| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0289/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/310 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0289/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт М- ийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000307 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт М-ийн Э /регистрийн дугаар:................../, ............ оны .......... дугаар сарын ...............-ны өдөр .............. аймгийн ..........суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........., .............ийн хамт .............. аймгийн ...............сумын ............. дугаар баг, ............. дугаар байрны ............. тоотод оршин суух хаягтай /.............. аймгийн .............. сумын ......... дугаар баг, .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчим ...... аймгийн ..... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ....... ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1, 3 дугаар бүлгийн 3.4а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, толгой зулай хэсгийн хуйхны шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: “...2020 оны 06 сарын 23-ны өдөр эхнэр төрсөн байсан учир шөл хүргэж өгөхөөр явж байтал “......... ” худалдааны төвөөс Б ах замын голд гарч ирээд нэг зангасан. Тэгэхээр нь би нэгдүгээр эгнээнд дараад ортол шууд буцаад ороод ирсэн тул Бийг мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа бууж такси зогсоогоод Б ахыг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг явах замдаа Б ахын эхнэр лүү залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Биднийг эмнэлэг дээр байхад цагдаа нар ирээд Б ах болон надаас цусны шинжилгээ авч үлээлгэсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цайны цагаар эхнэртэйгээ уулзаад “......” худалдааны төвд хоол идчихээд эхнэр гэр лүүгээ яваад би хойшоо гарцаар гарч явахад машин харагдахгүй байсан. Алхаад зам руу ороход цаанаас соната-7 маркийн машин хурдтай гарч ирээд хөл рүү мөргөсөн. Намайг мөргөхөд би хамар дээр нь биеэрээ унаад толгойгоороо машины урд шилийг хага мөргөөд газар унасан. Намайг газар унахад Э машинаас гарч ирээд ахаа зүгээр үү гэж хэлсэн. Тэр үед би хөлөө хугарсныг мэдээгүй болохоор хөл дээрээ гишгэсэн боловч сөхрөөд унасан. Тэгээд хөлөө харахад тавхай нь эргэсэн байсан. Түүнийг хараад би ухаан алдаад эмнэлэг дээр сэргэсэн. Одоо хөл дээрээ зогсож гишгэж чадахгүй гэрт хэвтрийн дэглэмтэй, тэргэнцэр дээр байгаа. Дунд чөмөг их удаан эдгэрдэг. Зургаан сараас нэг жилийн дотор хөл дээр босдог гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүү л нэхэмжлэх бодолтой байна. Гомдол саналгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа: “Хохирогч 12 сарын цалингийн тодорхойлолтоор нэг сарын дундаж цалин 1,238,286 төгрөг болсон. Үүнийг 2 сараар тооцоход ажилгүй байсан хугацааны цалин 2,476,572 төгрөг болсон. Үүнээс нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 1,005,335 төгрөг авсныг хасахаар ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1.471.572 төгрөг болж байгаа тул үүн дээр нэмж тэргэнцрийн үнэ 380,000 төгрөг, эмчилгээний зардал 162,960 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Шүүгдэгчийн өгсөн мөнгийг нэхэмжилсэн хохирлоос хасна.” гэв.
Хоёр.Эрүүгийн 2018000000307 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Зам тээврийн ослын газарт хийсэн бүдүүвч зураг, тэмдэглэл[2],
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед “...... ” худалдааны төвийн Төрийн банк орж банкнаас хүүхдийн мөнгөө аваад ажил руугаа явах гэж зам хөндлөн гарах гээд гарцаар гарч явтал миний баруун гар талаас нэг машин ирж намайг мөргөсөн. Тэгээд жолооч машин зогсоогоод намайг аваад эмнэлэг хүргэж ирсэн. Намайг мөргөсөн жолооч ...... гэсэн дугаартай хар өнгийн соната-7 маркийн машинтай байсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би нөхөр Бийн хамт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед хоолонд орох гэж очсон юм. Бид хоёр хоолонд ороод нөхөр Б Төрийн банкнаас хүүхдийнхээ мөнгийг аваад надад өгчхөөд бид хоёр “...... ” худалдааны төвөөс гараад Б ажил руугаа явна гээд би ээжийн гэр лүү явахаар болоод салцгаасан. Тэгсэн намайг таксинд суугаад явж байтал нэг дугаараас над руу залгаад “Би танай нөхрийг машинаараа мөргөсөн жолооч байна. Та 103-ийн хүлээн авах дээр хүрээд ирээч.” гэж хэлэхээр нь Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очсон чинь манай нөхөр Б надаас салаад зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлээд хүргэгдэн ирсэн гээд байж байсан. Хүлээн авахын эмч үзээд манай нөхөр Бийн баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Эы жолоодож явсан ..... ДАХ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би 2018 оны 01 дүгээр сард худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Н.Д гэдэг хүний нэр дээр байдаг. Э надаас “Эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн. Би өглөө, өдөр, орой хоол цай эмнэлэг рүү зөөж өгөх ажилтай байна. Машинаа өгч байгаач” гэхээр нь Эд “Эхнэрээ төрөх хүртэл машин унаж хэрэглэж байхгүй юу” гээд зөвшөөрсөн. Э өглөөд надаас машин аваад буцааж өгдөг юм. Энэ байдлаар 2 хонож байгаа юм. Тэгсэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өглөө миний .. ДАХ улсын дугаартай тээврийг хэрэгслийг унаж яваад зам тээврийн осол гаргаж хүн мөргөж гэмтээсэн байсан. Миний машинд учирсан эвдрэлд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Машины урд салхины шил цуурч хагарсан байсан. Салхины шилийг би өөрөө солиод тавьчихна.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “... Г гэх хүн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай авто ломбардад машинаа барьцаанд тавьж 3,000,000 төгрөгийг гаргуулан авсан. Зээл гаргаж өгөхөөр барьцаанд тавьж байгаа автомашины гэрчилгээ манай нэр дээр болгох ёстой байдаг учраас миний нэр дээр шилжүүлж байсан. Би өөрөө Солонгос улсад байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирээд шууд корона вирусын тусгаарлалтад орсон учраас шилжүүлж өгч амжихгүй яваад байсан юм. Одоо энэхүү машин миний нэр дээр байхгүй. *****гэх хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Г гэх хүн .. ДАХ улсын дугаартай Хьюндэй соната-7 маркийн автомашиныг 7 сарын хугацаатай барьцаанд тавьсан байсан. Одоо бол зээлээ төлөөд дууссан.” гэх мэдүүлэг[6],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 533 дугаартай “...Б.Бийн биед баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, толгой зулай хэсгийн хуйхны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Бийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[7],
Яаралтай тусламжийн хуудас[8],
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч Л.Лхагвасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №018 дугаар “...Техникийн хувьд бүтэн биш, дуут дохионы /сигнал/ утсыг төв удирдлагатай холбосон, уян утас тасархай, үзүүрийг дуут дохиотой холбоогүйгээс сигнал ажиллаагүй байсан байна. /Зураг 05/ Техникийн аюулгүй байдлыг хангахад хэрэгслийн хэсэг дуут дохионы уян утас тасархай тул осол үйлдэхэд нөлөөлсөн байна. /зураг 05/, Осол үйлдэгдэхэд үед автомашины тормозны эд ангиуд /систем/ бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсан байна. /Зураг 02-05/, Анхааруулах дохио буюу /сигнал/-ийн уян утас бүрэн бүтэн биш тасархай шалтгаанаас дуут дохио ажиллаагүй байсан байна. Осол үйлдэгдэхээс өмнө эвдэрсэн байна. Ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан. Хурдыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт[9],
Зам тээврийн ослын талаарх мөрдөгчийн магадалгаа[10]
М.Э-ы мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр, 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед танил Б ахынхаа .... ДАХ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хуучин Дарханаас шинэ Дархан руу Нэгдсэн эмнэлэг рүү явж байсан юм. Тэгээд хуучин Дарханаас аюулгүй тойрог өгсөж явтал “Оргил” худалдааны төвийн тэндээс миний зүүн гар талаас зам хөндлөн нэг ах гүйгээд гарч ирсэн. Тэр ах намайг тойрог өөд өгсөж явахад зорчих хэсгийн тусгаарлах зурвасаас гарч ирээд урагш явах гэж байснаа болиод тэгснээ намайг дөхөөд очсон чинь зам хөндлөн ташуу гүйгээд гараад ирсэн. Би тэгэхээр нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад тэр ахыг зам хөндлөн гүйхээр нь би 1 дүгээр эгнээ рүү шилжсэн чинь урдуур гүйж орж ирээд миний жолоодож явсан машины урд хэсгээр мөргөгдөж унасан. Би тэр ахыг гүйгээд ороод ирэхээр нь машиныхаа тормозыг гишгэж зогсоох арга хэмжээ авч замын хажуугийн хөвөө хэсгийг давж зогссон. Би 40 км цагийн хурдтай явж байсан. Миний жолоодож явсан машины урд салхины шилийг зам хөндлөн гарч явсан явган зорчигч эрэгтэй машинд мөргүүлээд унахдаа мөргөж, гол хэсгээр цуурч хагарсан. Би маш машинаасаа буугаад тэр машинд мөргүүлээд унасан эрэгтэй хүнийг өргөөд замаар явж байсан нэг машиныг зогсоогоод нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Намайг тэр машинд мөргүүлсэн эрэгтэй хүнийг өргөөд машинд суулгаад аваад явахад баруун талын хөл нь эвгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг[11],
Шүүгдэгч М.Э-ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] болон хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой бусад баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Э-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчим ...... аймгийн .......... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт ..... ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1, 3 дугаар бүлгийн 3.4а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, толгой зулай хэсгийн хуйхны шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Э нь 2020 оны 6 сарын 23 өдөр 16 цагийн орчимд ...... аймгийн ......... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт ......... ДАХ улсын дугаартай Hyundai Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3 дугаар бүлгийн 3.4-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан хавтаст хэрэгт баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн М.Э, түүний өмгөөлөгч И.Атарбямба нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан баруун хөлийн дунд чөмөгний битүү хугарал, толгой зулай хэсгийн хуйхны шарх бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг хангаж байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Э-аас ажилгүй байсан хугацааны цалин 13,560,000 төгрөг, зээлийн төлбөр 7,383,252 төгрөг, эмчилгээний зардал 162960 төгрөг буюу нийт 21,016,212 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 628,510 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1,471,573 төгрөг, тэргэнцрийн үнэ 380,000 төгрөг, нийт 2,480,083 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Бийн эмчилгээний зардалд шүүхийн өмнөх шатанд 515,000 төгрөг, шүүхийн шатанд 1,800,000 төгрөг тус тус нөхөн төлжээ.
Иймд шүүгдэгч Б.Эаас үлдэгдэл 164,533 төгрөг гаргуулж хохирогч Б.Бөд олгож, хохирогч Б.Б нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн байдал нь эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл болдог. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинж чанартай, хохирогчид эмнэлгийн анхны тусламж яаралтай үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхээс шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.Э-ы гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт М-ийн Э-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-аас 164.533 /нэг зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж ............ аймгийн .............. сумын ............баг ........ дугаар байрны ......... тоотод оршин суух хохирогч Б.Б /утас............ /-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 3-7 тал
[2] Хавтаст хэргийн 8-9 тал
[3] Хавтаст хэргийн 16-17, 18-19 тал
[4] Хавтаст хэргийн 20 тал
[5] Хавтаст хэргийн 22 тал
[6] Хавтаст хэргийн 25 тал
[7] Хавтаст хэргийн 32-33 тал
[8] Хавтаст хэргийн 34-35 тал
[9] Хавтаст хэргийн 39-40, 41-43 тал
[10] Хавтаст хэргийн 28 тал
[11] Хавтаст хэргийн 21, 107 тал
[12] Хавтаст хэргийн 118 тал