Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Хохирогч Ш.Г

Шүүгдэгч Л.М, Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч М овогт Лы М, Т овогт Нн З нарт холбогдох 2016001420108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 20-ний   өдөр  төрсөн,  25   настай,  эрэгтэй,   бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо орбит 50-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, АМ0000 регистрийн дугаартай, М овогт Лы М.

Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 11-ний   өдөр  төрсөн,  23   настай,  эрэгтэй,   тусгай дунд боловсролтой,   авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДК97041116 регистрийн дугаартай, Т овогт Нн З.

Шүүгдэгч Л.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 50 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Гтой “орцны гадаа шээлээ” гэж хэлснээс болж маргалдаж Ш.Гийн хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж унагаан, газарт унасны дараа дахин гараараа 1 удаа цохиж Ш.Гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, хамарт шарх, тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалгад цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан үйлдлийг, шүүгдэгч Н.Згийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 50 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Гийг газар унасан байхад нь “Мтай маргалдлаа” гэх шалтгаанаар баруун нүд орчимд нэг удаа өшиглөж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, тархи доргилт гэмтэл учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Л.Мын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ны орой Ч.С,  З, Ө нарын хамт кайф караокед орсон. 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан мөн 4 шил 0.5 литрийн пиво бас хувааж уусан. Караоке хаахаар нь гараад явж байтал Ч.С бие засмаар байна гэхээр нь караокены баруун талд байх 2 давхар орон сууцны орцны орчим Ч.С бие засаж байхад орц руу үл таних эрэгтэй хүн орох гэж байхдаа наана чинь бие засаж болохгүй гэсэн. Бид хоёр явах гэтэл тэр эрэгтэй дуудахаар нь яваад очтол миний хоолойг боож авахаар нь зөрүүлээд боогоод авсан. Чи хаанахынх юм бэ би маргааш чамайг сонин болгоно гэж хэлж байгаад намайг хоёр удаа нүд рүү цохиж авсан. Тэр үед манай найз охин С нөгөө эрэгтэй хүний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би 2 удаа хамар орчимд цохих үед хамгийн сүүлийн цохилт дээр унасан. Энэ үед З, Ө 2 ирсэн. Тэгээд унасан байсан залууг би дахин хамар луу 1 удаа цохичхоод яваад өгсөн... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... хохирол төлөөгүй... Миний буруу байсан....хохирлоо төлж чадаагүй. Ажил хийж байсан. Ажилд авсан хүн цалингаа өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг/ХХ38, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Н.З шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ны орой Ч.С-Э,  М, Ө нарын хамт кайф караокед орсон. 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан мөн 4 шил 0.5 литрийн пиво бас хувааж уусан. Караоке хааж Өн эгч бид хоёр түрүүлж гарсан. Тэгээд ардаас М, С нар гарч ирсэн. Мөнхжаргал, С нар алга болсон байсан. Ө эгч бид хоёр зогсож байтал хүмүүс дугаралдаад байхаар нь 2 давхрын байрны орцны орчимд очиход М нэг залуутай заамдалцан байсан. М тэр залууг цохиод унгаасан. Тэгэхээр би очоод тэр унасан залуугийн баруун талын шанаа орчим луу 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар явсан. Намайг харахад М тухайн залуутай заамдалдчихсан байсан. Яг юунаас болж хоорондоо маргалдаж эхэлснийг мэдээгүй. М гараараа цохиод унагаасан би хөлөөрөө 1 удаа баруун шанаа орчим өшиглөсөн... Хохирол төлөөгүй...Уучлалт гуйсан...хохирлоо 5 хоногийн дотор төлье. Завсарлага авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ш.Гийн шүүх хуралдаанд өгсөн “...: 2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 23 цаг 50 минутын өмнө би гэрээсээ гарч машинаа гражд тавьчхаад нохойгоо салхилуулаад орц руу орох гээд явж байсан. Орцны үүднээс 3 том алхах газар энэ хүмүүсийн бие засаад байж байсан. Би тэгэхээр нь наана чинь хүүхдүүд тоглодог юм. Битгий олон нийтийн газар  бие засаад бай гэсэн чинь хамт явж байсан эмэгтэй намайг барьж аваад цохисон. Тэр эмэгтэй хүн намайг цохиогүй бол энэ зодоон болох эсэхийг мэдэхгүй байна. Тэр эмэгтэйг яллагдагчаар татаагүйд би гайхаж байна. Зөвхөн энэ хоёр залууг яллагдагчаар татаж байгаа. Одоогийн байдлаар хохирол төлсөн зүйл байхгүй. Надтай хоёр удаа уулзсан гэж байна. Надтай уулзсан зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн гадаа тааралдсан. Өөр уулзсан зүйл байхгүй. Харин эмэгтэй нь миний таньдаг хүний чатаар холбогдож 1.000.000 төгрөгийн бэлэн өгье үлдэгдлийн танд шилжүүлж өгнө гэсэн. Мөн шүүгдэгч Н.Згийн ээж намайг эмнэлэгт хэвтэж байхад утсаар ярьж болсон явдлын талаар асуухаар нь болсон явдлын талаар хэлэхэд та нар зохион байгуулалттай зүйл хийсэн байна гэж намайг үхэж далд орохгүй яасан юм хүнд гай болоод гэж хэл амаар доромжлон би 1.000.000 төгрөг л өгнө. Тэрийг авбал ав гэсэн. Тэрэнд би их гомдолтой байна. Надад өөр хэлж ярих зүйл алга байна... Би хавдрын шинжилгээ авхуулснаас хойш жил болгон 3 жил дараалж эмнэлэг дээр 580.000 төгрөгөөр зураг авхуулдаг байсан. Өнгөрсөн зун би авхуулаагүй. Энэ залуучуудаас болж дахин шинжилгээндээ ордог болсон. Учир нь хавдар авснаас хойш тухайн газар нь ус тогтож байгааг шалгадаг. Гэвч миний энэ ус тогтох нь зүгээр болж байхад энэ залуучуудаас болж дахин давтан орох шаардлагатай болсон. Энэ тухай эмнэлгийн дүгнэлт тэмдэглэл байгаа. Би цаашид хэдий болтол энэ шинжилгээнд орохыг сайн хэлж мэдэхгүй байна гэв. Ялангуяа хавдрын шинжилгээтэй хүмүүс туяа их байдаг учраас жил болгон харуулах шаардлага байхгүй. Хүний биед хортой гэсэн. Тэгээд одоо эргээд энэ хүмүүсээс уг шинжилгээнд орох болж байна. Тийм учраас цаашид шинжилгээнд орох зардлыг энэ хүмүүсээс нэхэмжилье гэснэ бодолтой байгаа. Мөн намайг эмнэлэгт хэвтэж байхад ажлаас хошууч н.Баярмаа орон нутгийн сонгууль болох гэж байна. Ажилдаа орох боломжтой бол орооч гэсэн. Тэгээд эмнэлгээс гараад ирэхэд миний группыг эмч нар нэг жилийн хугацаагаар сунгасан. Хэрвээ ажлаа хийгээд явж байсан бол миний амьдрал өөр байх байсан. Би одоо сард 350.000 төгрөгийн групп аваад тухайн мөнгөөр эмчилгээ хийлгэж байна. Тийм болохоор ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилье гэсэн бодолтой байгаа гэв... 625.000 төгрөгийг өчигдөр Н.Згийн ээж шилжүүлсэн. Харин Л.М хохирол төлөөгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ны орой 23 цаг 50 минутын орчим байрны гадаа тавьсан байсан машинаа грашид  оруулахаар гэрээс гараад машинаа грашд оруулж тавиад байрныхаа орц руу орж явтал орцны хажууд нэг эрэгтэй, мөн нэг эмэгтэй шээгээд зогсож байхаар олон нийтийн газар шээлээ боль гэж хэлтэл шээж байсан богино хар савхин куртиктэй, хар өмдтэй, хар гуталтай эмэгтэй ирээд хуц чамд ямар хамаатай юм гээд намайг хэл амаараа доромжилж эхэлсэн, мөн хамт шээж байсан улаан өнгийн малгайтай цамцтай гадуураа богино хар савхин куртиктэй үсээ босгоод зассан байсан, эрэгтэй намайг заамдаж авахад хажууд байсан хар савхин куртиктэй эмэгтэй шороо газраас атгаад над руу шидэхээр нь би толгойгоо хажуу тийш болгож бултаад, тэгээд тэр эмэгтэй миний зүүн талын шанаа руу цохисон. Тэрний дараа намайг заамдаж байсан залуу миний хамар луу гараараа 2 удаа цохиод сүүлийн цохилтон дээр би хойшоо савж унасан. Урдаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирж байсан. Урдаас ирсэн залуу миний баруун нүд рүү 1 удаа өшиглөж байсныг санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн манай эхнэр О хүү, Г.Б нар намайг хоёр талаас сугадаж гэр лүү орсон... Манай байрны гадаа шээж байсан залуу намайг заамдаж авахаар нь бие ээ хамгаалах зорилгоор зөрүүлээд заамдаж авсан. Өөр тэр хүмүүсийг цохиж зодсон юм байхгүй... Хамрын яс цөмөрсөн учир янзлуулж 3 оёдол тавиулсан, баруун нүд хөхөрч хавдаж шанаа мөн хавдсан байсан. Зодуулснаас болж аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу өвчтэй илгээх 13-ын А маягтаар дахин үзүүлж эмчилгээ хийлгэх заавартайгаар гарсан. Одоо толгой дүүрч өвдөж хүнээр түшүүлж явж байна... Би зодуулсандаа гомдолтой байна. Мөн миний 2018 оны “Huawei Y6” маркийн гар утасны дэлгэц хагарсан, мөн өмсөж явсан хантаазыг “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үнийн дүнгээр, мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсны ор хоногийн мөнгө болох 475.000 төгрөгийг эхний элжинд төлүүлмээр байна. Цаашид Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлаа Улаанбаатар хотоос ирсний дараа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ30-31/,

Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 23 цаг 40 минутын орчим манай нөхөр Ш.Г нь машинаа гражид тавина гээд гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа манай орцны орчим хүний дуу гараад  байхаар цонхоор тонгойгоод харахад манай нөхөр газарт унасан 2 эмэгтэй 2 эрэгтэй хүн тойрцон богино хар савхитай дотроо малгайгүй улаан цамцтай залуу манай нөхрийн баруун талд зогсоод баруун нүд орчим луу 1 удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь болиоч ээ гээд орилоход хар савхин куртиктэй малгайгүй улаан цамцтай залуу зугтсан. Мөн 2 эмэгтэй зугтсан. Хар савхин куртиктэй малгайтай улаан цамцтай залуу манай нөхрийн хамар луу цохиод зугтаасан. Тэгээд би хүү Г.Бн хамт гараад ирэхэд манай нөхөр Ш.Г ухаан санаа балартсан хэвтэж байсан. Тэгээд би нөхөр Ш.Гийг хүүгийнхээ хамт оруулсан... Манай байрын орчим гэрэлтүүлэг сайтай учир намайг гэрийн цонхоор тонгойгоод харахад хар савхитай дотроо малгайгүй улаан цамцтай залуу нүд рүү манай нөхөр Ш.Гийн баруун талд зогсож байгаад  баруун нүд рүү нь 1 удаа өшиглөсөн. Түүний дараа хар савхин куртиктэй малгайтай улаан цамцтай залуу манай нөхрийн хамар луу цохиод зугтаасан...Хамар зүсэгдсэн гэмээр шарх үүсэж цус гоожиж байсан. Мөн баруун нүд хавдаж хөхөрсөн баруун гарын 2 толгойт булчин хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ34/,

Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ны орой 23 цаг 50 минутын орчим манай аав Ш.Г машинаа гражид тавих гэж гэрээсээ гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа орцны орчим хүмүүс зодолдож орилолдоод байхаар нь манай ээж А.О цонхоор хараад аавыг чинь хүмүүс  зодоод байна болиоч ээ гэхээр нь би гутлаа өмсөхөд ээж түрүүлж гарахаар нь ардаас нь би гараад орцны гадаа гарахад аав орцны үүдэн дээр нүүр орчмоос нь цус гарсан дээшээ хараад хэвтэж байсан. Мөн өмссөн жилетекний суга орчим урагдсан байхаар ээж бид 2 гэрт оруулсан....” гэх мэдүүлэг /ХХ42/,

Гэрч Э.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Н.З, Л.М, Ч.С нарын хамт 2020 оны 08 дугаар сарын 31-ны орой Есөнбулаг сумын “Кайф” караокед ороод бид нар 2 шил 0.5 литрийн архи 4 ширхэг “Сэнгүр” нэртэй 05 литрийн пиво уусан. Орой караоке хаах болохоор нь Зны хамт түрүүлж гараад ардаас С, Л.М гарч ирсэн. Бид хэд хамт явах гэтэл Ч.С шээмээр байна гээд Мын хамт байшингийн хажууд шээхээр явсан. Удалгүй хүн том том дугараад байхаар нь Занданданзантай хамт очиход Мөнхжаргал желетик өмссөн эрэгтэй хүнийг хамар орчимд 2 удаа цохисон. Сүүлийн цохилт дээр унасан. Тэгээд З очиж унасан байсан эрэгтэй хүний баруун талын шанаа руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид хэд яваад өгсөн... Надад ярихдаа Ч.С, Л.М нар ярихдаа тухайн желетиктэй эрэгтэй орцны орчим шээлээ гэж уурласнаас болж хэрэлдэж маргалдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ36-37/,

Гэрч Ч.Сийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ны орой Л.М, Н.З, Э.Ө нарын хамт “Кайф” караокед орж 0.5 литрийн 2 шил хараа нэртэй архи, 4 шил пиво тус тус хувааж уусан. Караоке хаах болж гарсан. Тэр үед би их согтуу байсан. Караокеноос гарснаа санаж байгаа. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ39/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “...1. Ш.Гийн биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн Ш.Гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчний мурийлт, хамарт шарх, тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун бугалга зүүн бугалаганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Ш.Гийн баруун нүдэнд дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

5. Хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт байх шарх, тархи доргилт, баруун дээд доод зовхинд байх цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..” гэсэн дүгнэлт /ХХ44-45/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 50 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Гтой “орцны гадаа шээлээ” гэж хэлснээс болж маргалдан хохирогч Ш.Гийн хамар хэсэгт гараараа 2 удаа цохиж унагаан, газарт унасны дараа дахин гараараа 1 удаа цохиж зодон хохирогчийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, хамарт шарх, тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалгад цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч Н.Згийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 50 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Гийг газар унасан байхад нь “Мтай маргалдлаа” гэх шалтгаанаар баруун нүд орчимд нэг удаа өшиглөж баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстанд цус харвалт, тархи доргилт гэмтэл учруулсан үйлдэл хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Л.М, Н.З нарыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Л.М, Н.З нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 500 цаг, шүүгдэгч Н.Зд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Ш.Гийн нэхэмжилсэн 1.650.000 төгрөгийн нэхэмжлэлээс “Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн тархины зураг авхуулсан баримт, “Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн  цээжний зураг авхуулсан баримт, “Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн эмнэлгийн үзлэгийн төлбөрийн баримт, “Бамбайн үндэс” ХХК-ийн баримт, “Бамбайн үндэс” ХХК-ийн баримт, Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбар, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээчин Б.Дамчийбадгарын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-820/01 дугаартай хохирогч Ш.Гийн хантааз, гар утсыг 236.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож буй 1.205.808 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч тус бүрээс 602.904 төгрөгийг гаргаж хохирогчид олгож, нотлох баримт байхгүй 444.192 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 хүртэл хугацаагаар завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Н.З хохирлын өөрт оногдох хэсгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Л.М хохирлоо төлөөгүй байх тул энэ талаар тогтоолд тусгалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хантааз, “Huawei Y-6” маркийн гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Лны М, Т овогт Нн З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 500 цаг,  шүүгдэгч Н.Зд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд ялын 8 цагийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Л.М, Н.З нарт сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Ш.Гийн нэхэмжилсэн 1.650.000 төгрөгийн нэхэмжлэлээс 1.205.808 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч тус бүрээс 602.904 төгрөгийг гаргаж хохирогчид олгож, нотлох баримт байхгүй 444.192 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Н.З нь хохирлын өөрт оногдох хэсгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Л.М хохирол төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА