| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0463/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/443 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/443
2017 12 22 2017/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Т.Тд холбогдох эрүүгийн 1734003000142 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Д овгийн Т.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Т.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутагт 23-88 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1/а. “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 4 настай Д.Билгүүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Тгийн:
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваадоржийн:
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Даваадоржийн:
“...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хадам ээжийнхээ өвөлжөөг нүүлгэх гээд эхнэр Туяа болон талийгаач 4 настай хүү Билгүүн нарын хамт Улаанбаатар хотоос өглөө эрт гараад Төв аймгийн Борнуур сумын төвөөс цаана байх өвөлжөөн дээр нь очсон. Тухайн үед тэнд манай баз хүргэн Дашдаваа эхнэрийн эгч Түмэнцэцэгийн хамт бид нараас түрүүлээд очсон байсан. Тэгээд өвөлжөө нүүлгэхэд буцаад Борнуур сумын Төв орж мод ачих зөвшөөрөл авах хэрэгтэй болоод Улсын байцаагчийг нь авчрах хэрэг гарсан. Тэгээд би базтайгаа мод ачаад эхнэр Туяа маань миний унаж ирсэн 23-88 УБЯ улсын дугаартай Нопс!а 1п51дМ маркийн тээврийн хэрэгслийг унаад талийгаачийг ард унтуулаад Түмэнцэцэг эгч урд суугаад явсан. Цаг тэгэхэд өглөөний 08 өнгөрөөд 09 цаг болох гэж байсан. Тэгээд тэр гурав яваад удаагүй байсан чинь Түмэнцэцэг эгч осол болчихлоо гээд буцаад хүний машинд дайгдаад ирэхээр нь би хэргийн газарт очиход тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаад 4 дугуйн дээрээ тогтсон байсан ба эхнэр маань хүүхдээ тэврээд сууж байсан ба хүү Билгүүн маань талийгаач болчихсон байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид гурав өглөө босоод шууд гарсан...” /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Дашдаваагийн:
“...Энэ гурав Борнуур сумын төв рүү 23-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаль орчиноос баталгаажуулах зураг авхуулахаар явсан. Тэгээд 10-20 минутын дараа саарал машинтай замын хүмүүстэй манай эхнэр Түмэнцэцэг, Даваадорж бид 2 дээр ирээд Туяа машинтай явж байгаад онхолдчихлоо, хүүхэд үхчихлээ гээд орилоод ороод ирсэн. Тэгээд Даваадорж бид 2 хийж байсан ажлаа хаяад тухайн газар яваад очтол машин замын хажуу тал руу уначихсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг болон цагдаа дуудсан...” /хх-ийн 32-33-р хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Т.Түмэнцэцэгийн:
“...Тухайн үед машинаа бариад талийгаач хойд суудал дээрээ унтаад би урд суугаад явж байсан. Тэгсэн чинь машин гэнэт дайвалзаад хоёр тийшээ болж байснаа баруун гар талруугаа замаас гарч унаад хэд хөрвөөсөн эсэхийг нь мэдэхгүй байна, дээшээ хараад 4 дугуйн дээрээ тогтсон. Осол болсны дараа бид хоёр хүүхэд гээд машинаас гараад харсан чинь талийгаач Билгүүн машинаас холгүй газар унасан байдалтай байхаар нь Туяа очоод тэврээд авсан чинь толгойндоо гэмтэл аваад тархи нь ил гарчихсан байсан юм. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан юм...” /хх-ийн 34-р хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Т.Тгийн:
“...Тухайн үед Түмэнцэцэг эгч урд суугаад талийгаач маань ард талын суудалд унтаад “Урьхан зоогийн газрын ойролцоо засмал замаар уруудаад явж байсан чинь дугуй хагараад хоёроос гурван удаа тээврийн хэрэгсэл маань далбилзаж байснаа засмал замаас аваад шидчихсэн. Замаар баруун гар тал руугаа тээврийн хэрэгсэл унасан. Тэгээд буугаад ирсэн чинь талийгаач хүү Билгүүн маань машины цонхоор гадагш унаж нас барсан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед 60 гаран км цагийн хурдтай л явж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, ард урд машингүй байсан...” /хх-ийн 57-р хуудас/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8698 дугаартай дүгнэлтэд:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн Билгүүний гэх цус нь АВО системээр В/Ш/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 38 дугаар хуудас/,
2.6. Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай дүгнэлтэд:
“...1. Талийгаачийн биед тархины няцрал, толгойн ясны хугарал, хуйхны ярагдсан шарх, нүүр их биенд задгаралт гэмтэл тогтоогдлоо...” /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5012 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн 4-ширхэг тээврийн хэрэгслийн дугуй нь шинжилгээнд тэнцэнэ.
2. 1,3,4 гэж дугаарласан дугуйн ободны нүүр хэсэг бүхэлдээ зурагдсан, 1-гэж дугаарласан хаймар дугуй ободны завсар чулуу шороо мэт зүйл хавчуулагдсан, 3- гэж дугаарласан хаймар дугуй ободны дотор амсар хэсэгт өвс, навч, мод мэт зүйл хавчуулагдсан, 3,4-гэж дугаарласан дугуйн дотор хэсэг шороо мэт зүйлээр бохирлогдсон гэмтлүүдтэй байна.
3. Дээрх дугуйнууд нь ослын үед хийгүй болсон байх үндэслэлтэй.
4. Шинжилгээнд ирүүлсэн 4-н дугуй нь хээний гүн 7мм-ээс их хэмжээтэй байгаа нь Монгол улсын МЫЗ 4598-2011 стандартын 5.14.3-ийн 5-р хүснэгтэд зааснаар суудлын автомашины дугуйн хээний гүн 1,6мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу дугуйнууд хээний хувьд стандартад нийцэж байна. 4-н дугуй нь М+3 тэмдэглэлтэй /шавар болон цасанд/ буюу бүх улиралд хэрэглэж болох дугуй байна...” /хх-ийн 43-49 дүгээр хуудас/,
2.8. Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандахын гаргасан шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар дүгнэлтэд:
“...Хариулт 1: 23-88 УБЯ Улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 а/, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн.
Хариулт 2: ...Осол гарахад зам, тээврийн хэрэгслийн нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй,
Хариулт 3: 23-88 УБЯ Улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Т.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 а/, ...мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг тус зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв...” /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
3.2. хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/
3.3. Замын цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
3.4. хэрэг гаргасан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /Хх-ийн 17 дугаар хуудас/
3.5. Шүүгдэгч Т.Тгийн биед үзлэг хийсэн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 58-67 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутагт “Хонда Инсайт” маркийн 23-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас Д.Билгүүний амь насыг хохирсон гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваадоржийн ...эхнэр Туяа маань миний унаж ирсэн 23-88 УБЯ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгслийг унаад талийгаачийг ард унтуулаад Түмэнцэцэг эгч урд суугаад явсан..., ...Түмэнцэцэг эгч осол болчихлоо гээд буцаад хүний машинд дайгдаад ирэхээр нь би хэргийн газарт очиход тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаад 4 дугуйн дээрээ тогтсон байсан ба эхнэр маань хүүхдээ тэврээд сууж байсан ба хүү Билгүүн маань талийгаач болчихсон байсан...,
гэрч Г.Дашдаваагийн ...10-20 минутын дараа саарал машинтай замын хүмүүстэй манай эхнэр Түмэнцэцэг, Даваадорж бид 2 дээр ирээд Туяа машинтай явж байгаад онхолдчихлоо, хүүхэд үхчихлээ гээд орилоод ороод ирсэн...,
гэрч Т.Түмэнцэцэгийн ...Тухайн үед машинаа бариад талийгаач хойд суудал дээрээ унтаад би урд суугаад явж байсан. Тэгсэн чинь машин гэнэт дайвалзаад хоёр тийшээ болж байснаа баруун гар талруугаа замаас гарч унаад хэд хөрвөөсөн эсэхийг нь мэдэхгүй байна, дээшээ хараад 4 дугуйн дээрээ тогтсон...,
сэжигтэн, яллагдагч Т.Тгийн ...Тухайн үед Түмэнцэцэг эгч урд суугаад талийгаач маань ард талын суудалд унтаад “Урьхан зоогийн газрын ойролцоо засмал замаар уруудаад явж байсан чинь дугуй хагараад хоёроос гурван удаа тээврийн хэрэгсэл маань далбилзаж байснаа засмал замаас аваад шидчихсэн. Замаар баруун гар тал руугаа тээврийн хэрэгсэл унасан. Тэгээд буугаад ирсэн чинь талийгаач хүү Билгүүн маань машины цонхоор гадагш унаж нас барсан байсан... гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8698, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 151, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5012, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг гаргасан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Т.Тг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Тд ял шийтгэлийг оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь,
Ингэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хор уршгийг арилгах талаар давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэх нь тус тус зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Т.Тгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байна.
Шүүгдэгч Т.Т цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 1199326 дугаартай “Хонда Инсайт” маркийн 23-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт
заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Т.Тг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Т.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д овгийн Т.Т цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 1199326 дугаартай “Хонда Инсайт” маркийн 23-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ЧА78042411 дугаарын регистртэй, Хорчин овгийн Дашзэвэгийн Даваадоржид буцаан олгохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН