| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2017/0078/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/64 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0078/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч С.С.С-,
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т гэмт хэрэгт Ч.Г-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000615 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ч.Г-э
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар нутгийн танил ах Х.Х.М-, түүний эхнэр С.С.С- нарт ашигтай ажил байна. 2 сарын хугацаатай 20,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлээч гэж өндөр хүү амлан иргэн С.С.С-ээс 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг давтан үйлдлээр хамтран амьдрагч А.А.Э-гийн 589097**** дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилан мэхлэсэн, бусдад 20,000,000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Ч.Ч.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Хөвсгөл аймгаас 2014.06.08-ны өдөр С.С-ээс 15,000,000 төгрөг зээлж аваад, анх ярилцаж тохирсноосоо өөрөөр зарцуулж, өртэй байсан Т- гэдэг хүний дансанд мөнгөө шилжүүлсэн. Дараа нь дахиж 5,000,000 төгрөг зээлж аваад тэр мөнгөнөөс 3,500,000 төгрөгийг Т-од өгөөд, үлдсэн мөнгөөр нь Хөвсгөл аймагт хүнсний дэлгүүр ажиллуулсан. Миний хувьд зээлсэн мөнгөнийхөө хүүг нь төлж чадаагүй, ойролцоогоор 4,500,000 төгрөг эргүүлж өгсөн гэх мэдүүлэг,
“...Би уг нь Хөвсгөл аймагт хүнсний дэлгүүр ажилууллах, мөн америк байгаа найз Б-д пүүз гуталны мөнгө шилжүүлж каргогоор авчруулж энд Монголд зарвал 5-60 хувийн ашигтай юм шиг санагдаж тэгээд С.С- эгчээс 20,000,000 төгрөг зээлж авсан юм. Тэгсэн Т-оос урьд нь зээлж авсан байсан 30,000,000 доллар нэхэглэхээр нь байраа банкны зээлээс чөлөөлөхөд С.С- эгчээс зээлсэн мөнгөө хэрэглэж тэгээд Дархан сумын 5 дугаар баг 20.4-р байрны 64 тоот 3 өрөө байраа “****** капитал” ББСБ-д тавьж Т-ын мөнгийг гаргаж өгөх хэрэгтэй болооод тэр асуудалд С.С- эгчээс авсан мөнгөө зарцуулчихсан юм. Би С.С- эгчээс авсан 20,000,000 төгрөгнөөс С.С- эгчийн Хаан банкны 505527**** гэсэн данс руу нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 750,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 900,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 150,000 төгрөг /нийт 4,550,000/ төгрөг зээл төлөлт гэж буцааж хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93/,
Хохирогч С.С.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Г-э нь эхнэрийн хамтаар Шинэ орчин төв дээр лангуу ажиллуулдаг байсан. Надаас өмнө нь мөнгө зээлээд буцааж өгч байсан. Тухайн үед хүнсний лангуу нь давгүй ажиллаж байсан. Ч.Г-э Америкаас бараа зөөхөд ашигтай байна, 20,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан учир би эхлээд 15,000,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг өгсөн. Ч.Г-э нь зээлийнхээ хүүг төлж байгаад дараа нь алга болсон. Би Ч.Г-ийг эхнэрээсээ салсныг мэдээгүй учир мөнгөө зээлдүүлсэн. Гэнэт Ч.Г-э гар утсаа салгаад алга болсон. Хүнээс асуусаар байгаад, Хөвсгөл аймагт лангуу ажиллуулж байгаа талаар мэдсэн. Би Ч.Г-этэй уулзахаар Хөвсгөл аймагт очиход Ч.Г-э ***** ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. Таны мөнгийг өгнө гэж тухайн үед хэлж байсан. Очиж уулзсаны дараа 500,000 төгрөг, 900,000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа дахиад гар утас нь холбогдохоо болиод алга болохоор нь би дахиад Хөвсгөл аймагт Ч.Г-этэй уулзахаар очсон. Энэ үед Ч.Г-э нэг хүнсний дэлгүүрт ажиллаж байсан. Сүүлдээ гар утас руу нь залгахад найзууд нь авч ярьдаг болсон. Ч.Г-э надаас авсан мөнгөө эргүүлж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг.
“...2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Х.Х.М- нэг нутаг болох Ч.Ч.Г-э надаас 20,000,000 төгрөг зээлж авсан юм. Тэгээд одоо болтол Ч.Г-э гэгч хүн надаас авсан мөнгөө эргүүлж өгөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод байна. Анх Ч.Ч.Г-э надаас 20,000,000 төгрөг зээлж авахдаа надад ашигтай ажил байна. 2 сарын хугацаатай 20,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлж байгаач гэж хэлээд авсан. Тэгээд 2 сар өнгөрөөд би Ч.Г-ээс мөнгөө нэхэх гээд залгасан чинь утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон. 2015 оны 01 дүгээр сард байна уу 2 дугаар сард Ч.Ч.Г-ийг хайж сураглаж явж байгаад Хөвсгөл аймаг, Мөрөн суманд зах дээр чихэр зарж байна гэсэн сурагаар очиж уулзсан. Тэгсэн Ч.Ч.Г-э нь манай эгч Эрдэнэтийн гок-д ажиллаж байгаа. Одоо тэтгэвэрт гарах гэж байгаа. Гарахдаа нилээн хэдэн төгрөг авдаг юм. Тэрийгээ авахад нь чамаас авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа дахиад утсаа солиод алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/,
“...Ч.Г-э зээлсэн мөнгөнийхөө хүү гэж 3 удаа миний 505527**** гэсэн Хаан банкны данс руу хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,
-Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...214 онд Ч.Г-э надад М- ахаас 15,000,000 төгрөг авсан гэж хэлж ярьж байсан. Ямар хүмүүс байдгийн нь мэдэхгүй байна. Нэг нутгийн хүмүүс гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46/,
-Гэрч Х.Х.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 06 дугаар сард Ч.Г-э надтай уулзаад Лангуу ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна. Америкт байдаг найзтайгаа ярьсан. Биеийн тамирын хувцас пүүз оруулж ирнэ. Ашигтай бизнес байна. Мөнгийг шилжүүлчихвэл манай найз тэндээс шууд явуулаад байх юм гэж хэлсэн. Тэгээд Ч.Г-э надад 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг хэрэгтэй байна. Цаад талын хугацаа 3 сарын хугацаатай зээлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр С.С-т байгаа нь 15,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд 15,000,000 төгрөгийг эхнэр С.С- Ч.Г-эд өгчихсөн гэж надад хэлж байсан. Дараа нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийн өгчихлөө гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/,
-Гэрч А.А.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Г-э нэг удаа надаас карттай данс байна уу хэрэг байна гэж асууж байсан. Би тэгэхээр нь чи өөрөө нэр дээрээ данс нээлгэж болохгүй юм уу гэж асуухад Ч.Г-э надад карт нээлгэх гэхээр удах гээд байна гэж хэлж байсан. 2014 оны 06 дугаар сард Ч.Г-э Дарханд байж байхдаа над руу утсаар ярьж чиний дансанд 15,000,000 төгрөг орж байгаа тэр мөнгийг 504555**** гэсэн данс руу Хөвсгөл С.С-ээс гэж шилжүүлчих гэж хэлсэн. Би тэгээд тэр мөнгийг Хөвсгөл аймгийн Хаан банкнаас 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 21-ний өдөр байхаа 505527**** гэсэн тоот данснаас 5 сая төгрөг 3 сая, 2 сая төгрөгөөр 2 удаа хуваагдаж миний данс руу орсон. Би тэгээд Ч.Г-ээс энэ юун мөнгө юм гэж асуухад багийн найз Т- гэдэг хүний 575327**** гэсэн данс руу мобайл банкаар миний утаснаас 3 сая төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд Ч.Г-э үлдсэн мөнгөөр нь дэлгүүр ажлуулна гээд дэлгүүрийн лангуу бас бус эд материал авч байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48/,
-Гэрч Х.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оны 05, 06 дугаар сарын үед Ч.Г-ээс зээлүүлсэн мөнгөө авъяа гэтэл Ч.Г-э надаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөхгүй, мөнгө байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Дархан-Уул аймагт очиж Ч.Г-э, О- нартай уулзсан чинь тэр 2 хоорондоо ярилцаж байгаад өөрсдийнхөө байрыг барьцаанд тавьж зээлсэн мөнгөө эргүүлж авах гэтэл уг байр нь банкны барьцаанд байсан. Тэгэхээр нь би уг байрыг нь банкны барьцаанаас чөлөөлөх гэж дахиж 6,500,000 төгрөг төлсөн. Ингээд Ч.Г-э бид 2 Улаанбаатар хотод ирж ****** капитал ХЗХ-ноос зээл авахаар тохиролцоод байж байтал Ч.Г-ий эхнэр нь болох О- байраа банкны барьцаанаас чөлөөлөөд бид хоёрын араас Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Ч.Г-э О- 2 Дархан-Уул аймагт байрлах 3 өрөө орон сууцаа 55 сая төгрөгөөр ****** капитал ХЗХ-нд тавьж улмаар надад 55 сая төгрөг өгсөн. Сүүлд 6,500,000 төгрөгний 3 сая төгрөгийг Ч.Г-э надад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/,
