Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2352

 

Я.Ц, Б.Б нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б,

Хариуцагч Д.Ц, Б.П нарт холбогдох,

 

Нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох,

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоолгох,

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Чулуунбаатар,

Хариуцагч Б.П, түүний өмгөөлөгч З.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Ц миний нөхөр Б.Бямбасүрэн нь 2006 онд Нийслэлийн Засаг даргын 87 тоот захирамжаар нэгж талбарын 23/0169 тоот дугаар бүхий 140 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт эзэмших эрхтэй болж, улмаар газар эзэмших эрхийн 0060113 тоот гэрчилгээ олгогдсон бөгөөд нөхөр маань тус газар дээр үйлчилгээ, орон сууцны зориулалттай 3 давхар барилга барьж, бичиг баримтыг нь аваагүй байж байгаад өвчний учир таалал төгссөн. Өнгөрсөн хугацаанд миний хүүхдүүд болох Б.П, Б.Б нар нь миний болон бусад ах, дүү нарынхаа хууль ёсны өвлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгон, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг өөр өөрийн нэр дээр гаргуулан авч, улмаар Б.П нь дээрх 3 давхар барилгын эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлсний зэрэгцээ мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Иймд миний хоёр хүүхэд өвлөх эрхийн хувьд маргаж байгаа төдийгүй бусад ах, дүү нар хууль ёсны өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрхтэй холбогдсон маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, мөн дүүргийн нотариатч Л.Отгонбаярын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Бд олгосон 98 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн газраас Б.Пт олгосон Ү-2201030386 дугаартай улсын бүртгэлийг гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулж, Я.Ц намайг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол,/18030/ Москвагийн гудамжны АОС-ын 39 тоотод 3 давхар барилгын өмчлөх эрх болон тус барилгын эдэлбэр газар болох 140 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь бусад хууль ёсны өвлөх эрх бүхий манай ээж Я.Ц, Б.Баасансүрэн болон бидний бусад ах дүүс болох Б.Тэгшээ, Б.Жагваралмаа, Б.Должин, Б.Минжүүрдорж, н.Билгүүн нарын хууль ёсны өвлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу талийгаачийн хөрөнгийг түүний эхнэр,үр хүүхдүүд адил хэмжээгээр өвлөх эрхтэй атал нотариатч Д.Ц нь бидний өвлөх эрхээсээ бичгээр гаргасан татгалзал байхгүй байсаар атал хууль бусаар бусад өвлөгч өвөөс татгалзсан гэсэн үндэслэлээр Б.Пт дангаар нь өвлөх эрхийн гэрчилгээг үйлдэж өгсөн байна.

Иймд нотариатч Д.Цгийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, Б.Пийн нэр дээр бүхэлдээ бүртгэгдээд байгаа талийгаач ааваас үлдсэн хөрөнгө болох энэхүү 3 давхар байшин болон түүний эзэмшлийн газрын өөрт ногдох хэсгийг хувь тэнцүүлэх зарчмаар өвлөх эрхээ өөрийн ах Б.Паас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу шаардаж байна. Дээрх өвлөх эрхийн маргаантай байгаа 3 давхар байшингийн зэргэлдээх газар болон түүн дээр байсан худалдааны павилоныг миний бие Б.Нандингаас худалдан авсан болохыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр тогтоосон боловч миний ах Б.П нь дураараа аашлан миний өмчийн дээрх павилоныг нурааж 3 давхар өргөтгөлийг мөн барьж, улмаар өвлөх эрхийн маргаантай байгаа 3 давхар барилгын хамтаар нь улсын бүртгэлд бүртгүүлэн дангаараа өмчлөгч болсон.

Нэхэмжлэгч нарын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, тодрууллаа. Үүнд: нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт олгосон 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол, 39 тоотод хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхарын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-р хороолол 39 тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн өмчлөгчөөр Б.Бг тогтоож өгнө үү.

Б.Б миний эцэг Б.Бямбасүрэн, эх Я.Ц нар 1963 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Эцэг Б.Бямбасүрэн 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Нотариатч Д.Ц нь өвлөгдөх эд хөрөнгийг өөр хүний эзэмшилд байгааг шалгалгүй 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Пт тухайн эд хөрөнгийг бүхэлд нь өвлүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь бидний эрх ашгийг давхар хохироож, өвлөгдөх эрд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ өвлөн авч чадахгүйд хүрч хохирсон. Иймд нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 

Миний эцэг Б.Бямбасүрэн нь 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барснаар түүнээс үлдсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 23/0169 дугаар бүхий 140 м.кв газрын эзэмших эрх, уг газар дээрх 3 давхар барилга нь Иргэний хуулийн 515, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч болох ах дүү бидний 7 хүн өвлөх ёстой байсан. Б.Б миний бие талийгаач эцэг Б.Бямбасүрэнг нас барах үед ээж Я.Ц болон эцэг Б.Бямбасүрэнгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр, 268 тоот байранд хамт амьдарч байсан. Энэ хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Б.Б миний бие эх Я.Цгийн хамтаар аавыг нас барснаас хойш эцгээс үлдсэн 3 давхар барилгыг Иргэний хуулийн 527, 528 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч, бусдад түрээслүүлэх, ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад нь хариуцан төлөх зэргээр үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулан өвийг эрхлэн удирдаж байсан.

Ингээд Б.Бямбасүрэнг нас барсан өдрөөс хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу бусад өвлөгч нар дээрх хуулийн хугацаанд ямар нэгэн хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул тэднийг өвөөс татгалзсан гэж тооцож, эх Я.Ц бид хоорондоо ярилцсаны үндсэн дээр нотариатч Л.Отгонбаярт хандаж, 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Б миний нэр дээр 96 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл бусад өвлөгчид хамаарах этгээд болох ах Б.П нь эх Я.Ц Б.Б бидэнд огт мэдэгдэлгүйгээр, өв нээгдсэнээс хойш 4 жилийн дараа Б.Тэгшээ, Б.Минжүүдорж, Б.Намсрай, Б.Должин, Б.Билгүүн нараар өвлөх эрхээс нь татгалзсан хүсэлтүүд бичүүлэн авч нотариатч Д.Цд хандан 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан, улмаар уг өв залгамжлалын эрхийн гэрчилгээг үндэслэн өөрийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Ү-2201030386 дугаар гэрчилгээ болон аавын нэр дээр байсан 140 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг ч мөн өөртөө тус тус шилжүүлсэн байсан.

Цаг хугацааны хувьд Б.Б миний бие аавыгаа нас барснаас хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар нотариатад хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Харин бусад өв залгамжлагч нарын хувьд талийгаач аавтай минь хамт амьдарч байгаагүй хүмүүс тул энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан бусад өвлөгчдөд хамаарч байгаа. Хэдийгээр нэр бүхий 5 өвлөгч өөрт ногдох өвөөс татгалзан Б.Пт шилжүүлсэн талаарх баримт авагдсан байгаа ч тэдгээр нь аавыг нас барснаас хойш 4 жилийн дараа нотариатад хандаж гаргасан хүсэлтүүд байсан. Хэрэгт нэр бүхий 5 өвлөгчөөс Б.Пт шилжүүлсэн өвөөс татгалзах хүсэлтийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагатай иргэний хэргийг шүүх хянаад, тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр авагдсан хэдий ч, энэ нь зөвхөн тухайн нэхэмжлэгч нарын өвөөсөө татгалзсан тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчинтэй байсан эсэхэд л дүгнэлт хийсэн юм. 

Уг хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд гаргасан, хууль зүйн үр дагавар үүсгэх хүсэлт мөн эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хэрэг биш юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасныг үндэслэвэл бусад өвлөгч нарын зүгээс өв нээгдснээс хойш нэг жилийн дотор эцгээс үлдсэн маргаан бүхий өвийг эзэмдэж авсан, эрхлэн удирдсан явдал үгүй бөгөөд нотариатаар өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан нэг ч хүн байгаагүй тул тэднийг энэ хуульд зааснаар өв хүлээн авсанд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар тэднийг өвөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Б, Я.Цы нар нь талийгаачтай хамт амьдарч байсан өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий өвийг хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтийг нотариатад гаргаж байгаагүй тул би болон миний эх өвийг хүлээн авсанд тооцогдох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрээр маргаан бүхий эд хөрөнгийн 3 дугаар давхрын 72 м.кв талбайн өмчлөгчөөр Б.Пийг тогтоосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгө болох Ү-2201030386 тоот хөрөнгийн 3 давхрын 72 м.кв-аас бусад, доор дурьдсан үнэ бүхийн барилгын давхар болон газар нь хууль ёсны өвлөгчдөд хуваарилагдах юм. Үүнд: үндсэн барилга буюу нийт 335.28 м.кв талбай, зоорийн давхар,1-2 дугаар давхар, 140 м.кв эдэлбэр газар зэрэг болно.

Үүнээс дээр дурдсан хуулийн дагуу бусад өвлөгч нар хуульд заасан хугацаанд өвийг хүлээн аваагүй, эрхлэн удирдаагүй, эзэмдэн аваагүй тал уг өвийг хуулийн дагуу хүлээн авсан өвлөгч нар болох Б.Б болон эх Я.Ц бид хоёр тэнцүү хэмжээгээр хувиарлан өмчлөх ёстой гэж үзэж байна. Өргөтгөлийн барилга нь Б.Б, Я.Ц бидэнд хууль ёсоор өвлөгдөн ирсэн 140 м.кв талбай бүхий газар дээр баригдсан. Энэхүү өргөтгөлийн барилгыг анх аав маань амьд сэрүүн байхдаа санаачилж Б.Б би барилгын суурийн газрыг ухаж, зоорийн давхрыг барьсан.

