Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/334

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0311/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  П.Б холбогдох эрүүгийн 1818005510339 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б  төрсөн, эрэгтэй, 43 настай, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 322 дугаар ангид тоотын захирагч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 322 дугаар анги дотор хамтран амьдрагч Я.Э эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 322 дугаар анги дотор хамтран амьдрагч Я.Эрдэнэчимэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хэрэг болсон өдөр би эхнэрээ ажлынх нь өрөө буюу гал тогооных нь өрөөнд зодсон. Гал тогооны өрөөнд ороод эхнэрээсээ “юун 2 залуутай уулзаад байсан бэ?” гэхэд “манай хүүгийн найзууд шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “худлаа яриад бай, миний хүү тийм хүмүүстэй найзлахгүй” гэж хэлсэн. Тэгээд маргалдаад зодож цохисон. Би тухайн үед бол нилээд согтуу байсан болохоор зодсон талаараа нэг бүрчлэн сайн санахгүй байна. Миний үйлдэл буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч Я.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажил дээрээ очоод өдрийн хоолоо ажилчиддаа оруулж өгчхөөд гал тогоонд байж байтал Батнасан нэлээд согтуу орж ирээд “муу янханыг ална аа” гээд үснээс зулгаагаад доош дарсан. Тэгээд би үснээсээ татаад “боль” гэж хэлж байсан. Түүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа ухаан алдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 4/,

-Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр 13 цаг 30 минутын үед над руу манай ээжийн ажлын газрынх нь нь эмч гээд эмэгтэй утсаар залгаад “танай ээж чинь ажил дээрээ хүнд зодуулаад ухаан алдчихсан байна, чи яаралтай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ирээрэй, би ээжийг чинь аваад эмнэлэг рүү очих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Энхжин рүү болсон асуудлын талаар хэлэхэд намайг очихоос өмнө эмнэлэг дээр очоод ээжийн толгойны зургийг нь авахуулчихсан байсан. Надад ээжийн ажлын эмч хэлэхдээ хамтран амьдрагч Б гэж хүнд зодуулсан гэж байсан.

...Манай ээжийн баруун хацар, нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн чихний дэлбэнгийн хойд хэсэгт язарсан, духны зүүн хэсэгт арьсан доор цус хурсан, хоёр хацрын яс хугарсан байна гэж эмч нь хэлсэн. Иймд би Б гэж хүнд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 6/,

-Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр над руу манай ах 14:29 цагт утсаар яриад “ээжийг Батнасан ах ажил дээрээ зодсон гэж байна, ажлынх нь эмч над руу залгалаа” гэхээр нь би эмчийнх нь дугаарыг аваад залгахад эмч нь “ээж чинь ажил дээрээ буюу гал тогооны өрөөнд ухаангүй хэвтэж байхаар нь би эм тариа хийж байж 20 орчим минутын дараа сэргэлээ, юу болсон талаараа мэдэхгүй байна. Одоо нэгдсэн эмнэлэг рүү авч явах гэж байна” гэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр очсон. Очиход манай ээжийн баруун хацар, нүдний зовхи орчим нь хавдсан, хацарны яс хугарсан, зүүн чихний ар хэсэгт нь язарсан шархтай байсан. Хоёр гарынх нь тохой зулгарч, зүүн талын хөлийн гуяны ар хэсэгт хөхөрсөн гэмтэлтэй байсан. Одоо манай ээж болсон асуудлын талаар огт мэдэхгүй, би энд яаж ирсэн юм бэ гээд 10 гаруй удаа асууж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 8/,

-Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр 13 цагийн үед манай цэргийн ангийн ажилчдын байранд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Тэр үед би өөрөө гэртээ буюу энэ байрны нөгөө жигүүрт байсан юм. Тэгээд би гэрээсээ гарч ирээд хартал нөгөө талын жигүүрт манай ажлын тогооч Я.Э нөхөр Батнасан нь зодсон байдалтай, Э нүүр ам нь хөхөрч, хавдсан зүүн чихнийх нь хажуугаас цус гарчихсан зогсож байсан. Би харсан даруйдаа Б тэврээд холдуулсан. Тэр үед Б “Эрдэнэчимэгийн охин, хүргэн хоёр нь гэрт ирж намайг хэл амаар доромжилсон, энэ хүүхнээс сална” гэх мэтийн зүйл ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

-Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цайны цагаар ойрхон гарчихсан байхад араас манай салааны захирагч Энхмөнх утсаар залгаад “хурдан ирээрэй, хүний бие муудаад байна” гэж хэлсэн. Ингээд би яаралтай очсон чинь шалан дээр Э сууж байсан. Тухайн үед пайнагтсан байдалтай, баруун хөмсөгний дээд хэсгээр хөхөрч, хавдсан цус хурсан харагдсан. Ингээд би өрөөндөө оруулаад даралтыг нь үзэхэд даралт нь ихэссэн байсан. Тэгээд даралтын эм уулгаад, өвчин намдаах тариа хийгээд 2 хүүхэдтэй нь холбогдоод эмнэлэг яаралтай явах шаардлагатай байна гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

-“Я.Э биед баруун, зүүн хацар ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чихний шарх, баруун дух, шанаа, нүдний зовхи, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 715 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,

-Хохирогч Я.Э өвчний түүх, хохирлын баримтууд /хэргийн 40-52/,

-Хохирогч Я.Э “...эмчилгээ хийлгэх явцад сэтгэл санаа болон эмчилгээний зардал бусад зардлыг бүрэн бүтэн өгсөн. Одоо Б цаашид тооцоогүй бөгөөд гомдолгүй. Миний хүсэлтийг харгалзан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 53/,

-Шүүгдэгч П.Б болон хохирогч Я.Э нарын сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх баталгаа /хэргийн 60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хохирогч Я.Э нь шүүгдэгч П.Б хамтран амьдрагч учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.Э эрүүл мэндэд “баруун, зүүн хацар ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чихний шарх, баруун дух, шанаа, нүдний зовхи, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Э эрүүл мэндэд “баруун, зүүн хацар ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чихний шарх, баруун дух, шанаа, нүдний зовхи, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь “...одоо Б цаашид тооцоогүй бөгөөд гомдолгүй. Миний хүсэлтийг харгалзан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 53/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 322 дугаар анги дотор хамтран амьдрагч Я.Э эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 900000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч П.Б үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Б гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Б 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч П.Б оногдуулсан торгох ялын 900000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч П.Б үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч П.Б анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