Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, Ж овогт Т.У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13-р хороо 3-р хороолол, Ш ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол 7.687.020 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, иргэдийн төлөөлөгч У.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.У миний бие өөрийн 3-15 насны хүүхдүүд болох Г.Б, Г.Л, Г.Д нарын хамт Б аймагт байрлах “Ш” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулахаар 2017 оны 07-р сарын 03-ны өдөр очсон бөгөөд 2017 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэл эмчилгээ, сувилгаа хэвийн явагдаж байсан. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу 5 дахь хоног дээрээ өдрийн хоолондоо орох гээд уулнаас уруудаад явж байдаг/ амрагчдын байр уулан дээр, хоолны газар уулын бэлд байдаг/ 15 настай хүү болох Г.Б /төрөлтийн хүндрэлээс саажилттай болсон/ маань рашаан сувилалын гадна талбайн ямар ч анхааруулга, таних тэмдэг, хаалт, хашлагагүй, Хөдөлмөр хамгааллын наад захын дүрэм, журам сахиагүй, биелүүлээгүй шалтгаанаас болж уулнаас уруудсан чанарын шаардлага хангахгүй далий муруй хийгдсэн шатнаас халитарч З м орчим хад чулуутай эгц өндрөөс шууд газарт унаж /өнхөрч унаагүй өндрөөс шууд газарт унасан/ тархиндаа болон нугас нуруундаа шинээр хүнд гэмтэл авсан учир бид рашаан сувилалын хоногоо дуусгалгүй 2017 оны 07-р сарын 12-нд Улаанбаатар хотод буцаж ирсэн. /Энэ хугацаанд бид ямар ч эмчилгээ, сувилгаа авалгүй зүгээр л байрлаж байсан/. Мөн Г.Б-н дүү болох 3 настай Г.Д мөн л төрөхийн хүндрэлээс болж багаасаа саажилттай байнгын асаргаа сувилгаанд байдаг. Г.Б хүүг өндрөөс унаж бэртээд байхад рашаан сувилалын захиргаанаас Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелүүлээгүй, хашлага хаалт хийгээгүй нь манай сувилалын буруу, хэл ам хийгээд яахав, таны төлсөн сувилалын нийт зардал болох 1.700.000 төгрөгийг бид буцаан өгье, мөн осолд орж гэмтэл авсан Г.Б хүүгийн Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэх болон эмнэлэт хэвтэн эмчлүүлэх зардлыг 100 хувь хариуцна гэсэн тул бид ч үүнд нь итгэж хэл ам гаргалгүй, амарч сувилуулалгүй Улаанбаатар хотод ирж шинжилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнд: 2017 оны 07 дугаар сарын 13-нд Томографик авхуулсан 160.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 2017 оны 07 дугаар сарын 23 хүртэл Манал оточ эмнэлэгт хэвтсэн төлбөр 600.000 төгрөг ба хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед гаднаас эм тариа авсан. Үүнд: Кортексин 115.000 төгрөг, цироксин 78.000 төгрөг, церебролизин 24.000 төгрөг, церебролизин болон Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэжлэх нь: Г.Б хүүгийн унаж бэртсэнээс үүссэн эмчилгээ шинжилгээний зардал болох 1.863.000 төгрөгийг “Ш” рашаан сувилалын төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Т.У нь өөрийн 3-15 насны хүүхдүүд болох Г.Б, Г.Л, Г.Д нарын хамт Б аймагт байрлах “Ш” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулахаар 2017 оны 07-р сарын 03-ны өдөр очсон. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу 5 дахь хоног дээрээ өдрийн хоолондоо орох гээд уулнаас уруудаад явж байдаг 15 настай хүү болох Г.Б нь рашаан сувилалын гадна талбайн ямар ч анхааруулга, таних тэмдэг, хаалт, хашлагагүй, Хөдөлмөр хамгааллын наад захын дүрэм, журам сахиагүй, биелүүлээгүй шалтгаанаас болж уулнаас уруудсан чанарын шаардлага хангахгүй далий муруй хийгдсэн шатнаас халитарч З м орчим хад чулуутай эгц өндрөөс шууд газарт унаж тархиндаа болон нугас нуруундаа шинээр хүнд гэмтэл авсан. Рашаан сувилалын газарт мөрдөгдөх ёстой байдаг шаардлагыг хангаагүйн улмаас У-н хүү Б гэмтсэн. Гэмтсэн өдрөөс хойш хийлгэсэн эмчилгээний зардал 1.863.000 төгрөг дээр бид 5.824.020 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Үүнд Б-н Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын үүднээс хотод төлбөртэй сургуульд суралцаж байгаа. Мөн Б хүүг эцэг эх, дүү нарын хамт Улаанбаатар хотод орон сууц түрээслэн амьдарч байгаа, мөн Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх шаардлагаар явсан замын зардал орсон байгаа. Ингээд нийт хариуцагч байгууллагаас 7.687.020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.     

Хариуцагч Ш рашаан сувилал ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Т.У нь Г овогтой Л, Г овогтой Б, Г овогтой Д гэх 3-15 насны 3 хүүхдийн хамт Ш рашаан сувилалд 2017 оны 07 дугаар сарын 03 өдрөөс 07 дугаар сарын 14 өдөр хүртэл нийт 10,5 хоног үйлчлүүлэхээр зуны байранд захиалга өгч 07 дугаар сарын 03 өдөр автобусаар сувилалд ирсэн. Сувилалд байх хугацаандаа сувилгаа үйлчилгээгээ бүрэн хийлгэж байсан. 2017 оны 07 дугаар сарын 14 өглөө буцах байсан боловч 2 хоногийн өмнө 07 дугаар сарын 12 өглөө буцсан. Буцах болсон шалтгаан нь 2017 оны 07 дугаар сарын 09 өдөр 13 цагийн орчим Г.Б гэх 15 настай хүү нь ээж У-н хамт дэнжээс урууддаг нэг хүний нарийн зам, шатаар бууж явахдаа эрэг рүү хальт гишгэж өнхөрч унасан байдаг. Унасан дариуд нь манай эмч нар үзэж яаралтай эмчилгээнд оруулсан. Анхны үзлэгээр ноцтой гэмтэлийн шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ хүнд хэлбэрийн суурь өвчинтэй том биетэй хүүхэд учир оношлогоо шинжилгээнд яаралтай явуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл ээж нь бага хүүхдийнхээ эмчилгээг бүрэн хийлгэнэ, явмааргүй байна гэсээр сувилалд амарч байсан гэмтэлийн эмчид үзүүлээд 3 хоног хэвтэрийн дэглэм барь гэж байна гээд яваагүй үлдсэн. Энэ хугацаанд манай эмч, сувилагч нар өрөөнд нь очиж эмчилгээ, тариаг нь хийж байсан. Манай ажилчид харснаар хүүхэд босож суугаад, гарч ороод гайгүй байна гэсэн. Ингээд 3 хоногийн дараа буюу 17 сарын 12 өдөр сувиллын захиргаа 45 хүний суудалтай том оврын автобусыг 30 хүний төлбөрийг байгууллагаас төлж хөлслөөд Б хүүд эм тариаг нь өгөөд толгойд нь хамгаалалтын боолт хийгээд, хэвтэрийн сандал засч хэвтүүлээд явуулсан. Араас нь асууж сураглаж байсан. Автобусны жолооч хүүхэд зүгээр байна лээ ээжтэйгээ хөтлөлцөөд буугаад явсан гэж хэлсэн. Мөн тус айл нь хоёрын хоёр хүнд өвчтэй хүүхэдтэй энэ хоёр хүүхэддээ байнга эмчилгээ сувилгаа хийлгэдэг мөнгө хэрэгтэй гэж үзээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2,0 сая төгрөгний тусламж өгсөн. Газрын налуу руу хүүхэд унасан асуудалд манай сувилал ямарч буруугүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчтэй Б хүүгийн асран хамгаалагч болох ээж У-н буруугаас болж энэ осол болсон гэж үзэж байгаа. Хүүхэд унах үед хүүхдийн асран хамгаалагч болох ээж У хүүхэдтэйгээ хамт явж байсан. 1. Манайх хөгжлийн бэрхшээлтэй, мөн хүүхэд 18 нас хүрээгүй бол заавал асран хамгаалагчтай авдаг. Т.У нь Б-н асран хамгаалагчаар явсан. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах ёстой. Гэтэл хэн ч харсан хөл гар муутай хүн явахад бэрх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулж яваад унагаасан нь асран хамгаалагчийн хариуцлагын асуудал 2. Манайд зуны байр, эко буудалд байрлаж байгаа үйлчлүүлэгч нар зоогийн газар луу явах зориулалттай 3-4 хүн зэрэгцээд явах боломжтой хашлага хамгаалалттай шат, зам байдаг. Гэтэл энэ замаараа яваагүй зориулалт маршрутын бус эмнэлэгийн арын нарийн замаар явсан 3. Хүүхдээ унаж байхад хамгаалах ямар нэгэн үйлдэл хийгээгүй талаар асуухад - Газрын налуу руу хүүхдээ унаж байхад татаад авчихгүй яасан юм бэ? гэхэд ээж нь би өөрөө давхар унчихвал яах юм Яагаад буруу замаар явж байгаа юм бэ? гэхээр айлын урдуур гарч, явж чадахгүй гэж хариулсан. У нарын байрлаж байсан байрнаас зориулалтын замаар буухад сувилуулагчдын байрны дундуур ч, араар ч явах боломжтой өргөн жим бий. Иймд харсаар, мэдсээр байж нэг хүний нарийн замаар хүүхдээ дагуулж явсан нь ээжийнх нь буруу. 2 хүүхдээ асран хамгаалж эмчлүүлэхээр ээж нь 15 настай нэг том хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй бие муутай хүүхэд ганцаараа налуу нарийн замаар байнга цай, хоолоо зөөгөөд их эвгүй ойчих гэж байгаа юм шиг явж байгааг олон ажилчин харсан байдаг. Энэ бүхнээс харахад ээж нь өөрөө асрах үүргээ биелүүлэхгүй байсан гэж бид үзэж байна. Иймд газрын налуу руу хүүхэд нь өнхөрч унасан осолд манай сувилал ямар ч буруугүй. Б хүү өнхөрч унаснаас болж ноцтой гэмтэл бэртэл аваагүй, ээж нь анхнаасаа хүүхдээ гэмтэж бэртээгүй гэдгийг мэдэж байсан байх яагаад гэвэл яаралтай явуулъя гэхээр явахгүй бага хүүхдийнхээ эмчилгээг дуусгаад явна гээд хойшлуулаад байсан. Хүүхэд хэвийн явж, сууж, хэвтээд орж гараад явж байхыг нь олон хүн харсан байдаг. Б хүү замаас унаснаас хойш эмээ гэх хүн захирал руу ярьж эмчилгээний мөнгө нэхсэн 3 хүүхэдтэй айлын 2 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй мөнгө зээлж явсан гэж хэлсэн. Манай сувилал нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 10 хүнийг үнэ төлбөргүй эмчилж сувилдаг. Гэтэл ийм хүндрэлтэй, тусламж хэрэгтэй хүүхдүүд байсан байна. Мэдсэн бол саажилттай 2 хүүхдийг үнэ төлбөргүй сувилах байсан юм. Ийм тохиолдолд гайгүй байранд оруулж болох байсан. Гэтэл асуудал нэгэнт ийм болсон тул буцааж олгох ёстой 284000 төгрөгийг нь 2 сая төгрөг болгож буцааж өгье, шинжилгээ, оношлогоо хийлгэ, тусламж болог гэж энэрэнгүй үзлээр туслах шийдвэр гаргасан. Хэл ам гаргах байх гэж айж, эмээж тусламж өгөөгүй. Дахин