Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2020/0017/З |
Дугаар | 115/ШШ2020/0018 |
Огноо | 2020-10-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 115/ШШ2020/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурор Г.Э,
Хариуцагч: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У-д холбогдох,
Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурор*******, хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурор Г.Э-ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурор******* би, тус аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У нь “*******” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг шалгалтын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянахад:
Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай*******ын******* /Холбоо барих утас: 96../ нь******* регистрийн дугаартай “*******” ХХК-ийг 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй хайгуулын үйл ажиллагаа явуулсан, ус зөвшөөрөлгүй ашигласан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай шийтгэлийн хуудсаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Гэвч уг шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт “*******” ХХК нь ямар зөрчлийг үйлдсэн болохыг тодорхой бичээгүйгээс гадна Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,мөн хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр зөрчилд оногдуулахаар заасан торгох шийтгэлийн нийлбэрээр буюу 2.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0179367 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.
Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Прокурорын дүгнэлт №19-ын хариу тайлбар хүргүүлэх тухай
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.У миний бие нь******* регистрийн дугаартай “*******” ХХК-ийг 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан, ус зөвшөөрөлгүй ашигласан гэж дүгнээд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт тус тус зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай шийтгэлийн хуудсаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 төгрөгийн торгууль оногдуулсан.
Энэхүү торгууль нь ногдуулсан араг хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж прокурорын дүгнэлт гарсан.
Гэвч тус торгууль ногдуулсан компани нь 2 хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэг дэх хууль нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчиж байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан. Хоёр дахь хууль нь усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөж үйл ажиллагаагаа явуулж байсанд нь миний бие өөрийн эрхийн хүрээнд усны зөвшөөрөл авч өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг сануулсан боловч түүнийг биелүүлээгүй.
Хэрэв эдгээр зөрчлүүдийн аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж үзээд усны тухай хуулийн зөрчих хэсгийг зөрчсөн гэж үзээд бусад зөрчлийг оногдуулахгүй байна гэвэл тухайн компани нь байгаль орчны төлөвлөгөөгүй ажиллаж хэд хэдэн суваг малтаж, газар ухаж, газрын хэвлийн тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж байсан ч арга хэмжээ авахгүй орхино гэсэн асуудал үүсч байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж байгааг энэ хуулийн “тусгай ангид” гэж заасныг “зөрчлийн тухай хуулийн усны тухай хууль зөрчих хэсгийн хоёр заалтыг зөрчсөн бол аль хүнд шийтгэлээр нь оногдуулна” гэж ойлгож байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна” гэж зааснаар тухайн шийтгэлийн хуудсыг бичсэн болно.
Би 2018 оны 08 дугаар сард ажлаа хүлээж авсан. 2017 онд 08 дугаар сард миний өмнө ажиллаж байсан байгаль орчны улсын байцаагч *******” ХХК-ийг усны зөвшөөрөлгүй, байгаль орчны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 2,400,000 төгрөгөөр торгож байсан. “*******” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулахдаа төлөвлөгөөгөө батлуулсан. 2020 оны эхээр *******” ХХК нь хайгуулын үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахгүйгээр суваг малталтын үйл ажиллагаа явуулсан. Суваг малталтын үйл ажиллагаа нь 1 метрийн өргөнтэй, 400 метрийн урттай, 2 метрийн урттай 4 газарт явагдсан бөгөөд хайгуулын цооног өрөмдсөн байсан. Хайгуулын цооног өрөмдөхөд ус ашигладаг боловч усны зөвшөөрлөө аваагүй ус ашигласан байсан. Би байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж, усны зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулна шүү гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа хяналт шалгалтаар очиход суваг малтаж, цооног өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байсан, мөн зөвшөөрөлгүйгээр малчдын худгаас ус ашигласан байсан. Шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авахдаа 2 хуулийн заалтыг барьж, торгох шийтгэлийн нийт дүнгээр 2,000,000 төгрөгөөр торгосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
ДГА-ийн П-ын газрын хяналтын прокуророос, тус аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хянаад “...******* ХХК нь ямар зөрчил үйлдсэнийг шийтгэл оногдуулсан шийдвэрийн ОЛСОН нь хэсэгт тодорхой бичээгүй, ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр зөрчилд оногдуулахаар заасан торгох шийтгэлийн нийлбэрээр буюу 2,000,000 төгрөгөөр торгосон, ...энэ нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр тухайн шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийг хүчингүй болгуулахаар дүгнэлт[1] бичиж ирүүлжээ.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас, прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ[2] “...тус компани нь 2 хуулийн заалтыг зөрчсөн, эдгээр зөрчлүүдийн аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэвэл тухайн компани бусад хуулиудыг зөрчиж байсан ч арга хэмжээ авахгүй орхих асуудал үүснэ, ...тус компани тухайн аймаг, сумын төрийн байгууллагын үйл ажиллагаа болон сум, орон нутгийн малчид, иргэдийг үл тоон удаа дараа ийм зөрчлийг гаргаж байгаа, цаашид ч гаргаж болзошгүй учир хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн тайлбарлаж байна.
Дээрх маргаан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан бөгөөд тухайн маргаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т болон 7.15 дугаар зүйлийн 1.3-т заасан зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн харьяалан шалган шийдвэрлэх зөрчил байна.
Хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хуулиар хүлээсэн хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэн сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын нутаг Тойром хэмээх газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх явцдаа “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан, усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашигласан” зэрэг үйлдлүүдийг илрүүлж[3] улмаар тус хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.15 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар[4] 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох шийтгэлийг ******* ХХК-д оногдуулжээ.
Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичиж ирүүлсэн прокурорын дүгнэлтийн үндэслэлийн агуулгаас үзвэл гомдол гаргагч нь, зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн эсэх үйл баримтын тухайд маргаагүй, харин эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шийтгэл оногдуулсан шийдвэрт тусгавал зохих асуудлыг бүрэн тусгаагүй гэх агуулгаар буюу хариуцагч улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх процессын үйл ажиллагаатай холбогдуулан маргасан байх бөгөөд тэрээр энэхүү үндэслэлээ шүүх хуралдаанд ч мөн дэмжсэн болно.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн хуулийн Тусгай ангийн Долдугаар бүлэг, Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил хэсгийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Усны тухай хууль зөрчих гэсэн 7.15 дугаар зүйлийн 1.3-т ”Хуульд заасны дагуу, ...ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, ...бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ...хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 11-04-310/11 дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн ажиллагааны материал” дахь холбогдох баримтууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Тойром хэмээх газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй хайгуулын үйл ажиллагаа явуулж суваг малталт хийсэн, усны дүгнэлт гаргуулж зохих зөвшөөрлийг нь авч ус ашиглах талаар төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй буюу зохих зөвшөөрөлгүйгээр малчдын худгаас үйлдвэрлэлийн зориулалтаар ус авч ашигласан, энэ нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хяналт шалгалтаар илэрсэн үйл баримтууд тогтоогдож байх ба хариуцагч улсын байцаагчаас тус хуулийн этгээдийн эдгээр үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан ...”, 7.15 дугаар зүйлийн 1.3-т “...ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэн тухайн зөрчил тус бүрд оногдуулбал зохих шийтгэл /таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/-ийг оногдуулсан, ингэхдээ шийтгэл оногдуулсан шийдвэр буюу “Шийтгэлийн хуудас”-нд оногдуулбал зохих хоёр шийтгэлийн дүнг нэгтгэн бичиж, нийт 2,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулахаар тусгасан байна.
Гомдол гаргагч прокуророос, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр зөрчлийн нийлбэрээр торгох шийтгэл оногдуулсан нь буруу бөгөөд энэ нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулах”-аар заасныг зөрчсөн хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь прокуророос гомдлын шаардлагынхаа үндэслэл болгон маргаж буй Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь, аливаа этгээдийн гаргасан нэг үйлдэл нь мөн хуулийн тусгай ангид заасан хоёр зөрчлийн шинжийг агуулж байгаа тохиолдолд тухайн хэм хэмжээг журамлан шийтгэл оногдуулах зохицуулалт юм. Тухайлбал, ******* ХХК-ийн нэг үйлдэл буюу суваг малталт хийсэн тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан хоёр буюу түүнээс зөрчлийн шинжийг зэрэг агуулж байгаа тохиолдолд тэдгээрийн зөрчлүүдийн аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулах агуулгаар хэрэглэгдэнэ.
Гэтэл энэхүү маргааны тухайд зөрчлийн холбогдогч ******* ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл нь, нэг үйлдэл биш хоёр өөр төрлийн тухайлбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргаж батлуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан буюу суваг малтаж, цооног өрөмдсөн нэг үйлдэл, усны дүгнэлт гаргуулж, зохих зөвшөөрлийг нь авч ус ашиглах талаар эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу зөвшөөрөлгүйгээр малчдын худгаас үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласан хоёр дахь үйлдлээр тус тус илэрч байх тул энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэн шийтгэл оногдуулах үндэслэлгүй, харин тухайн зөрчил тус бүрд зохих шийтгэлийг оногдуулахаар байх бөгөөд эрх бүхий албан тушаалтны зүгээс ******* ХХК-д нийтдээ 2,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулах замаар тус хуулийн этгээдийн хууль зөрчсөн дээрх хоёр зөрчил тус бүрт нь зохих шийтгэлийг оногдуулсан байдал нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах”-аар заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагчаас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шийтгэл оногдуулсан шийдвэр болох шийтгэлийн хуудсанд “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал”-ыг тусгалгүй орхигдуулсан, энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, .../-ын/ талаар тусгана” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх боловч зөрчлийн холбогдогч болох гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд ******* ХХК-ийн хувьд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан 2 өөр төрлийн зөрчил үйлдсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч оногдуулсан шийтгэлийг сайн дураараа даруй биелүүлсэн байх тул эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх хэлбэрийн алдааны улмаас маргаан бүхий тухайн шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилгод нийцнэ.
Иймээс ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай Шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг тус тус баримтлан ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурорын “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0179367 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар “*******” ХХК-д 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар ДГА-ийн П-ын газрын хяналтын прокурорын шүүхэд бичиж ирүүлсэн дүгнэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА
[1] Хавтаст хэргийн 16-р хуудас,
[2] Хавтаст хэргийн 26, 37-р хуудас,
[3] Хавтаст хэргийн 3-р хуудас,
[4] Хавтаст хэргийн 11-р хуудас,