| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0050/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/58 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0050/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа
Хохирогч А.У,
Шүүгдэгч М.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох эрүүгийн 1818000620043 дугаартай хэргийг 2018 оны 2 сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ,,,,,, өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,,,,, оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн ,,,, дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ийн Д, регистрийн дугаар ...........,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Д нь нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.У-г байнга буюу 2017 оны 7 сарын 27-ны өдөр, 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, 2018 оны 1 сарын 07-ноос 8-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Д нь нь эхнэр А.У-г байнга буюу 2017 оны 7 сарын 27, 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, 2018 оны 1 сарын 07-ноос 8-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.У-ийн “...2018 оны 1 сарын 07-ны өдөр манай хажуу хашааны эгч манай гэрт орж ирээд бид 2 хамт архи уусан. Тэгээд 00:00 цагийн үед дэлгүүр орох гээд явж байтал тэр ахтай таарсан. Тэр манай хамаатны ах манай хашааны охинтой уулзчихаад явж байсан. Тэгээд гартаа 1 пиво бариад явж байсан. Манай хажуу айлын эгч бас тэр ахыг таньдаг юм байна лээ. Тэгээд бид 3 манай гэр рүү хамт явсан. Манай хажуу айлын эгч 12 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Тэр ах намайг хажуу айлын охиныг дуудаад өгөөч гээд гуйгаад байсан. Би унтаж амармаар байна гэтэл би ганцхан тамхи татчихаад явлаа гээд тамхи татаж байтал М.Д манай ахтай хамт ороод ирсэн. Орж ирээд М.Д юун залуу вэ гээд уурлатал манай хамаатны залуу байгаа юм гэж ах хэлтэл тайвширсан. Тэр өдөр би согтуу байсан учир агсам тавиад бас халуун саваа хагалсан нь үнэн. Тэр өдөр М.Д намайг зодоогүй. Маргааш нь ажлын хөлсөндөө түлээний мод авчирсан. Манай ах, Б нар хамт модоо янзалж байхдаа архи уугаад байгаа юм шиг байсан. Тэгээд орой нь 1 шил архи аваад гэрт орж ирсэн. Тэр архиа ууж дуусгаад Б нар явсан. Тэгээд М.Д-тай ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байхад намайг өчигдөр тэрэнтэйгээ хэдэн цаг хүртэл байсан би тэр цаг хүртэл чинь зодно гээд намайг цохиод алгадаж, үснээс зулгааж, нуруу, шилбэрүү өшиглөсөн. 20:00 цагийн үед агсам тавьж эхлээд 23:00 цаг өнгөрч байхад унтсан. Маргааш өглөө нь миний хамаг бие хөндүүр болоод би орноосоо босож чадахгүй байсан. Гэтэл М.Д уучлалт гуйгаад байсан. Тэр үед манай аав залгахаар нь би М.Д намайг зодсон би босож чадахгүй байна гэж хэлтэл аав цагдаад дуудлага өгсөн байсан. 3 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр үед бүх бие хөхөрсөн байсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,
...Намайг жирэмсэн байхад 2017 оны 7 сарын 17-ны өдөр хөдөө хадам гэрт байхад Д согтуу ирээд агсам тавих гээд байхаар нь охиноо дагуулаад гэрлүүгээ алхаад явж байсан юм. Миний араас Д хүрч ирээд гараараа толгой, гэдэс гээд бүх газар руу цохисон. 2017 оны 12 сарын 20-ны өдөр гэртээ байхад гаднаас М.Д нь согтуу 4-5 хүний хамт орж ирсэн. Тэр хүмүүсийн нэг нь шүлсээ хаяад байхаар нь нөгөө хүнд нь уурлахад Д тэр хүнээ өмөөрөөд намайг цохиод авсан. Бас л гараараа цохиод, зодоод байсан. Ер нь бол Д архи уугаад ирэхээрээ зодоод байдаг юм. Ойролцоогоор сардаа нэг удаа зодож цохидог“ гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 7-9/,
Гэрч Б.Б-ийн “...Намайг гэрээс нь гараад явсны дараа дүү У-г зодсон юм байна. Манай аавыг 2018 оны 1 сарын 8-ны өглөө утсаар У-тай ярихад Д намайг шөнөжин зодсон. Одоо бас зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд аав маань Цагдаагийн газарт дуудлага өгөөд гэрт нь очиж авах гэтэл Д гэрээсээ гараад зугтаасан байсан. 2017 оны 7 сарын 17-ны өдөр жирэмсэн байхад нь зодож цагдаагийн газарт шалгагдаж шүүхээр шийтгүүлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн дугаартай “...А.У-ийн биед дух, зүүн шанаа, баруун шанаа, хүзүү, зүүн бугалга, баруун бугалга, шуу, нуруу, хэвлий, баруун ташаа, зүүн гуя, шилбэ, баруун шилбэний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрхи цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21/,
Тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ,,,,дугаартай шийтгэх тогтоол 2018 оны 1 сарын 22-ны өдрийн ,,, дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 33-34, 48-49/,
Шүүгдэгч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А.У-ийн ах А.Б, бид 3 хөдөө яваад 2018 оны 01-р сарын 07-ны шөнийн 02:00 цагийн үед гэртээ орж иртэл А.У гэртээ өөрөө согтуу хажууд нь нэг залуу бас согтуу тамхи татаад сууж байсан. Би ч гэртээ тамхи татдаггүй учир өөр хүн тамхи татаад сууж байхаар нь миний уур хүрээд тэр залууг чи яахаараа манай гэрт тамхи татдаг юм бэ гэтэл тэр залуу манай гэрээс гараад явсан. Би А.У-аас ямар учиртай залуу вэ гэж асуутал манай садангийн залуу гээд уурлаад ахынхаа хажууд намайг цохиж аваад, хувцаснаас зулгаагаад агсам тавиад байсан. Маргааш өглөө нь хүнээс өвсний мөнгө гэж 30.000 төгрөг аваад тэр мөнгөөрөө тамхи, мах, 1 шил архи авч гэртээ ороод Б бид 2 хувааж уусан. Б түрүүлээд гараад явсан. Архиа ууж дуусгаад Б мөн яваад өгсөн. Тэгээд би өмнөх өдөр хамт байсан залуугийн талаар яриад маргалдсаны улмаас А.У-г цохисон. А.У-ийн баруун гарын булчин хөхөрсөн. Мөн үсийг нь зулгааж багалзуурдсан. Тэгээд хэсэг гайгүй болоод би унтаад өгсөн. Маргааш өглөө нь би А.У-аас уучлалт гуйтал А.У уурлаад намайг хөөгөөд байсан учир би гараад явсан” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
М.Д нь 2017 оны 7 сарын 27-ны өдөр эхнэр А.У-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ,,,,, дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А.У-г зодсон хэрэгтээ Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлах шийтгэл хүлээж байсан байх ба 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зодсон хэрэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байхдаа ахин А.У-г зоджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамааралтай хүнийг байнга зодсон бол гэж хуульчилсан ба “байнга” зодох гэдэгт өмнө зодож байсан үйлдэлд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран удаа дараа давтагдах шинжтэй, даамжирсан 3 ба түүнээс дээш удаа зодсоныг ойлгох ба М.Д нь өмнө 2 удаа эрүүгийн ба захиргааны шийтгэл хүлээж байсан боловч үйлдэлдээ дүгнэлт хийлгүй ахин эхнэр У-г зодсон нь “байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байдал тогтоогдож байх боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх шинжид хамаарч байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнө 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ,,,, дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул уг ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж 37 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг 7 сар 7 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч М.Д-т тус шүүхийн 2018 оны 1 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэврээр 2017 оны 1 сарын 22-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, одоо баривчлах шийтгэлээ эдлэж байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дээрх шийтгэлээ эдлэж дуусах өдөр буюу 2018 оны 2 сарын 21-ний өдрөөс тоолж мөн өдөр хүртэл өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2018 оны 2 сарын сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М-ийн Д-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч М.Д-т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар М.Д-т 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-т оногдуулсан 7 /долоо/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. М.Д-т оногдуулсан 7 /долоо/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус шүүхийн 2018 оны 1 сарын 22-ны өдрийн ,,, дугаартай шийтгэврээр М.Дт оногдуулсан 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг эдлэж дуусах өдөр буюу 2018 оны 2 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Д нь 2018 оны 1 сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийтгэврээр 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдлэж байгаа болохыг дурдаж, уг шийтгэлийг эдлэж дуусах хүртэл өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баивчлах шийтгэлийг эдлэж дууссан өдрөөс буюу 2018 оны 2-р сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.