| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0408/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/441 |
| Огноо | 2018-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0408/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 18180006960498 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехникийн коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, аав, ээж, эгч, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, хөдөө тоотод оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум, ... байрлах ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Т
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвийн орчим иргэн С.У-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн алга, баруун шуу, баруун гарын 1, 4 дүгээр хуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Үйлчилгээний төвийн орчим иргэн С.У-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн алга, баруун шуу, баруун гарын 1, 4 дүгээр хуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.У-ын“...газар унахдаа нүүрээ дараад хэвтчихсэн байхад л миний толгой руу хүн 2 удаа цохиход би нэг залуугийнх нь хөлийг бариад хэвтчихсэн...” “...саяхан би эдгээр залуустай уулзаж ярилцахад Т гэдэг залуу намайг уначихсан байхад толгой руу 2 удаа цохисон гэдгээ хэлсэн. Иймээс намайг Т гэдэг залуу л цохиж миний биед тархи доргилтыг үүсгэсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Б.Х-гийн “...машины жолооч залуу Тү-гийн араас хөлнөөс нь зуурчихсан газар хэвтэж байсан. Дараа нь Т-тэй уулзахад тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд түүнийг цохисон талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Б.О-ын “...тоосго бариад ирсэн залууг Т хөөж гүйхэд тэр залуу гүйж байгаад газар унасан бөгөөд тэр унасан залуугийн толгой руу 2-3 удаа цохиж байгаа харагдсан... “...Т-гийн араас нь тэвэрч татсан чинь тухайн газар унасан залуу Т-ийн хөлнөөс зуураад тавихгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч П.А-нгийн “...гудамжинд юу болсныг хараагүй... "Т тухайн залууг хөөгөөд... “...нөгөө зугтаж байсан залуу нь уначихсан. Тэгсэн Түвтүвшин тэр залуугийн толгой руу нь цохиж гараараа 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч Ө.Л-гийн “...тоосго бариад ирсэн залууг Т хөөж гүйхэд тэр залуу гүйж байгаад газар унасан бөгөөд тэр унасан залуугийн толгой руу 2-3 удаа цохиж байгаа харагдсан... “...Т-гийн араас нь тэвэрч татсан чинь тухайн газар унасан залуу Т-гийн хөлнөөс зуураад тавихгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Гэрч Б.М-ын “...буцаад явж байхад Т-гийн хөлнөөс нөгөө тоосго бариад ирсэн залуу зуураад барьчихсан хэвтэж байсан... “...гэртээ очоод удаагүй байж байтал цагдаа байна гээд хаалга нүдэхээр нь бид нар хаалгаа тайлаагүй бөгөөд Л цагдаа нараас айгаад тагтнаас үсэрч буугаад гүйж байгаад цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Гэрч Н.Б-ний “...найзыг зодсон хүмүүс хуучин хорооллын 22 дугаар байрны хажуугаар явж байна гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь тухайн цагдаа чи тэгвэл жаахан холоос ажиглаад дагаад явж бай, яг хаана очхоор байна тэр газрыг нь хэлчих гэхээр нь би тэдгээр залуусын араас 100-200 орчим метрийн зайнаас дагаж явсаар байгаад хуучин хорооллын 32 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхар руу шатаар гараад баруун талын хаалга руу орохыг нь харчихаад нөгөө цагдаа руу байгаа газрыг нь хэлэхэд цагдаа нар ирээд хаалгыг нь тогшсон чинь тухайн залуучууд хаалга тайлахгүй байсан. Тухайн үед манай эхнэр орц руу орж ирээд наад хүмүүс чинь байшингийн урд байрлах тагтнаас үсрэх гэж байх шиг байна гэхээр нь гараад очиход байшингийн ард байсан эргүүлийн машинтай цагдаа нэгийг нь барьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 905 дугаартай “...С.У-ын биед тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн алга, баруун шуу, баруун гарын 1, 4 дүгээр хуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 32/,
Шүүгдэгч Н.Т “...С.У- газар бүдрээд уначихсан. Тэгэхээр нь би гүйцэж очоод толгой руу нь гараараа хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Н.Т холобгдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Н.Т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.У- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ялыг оногдуулав.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД