| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0308/И |
| Дугаар | 315 |
| Огноо | 2017-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 315
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Ц.Н-н нэхэмжлэлтэй И.М-д холбогдох 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг оршин суух Х овогт Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И овогтой М нь 2011 онд Эрдэнэ суманд тариалан эрхэлж байх хугацаандаа Дорноговь аймгийн Хүнс ХАА-н газраас Эрдэнэ суманд өгсөн үрийн төмснөөс 1 тн төмсийг зээлээр аван Эрдэнэ сумын 18 буюу /бүхэл/ гэдэг газар тариалангийн талбайд тарьж ургуулсан болно. Төмсний үнэ 400.000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сард төлөх байсан боловч төлөөгүй тул тухайн үед Эрдэнэ сумын ЗДТГ-ын МЭҮ тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Ц.Н миний цалингаас төмсний үнийг суутган төлүүлж Дорноговь аймгийн ХАА-ын газрыг хохиролгүй болгосон болно. Иймд миний бие И.М-с 400.000 төгрөг авах гэсэн боловч 100.000 төгрөгийг 2015 онд өгөөд үлдсэн 300.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул тус мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг оршин суух, Ч овогт И.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн И овогтой М би 2011 онд төмсний үр захиалсан. Нэхэмжлэгч тухайн үед үрийн төмсийг надад хүлээлгэж өгөөгүй. 2015 онд 100.000 төгрөг өгсөн. Ногоон талбай дээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багт айлын гадаа орхисон байсан. Нэхэмжлэгч бид хоёр 200.000 төгрөг одоо төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч Ц.Н нь 300.000 төгрөг нэхэмжлэснээс 100.000 төгрөг авахгүй гэж эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулж өгнө үү. Хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 100.000 төгрөгийг өгөх үлдсэн 100.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-нд өгөхөөр тохиролцсон. Тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: Миний бие Ц.Н тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр И.М-д холбогдуулан 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу И.М-с ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Би анх 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч И.М-тай ярилцан 200.000 төгрөгийг авахаар болсон. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу 300.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг авахгүйгээр татгалзсан. И.М нь 200.000 төгрөгнөөс 100.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-нд өгөхөөр тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч И.М-д холбогдуулан 300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.М нь 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд үлдэгдэл 100.000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлага 100.000 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н-н нэхэмжлэлтэй, хариуцагч И.М-д холбогдох 300.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 200.000 төгрөг дээр эвлэрч хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-нд үлдэгдэл 100.000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийн 50 хувь буюу 4.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 4.825 төгрөгийг, хариуцагч И.М-с 200.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийн 50 хувь болох 3.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч И.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА