Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 245

 

                                                                     Н.Б-д холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

яллагдагч Н.Б-, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1932 дугаартай  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Н.Б-д холбогдох эрүүгийн 1722000610251 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Барга овгийн Н.Б-, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.Б- нь “Я” ХХК-ийн засвар, арчлалт хариуцсан инженерээр ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг, Мандалговь сумаас 20 км зайд зам засварын ажлыг хариуцан хийлгэхдээ Авто замын тухай хууль, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 216 дугаартай тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлага”-д заасан зам засварын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ засварын үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, ...”, Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596:2014 стандартын 4.2.2 дахь заалт /1.3.а-4.1.е, 1.29.а-1.29.в тэмдгүүдээс бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд, үзэгдэлтийн нөхцөл байдал, байрлуулах бололцоо зэргээс хамааруулан тухайн аюул бүхий хэсгийн эхлэлээс суурин газрын доторхи замд 50 метрээс 100 метр, суурин газрын гаднах замд 150 метрээс 300 метрийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 6.1.а нэмэлт тэмдгийн хамт өөр зайд байрлуулж болох бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий эхлэл хүртэлх зайг заана” гэсэн шаардлагын дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 20 цагийн үед, Ч.Хуяг жолоочтой “Toyota Prado” загварын, 80-22 УНЗ улсын дугаартай автомашин замыг хаасан шороон далан дээгүүр давж тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.             

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Тухайн өдөр “Toyota Prado” загварын 80-22 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ч.Хуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох,

2. Дундговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...“Toyota Prado” загварын 80-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Хуягт Замын хөдөлгөөний дүрмийн “15.1 а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно...” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байна...” гэж дүгнэснийг шалгах,

3. Яллагдагч Н.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэхийг тогтоох,

4. Яллах дүгнэлтэд гэрч Б.Наранчимэгийн “...“Ялгуулсан” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай. Би энэ байгууллагад 2011 оноос эхлэн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг байдаг. Гэтэл шүүх хуралдаанаар уг ХХК-д Б.Наранчимэг гэдэг хүн ажилладаггүй болох нь тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг дахин шалгах,

5. Тухайн өдөр жолооч нүд гялбасан эсэхийг цаг агаарын байдал, үзэгдэх орчин, нар хэдэн цагт мандаж, хэдэн цагт жаргаж байсан талаар Цаг уур орчны шинжилгээний газраас лавлагаа гаргуулах замаар тогтоох ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзээд, Н.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.

1. Хавтаст хэрэгт уг осол хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтооход чиглэсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан. Жолооч Ч.Хуяг, гэрч Д.Отгонхишиг, Б.Наранчимэг нар анх мэдүүлэхдээ “гэрлийн гялбаанд орсон” гэх зүйлийг хэлдэг боловч дахин мэдүүлэхдээ “гэрлийн гялбаанд орсонг сайн мэдэхгүй байна” гэдэг. Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдсан гэх нөхцөл байдлыг зөвхөн жолоочийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоох боломжгүй тул энэ талаар Дундговь аймгийн Ус, цаг, уур, орчны шинжилгээний төвөөс лавлагаа авахад “агаарын үзэгдэлгүй ... алсын бараа тодорхойлогдохгүй, нар 19 цаг 19 минутад жаргасан, сар гараагүй байсан байна” гэж тодорхойлсон байдаг. Мөн хэрэг гарсан газарт тухайн осол болсон цаг хугацаанд нөхөн үзлэг хийхэд “зам засвартай” гэсэн анхааруулах тэмдэг нь 20 метр зайнаас харагдах боломжтой байсан нь тогтоогддог.

Түүнчлэн тухайн замд зөвшөөрөгдсөн хурдны хэд хэдэн үзүүлэлтээр буюу тухайлбал 50, 60, 70, 80 км цагийн хурдтай “Toyota Prado” загварын тээврийн хэрэгсэл уг замаар явж байгаад зогсоох арга хэмжээ авахад хэдэн метр зайд бүрэн зогсох боломжтой талаар шинжээч нарын дүгнэлт гаргуулахад жолооч Ч.Хуяг нь зам засварын ажил хийхээр тавьсан хамгаалалт буюу шороон даланг, түүний наана 17,2 метрт тавьсан анхааруулах тэмдгийг харсан даруйд зогсоох арга хэмжээ авсан ч шороон далангийн наана бүрэн зогсох боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэв тухайн замд зам засварын ажил хийгдэж байна гэсэн тэмдгийг дүрэм, журам, стандартад зааснаар 150-300 метрт байрлуулж жолоочид анхааруулах мэдээллийг өгсөн байсан бол уг осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан.

Дээрх нөхцөл байдлуудаас жолооч Ч.Хуягийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй бөгөөд уг осол нь авто зам засварын ажил гүйцэтгэхдээ аюулгүй байдлыг хангаагүйгээс тухайн зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтны амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж хариуцсан албан тушаалтныг яллагдагчаар татаж гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

2. Н.Б- нь “Я” ХХК-ийн засвар, арчлалт хариуцсан инженер ажилтай, осол гарсан тухайн үед зам засварын ажлыг хариуцан ажиллаж, засварын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 51 дугаартай захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, яллагдагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Ийм байхад Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект гэдэгт яагаад эргэлзсэн, цаашид ямар ажиллагааг гүйцэтгэж тогтоох шаардлагатай талаар шүүгчийн захирамжид дурьдаагүй байна.

3. Яллах дүгнэлтэд “Я” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай гэрч н.Нэргүйн мэдүүлгийг бичихдээ нэрийг нь “Б.Наранчимэг” гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан бөгөөд уг алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмаар засах боломжтой.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Яллагдагч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зам засварын ажил хийх явцдаа хэд хэдэн тэмдгийг байрлуулсан байсан. Өөрөөр хэлбэл овоолсон шорооноос наана 600 метрийн зайд зам эвдрэлтэй болохыг анхааруулсан тэмдэг, 500 метрийн зайд 50 км/цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэг, 400 метрийн зайд тэгш бус замыг анхааруулсан тэмдэг, 17 метрийн зайд зам засварын ажил явагдаж байгааг анхааруулсан тэмдгийг тус тус байрлуулсан. Осол гаргасан автомашины жолооч эдгээр тэмдгийг анхаарч хурдаа хасах арга хэмжээ аваагүй...” гэв.

Яллагдагч Н.Б-н өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Үүнээс гадна хэргийн газарт нөхөн үзлэгийг дахин хийлгэмээр байна. Өөрөөр хэлбэл тухайн зам засварын ажил хийж байсан хүмүүс хаана, ямар тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан талаар шалгах шаардлагатай. Мөн тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс эхэндээ “өөдөөс ирж явсан том оврын автомашины гэрлийн гялбаанд орсон” гэж тогтвортой мэдүүлдэг бол сүүлдээ “гэрэл гялбаагүй, хараагүй” гэх зэргээр мэдүүлдэг. Иймээс гэрэл гялбасан эсэх асуудлаар туршилт явуулах хүсэлтэй байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.Б-г “Я” ХХК-д засвар, арчлалт хариуцсан инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэр, Мандалговь сумаас 20 км зайд зам засварын ажлыг хариуцан хийлгэхдээ авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журмыг зөрчин зохих тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас Ч.Хуяг жолоочтой 80-22 УНЗ улсын дугаартай, “Toyota Prado” загварын автомашин замыг хаасан шороон далан дээгүүр давж тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...жолооч Ч.Хуяг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн эсэхийг шалгаж, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох...” талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн материалаас үзэхэд, Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр жолооч Ч.Хуягийг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл тухайн замд зорчин явахдаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулан яваагүй /1хх-ийн 57, 144/ болохыг тогтоосон байхад түүний үйлдэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж буй эсэхийг шалгалгүй орхигдуулжээ.

Үүнээс гадна, яллагдагч Н.Б- хэрэг бүртгэлтийн явцад “...зам засвартай тул хурдаа хас гэсэн тэмдгийг осол гарсан газраас хойш 2 км-т, урагшаа 15 км-т байрлуулсан байсан. Одоо энэ тэмдэг байрандаа байж байгаа...” /1хх-ийн 43/ хэмээн гэрчээр мэдүүлсэн байхад энэ талаар шалгаагүй байна.

Тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “...овоолсон шорооноос наана 600 метрийн зайд зам эвдрэлтэй болохыг анхааруулсан тэмдэг, 500 метрийн зайд 50 км/цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэг, 400 метрийн зайд тэгш бус замыг анхааруулсан тэмдэг, 17 метрийн зайд зам засварын ажил явагдаж байгааг анхааруулсан тэмдгийг тус тус байрлуулсан байсан...” гэж зам засварын ажил хийх явцдаа анхааруулах болон хориглох хэд хэдэн тэмдэг, тэмдэглэгээг зохих газруудад байрлуулсан талаараа тодорхой мэдүүлсэн тул тухайн цаг хугацаанд ажил үүрэг гүйцэтгэж байсан “Я” ХХК-ийн холбогдох ажилтнуудаас дээрх асуудлыг тодруулж, энэ нь Н.Б-н ажил үүргийн биелэлт, зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлд хэрхэн нөлөөлөх талаар техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн нэмэлт дүгнэлтээр “Тухайн осол болсон зам нь орон нутгийн зам. Ийм замд тээврийн хэрэгслийн дээд хурд 80 км/цагаас хэтрүүлэхгүйгээр хурдыг сонгож явна. Хөдөлгөөний аюулгүй байдлын онолын судлагдахуунд туршилтаар тогтоосон бүх итгэлцүүр, утгыг тооцон тэгш хуурай, асфальтан гадаргуутай зорчих хэсэгт 50 км/цагийн хурдтай яваа тохиолдолд 21-26 метр, 60 км/цагийн хурдтай яваа тохиолдолд 32-38 метр, 70 км/цагийн хурдтай яваа тохиолдолд 44-52 метр, 80 км/цагийн хурдтай яваа тохиолдолд 58-66 метр зайд удааширч, бүрэн зогсох боломжтой...” /2хх-ийн 76/ болохыг тодорхойлсон.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээс үзвэл тухайн зам нь өгсүүр байх бөгөөд жолооч Ч.Хуягийн жолоодож явсан автомашин талийгаач Б.Лхагвасүрэнг мөргөөд, цааш 100 орчим метр яваад зогссон байна. Иймээс жолооч Ч.Хуягийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл 80 км/цагаас дээш хурдтай явсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад бүрэн зогсолтын зай хэмжээ хэд гарахыг тодруулах шаардлагатай.

Жолооч Ч.Хуяг /1хх-ийн 36/ болон түүний тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Бямбаравдан /1хх-ийн 33/, Д.Отгонхишиг /1хх-ийн 37/, Б.Наранчимэг /1хх-ийн 39/ нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн эхний мэдүүлэгтээ “өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл холын зайн гэрлээ шилжүүлээгүйн улмаас гэрлийн гялбаанд орсон” гэдэг боловч дараагийн мэдүүлэгтээ “өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлсэн эсэх, гэрэл гялбасан эсэх талаар мэдэхгүй” хэмээн эрс зөрүүтэй мэдүүлсэн тул тэдгээрийн мэдүүлгийн аль нь үндэслэлтэй болохыг шалгавал зохино.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шалгуулахаар дээр дурьдсан үндэслэлтэй нэгэн утга бүхий хүсэлтүүд гаргаж байсан боловч прокурор үүнд ач холбогдол өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан нь учир дутагдалтай болжээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан, эдгээр ажиллагааг болон прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан зөрчлийг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж, магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1932 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН