Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/815

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М холбогдох эрүүгийн “1811029621008” дугаартай, 186/2018/0807/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн,1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1114Е тоотод оршин суух бүртгэлтэй , Дорнод аймгийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, П.М

              Холбогдсон хэргийн талаар; П.М нь 2018 оны 10 дугаар сарын 18-н өдөр Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114Е тоотод өөрийн төрсөн ах П.Мөнхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, дух, баруун хөмсөг, хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:  

              Нэг: Шүүгдэгч П.М нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Мөнхболдын:...манай төрсөн дүү П.М согтуу орж ирээд надаас 10.000-20.000 төгрөг асуухаар нь надад мөнгө алга байна юу ч байхгүй байна гээд хэлсэн чинь надаас мөнгө харамлалаа гээд маргалдаад Мөнх-Од баруун гараараа миний цээжний зүүн хэсэгт нэг удаа цохихоор нь би чи гэртээ харь гээд хөөгөөд гаргах гэтэл миний цамцнаас татаад гэрийн босгон дээгүүр үүдээр чирж гаргаад миний цамцнаас татаад гэрийн босгон дээгүүр үүдээр чирч гадаа гаргаад миний баруун нүдрүү баруун гараараа нэг цохьчихоод намайг газраар чирээд хашааны гадна гаргачихаад миний нуруу руу нилээд хэдэн удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх10-11/,

          2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12637 тоот актын: 1.П.Мөнхболдын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, дух баруун хөмсөг, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт. /хх-19/,

                    Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

                    3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаар гаргасан гомдол /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12637 дугаартай дүгнэлт /хх-19/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

                   Шүүгдэгч П.М нь 2018 оны 10 дугаар сарын 18-н өдөр Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114Е тоотод өөрийн төрсөн ах П.Мөнхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, дух, баруун хөмсөг, хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Мөнхболдын:...манай төрсөн дүү П.М согтуу орж ирээд надаас 10.000-20.000 төгрөг асуухаар нь надад мөнгө алга байна юу ч байхгүй байна гээд хэлсэн чинь надаас мөнгө харамлалаа гээд маргалдаад Мөнх-Од баруун гараараа миний цээжний зүүн хэсэгт нэг удаа цохихоор нь би чи гэртээ харь гээд хөөгөөд гаргах гэтэл миний цамцнаас татаад гэрийн босгон дээгүүр үүдээр чирж гаргаад миний цамцнаас татаад гэрийн босгон дээгүүр үүдээр чирч гадаа гаргаад миний баруун нүдрүү баруун гараараа нэг цохьчихоод намайг газраар чирээд хашааны гадна гаргачихаад миний нуруу руу нилээд хэдэн удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх10-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12637 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч П.Мөнхболд нь шүүгдэгч П.Мтой эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүхээс шүүгдэгч П.Мыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

                      1. Шүүгдэгч П.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Мыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Мод оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

                5. Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

                        6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   С.БАТЖАРГАЛ