Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 115/ШШ2020/0016

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нарыг оролцуулан хийж, “Г” ХХК-ийн  ДГА-ийн З-Ү сумын ЗДд холбогдуулан гаргасан тус Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

        “Г” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр зарласан дуудлага худалдаанд оролцож нийт 27 000 000 орчим төгрөгийн үнээр ялагч болж сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамж, нэгж талбарын 100501995 дугаар бүхий, 0234068 дугаар аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан.

        Голдланд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б миний бие нь тус компаниа “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр 2014 онд худалдан авч, мөн оноос эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд компанийхаа эзэмшилд байсан 360 м.кв талбай бүхий газраа 2014 онд хашаажуулж, хүнсний бөөний төв байгуулахаар төлөвлөн ажиллаж, хөрөнгө мөнгө, бараа материал зөөх машины асуудлыг шийдвэрлэхээр Капитрон банктай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3016-14/048 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийн зээл авч зээлийн барьцаанд компанийн эзэмшлийн 360 мкв талбайтай газраа тавьсан.

          Гэтэл Замын-Үүд сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6-т заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын 6 дахь хэсгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

         Уг захирамж гарсан тухай манай компанид огт мэдэгдээгүй бөгөөд захирамжийн талаар Капитал банкнаас дуулан тухайн өдрөө буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Газрын албанаас очиж авснаар маргаан бүхий захиргааны актын талаар анх мэдсэн болно. Мөн миний бие нь эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан эмнэлэгт хэвтсэн тул уг захирамж гарсан талаар мэдэх боломжгүй байсан болно.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандалгүй маргаан бүхий актыг мэдсэнээс хойш хуулийн хугацаанд шүүхэд хандаж байна.

          Маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Газрын тухай хуульд зааснаар манай компани нь тус газар дээрээ дугуй засвар ажиллуулах байдлаар ашиглаж байсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдүүд болох “Г” ХХК болон Капитрон банкнаас тайлбар, нотлох баримт аваагүй, маргаан бүхий акт гарсан талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

           Дээрх маргаан бүхий хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа төдийгүй тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор манай компани зориулалтын дагуу газраа эзэмшиж ашиглаж, үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ.

          Иймд ДГА-ийн З-Ү сумын ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар “газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчээс ДГА-ийн З-Ү сумын ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн 6 дахь хэсэгт заасныг хүчингүй болгуулах шаардлага гаргадаг. Гэтэл Замын-Үүд сумын Засаг даргаас ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт маргаан бүхий актын буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн 6 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар дурдаж, холбогдох захиргааны актыг ирүүлсэн байна. Хуульд тусгайлан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн нөхцөл байдлыг зааж өгөөгүй боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү биелүүлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна.

         Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх буюу нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, талууд эвлэрэх гэсэн 3 тохиолдол байдаг. Тэгэхлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Яагаад гэхээр тухайн захирамжийг хүчингүй болгосноор хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, ашигт нөлөөлөхгүй бөгөөд манай ямар нэгэн ашиг сонирхол хөндөгдөхгүй улмаар уг захиргааны актыг хууль байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол манай компанид байхгүй.

        Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

          Хариуцагч ДГА-ийн З-Ү сумын ЗД-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Г” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/20 дугаартай нэхэмжлэлтэй холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаартай захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг шийдвэрлэсэн болно гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагаа хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн 6 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүх, “Г” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/20 дугаартай “ДГА-ийн З-Ү сумын ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр тус аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, холбогдох хариу тайлбар болон нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

         Гэтэл хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нь “...шүүхэд гаргасан “Голдланд ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/20 дугаартай нэхэмжлэлтэй холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаартай захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг шийдвэрлэсэн захирамжийн хуулбарыг хүргүүлж байна” гэсэн тайлбар бүхий албан бичгийг Замын-Үүд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамжийн заалтыг хүчингүй болгох тухай” А/259 дугаар захирамжийн хамт шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг А/259 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын “Г” ХХК-д холбогдох 6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

        Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь шүүх хуралдаанд “Сонсох ажиллагаа хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн 6 дахь хэсэгт заасныг буюу Голдланд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэх тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тухайд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байхгүй болохыг тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлж байна.

         Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргыг “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзэв.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу “Г” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаарх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг шүүх хуралдааны оролцогчид нь хүлээн зөвшөөрч байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр ззүйлийн109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК-иас гаргасан “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/236 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсэг буюу тус захирамжийн хавсралтын 6-д заасныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ДГА-ийн З-Ү сумын ЗД хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч 5222788 регистрийн дугаартай “Г” ХХК-д буцаан олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                                            ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА