Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0485

 

Ч.Б-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжпэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө, хариуцагч Мэргэжпийн хяналтын газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар шийдвэрт хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Б-ны нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай" 03 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болон 2013 оны үр дүнгийн мөнгө гаргуулах, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 тоот дүгнэлтийг хүчингүй болгох” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа'. “аймгийн Засаг даргын захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд ажпын хэсэг гарч ажиллан 2013 оны 05- 0822/419 дугаартай дүгнэлтээр цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б нь 2012 оны 12 дугаар сард дээд шатны байгууллагын шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулалд 278307 төгрөгийг авсан зөрчил илэрсэн. Мөн 2011 оны шалгалтаар зөрчлүүд илэрч байсан. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар захирамжаар ажлаас халсан. Дүгнэлтийг цэцэрлэг дээр нь очиж нийт ажилчдад танилцуулсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.Б-аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлон,

Нэхэмжлэлийн хариу тайлбартаа “өмнө нь 2010 онд Ч.Б-ны зөрчилд дүгнэлт гарч байсан. Үүнээс хойш мөн л Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн зөрчил давтан гаргасаар байсан нь шалгалтаар тогтоогдсон” гэжээ.

Гуравдагч      этгээд шүүхэд                ирүүлсэн тайлбартаа:               “Нэхэмжлэгч

Ч.Б-тай холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа тул гуравдагч этгээдээр оролцоно.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: 1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар 40 дүгээр зүйлийн 40.1, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч Ч.Б-ны нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай" 03 дугаар захирамж, мөн аймгийн Мэргэжпийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Ч.Б-ыг эгүүлэн тогтоож,

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан "үр дүнгийн урамшуулал 278307, ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.Б-аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
  2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-нб ажилгүй байсан 9 сар 13 хоногийн цалин 6875070 /зургаан сая найман зуун далан таван мянга далан/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгож,
  3. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ны "2013 оны үр дүнгийн мөнгийг олгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-т "...мөн аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож..." гэсэнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6, 81 дүгээр зүйлийн 81.1,81.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.

  1. Засаг даргын захирамж, улсын байцаагчийн дүгнэлт 2 тус тусдаа захиргааны акт Цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б нь аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлээ шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/ буюу хуулийн хугацаанд гаргасан байдаг.

Харин улсын байцаагчийн 05-08-022/419 тоот дүгнэлтийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан ба Нэхэмжлэгч Ч.Б-д улсын байцаагчийн дүгнэлтийг 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн нь 3 дугаар цэцэрлэгийн хурлын тэмдэглэлээр /хавтаст хэргийн 40-хуудасны 36 дугаар мөрөнд "Энэ бол улсын байцаагчийн дүгнэлт", 41 дүгээр хуудасны 19, 20 дугаар мөрөнд "Эрхлэгч Ч.Б Наад дээр чинь болохоор миний талаар л байна. Бусад өөр юмны дүгнэлт яагаад гараагүй юм" гэсэн, Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд хянасан эрхлэгч Ч.Б гэж гарын үсгээ зурж баталгаажуулжээ/ нотлогдож байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Э-д 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг хүчингүй болгох гомдлоо гаргасан /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/ байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана", 12 дугаар зүйлийн 12.1-т "Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй", 12 дугаар зүйлийн 12.2-т "Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх татгалзалгүйгээр авч хэлэлцсэн нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн хуулийн 34.1.3-т "захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 34.1.8-т "энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэсэн заалтыг хэрэглэсэнгүй.

  1. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад Нэхэмжлэгч Ч.Б нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргах ёстой байсан боловч хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хугацаа хэтэрсэн асуудлыг авч хэлэлцэхдээ захирамж гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т "Нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ" гэсэн заалтыг мөн хэрэглэсэнгүй.
  2. Бид хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг анхан шатны шүүхэд тавьсан боловч харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж, хуулийн заалтыг баримтлаагүй ажилласанд тус тус гомдол гаргаж дээрх тогтоолын Тогтоох хэсгээс Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэв.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.А-ын гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 152 дугаар удирдамжаар батлагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг нь Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт

 

явуулахдаа өмнө 2010, 2011, 2012 онд тоггоосон зөрчлүүдийг /эд хариуцагч Т.Г-д холбогдох зөрчлийг Т.Г төлж барагдуулсан, эрхлэгч Ч.Б, нягтлан бодогч Н.У нарт холбогдох зөрчлүүдээс 4 зөрчил нь биелэгдэж, 2 зөрчлийг биелүүлээгүй/ дахин тогтоож, зөвхөн нэхэмжпэгч Ч.Б-д холбогдуулан улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 дүгээр дүгнэлтийг гаргасан нь хууль бус бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 03 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Б-ыг цэцэрлэгчийн эрхлэгчийн ажил албан тушаалаас халсан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Төрийн албаны тухай хуулийн

  1. дүгээр зүйлийн 11.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 7.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн нь хэрэг авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 дүгээр дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлийг тодорхойлжээ.

Төрийн хяналт шалгалтын хуулиар төрийн хяналт шалгалтыг хэрхэн явуулах, шалгуулагч этгээдэд байцаагчийн акт, дүгнэлтийг хэрхэн танилцуулах ажиллагаа нь хуулиар тодорхой зохицуулагдсан байхад маргаан бүхий улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/419 дүгээр дүгнэлтийг нэхэмжлэгч Ч.Б-д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн хурал дээр буюу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч танилцуулсан гэж үзэхгүй боломжгүй, мөн хариуцагч нь уг маргаж буй байцаагчийн дүгнэлтийг 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б-д бус “Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Ж танаа” гэж хаяглан хүргүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхэд нэхэмжлэгч Ч.Б нь “... 2012 оны 12 сард эрхлэгч Ч.Б нь ур чадварын нэмэгдэлд 1121470 төгрөгийг хууль бусаар /аймгийн Засаг дарга сумын Засаг даргад эрх шилжүүлээгүй байхад Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр захирамж нөхөн гаргуулсан/ авсан зөрчил илэрлээ” гэсэн улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05- 08-022/419 дүгээр дүгнэлт гаргасныг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга С.Р-ын гаргасан аймгийн Засаг дарга эрх шилжүүлээгүй байхад сумын Засаг даргын захирамж гаргуулж, цалин хөлс илүү авч улсад 278307 төгрөгийн хохирол учруулсныг барагдуулж өгнө үү” гэсэн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын “ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.Б-аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглоно” гэж заажээ.

Дээрх сөрөг нэхэмжлэлийн тухайд: "... цалин хөлс илүү авч улсад 278307 төгрөгийн хохирол учруулсныг барагдуулах”, “ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.Б-аар төлүүлэх” гэсэн шаардлага нь сөрөг нэхэмжлэл байж болох ч энэ хэргийн тухайд нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахдаа холбоотой захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхаас гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасан хориглоно гэснийг зөрчиж гаргасан сөрөг нэхэмжлэл гэж үзэн татгалзах нь зүйтэй байжээ.

Харин “Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан шаардлага Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох тусдаа нэхэмжлэлийн шаардлага байх хэдий ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан сөрөг нэхэмжлэл биш гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга С.Р-ын "... аймгийн Засаг дарга эрх шилжүүлээгүй байхад сумын Засаг даргын захирамж гаргуулж, цалин хөлс илүү авч улсад 278307 төгрөгийн хохирол учруулсныг барагдуулах”, хариуцагч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын “ур чадварын нэмэгдэлд буруу авсан 1121470 төгрөгийг Ч.Б-аар төлүүлэх, Баянхонгор сумын Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.