-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 01/,
-Хохирогч С.С-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 20-21, 68-74/,
-Гэрч А.А.Э-гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 60-62/, -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь ашигтай ажил байна. 2 сарын хугацаатай 20,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлээч гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн С.С.С-ээс 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр тус тус залилан мэхлэж авч нийт 20,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.С.С-ийн “...Ч.Г-э нь эхнэрийн хамтаар Шинэ орчин төв дээр лангуу ажиллуулдаг байсан. Надаас өмнө нь мөнгө зээлээд буцааж өгч байсан. Тухайн үед хүнсний лангуу нь давгүй ажиллаж байсан. Ч.Г-э Америкаас бараа зөөхөд ашигтай байна, 20,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан учир би эхлээд 15,000,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг өгсөн. Ч.Г-э нь зээлийнхээ хүүг төлж байгаад дараа нь алга болсон...” “...2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Х.Х.М-ы нэг нутаг болох Ч.Ч.Г-э надаас 20,000,000 төгрөг зээлж авсан юм. Тэгээд одоо болтол Ч.Г-э гэгч хүн надаас авсан мөнгөө эргүүлж өгөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод байна. Анх Ч.Ч.Г-э надаас 20,000,000 төгрөг зээлж авахдаа надад ашигтай ажил байна. 2 сарын хугацаатай 20,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлж байгаач гэж хэлээд авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/, гэрч Д.О-ийн “...214 онд Ч.Г-э надад Мөөгөө ахаас 15,000,000 төгрөг авсан гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46/, гэрч Х.Х.М-ы “...2014 оны 06 дугаар сард Ч.Г-э надтай уулзаад Лангуу ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна. Америкт байдаг найзтайгаа ярьсан. Биеийн тамирын хувцас пүүз оруулж ирнэ. Ашигтай бизнес байна. Мөнгийг шилжүүлчихвэл манай найз тэндээс шууд явуулаад байх юм гэж хэлсэн. Тэгээд Ч.Г-э надад 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг хэрэгтэй байна. Цаад талын хугацаа 3 сарын хугацаатай зээлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр С.С-т байгаа нь 15,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд 15,000,000 төгрөгийг эхнэр С.С- Ч.Г-эд өгчихсөн гэж надад хэлж байсан. Дараа нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийн өгчихлөө гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47/, гэрч А.А.Э-гийн “...Ч.Г-э Дарханд байж байхдаа над руу утсаар ярьж чиний дансанд 15,000,000 төгрөг орж байгаа тэр мөнгийг 504555**** гэсэн данс руу Хөвсгөл С.С-ээс гэж шилжүүлчих гэж хэлсэн. Би тэгээд тэр мөнгийг Хөвсгөл аймгийн Хаан банкнаас 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 21-ний өдөр байхаа 505527**** гэсэн тоот данснаас 5 сая төгрөг 3 сая, 2 сая төгрөгөөр 2 удаа хуваагдаж миний данс руу орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Г-ийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 97 / байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4,550,000 төгрөгийг хохирогчид төлсөн нь тогтоогдож байх тул түүнээс үлдэх 15,450,000 төгрөгийг гаргуулж хохиоргч С.С.С-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтан Ч.Ч.Г-ийг шүүхээс оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Ч.Г-э нь энэ хэргийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл 2 хоног урьдчилан цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ч.Г-ийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч. Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр жил/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Сүүлэнхэн овогт Чимэдийн Ч.Г-эд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар энэ хэрэгт ялтан Ч.Ч.Г-ий 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч.Г-ээс 15,450,000 /арван таван сая дөрвөн зуун тавин мянган төгрөг төгрөг гаргуулж С.С- -д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ч. Ч.Г-эд эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил /хоёр жил/ хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Ч.Г-эд авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ч.Ч.Г-эд авсан оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