мөнгө нэхэхээр нь баримтуудаа аваад ир гэсэн. Авчирсан баримтанд нь томографи ба шинжилгээний төлбөрийн баримт байсан. Хэвтэж эмчилүүлсэн баримт бол стандарт бус хуурамч баримт байсан. Байнга манай санхүү рүү утасдаж нягтлангуудаас мөнгө нэхэж дарамталж байсан. Цаашид амь нас нь яах юм насаар нь тэжээлгэнэ гэж ярьж байсан. Иймд удирдлагын хурлаар хэлэлцээд яаралтай шүүх эмнэлэгээр гэмтлийн зэргийг тогтоолгож асуудлаа шийдвэрлүүлэе Угийн хүнд хэлбэрийн суурь өвчтэй хүний асуудал яригдаж байгаа учир шүүх эмнэлэгээр гэмтлийн зэргийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Үүний дараа Б-н эцэг Г нь мөнгө өг үгүй бол компаний чинь нэр төрд халдана. Том компани гэж бодсон чинь жижигхэн компани юмуу насаар нь тэжээлгэнэ шүү гэж заналхийлсэн. Биднийг утсаар болон байгууллага дээр ирж дарамтлаж, янз бүрийн юм нэхэж байгаад нь гомдолтой байна. Иймд шүүх эмнэлэгээр гэмтэл бэртэл авсан эсэхийг тогтоолгох хүсэлтэй байгаа ба энэ асуудалд манай буруу байхгүй болохыг тогтоож өгнө үү. Мөн далимдуулж хууль бусаар мөнгө, төлбөр нэхэж дарамталж, заналхийлж, байгаа асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ш рашаан сувилалын гэм буруутай болох нь тогтоогдоогүй байгаа. Үүнийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй. Шинжээч эмчийн дүгнэлтээр “гэмтэл үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан байгаа. Үүгээр байгууллагын гэм бурууг тогтоохгүй. Түүнчлэн У нь өөрийн саажилттай хүүхдээ яагаад шаардлага хангахгүй шатаар авч явсан юм, өвчтөн явдаг зориулалтын шат байсаар байтал. Асран хамгаалагчийн буруутай үйлдэл мөн байгаа гэж үзэж байна. Байгууллагаас У-д 2 сая төгрөгийг гаргаж өгсөн, мөн өөрийн автобусаар Улаанбаатар хот хүргэж өгсөн байгаа. Хэрвээ манай байгууллагыг гэм буруутай гэж зохих байгууллагын дүгнэлт гарвал бид Б-д учирсан эмчилгээний зардлыг төлөхөд татгалзахгүй. Сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яагаад заавал төлбөртэй сургуульд суралцах болсон шалтгаан тодорхойгүй, мөн Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан гэх замын зардлын баримт нь эмчилгээ хийлгэсэн он сар өдөртэй таарч байгаа эсэхийг нотлох шаардлагатай. Түүнчлэн Б-н ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар түрээсэлсэн орон сууцны төлбөрийг яагаад байгууллага төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.    

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь гэм хорын хохиролд 7.687.020 төгрөгийг хариуцагч Ш ХХК-с нэхэмжилсэн.

Хариуцагч Ш ХХК нь байгууллагын буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.У нь өөрийн 3-15 насны хүүхдүүд болох Г.Б, Г.Л, Г.Д нарын хамт Б аймагт байрлах “Ш” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулахаар 2017 оны 07-р сарын 03-ны өдөр очсон бөгөөд 2017 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэл эмчилгээ, сувилгаа хэвийн явагдаж байсан нь талуудын тайлбараар тогтоогддог. 2017 оны 07 сарын 09-ны өдөр 15 настай хүү болох Г.Б нь өдрийн хоолондоо орох гэж шатаар явж байгаад унаж гэмтжээ. Г.Б-н биед сээрний 6-р нугаламын шахагдсан хугарал, хоёр талын дагз болон зулайн дэлбэнгүүдийн дотор зөөлөн бүрхүүлийн доогуурх бичил цус хуралт, хоёр далны дунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Сээрний 6-р нугаламын шахагдсан хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр талын дагз болон зулайн дэлбэнгүүдийн дотор зөөлөн бүрхүүлийн доогуурх бичил цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хоёр далны дунд зулгаралт  гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь шинжээч эмчийн 344 дугаартай дүгэлтээр тогтоогдож байна. Г.Б нь “Ш” рашаан сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулж байх үедээ буюу 2017 оны 07 сарын 09-ны өдөр шатнаас унаж гэмтэл авсан даруйдаа үзүүлсэн амбулаторын карт, Мөнгөн гүүр эмнэлгийн соронзон үелзүүрт томографийн оношлогоо, Манал-Оточ гэмтлийн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн оношлогоо зэргээр нуруу, толгойндоо гэмтэл авч эмчлүүлж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч байгууллагын гэм буруу тогтоогдоогүй, уг хүүхдийн явж байсан шат нь өвчтөн явахаар зориулагдсан шат биш байсан, барилгын ажилчдад зориулагдсан шатаар саажилттай хүүхдээ дагуулж явсан асран хамгаалагч эх У-н буруутай үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлож чадаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Г.Б-н эмчилгээнд гаргасан зардлыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Үүнд нь Мөнгөн гүүр эмнэлэгт 2017 оны 07 сарын 29-нд хэвтэн эмчлүүлсэн зардал 256.000 төгрөг /хх-ийн 73/, бүтэн нуруу /MRI 1.5 T/, толгой тархины судастай /MRI 1.5 T/ нийт 530.000 төгрөг, мэдрэлийн үзлэг оношлогоо 20.000 төгрөг /хх-ийн 74/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд КТГ толгой 15.000 төгрөг, Манал-Оточ эмнэлэгт 2017 оны 07 сарын 23-нд ор хоногийн 600.000 төгрөг /хх-ийн 75/, нурууны бүс 80.000 төгрөг /хх-ийн 76/, эм тарианы зардал нийт 237.000 төгрөг /хх-ийн 77-78/, Рефлекс эмнэлэгт үзлгийн 70.000 төгрөг /хх-ийн 79/ нийт 1.808.000 төгрөгийг хариуцагч байгууллага хариуцах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлгаас үлдэх 5.879.020 төгрөгийг “Ш” рашаан сувилал ХХК хариуцах үндэслэлгүй гэж үзлээ. Улаанбаатар хотод амьдрах байрны түрээс 4.000.000 төгрөг, сургуулийн төлбөр 1.750.000 төгрөг, замын зардал 74.020 төгрөг, баримтгүй 55.000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагч байгууллага хариуцах ёстой болохыг нэхэмжлэгч тал нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй. Өөрөөр хэлбэл Г.Б нь ямар шалтгааны улмаас зайлшгүй Улаанбаатар хотод амьдрах шаардлагатай болсон, яагаад хувийн төлбөртэй “Эрдэмтөгс” Ерөнхий боловсролын сургуульд суралцах болсон, 2017 оны 09, 11 сард ямар эмчилгээ хийлгэх гэж Улаанбаатар хот явсан зэрэг нь тодорхойгүй, нотлох баримтын хүрээнд нотлогдож чадахгүй байгаа учир шүүх эдгээр зардлыг хариуцагч “Ш” рашаан сувилал ХХК хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хариуцагч Б аймагт байрлах “Ш” рашаан сувилал ХХК-иас 1.808.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.879.020 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” рашаан сувилал ХХК-иас 43.878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                              А.ЦЭРЭНХАНД

                                                               Б.НАРМАНДАХ