Б.Б миний бие Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Саппоро төвийн хойд талд байрлах 12 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай павилионыг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Нандингаас худалдаж авсан байсан. Уг газрыг Б.Нандин нь газрын албатай байгуулсан 2004 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэнд газар өмчлүүлэх гэрээний дагуу эзэмшиж байсан нь Б.Б надад тухайн үед газрын албанаас гэрчилгээний оронд гаргасан газрын төлбөр тодорхойлох актаар миний эзэмшилд шилжсэн. Гэтэл ах Б.П нь миний худалдаж авсан павилионыг нурааж, маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгө болох 39 тоот барилгатай зэрэгцүүлэн миний барьсан өргөтгөлийн барилгын суурийн давхар дээр павилионы газрыг нийлүүлэн 3 давхар барилгыг барьсан.

Ингээд бидний хооронд шүүхийн маргаан үүссэн. Б.П нь миний худалдан авсан дээрх павилионтой холбогдуулан Б.Саруул, Б.Соёл болон Б.Б бидний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 827 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан ба 1 дэх шаардлага болох нотариатын үйлдлийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хангаагүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ талаар маш тодорхой тусгаж, дүгнэсэн.

Б.Б миний бие аавын 39 тоот барилгатай зэрэгцүүлэн өргөтгөлийн барилга барих зорилгоор 2009 оны 4 дүгээр сард барилгын хундаамны нүх ухуулж, улмаар зоорийн давхрын торхыг өөрийн хөрөнгөөр барьж босгосон. Гэтэл ах Б.П миний бэлдсэн дээрх зоорийн барилгын торхон дээр хучилт хийж дээш нь 3 давхар байшин босгосон. Ингэхдээ Б.П нь миний худалдаж авсан павилионыг хууль бусаар нурааж, павилион байсан газрыг өргөтгөлийн барилгын шатны хэсэг болгож ашигласан. Улмаар уг өргөтгөлийн барилгын зоорийн давхрыг Б.Б миний бие өөрийн хөрөнгө хүчээр босгосон байтал тэр хэсгийг надад өмчлүүлэлгүйгээр өмчлөх эрхийн бүртгэлийг дан ганц өөрийн нэр дээр гаргуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, миний өмчлөх эрхийг хохироосон. Өргөтгөлийн барилгын суурийн ажлыг хийсэн н.Батбаяр, н.Мөнхжаргал нарын тодорхойлолтоор болон мэдүүлгээр нотлогдоно. Иймд эх Я.Ц, Б.Б бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.П нь маргаан бүхий 39 дүгээр байрны хууль ёсны эзэмшигч болно. Гэтэл Б.Б, Я.Ц нар нь миний эзэмшлийн дээрх объектыг булаацалдан шүүхээр 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд маргаж байна. Уг эд хөрөнгөд үнэлгээ хийх хүсэлт гаргасны дагуу “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөрөнгийн үнэлгээг шүүхэд гаргаж өгсөнтэй танилцахад барилгыг 182 883 800 төгрөгөөр үнэлсэн.

Үндсэн барилгын 3-р давхар нь 54 865 200 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд 2010 онд 3 шатны шүүх намайг эзэмшигчээр тогтоосон. Дээрх барилгын зоорийн давхар нь 36 576 800 төгрөг, 1, 2-р давхар тус бүрийг 45 721 000 төгрөгөөр, нийтдээ 128 018 000 төгрөгийн үнэлгээтэй зоорийн болон 1, 2-р давхарт маргаж байна. Маргаж буй барилгын зоорийн болон 1, 2-р давхарт үнэлгээ хийсний дагуу 128 018 000 төгрөгийн хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д энэ талаар заасан байна. Нийт 10 өвлөгчөөс Б.Цэрэннадмид 2011 онд нас барсан бөгөөд өвлөгч Б.Тэгшээ, Б.Намсрай, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Билгүүн нар өвлөх эрхээ надад нотариатаар гэрчлүүлэн зохих хуулийн дагуу шилжүүлсэн болно.

Өвлөгч Б.Жагваралмаа, Б.Билгүүн, Б.Должин нар нь 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл шүүхээр өвлөх эрхээ нэхэмжлэн маргалдсан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нар нь давж заалдах шатны шүүхэд хандаагүй болно. Дээрх нийт 9 өвлөгчөөс 5 нь өвлөх эрхээ надад шилжүүлсэн бөгөөд Б.Жагваралмаагийн өвлөх эрхийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Иймд надтай нийлээд 6 өвлөгчийн өвлөх эрх надад байгаа бөгөөд Б.Жагваралмаагийн өвлөх эрхийг хүчингүй болгосон тул Б.Б, Я.Ц нар надтай маргаж байна. Иймд дээрх маргаан бүхий 128 018 000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй давхруудыг 8 өвлөгчид хуваахад 1 өвлөгчид 16 002 250 төгрөг ногдож байна.

Маргаж буй өвлөгч нар болох ээж, дүү нартай энэхүү барилгын 45 721 000 төгрөгийн үнэлгээтэй үндсэн барилгын 2-р давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох саналтай байна. Өргөтгөлийн барилгыг өвлүүлэгч нас барснаас хойш буюу 2009-2017 онуудад баригдсан болно. Энэхүү барилгыг барихын тулд миний бие өнөөг хүртэл удаа дараа цалингийн зээл болон “Мандах газар” ХХК, Ж.Равдандорж нарын хөрөнгө оруулалтаар барьж босгосон. Ж.Равдандоржтой хамтран ажиллах гэрээ байгуулан хөрөнгө оруулсан тул 3 давхрыг нотариатаар гэрчлүүлэн өгөхөөр тохиролцсон. Мөн “Мандах өргөө” ХХК-иас хөрөнгө оруулсан хэмжээгээр нь удаан хугацаагаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байгаа.

Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд 7 хүний өмчлөлд байх ёстой гэсэн атлаа одоо хоёр хүн л авах гээд байгаа нь ойлгомжгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр Б.Бг энэ хаягт байгаагүй гэдгийг тогтоосон. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б.П миний нэхэмжлэлтэй нотариатч н.Отгонбаярт холбогдох иргэний хэргийн 420/2785/С тоот дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Б нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй болох нь УБ1017895 тоот дугаарт өөрийнх нь иргэний үнэмлэхээр тогтоогдсон байна гэж тусгагдсан байдаг.

Энэ нь 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон Б.Бгийн 98 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр юм. Дараагийн үйлдэл нь нэхэмжлэгч намайг хууль бусаар, бусад хүнд мэдэгдэлгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан гэдэг. Гэтэл өөрөө 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа. Дараа нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугааргүй өвлөх эрхийн гэрчилгээ байсан нь 2014 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч н.Эрдэнэчимэгээр удирдуулсан шүүх хуралдааны явцад гэнэт гарч ирсэн. Энэ талаар би Монголын Нотариатчдын танхимаар шалгуулахад Б.Бд олгосон нотариатын үйлдэл байхгүй байсан. Мөн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн 29 дугаартай нотариатч н.Отгонбаярын нотариатын үйлдэл гарч ирсэн.

Ингээд нотариатч н.Отгонбаяр нь нэг газарт, хоёр иргэнд 3 удаа баталгаа хийж өгсөн байдаг. Монголын Нотариатчдын танхимаас авсан баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөө хууль бус нотариатын үйлдлийг 3 удаа хийлгэж, түүнийгээ дарсан. 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би Нийслэлийн газрын албанд очихдоо энэ асуудлыг мэдсэн. Нийслэлийн газрын албаны дүүрэг, хороог хариуцсан мэргэжилтэн надад, Б.Б чи газраа өөрийнхөө нэр дээр өгөх хүсэлт гаргасан байна гэхээр нь би Б.Б биш, ямар учиртай юм бэ, надад харуул гэхэд надад хальт харуулсан. Хувилаад өг гэхэд хүсэлт бичээд ав гэсэн. Ингээд өргөдөл бичээд авахын хооронд Б.Б өөрийн хүсэлтээр бүх материалаа өөрийн хүсэлтээр татаад авчихсан байсан. Яагаад буцаагаад авсан бэ гэхэд 98 тоот нотариатчийн үйлдэл, өргөдөл зэрэг нь байсан. Тэр дор нь шалгуулах гэхээр ээж минь холбогдсон байсан тул чадаагүй.

Б.Б нь шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгож, улмаар прокурорын шатан дээр Б.Бд 1 болон 2 давхрын түлхүүрийг өгч, найр тавьж байж гомдолгүй гэж бичүүлээд прокурорын шатнаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд Б.Б тус объектийг ашиглаж л байсан. Би урсгал засвар, газрынхаа төлбөрийг төлж л байсан. Ах, дүү нараасаа өвийн татгалзал бичүүлэх, хаягаа хөөцөлдөх, мөнгө төгрөг байхгүйн улмаас сунжраад 2012 онд анх Б.Б, Я.Ц хоёрыг үлдээгээд Д.Ц гуайгаар газрын гэрчилгээ гаргаад, үл хөдлөхийн гэрчилгээг гэрчлүүлсэн. Б.Бгийн үйлдлээс хууль ёсны хувьд илүү байсан.

Б.Б өөрөө 3 удаа хууль бусаар нотариатын гэрчилгээ хийлгэж, түүнийгээ нуусан. Дугааргүй гэрчилгээ гарч ирснээс хойш 3 жил, 8 сарын хугацаанд би нотариатч н.Отгонбаяраар хийлгэсэн бүх өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь шүүхээр хүчингүй болгуулсан. Шүүх өв залгамжлалын хөрөнгөд өмчлөгчийн асуудлыг шийдэхгүй. Үндсэн барилгын 1, 2-р давхрыг өөрийн нэр дээр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол энэ өмч ийм ийм хөрөнгөөр, ингэж бүтсэн учир энэ миний өмч юм гэх байтал шүүхэд үүнийгээ нотлоогүй, дандаа өвийн юм, би ээжтэйгээ цуг байсан юм гэж тайлбарладаг нь ойлгомжгүй.

Шүүхэд өгсөн баримт нь н.Батбаяр, н.Мөнхжаргал гэх 2 хүнээр худал тодорхойлолт бичүүлж авсан байдаг. Өргөтгөлийн хэсгийг 2009 оны 4 дүгээр сард энэ хоёр хүн барьж өгсөн гэж байгаа. Уг нь бол 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр суурийг нь ухаж, 07 дугаар сард тэгшилж, намар 08-09 дүгээр сард суурийн хундаамийг блокоор хийсэн. Суурийг 2009 оны 07 дугаар сард миний ах н.Намсрай, түүний эхнэр н.Долгорсүрэн хоёроор газрыг нь ухсан хойно 50 000 төгрөг өгч тэгшлүүлж байсан юм. Үндсэн барилгын суурийн 1 болон 2-р давхар нь Э.Ариунчимэг гэх миний хамт амьдарч байсан хүний эмээгээс нь өвлөгдсөн байрыг зарж байж анхны санхүүжилтыг бий болгож босгосон.

Дараа нь өргөтгөлийг барихад миний удаа дараагийн цалингийн зээл болох 60 гаруй сая төгрөг, н.Равдандоржтой хамтран ажиллах гэрээний дагуу 60 гаруй сая төгрөг оруулсан, Мандах газар ХХК-тай харилцан тохиролцож 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. Б.Б, Я.Ц нар нь уг барилгын газрын хувьд гэрчилгээн дээр тусгагдсаны дагуу өөрт ногдох хувийг л нэхэмжлэх эрхтэй болохоос, уг барилгыг бариагүй, хөрөнгө нийлүүлээгүй, өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй юм.

Энэ хугацаанд миний барьж бүтээсэн, аав минь амьд сэрүүн байхдаа надтай цуг 1 болон 2 давхрыг барьж үлдээсэн, нас барснаас нь хойш өргөтгөлийг нь барьж босгосон, хаягийг нь өөрийн нэр дээр авсан, газрын гэрчилгээний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа хөрөнгө юм. Миний бүтээж, босгосон барилгыг түрээсэлж амьдралаа өөд нь татаж яваа. Одоог хүртэл ямар нэгэн ажил хийгээгүй. Миний ах, дүү нарыг миний эсрэг турхирч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, тэр нь 2015 оны 05 дугаар сард хэрэгсэхгүй болсон. Тэр дундаас эгч н.Должин нь өөрийн хүсэлтээр татгалзсан. Миний өмчлөлийн газар, гэрчилгээ дээр маргах ёсгүй юм. Яагаад гэвэл миний аавын үлдээсэн 72 м.кв байрыг энэ хоёр хүн өөрсдийн нэр дээр шилжүүлээд авсан.

Миний бие 2010 оны шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзсан. Үүнийг ойлгодоггүй. Байрыг ч авах ёстой, ааваас үлдсэн үнэт эдлэл, бүгдийг авах ёстой, та нар бол авах ёсгүй гэсэн бодолтой байдаг. 2008 онд н.Нандингаас павилон авсан гэж байгаа. Үүнийг миний орлогоос, энэ байшингийн түрээсийн эх үүсвэрээр миний нэр дээр авч байсан. 2008 онд Б.Бгээс 1 000 000 гаруй төгрөг гарахгүй л дээ. Сүүлд эхнэр н.Буяндэлгэр болон өөрийн нэр дээрх “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга харуулж байсан ч, үүгээр миний эд хөрөнгийг хэмжихгүй. Энэ байрны засварт ч хүрэхгүй мөнгө юм. 1999 оны газрыг 2004 оноос барьж эхлээд 2013 онд дуусч, урд талын дээврийн гүйцэтгэл 90 хувь болж байхад Б.Б надтай маргалдаж эхэлсэн.

Хүнээс 3 удаа хулгай хийчихээд нэг удаа бичиг баримтын бүрдэл дутуу үйлдлийг хууль бус гээд байгаа нь хүний хувьд ичмээр, хүн чанаргүй үйлдэл юм. Өдий болтол байшин, газрын гэрчилгээ миний нэр дээр байдаг. Энэ байшинг Б.Бтэй огт хуваалцаж болохгүй. Үндэслэл нь төвийн нэг халаалт, бохир, нэг цахилгааны эх үүсвэр, нэг газартай. Төрсөн ахтайгаа 9 жил шүүхээр маргаад ойлголцож чадаагүй хүн одоо надтай нэг байшинд ойлголцож байх боломжгүй. Уг нь өвлөх эрхээ л шаардах ёстой. Гэтэл удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг.

Эсвэл хэргийг зориудаар удаашруулж, түрээсийн төлбөрийг удаан хугацаанд авах сонирхолтой байдаг юм уу, мэдэхгүй. Би төрсөн ахаа хүндэлдэг, ёс зүйтэй, цагаан сараар ирж золгодог байсан бол надад хамаа алга. Олон хоног хөдөлмөрлөж, өр зээл тавьж босгосон эд хөрөнгөө ийм шуналтай, ажилгүй, улсад нэг ч жил ажиллаж, татвар төлж байгаагүй хүнд өгмөөргүй санагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх үед миний бие “1, 2-р давхрыг чи ав” гэхэд хүлээж аваагүй. Энэ барилгыг барихад Э.Ариунчимэгээс 42 000 000 төгрөг, н.Равдандоржоос 66 000 000 төгрөг, “Мандах газар” ХХК-иас 86 000 000 төгрөгийн өртэй бөгөөд одоо болтол дуусаагүй байна. Ийм болохоор Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.П нь 2012 оны 4  дүгээр сарын 25-ны өдөр талийгаач эцэг Б.Бямбасүрэнгийн нэр дээр байгаа СХДүүргийн 12-р хорооны нутагт байрлах 23/0169 тоот нэгж талбарын дугаартай 0060113 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 140 м.кв газрыг эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтийг холбогдох баримтын хамт өгсөн. Уг баримтууд дотор түүний ах, дүүс Б.Минжүүрдорж, Б.Намсрай, Б.Билшгүүн, Б.Должин нар дээрх газрыг эзэмших эрхийг өвлөхөөс татгалзаж Б.Пт өвлөх эрхээ шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан.

Талийгаач Б.Бямбасүрэн нь 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд түүнээс хойшх хугацаанд өвлөгдөх газар эзэмших эрхийг өвлөх хүсэлтээ хууль ёсны өвлөгч нар нотариатын газар гаргаагүй хэмээн өвлөгч Б.П мэдүүлсэн нь нэхэмжлэлд дурдсанаар үнэн болох нь нотлогдож байна. Миний бие өвлөх эрхээс татгалзсан өвлөгч нарын хүсэлт, бусад хууль ёсны өвлөгчдийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг үндэслэн өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзээд Б.Пийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хуулийн 515, 531  дүгээр зүйлд заасныг үндэслэн СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 23/0169 тоот нэгж талбарын дугаартай 140 м.кв хэмжээ бүхий 0060113 тоот гэрчилгээ бүхий газрыг эзэмших эрхийг өвлөх, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Пт олгосон.

Энэ үйлдлээ хуульд заасны дагуу олгосон гэж үзэж байна. Б.П нь өвлөх эрхийн асуудлаар маргаан гарвал өвлөгчийн хувьд бусад өвлөгчдийн гомдлыг хариуцна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, гаргасан хүсэлтдээ дурдсан байсан. Одоо бусад өвлөгч нар өвийн асуудлаар маргаан гаргаж байгаа бол Б.П нь гомдлыг эвлэрэн шийдэж өгөхгүй байгаад миний бие харамсаж байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл Б.Пт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болговол миний зүгээс татгалзах зүйлгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон материал бидний гар дээр байхгүй Нийслэлийн архивт шилжүүлсэн тул уг архиваас үзэж болно. Надад гаргаж өгөх баримт байхгүй гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нотариатч Д.Цгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ Б.Пт олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нараас өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоотод байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаягт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Ц нарыг тогтоож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоотод байрлах, Ү-2201030386 тоот гэрчилгээтэй 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Бг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Цы нотариатч Л.Отгонбаярын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Бд олгосон 98 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, улсын бүртгэлийн газраас иргэн Б.Пт олгосон Ү-2201030386 дугаартай улсын бүртгэлийг гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Б.П нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь 140 м.кв газар эзэмших эрх, З давхар барилгын хууль ёсны өв залгамжлагч нар мөн тул өвлөгдөн ирсэн эрх, өмч хөрөнгөө бусдын /иргэн Б.П/ хууль бус эзэмшил, өмчлөлөөс хамгаалах үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан юм.

Б.Б миний бие эх Я.Цгийн хамтаар аавыг нас барснаас хойш эцгээс үлдсэн СХД-ийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18030/, Москвагийн гудамжны 39 тоот хаягт байрлах З давхар амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг Иргэний хуулийн 527, 528 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч, бусдад түрээслүүлэх, өөрөө ч мөн ашиглах, ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад нь хариуцан төлөх зэргээр үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулан, өвийг эрхлэн удирдаж байсан. Ингээд аав Б.Бямбасүрэнг нас барсан өдрөөс хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу бусад өвлөгч нар дээрх хуулийн хугацаанд ямар нэгэн хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй байсан тул тэднийг өвөөс татгалзсан гэж үзнэ.

Өвлөх эрхээсээ татгалзсан хүмүүсээс татгалзал хийлгэж авсан үйлдлийг нотариатч Д.Ц шалгаж, ажилдаа хариуцлагатай хандсан бол ямар ч ач холбогдолгүй татгалзлууд байх байсан. Нэгэнт өвлөх эрхээсээ татгалзсан хүн өв хүлээн авах, өөр хүнд өвлөх эрхээ шилжүүлэх боломжгүй юм. Хуулийн дагуу Б.Бямбасүрэнгийн хууль ёсны өвлөгч нь Я.Ц, Б.Б бид хоёр өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан хүн бид хоёроос өөр байхгүй. Үүнийг хариуцагч Б.П 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хурал дээр Б.Б намайг эрхлэн удирдаж эзэмдэн авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Маргийн бүхий 39 дүгээр байрны өргөтгөлийн барилгын суурийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Пийг тогтоосон нь шударга ёсонд нийцэхгүй байна. Б.П нь Б.Б миний павилионыг нурааж шатны хэсэг болгосон, миний барьсан барилгын суурийн давхар дээр байшин барьсан нь түүнийг өргөтгөлийн барилгын суурийн давхрын хамтан өмчлөгч болгон тогтоосон нь шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 4 дүгээр заалтаар бидний нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хянан үзэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь өөрсдөө удаа дараа хууль зөрчихөөд хууль зөрчсөн гэж намайг буруутгаад нэхэмжлэл гаргаад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 140 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хууль ёсны эзэмшигчээр тогтоолгосон. Уг газар дээрх барилга миний өмч бөгөөд одоог хүртэл газрын төлбөрөө төлсөөр байхад намайг өвлөх эрхээ алдсан гэж үзэн нэхэмжлэгч нарын шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Уг газар 63 525 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно.

Өргөтгөлийн суурийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Өргөтгөлийн суурь 42 816 500 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд өвлүүлэгчийг нас барсны дараа миний барьж босгосон зоорийн давхарт нэхэмжлэгч Б.Б ямарч хамаагүй, уг зоорийн давхартай хөрөнгө холилдоогүй байхад миний бүтээж, босгосон өргөтгөл болон зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр тогтоосон нь хууль ёсонд үл нийцнэ. Тогтоох хэсгийн 6 дугаарт миний эзэмшлийн 170 835 300 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгөтэй маргасан атлаа улсын тэмдэгтийн хураамж огт төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,3,4,6 дугаар хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нар хариуцагч Д.Ц, Б.П нарт холбогдуулан нотариатч Д.Цгийн, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цыг тус тус тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий эдэлбэр газрын хууль ёсны эзэмшигчээр Б.Б болон Я.Цыг тогтоолгох, мөн дээрх барилгын 3 давхар өргөтгөлийн зоорийн давхрын өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            1/ Нотариатч 140 м.кв газар эзэмших эрхийн өвлөх эрхийн 17 дугаартай гэрчилгээг Б.Пт олгохдоо Б.Тэгшээ, Б.Билгүүн, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Намсрай нарын 140 м.кв газрын эзэмших эрхийг өвлөхөөс татгалзсан хүсэлтийг үндэслэл болгосон, харин  өвлүүлэгч Б.Бямбасүрэнгийн эхнэр Я.Ц, төрсөн хүүхэд Б.Жагваралмаа, Б.Б нар уг өвөөс татгалзсан эсэхийг тодруулаагүй болох нь тогтоогдож байна.

Хэргийн 1 дүгээр хавтас, 71 дүгээр талд авагдсан өв хүлээн авахаас татгалзсан тухай Я.Цы гарын үсэг зурсан 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон баримт нь 39 тоот, 3 давхар барилгын 3 дугаар давхрыг хүү Б.Пт өвлүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд 140 м.кв газрыг өвөөр хүлээн авахаас татгалзсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нотариатчийн үйлдэл нь “Нотариатын үйлдэл хийх заавар”[1]-ын “Найм” дахь хэсгийн 8.2.11-т “өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт, /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулах” гэж, 8.4-т “гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар тогтоогдсон байх“ гэж тус тус заасны дагуу бүрдүүлбэл зохих лавлагаа баримтад үндэслэгдэж, зохих ёсоор бүрэн хийгдээгүй, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг зөрчсөн байх тул 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Пт 17 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Д.Цгийн үйлдлийг шүүх хүчингүйд тооцсон нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3 дахь хэсэгт нийцсэн байна.

2/ Өвлүүлэгч Б.Бямбасүрэн нь 2004-2007 онд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 140 м.кв газар дээрээ үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг барьсан, өмчлөх эрхээ баталгаажуулж бүртгүүлээгүй байхдаа 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсныг зохигчид тайлбарласан ба энэ өдрөөс газар эзэмших эрх болон 3 давхар барилгын хувьд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгджээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагч буюу өвлүүлэгчийн эхнэр Я.Ц, түүний хүүхдүүд Б.Тэгшээ, Ө.Жагваралмаа, Б.Должин, Б.Минжүүрдорж, Б.Билгүүн, Б.Намсрай, Б.П, Б.Б нар нь хууль ёсны өвлөгчид бөгөөд Б.Тэгшээ, Б.Минжүүрдорж, Б.Намсрай нар нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгө болох барилгыг болон түүний суурийн 140 м.кв газрыг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвөөс татгалзсан гэж үзнэ.

Хууль ёсны өвлөгч Б.Билгүүн, Б.Должин, Б.Жагваралмаа нар дээрх барилга болон 140 м.кв газрын өв залгамжлагч, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Б.Должин нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Б.Билгүүн, Б.Жагваралмаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3483 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд өвлүүлэгчийг нас барах үед хамт амьдарч байсан эхнэр Я.Ц, өв нээгдсэн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан хүү Б.П, Б.Б нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Хариуцагч Б.П нь барилгад өөрийн хөрөнгийг оруулсан үндэслэлээр Б.Бд холбогдуулан  өвлөгдөх эд хөрөнгө болох 3 давхар барилгын 1, 2, 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэн, уг барилгын 3 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Улсын Дээд шүүх 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор  анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхдээ “барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх барилгын өмчлөгчөөр тогтоолгох Б.Пийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдоогүй ч маргааны зүйл болсон барилгын 3 дугаар давхрыг түүний өмчлөлд шилжүүлэхийг Я.Ц болон дүү Б.Минжүүрдорж, Б.Жагваралмаа, Б.Тэгшээ, Б.Намсрай нар зөвшөөрсөн, бусад өв залгамжлагч нар маргаагүй зэрэг байдлыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 520, 528, 532 дугаар зүйлд нийцсэн” гэж дүгнэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт /хх1-94/ тул өөрийн хөрөнгөөр барьсан 3 дугаар давхар нь өвийн зүйлд хамаарахгүй гэх хариуцагч Б.Пийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Хариуцагч Б.П нь дээрх 3 давхар барилгыг 2009 онд өргөтгөж барьсан 3 давхар барилгын хамт нийт 512 м.кв дуусаагүй барилгад 39 дугаар авч, шинээр барьж босгосон гэж бүртгэлийн мэдүүлэг гарган өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлсэн, энэ тухай  2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 000216685 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт баримтаар авагдсан байна. /хх3-540/

Мөн 140 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж, 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0400951 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Пт олгосон нь хэрэгт авагджээ. /хх3-680/

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтуудаас дүгнэвэл өвлөгдөх эд хөрөнгө болон эрхийн тухайд хариуцагч Б.П дангаар эзэмшиж, өмчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуульд зааснаар өвийг хүлээн авсан Я.Ц, Б.Б нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөх эрхийнхээ хүрээнд 3 давхар барилгын 1, 2 дугаар давхар болон зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгохоор, мөн газар эзэмших эрхийг хамтран эзэмшихээр шаардах эрхтэй.

Иймд 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, уг барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр Б.Б болон Я.Цыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нарын нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь өв залгамжлалын маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Газар эзэмших эрхийг Б.П өвлөх эрхтэй болохыг шүүх анхаараагүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд алдааг зөвтгөн,  дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг нэхэмжлэлийг хангасан агуулгаар өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад 140 м.кв газрын хамтран эзэмшигчээр тогтоосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

3/ Маргаан бүхий 3 давхар барилгатай залгаж барьсан 3 давхар өргөтгөлийн барилга нь өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй болохыг зохигчид тайлбарласан, харин нэхэмжлэгч Б.Б нь зоорийн давхарт хөрөнгө оруулсан, төлбөр төлж актаар эзэмшиж байсан павилоны 12 м.кв газарт уг өргөтгөлийн шатны хэсэг баригдсан гэх үндэслэлээр  өргөтгөлийн зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Б.Б зоорийн давхарт хөрөнгө оруулалт хийсэн гэж шүүхэд гаргасан баримт нь цаг хугацааны хувьд болон уг зоорийн давхарт оруулсан гэдгийг шууд нотлохгүй, гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг нь хэргийн бусад баримтаас зөрүүтэй, мөн гэрч Б.Минжүүрдорж, Б.Тэгшээ нар үгүйсгэсэн мэдүүлгийг өгсөн, эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн үндэслэл эргэлзээгүй баримтаар нотлогдсон гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Б.Б нь түүнийг өргөтгөлийн барилгыг хариуцагч Б.Птай хамтран өмчлөх эрхтэй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч үндэслэлээ нотлоогүй байхад шүүх Б.Бг өргөтгөлийн барилгын өмчлөгчөөр тогтоосон, үндэслэлээ хөдлөх эд хөрөнгө холилдох, нийлэх тухай Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэж тайлбарласан нь алдаатай байна. Учир нь зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаж байхад хөдлөх хөрөнгийн хувьд холилдох, нийлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэн дундын өмч үүсгэх үндэслэлгүй.

Иймд Б.Бгийн өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад оруулах нь зүйтэй.

Хэрэгт Б.Пийг 39 тоот барилгын өмчлөгчөөр бүртгэж олгосон Ү-2201030386 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэл, түүнд 140 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2032, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3274 дүгээр захирамж, /хх1-4-7/ Б.Бгийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг өмчлөх эрхийн маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн  шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсэн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/10129 дугаар албан бичиг /хх4-895/ авагдсан ба өмчлөх эрхийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэснээр маргаж буй барилгын өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шинэчлэн баталгаажуулах боломжтой.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, мөн барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тус тус тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хууль ёсны” гэсний дараа “хамтран” гэж нэмж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 39 тоот хаяг бүхий 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр тогтоолгох Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.Ц, Б.Б нараас тус тус төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Паас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

А.ОТГОНЦЭЦЭГ

 

 


[1] Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан