашлаад элдэв янзаар хэлээд юм хэлүүлэхгүй байхаар нь гараад ирлээ гээд манай нөхөр хэлсэн. Би тухайн өдөр ******* рүү залгаад “чи яагаад худлаа яриад байгаа юм” гэхэд *******” та ээжид үнэнийг хэлсэн учраас би гүжирдэж байгаа юм” гэж хэлсэн, тэрнээс хойш утсаар яриагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 /, ... Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдсэн. Би цаашид өмгөөлөгч авахгүй учир мэдүүлгийг ганцаараа өгнө. Миний хувьд надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс одоо болон цаашдаа татгалзаж байна. Мөн хэргийн талаар асуусан асуултанд мөрдөн байцаалтанд болон шүүхэд хариулахгүй. Энэ хэрэгтээ холбоотой цагдаагийн байгууллагаар нэмж хийлгэх ажиллагаа байхгүй санал хүсэлт байхгүй энэ хэргийг хурдан хугацаанд шуурхай шийдвэрлүүлэх саналтай байгаа тул хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг прокурор шүүхээс хүсэж байна. Өөр хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй.../хх-ийн 60-61 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг өгөөгүй. 3. Хохирогч Э. Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 сарын 14-нд гэртээ унтаж байхад манай ээж намайг сэрээгээд “Д.******* эгч чинь хүүхэд харуулъя гэж байна яваад хараадах” гэсэн би босоод хувцсаа өмсөөд Д.******* эгчтэй цуг явсан, тэгтэл шууд голын зах яваад гол дээр очоод машиныхаа хаалгыг түгжээд “чамтай ярих юм байна, чи манай нөхөртэй яасан олон жил явалддаг юм, манай нөхөртэй 3-н жил явалдсан байна, манай нутгийнхан тэр чигээрээ хэлж байна, сая манай нөхөр утсаар ярьсан миний буруу чамтай 4-н удаа унтсан, уучлаарай гэсэн манай нөхөр чамаас өвчин авсан” гэж хэлсэн. 2015 оны 03 сарын 14-нд Одонтуяа гэх эмчээр эмчлүүлсэн би жирэмсэн учраас хэл ам хийгээгүй энэ удаа бол тэсэхгүй нь ингээд уулзлаа гэж хэлсэн. Тэгээд “чи яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм миний нөхөр буруугаа хэлсэн, та 2-ийг нотлох бичиг баримт надад байна, нотлох хүн байна тэр хүн нь Монхор цагаан гэдэг” гэсэн. Би Д.******* эгчид “бид 2-н дунд тийм зүйл байхгүй, утсаар ярьж байгаагүй, цагаан сарын дараа ээж борц явуулсан тэр борцийг авах гэж ярьсан” гэж хэлсэн Тэгтэл намайг “манай нөхөр буруугаа хүлээгээд үнэнээ хэлээд байхад чи худлаа яриад байх юм, манай нөхөр буруугаа хүлээгээд утсаар яриад байхад” гэж хэлсэн, “би ээж, ахад чинь хэлэхгүй, чи ээждээ намайг “Хаан” банк гялс ороод ирлээ” гэж хэлээрэй гээд миний дугаарыг бичиж аваад “чи хэрвээ худлаа юм бол Соко ахтайгаа уулзаад нэг газар товлоод уулз гол нь Соко ахдаа хэлж болохгүй” гэж хэлээд намайг хүргэж өгөөд явсан. Удалгүй надруу залгахаар нь утсаа авсан би та нартай явдлыг мэднэ гээд байхаар нь би утсаа салгасан дахиж залгаад байхаар нь би аваагүй. Д.*******гийн дугаар луу уучлаарай гэж хэлээгүй, Цагаан эгчтэй явдаг гэж 2 мессеж бичсэн, удалгүй юун Цагаанаа гэхээр нь би талийгаачийн гэж хэлсэн би, орой 16-н цаг өнгөрч байхад над руу мессеж бичээд “Голомт” банкин дээр уулзае гэхээр би хариу бичээгүй. 16-н цаг өнгөрөөгөөд дүүгээ авах гээд гэрээсээ гараад явж байхад машинтайгаа ирээд “би хүүхдээ авах гэж байна, ярих юм байна суучих” гээд суулгаад голын захруу очоод машины хаалгаа цоожлоод “гичий, биеэ үнэлэгч минь, янхан минь манай нөхөртэй 3-н жил явалдсан, та 2-н ам зөрөөд байна худлаа хэлээд байх юм би чамайг машинаар чирч ална” гэж хэлээд байсан. “Чи хэрвээ унтаж хэвтээгүй юм бол би бичлэг хийнэ чи миний хэлсэнийг хэл, би чамтай дахиж уулзахгүй, хэн ч мэдэхгүй өнгөрнө” гээд утсыг гаргаж ирээд бичлэг хийгээд бүх үгийг зааж өгөөд нэг удаа нүүрлүү тусгаад паар тавьдаг товч руу утсаа харуулаад надад үг хэлээд би тэрийг нь хэлсэн тухайн үг нь “би Соко ахтай өвөл нэг удаа унтсан, хоноогүй ахыг ирсэний дараа яваад өгсөн, байнга хайртай дуртай бодохгүй санахгүй өдөр байхгүй, хөдөө гадаа хаана ч хамаагүй байнга дарж авдаг, би сүүлдээ уурлаад гарнаас нь хазсан, хүүхэдтэй хүнтэй явдаг, ээж архи ууж байгаад Цагаанаатай явдаг, гэрийг нь нүүлгэсэн мөнгө зээлдэг” гэж хэлүүлээд бичлэг хийлгээд олон удаа давтан яриулсан. Тэгээд голоос авч яваад “Голомт” банкны хажууд буулгаад “таксидаад яв ээж, ахдаа битгий хэлээрэй” гэж хэлсэн. Эхлээд уулзахдаа би нөхрөө “хэн хэнтэй явдгыг мэднэ чамтай явдаг, танай эгч Охиноотой, Зулаатай, Цагаанаатай явдгыг мэднэ, аягүй явдалтай улаан хөлтөн урдууруу явуулдаггүй” гэж хэлсэн. Би тэгээд дүүгээ аваад харьсан. 2017 оны 12 сарын 15-нд би хотруу 6-н цагийн автобусаар явсан тэр өдөр 2-3 удаа надруу залгаад янз бүрийн үгээр доромжпоод байсан, өглөө нь хотод ирсэн байхад утсаар залгаад байнга элдэв нэгээр хэлээд байсан. 2017 оны 12 сарын 16-н үдээс хойш нөхөр нь надруу залгаад “юу болоод байгаа юм, ах нь ойлгох юм алга, юун бичлэг юм, эхнэр Цагаанаа гэгчээр захиа өгч явуулсан байна” гэсэн, би болсон зүйлийг бүгдийг ярьж өгсөн. Миний дугаарыг Соко ах манай малчингаар дамжуулж ээжээс дугаарыг авсан байсан. 2017 оны 12 сарын 16-нд Д.******* надруу утсаар 4-5 удаа элдэв нэгээр хэлээд дарамтлаад ярьсан би сүүлдээ утсаа унтраасан,. 2017 оны 12 сарын 17-ны өдөр 14-н цагийн автобусаар хотоос наашаа суугаад шөнө 2 цагт манай найз залуу Ж.Лхамхүү намайг ирж авсан. 2017 оны 12 сарын 18-ны өдөр 13-н цагийн орчим “Гэр бүлийн хүчирхийллийн төвийн байцаагч байна гээд хүн залгаад ярьсан би хэн гэдэг хүн бэ гэхэд би чамаас асуулт асуух ёстой болохоос биш би чиний асуултанд хариулах ёстой биш, би цагдаа дотор байдаг, Д.******* гэгч нь өргөдөл гомдол гаргасан Соко гэгчийн талаар асуугаад бэлгийн харьцаанд орсон уу, хаана уулздаг” гэж асуусан би “Соко гэгчтэй төрөл садангийн холбоотой ямар хайр сэтгэлийн холбоо байхгүй, би өөрөө нөхөртэй цуг амьдардаг” гэж хэлсэн тэгтэл намайг “чи унтаж хэвтсэн юм байна лээ шинжилгээний бичиг нь байгаа” гээд салгасан. Дараа нь залгаад байсан би утсаа аваагүй,. 2017 оны 12 сарын 18-ны 16-н цагийн үед гэрээсээ гараад явж байтал хашааны хаалга хүн нүдээд байсан би очоод хаалга онгойлтол Д.******* байсан шууд намайг үсдэж аваад газар унагаагаад чирээд , толгойруу цохиод, “янхан, банзал, биеэ үнэлэгч минь манай нөхрөөс мөнгө төгрөг авдаг” гэсэн элдэв нэгээр доромжлоод зодоод байхаар нь би орилсон тэгтэл ээж эгч хоёр гараад ирсэн тэгтэл үсдсэн байж байгаад тавихаар нь би гэрлүүгээ зугтаагаад орсон тэгтэл гэрт араас манайд орж ирээд дахиж үсдэж аваад нүүр самардаад, тархи, толгойгүй, цохиод, гэрт байсан зурагтын удирдлага, аяга, шанага зэргийг авч шидээд, элдэв нэгээр доромжлоод байсан манай ээж салгах гээд дийлэхгүй байсан, хажуу айлын эгч орж ирээд нийлж байж салгасан. Тэгтэл орон дээр сууж байгаад намайг “янхан, банзал, завхай зайдан хөгшин хүнтэй явалддаг” гээд байж болох үгээр доромжилсон, тэгтэл манай ээж танай нөхрийг суулгаж байгаад нүүр харж байгаад ярилцая гэсэн хэрвээ энэ 2 ийм зүйл хийсэн бол цагдаа шүүхээр явж ял шийтгэлийг нь өгүүлье гэж хэлсэн. Д.******* орилоод дахиж элдэв нэгээр хэлээд амнаас нь цагаан хөөс шиг юм гарсан байсан. Тухайн орой нөхөртэйгээ би хөдөө яваад маргааш өглөө нь 10-н цагийн үед ирсэн, ээж надад хэлэхдээ “нэг залуу шүүхээс явж байна Уугий гэгч эмэгтэй байна уу гээд намайг сураад байсан” гэсэн. Манай эгчийн найз залуу тухайн хүн гадаа дуудаад намайг *******ын банди гэж битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн, нөгөө залууг гараад явахаар ээж араас нь очоод “ямар хэргээр яваа юм” гэхэд эгч чинь өдөр ирээд хүүхэд зодож, галзуурч байгаад явсан гэж хэлсэн “танай охин ямар ч хэрэг хийж мэднэ, ямар машинаар явсан, хаашаа явсан” гэж асуусан гэсэн. 2017 оны 12 сарын 18-нд зодохдоо нүүр, хүзүү, толгой, цээжрүү мөн хиймэл нүдрүү гараараа их олон удаа цохьсон. Тухайн үед үсдэж авсан болохоор яг хэд цохьсоныг мэдэхгүй байна, миний хиймэл нүднээс нуух гоожоод, уг руугаа хатгаж өвдөөд, нүдэн доторхи шаарги толгой хөдлөхөөр хөдлөөд өвдөөд нулимс гоожоод байгаа, нүүрэнд 2-3 удаа самардсан, хүзүү, гар дээр самардсан, нуруу хөндүүр байгаа, үс их унаж байгаа, шөнө зүрх дэлсээд айгаад унтаж чадахгүй байгаа. намайг ална хядана, янхан банзал, биеэ үнэлэгч, миний нөхрийг гуйдаг, хонины мах авсан гэж янз бүрээр доромжилсон гэх мэдүүлэг /хх-ийн 06- 09/ ... Миний бие 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн өглөө гэртээ унтаж байхад намайг Д.******* гэгч нь ээж Саруулнямаар дуудуулсан байсан. Учир нь надаар хүүхдээ харуулах гэсэн юм “ХААН” банк орох гэсэн юм гэж ээжид хэлсэн байсан. Ингээд би хувцсаа өмсөөд гарахад Д.******* нь машинтайгаа хашааны үүдэн дээр байсан учир би машинд нь суугаад 2-уулахнаа явсан. Тэгэхэд Д.******* эгч нь явж байхдаа эгч нь чамтай ярих зүйл байна гэээд явсаар байгаад “Түйн” голын зах дээр ирээд надад “та 2 яасан олон жил явалддаг юм манай нөхөр “Хашаа” гэж хүний утаснаас залгаад өөрөө үнэнээ хэлээд надаас уучлалт гуйгаад байна чамтай 4-өөс 5 удаа унтсан гэсэн бас 2015 оны 3 сарын 14-ны өдөр чамаас өвчин авч эмчилгээ хийлгэсэн, надад эмчилгээний бичиг баримт нь бүгд байгаа” гэж хэлэхэд нь би “та юу яриад байгаа юм ёстой тийм зүйл байхгүй би Сооко / бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахтай мэндтэй устай явдаг тэр болгон тааралдаад байдаггүй жилд нэгээс хоёр удаа тааралддаг” гэхэд итгэхгүй байсан . Ингээд би сүүлдээ уйлж тийм зүйл байхгүй гэж гуйсан тэгэхэд Д.******* эгч болохоор “за тэгвэл чамайг одоо гэрт чинь хүргэж өгнө ээж ах нартаа намайг энэ талаар ярьсан гэж битгий хэлээрэй “ХААН” банк хүнгүй байна гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд намайг гэрийн гадаа буулгаад явсан. Энэ өдөр намайг зодож цохисон зүйл байхгүй. Ингээд байж байтал өдөр нь надруу залгаад” Сооко та 2-н яриа нийлэхгүй байна “Голомт” банкин дээр уулзяа” гээд байсан би ямар ч хариу өгөөгүй байж байгаад 16 цаг өнгөрч байхад дүүгээ сургуулиас нь авах гээд гэрээсээ гарч явахад манай гудамжны үзүүр дээр Д.******* эгч машинтай зогсож байсан. Тэгээд надад хандаж “за суучих эгч нь хүүхдээ авах гэж байна” гэсэн. Ингээд би машинд нь суухад машиныхаа хаалгыг цоожлоод явсаар байгаад оготонтой булгын хажууд очиод зогссон. Тэгээд Д.******* эгч “гичий минь чи яагаад худлаа яриад байгаа юм. Манай нөхөр үнэнээ хэлээд байна. Чи өвөл очиж хоносон гэж байна” гээд надруу дайрсан. Тэгээд надад “би гар утсан дээрээ бичлэг хийнэ чи миний хэлснийг хэлэх ёстой тэгэх юм бол би та 2-г үгүй гэж бодоё” гээд байхаар нь би аргагүй эрхэнд хэлэх болсон. Ингээд намайг “чи өвөл нэг удаа нөхөртэй нь унтсан хайртай дуртай байнга санадаг, ажил дээрээсээ ирээд машиндаа суулгаад аваад явдаг энд тэнд байнга дарж авдаг гэж хэлээрэй” гээд байсан бас хажуугаар нь үг заагаад би хэл гэсэн болгоныг нь хэлсэн. Ингээд бичлэг хийж дуусаад одоо 2-лаа дахин уулзахгүй чи ээждээ эгчдээ ахдаа битгий хэлээрэй гэж хэлээд намайг “Голомт” банкны хажууд буулгаад явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой Улаанбаатар хотруу Солонгосын виз хөөцөлдөх гээд явсан. Ингээд Улаанбаатар хотод байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг унтаж байхад залгаад хэл амаар доромжилж янз бүрээр хэлж байсан. Тэгтэл өдөр нь Д.*******гийн нөхөр Сооко гэгч нь миний утсыг хүнээс авлаа гээд надтай ярьсан тэгэхдээ “юу болоод байна ахын дүү аймгаас надад захиа ирлээ эхнэртэй утсаар ярихлаар өөдөөс намайг загнаад байх юм ах нь хөдөө сүлжээн дээр байна” гэж ярьсан. Тэгэхэд нь би “мэдэхгүй таны эхнэр намайг таньтай хардаад байна” гэхэд” угаасаа хартай юм байгаа юм. Танай эгчтэй өмнө нь хардаад байсан дахиж залгах юм бол наад мэдрэлээ үзүүл пизда минь гээд хэлчих” гээд утсаа салгасан. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн автобусанд сууж аймагт ирж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад ээж намайг хажуу талын айлаас юм аваад ир гэж хэлж би гэрээс гарсан чинь хашааны хаалга хүн аймаар чанга чанга нүдээд байхаар нь би хэн бэ гээд очиход Д.******* эгч зогсож байсан. Тэгээд намайг хаалга онгойлгоод өгөхөд юу юугүй намайг үсдэж дарж аваад миний мөрлүү нүүрлүү цохиж элдэв нэгээр хэлж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгж байгаад үс тавихад нь би зугтааж гэрлүүгээ орсон чинь гэрт араас дагаад ороод ирсэн. Тэгэхэд манай гэрт ээж байсан бөгөөд Д.******* нь “энэ янхан чинь хот яваагүй Соокотой янхандсан байна” гээд намайг үсдээд орон дээр дарж нүүр гар самардаж байхад ээж дундуур ороод салгах гэхэд дийлэхгүй байсан, тэгтэл гаднаас манай хажуу талын айлын эгч Мөнхнасан орж ирж ээжтэй хамжин надаас салгасан. Тэгээд Д.******* эгч нь орон дээр сууснаа “энэ янхан чинь манай нөхөртэй гурван жил янхандсан би бүх мэдээллийг нь тагнуулын албанаас авсан худлаа гэвэл дуу бичлэгийг нь сонсоод үз” гээд байснаа ямар ч дуу бичлэг үзүүлээгүй гараад явсан. Ингээд миний үсийг их зулгаасан учир толгой өвдөөд толгойны эм аваад уусан. Тэгтэл орой нь манай найз залуу болох Ж.Лхамхүү нь хөдөөнөөс залгаад манай хамаатны хүн өнгөрсөн гээд найз Ойдов нь ирж намайг авч явсан. Намайг хөдөө явсан хойгуур шүүхээс явж байна гээд нэг хүн ирж намайг асуусан байсан. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ирээд ийм зүйл болоод байна гээд цагдаад хэлсэн юм. Миний хувьд зүүн нүдээ 2015 оны 11 дүгээр сард авахуулсан байсан. Ингээд Д.*******д зодуулаад баруун нүд өвдөөд улайгаад байгаа мөн нурууруу их цохиж авсан учир нуруу энд тэнд хөхөрсөн. Мөн миний нүүр дух хүзүү гарыг маажсан учир арьс нь зулгарсан байсан. Д.******* нь миний үснээс хүчтэй зулгааснаас болж тархи доргиж , баруун өвдөж улайсан нуруу мөрлүү цохиж хөхөрсөн, нүүр , дух, хүзүү хэсэгт маажиж урсан гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн16-20 /

...Биеийн байдал гайгүй байгаа, миний хувьд Д.******* гэж хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн асуудал нь хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж бодож байгаа. Надад одоо энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /, 4. Гэрч Ж. Саруулнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 сарын 14-нд 10-н цагийн Манай хамаатаны Сокогийн эхнэр Д.******* манай гадаа ирээд намайг дуудаад би хашааны гадаа уулзсан тэгтэл Д.******* танай охиноор хүүхдээ харуулья, би гадуур ажилтай гэж хэлсэн. Би гэртээ ороод охиноо дуудаад манай охин хувцсаа өмсөөд Д.*******тай хамт яваад 2 цаг гараны дараа гэртээ ирсэн, би охиноосоо ийм хурдан хүүхэд хардаг юм уу гэхэд ажилаа бүтээгээд хурдан ирчихлээ гэж хэлсэн. 2017 оны 12 сарын 18-ны хашааны гадаа хүн орилоход нь гарахад манай охин ******* өмнөөс гүйгээд ирсэн, араас нь Д.******* гэрлүү орж ирээд манай охиныг үсдэж аваад тархи, толгойруу, цээж рүү гараараа цохиод байсан, би дундуур нь ороод салгах гэхэд хүчрээгүй манай охины толгойтой үснээс зулгаагаад тавихгүй байсан, гаднаас манай дүү Д.Мөнхнасан орж ирээд ноцолдож байж салгасан. Дахиж манай охиныг үснээс барьж аваад зодоод, орилоод чарлаад байхаар би дүүтэйгээ ноцолдож байж салгасан тэгээд гараад явсан, орой манай гэрт танихгүй залуу орж ирээд манай охиныг сурч орж ирээд гараад явсан тухайн залууг хараад би Д.*******гийн дүү байна гэж таньсан. Манай гэрээс гараад явахаар нь би араас нь очоод ямар шалтгааны улмаас сураад байгаа юм танай эгч манайд ирж манай охиныг зодож байгаад явсан гэж хэлсэн манай охиныг хаашаа явсан, ямар машинаар явсан талаар сураад байсан. Хүүхэд харуулна гээд авч явахдаа манай охиныг голын зах дээр аваачиж манай нөхөртэй унтаж хэвтсэн талаар хэлсэн гэсэн тухайн орой нь сургуулийн хүүхэд авах гээд гудамжинд явж байхад нь дахин машиндаа суулгаж авч яваад голын зах ороод машинаа түгжээд “чи манай нөхөр Соко чамтай унтсанаа утсаар ярьж хэлсэн, үнэнээ хэлэхгүй бол машинаар дайрч ална, чирч ална чамайг нүүрийг чинь гарахгүй бичлэг хийнэ үнэнээ хэл” гээд айлгаад, сүрдүүлээд байхаар нь манай охин тухайн хэлж өгсөн үгийг нь хэлж өгөөд бичлэг хийлгүүлсэн гэсэн...гэх мэдүүлэг. / хх-ийн 21-22/,

... Миний хувьд өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа нэмж мэдүүлээд байх зүйл алга. Манай охиныг гүтгэж доромжилж зодсон асуудалд их гомдолтой байгаа бас намайг чи мөнгө төгрөг худлаа хэлж авах гэж байгаа биз гээд доромжлоод байсан. Миний хувьд болон манай охины хувьд энэ хүнээс нэг ч төгрөг нэхэмжлэхгүй гагцхүү үнэнийг нь олж энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа. Мөн энэ Д.******* нь манай том охин Алтанзулыг нөхөртэйгээ хардаад байсан гэж байсан. Бас манай охин *******ийг нөхөртэй нь уулздаг талаар бичлэг байгаа гэсэн мөртлөө юу ч үзүүлж сонсгоогүй гараад явсан. Манай охиныг зодсон талаар манай хажуу талын айлын хүн болох Мөнхнасан гэрчлэнэ. Учир нь нилээн зодож би салгаж чадахгүй байхад гаднаас орж ирээд надтай хамт хамжиж салгасан юм. Д.******* нь хэлэхдээ “би эхлээд танай том охинтой харддаг байсан чинь үгүй байсан юм байна лээ танай энэ сохор янхантай чинь хамт хэвтдэг байсан юм байна лээ. Энэ янхантай чинь 3 жил янхандсан байна бас өвчин авч байсан байна лээ” гэх зэргээр гүтгэж байсан. Бас “энэ янхан чинь хот явлаа гэсэн чинь яваагүй манай нөхөртэй хамт хэвтэж байсан байна лээ” гэх зэргээр доромжилж байсан. Би гомдолтой байгаа /хх-ийн 23-25/ 5. Гэрч Д. Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 сарын 18-нд гэртээ байхад гадаа “янхан минь” гээд хүн орилоод эгчийнх рүү орж байгаа байсан би жаахан байж байгаад эгчийндээ ороход Д ******* нь *******ийн үснээс зулгаасан манай эгч Ж.Саруулням болиоч гээд салгах гээд байсан. Д.******* “янхан, бузар минь, тагнуулын албанаас та 2-н яриаг авсан” гээд дайраад байсан. Би эгчтэй хамт салгаад орон дээр суулгасан тэгтэл зурагтын удирдлага, оёдлын утас шидээд “чиний бичлэг утсан дээр байгаа янхан, банзал, бузраа” гээд орилоод байхаар би гадагш авч гарсан. Д.******* гэрлүүгээ явсан. Намайг ороход үснээс зулгаасан “янхан, бузар минь, чиний бичлэг байгаа” гээд дайраад байхаар нь би эгчтэй хамт салгаад Д.******* орон дээр сууж байгаад зурагтын удирдлага, оёдлын утас авч шидээд байсан, намайг байхад зодож, цохиж байгаа харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /

...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15-16 цагийн үед байх эгч Саруулнямын гэр лүү нэг эмэгтэй хүн янхан бузар гээд орилоод орж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод байж байхад нэлээн орилоод байхаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод эгч Саруулнямын гэрт ороход гэрийнх нь зүүн талын орон дээр *******ийн үснээс нь зулгааж дарсан байдалтай Д.******* гэж манай сумын хүн байсан. Хажууд нь Саруулням эгч салгах гээд байгаа бололтой салгаж чадхгүй байж байхаар нь би явж очиж хамжиж салгаад баруун талын орон дээр Д.*******г суулгахад эргэж дайрч тэнд байсан зурагтны удирдлага юм оёдог утас зэрэг зүйлийг авч ******* рүү шидээд байсан. Миний бие яагаад байгаа учрыг нь сайн ойлгохгүй байсан бөгөөд Д.******* нь “манай нөхөртэй 3 жил янхандсан янхан бузар гээд орилоод бузар минь янхан минь та 2-н утсаар ярьж байгаа яриаг чинь Тагнуулын албанаас авсан” гээд орилоод тэр бичлэг чинь байгаа гээд гар утсаа гаргаж ирээд энд бичлэг нь байгаа гээд байсан боловч бичлэг үзүүлээгүй. Би тэгэхэд нь бичлэгийг ээжид нь үзүүлэхгүй юу гэж хэлэхэд үзүүлэхгүй утсаа буцаагаад халасандаа хийгээд гараад явсан.гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 / 6. Гэрч Э. Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай эрэгтэй дүү Э.Баасанхүүг Сооко гэж дууддаг хүн эхнэрийн хамтаар өөрийнхөө малыг маллаад өгөөч гэж гуйж 2015 онд малыг нь маллаж байсан. Миний хувьд дүү Э.Баасанхүүтэй хамт малыг нь маллаж байсан. Сооко гэж ахын хувьд бүтэн нэрийг нь мэдэхгүй боловч манай ээжийн талаар холын ах дүү төрөл садны холбоотой хүн гэсэн. Ингээд намайг тэдний малыг дүүгийн хамтаар маллаж байхад эхнэр Д.******* нь нөхөр Соокотойгоо хардаад байдаг байсныг өнгөрсөн жил мэдсэн. Миний хувьд Сооко гэж ахтай ямар нэгэн байдлаар хайр сэтгэлийн холбоо байхгүй энэ бол огт худлаа зүйл байгаа юм. Ингээд сүүлд намайг хардаж байгаад манай дүүг бас хардаж зодсон асуудал гарсан бидний хувьд энэ хүнд гомдолтой байгаа. Миний хувьд дүү *******ийг зодож цохисон асуудлыг нь хараагүй. Тухайн үед гэртээ байхгүй байсан. Миний хувьд малыг нь харж өгсөн нь буруу болж байгаа юм байна гэж бодож байна. Энэ ёстой тусыг усаар гэгч болж байна. Манай эмэгтэй дүү нүдний хагалгаанд орсон 2015 онд хөдөө явж байгаагүй. Энэ хүн огт үндэслэлгүй зүйлээр биднийг хардаж доромжилж байна.гэх мэдүүлэ /хх-ийн 36-38 /,

7. Гэрч Ж. Лхамхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Миний бие 2016 онд үерхээд бэлгийн харьцаанд ороход надтай анх удаа бэлгийн харьцаанд орж байна гэж хэлж байсан өмнө надаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэдэгт нь би итгэдэг. Манай найз охиныг нэг хүний эхнэр нөхөртэйгөө хардаад гүтгээд зодох гэсэн би тухайн үед нь байгаагүй болохоор энэ талаар мэдэхгүй ба 2017 оны 12 дугаар сарын 18-ны үед манай ээжийн ах нас барсан байсан тэгэхэд манай найз Ойдов надруу ярихад нь би манай найз охин Наранцэцэгийг аваад ирээрэй гэж хэлж ирэхэд хүнд зодуулсан байсан. Тэр үед надад нарийн ширийн зүйлийг яриагүй сүүлд нь намайг хүн нөхөртэйгээ хардаад зодсон гэж байсан. Тухайн үед надад ажил явдал гарсан байсан учир хэлээгүй байх.гэх мэдүүлэг / хх-ийн 39-41/,

8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Эхнэр Д.*******гийн зан аашийн хувьд зүгээр өрөнхийдөө их налгар сайхан зантай, ажил хөдөлмөрт сайн хүн байгаа юм. Ерөнхийдөө тухайн болсон асуудалд манай эхнэр хүн амьтангаас буруу ташаа мэдээлэл сонсож намайг хардаж ийм асуудал болсон юм шиг байсан. Би ******* гэж охинтой холын буюу 4-5 үеийн өмнөх ах дүү төрөл садны холбоотой. Мөн *******тэй янз бүрийн эр эмийн асуудал байхгүй. Манайхтай *******ийн ах нь нэг жил айл саахалт байсан. Одоо бол байдаггүй. Миний хувьд энэ жил *******тэй уулзаж учирсан утсаар ярьсан зүйл байхгүй. Миний хувьд эхнэрээ ийм асуудалд холбогдсонд нь харамсаж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн 1. *******ийн биед баруун нүдний алимны доргилт, тархи доргилт, нуруу мөрөнд цус хуралт, дух, хүзүү, хамар, гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн *******ийн биед 2017.12.18-ны өдрөөс өмнө гэмтэл учирсан шинж тэмдэг тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 47-48 /, болон хавтаст хэргийн 62-66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн “Тоёото ист” маркийн 1744 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмилсэн тогтоол тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 78-80 дугаар хуудсан авагдсан шүүгдэгч Д.******* урьд нь ял шийтгэгдэж байгаа гэх ял шалгах хуудас болно бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д. *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1- д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д. *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Д.******* нь 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдөр иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д. ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” ял шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн “Тоёото ист” маркийн 1744 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх авто машиныг эзэмшигч Д.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д. *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан гурван зуун / 300 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялдыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн “Тоёото ист” маркийн 1744 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх авто машиныг эзэмшигч Д.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