Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00068

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Насанд хүрээгүй хохирогч А.Тэнүүнгүн,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч А.Ялалт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар А.Ялалтад холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201606000133 дугаартай, 132/2015/0059/э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, халх эрэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлал мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт Д хэсгийн 14-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хирист овогт Алтандөшийн Ялалт /РД:РЮ73082479/

Шүүгдэгч А.Ялалт нь /яллагдагчаар татах тогтоолоор/ 2016 оны 04-р сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдмийн Өргөө Цогцолбор" Сургууль дээр А.Тэнүүнгүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгой тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ялалтын өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед манай охин утсаар ярьж ааваа намайг хүүхэд зодоод байна. Удаа дараа ингэдэг юм гэж хэлсэн. Би сургууль дээр нь яваад очиход охин маань сургуулийн гадаа уйлаад сууж байсан. Тэгээд охиноо дагуулж ангид нь ороод хэн зодсон бэ? гэхэд манай охин Тэнүүнгүнийг заасан. Би тухайн үед уурандаа нэг алгадсан, өшиглөөгүй. Гарахдаа нийгмийн ажилтны өрөөнд орж ярилцсан. Тэнүүнгүний талаар хүүхдүүдийн талаар сургуулийн нийгмийн ажилтан маш сайн хэлж тайлбарлаж өгсөн тул би уучлалт гуйгаад явсан. Дараа өдөр нь сургуулийн захирал болон удирдлагууд намайг дуудаж та яагаад хүүхэд зодсон бэ? гэж асуусан. Би юу болсон талаар тайлбарлаж багш, захирал нараас уучлалт гуйсан. Тэгээд би охиноосоо юунаас болоод яагаад байгаа талаар асуусан. Эмэгтэй хүүхэд их эмзэг байдаг. Манай охин намайг янхан, гичии, жингэр, бөөс гэж доромжилдог гэж байсан. Нэг удаа амиа хорлоно гэж 36 дугаар байран дээр гарчихсан байсан. Сургуулийн захиргаа, ниймийн ажилтан болон ангийн багш нарын хайхрамжгүй хэнэггүй байдлаас иймэрхүү асуудал гарч улмаар явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Би нэг ёсондоо одоо охиндоо гай болсон байна. Охин маань намайг та яаж байгаа юм тэвчиж болоогүй юм уу? гэж байсан. Манай охин аавдаа итгэх итгэл, хүнд итгэх итгэл гэж байхгүй болж байгаад харамсаж явдаг. Би өөрийгөө зөвтгөж байгаагүй. Охин маань тэд нараас уучлалт гуйсан уу? гэж асуудаг. Тэгээд би гэмшиж Тэнүүнгүний аав, ээжээс нь Тэнүүнгүнээс өөрөөс нь уучлалт гуйсан гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч А.Тэнүүнгүнийн өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сургууль дээрээ байхад манай ангийн хүүхэд Дэлгэржаргалд зээлдсэн мөнгөө нэхэхээр нь би өмнөөс нь чи хүүхдийн мөнгө өгөөч гэхэд дугарахгүй байж байснаа намайг цамцаараа цохихоор би зөрүүлээд цүнхээр цохисон. Тэгсэн эдний аав нь ирээд намайг алгадаж, чамайг амьтан болгоно, шоронд суулгана гээд нийгмийн ажилтаны өрөөнд дагуулж орж загнуулаад дараа нь намайг цагдаад өгнө гэж чирсэн. Би Дэлгэржаргалыг хэл амаар тэгж айхтар доромжлоогүй. Тухайн үед л цүнхээр нэг цохьсон гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын өгсөн: Би хүний муу үзэх гэж байгаа юм биш. Би өөрөө ч хүүхдээ зоддог. Хүүхдүүд хөдөлгөөнтэй, үг хэл ойлгодоггүй хэцүү тал байдаг. Тэгэхдээ би хүүхдээ толгой тархи руу нь зоддоггүй. А.Ялалт жоохон хүүхдийг толгой руу нь хүчтэй 4 удаа алгадсан байсан. Сургууль олон нийтийн газар танхайрч хүүхдийг олон нийтийн газар хэл амаар доромжилсон байсан. Тэгээд би А.Ялалтын охинд нь бас санаа зовоод байна. Эд чинь адилхан учир мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Мэдээж аав нь хэрэгт холбогдоод энд иймэрхүү байгаа болохоор тэр хүүхдэд хэцүү байгаа байх. Банди нар бол мэдээж охидуудыг шоглож байгаа байх. Би ч хүүхэддээ сайн хэлж ойлгуулж байгаа. Охины хувьд аавыгаа хүүхэд зодохоос өмнө сэтгэл санаа нь зүгээр байсан. Харин хүүхэд зодсоноос хойш сэтгэл санаа нь өөрчлөгдсөн. Би охиныг бодоод эвлэрэх санал байна. Би энэ нөхрийг хашраая гэж бодсон юм. Эвлэрлэх саналтай байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гомдол саналгүй гэх мэдүүлэг,

201606000133 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч А.Тэнүүнгүний өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 26 ны өдөр 13 цаг 45 минтанд Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн  1  дүгээр давхарт манай ангийн охин Дэлгэржаргалын аав миний дух руу 1 удаа алгадсан, мөн зүүн хацар руу 2 удаа, баруун талын хацар руу 1 удаа алгадсан гэх мэдүүлэг /хх-н 13 талд/

Гэрч Я.Дэлгэржаргалын өгсөн: Манай аав орж ирээд миний хүүхдийг дээрэлхсэн хүүхэд хаана байна гэхээр нь би Тэнүүнгүнийг зааж өгсөн. Тэгтэл аав Тэнүүнгүн рүү очоод нэг удаа алгадсан. Тэгээд утсаар ярьж байгаад дараа нь Тэнүүнгүний хацар руу дахин нэг цохисон. Тэгээд Тэнүүнгүнийг ангиас аваад гарсан… гэх мэдүүлэг /хх-н 16 талд/

Гэрч   Б.Номингийн   өгсөн: Я.Дэргэржаргал   аавыгаа   дагуулан ангид орж ирсэн. Тэгээд чамайг дээрэлхээд байгаа хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэхэд Дэлгэржаргал хуруугаараа Тэнүүнгүнийг зааж өгсөн. Тэгээд аав нь Тэнүүнгүн дээр очиж чи яахаараа хүүхэд дээрэлхэж байдаг юм гээд хацар руу нь алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаад толгой руу цохисон, баруун хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн гэх мэдүүлэг / хх-н 17 талд/

Гэрч М.Учралтмаагийн егсөн: Я.Дэргэржаргал аавыгаа дагуулан ангид дотор орж ирсэн. Тэгээд чамайг дээрэлхээд байгаа хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэхэд Дэлгэржаргал хуруугаараа Тэнүүнгүнийг зааж аав нь Тэнүүнгүн дээр очоод чи яахаараа хүүхэд дээрэлхэж байдаг юм гээд хацар руу нь алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаад толгой руу цохисон, баруун хөл рүү нь хөлөөрөө өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-н 18 талд/

Яллагдагч А.Ялалтын өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байхад манай охин Дэлгэржаргал гар утсаараа уйлаад намайг хүүхэд зодоод байна гэж ярихаар нь би "Эрдмийн Өргөө Цогцолбор" сургууль ороод охиныхоо ангид орж миний охиныг хэн дээрэлхээд зодоод байгаан гэхэд манай охин Тэнүүнгүн гэдэг хүүхдийг зааж өгсөн. Би тэр хүүхдийг сандал дээр сууж байхад нь чи яагаад манай хүүхдийг дээрэлхээд зодоод байгаан энэ асуудлаа болих юм бишүү гээд баруун талын хацар руу нэг удаа алагдсан... гэх мэдүүлэг /хх-н 29 талд/

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 125 тоот дүгнэлтэнд:

1.   А.Тэнүүнгүний биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,

Гомдол мэдээлэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 10 тал/, хэрэг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 36 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд А.Ялалт нь өөрийн охин Я.Дэлгэржаргалыг ангийн хөвгүүн А.Тэнүүнгүн дээрэлхэж, зодсон гэх таарамжгүй харилцааны улмаас  2016 оны 04-р сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдмийн Өргөө Цогцолбор" Сургууль дээр нь очиж А.Тэнүүнгүний толгой тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд насанд хүрээгүй хохирогч А.Тэнүүнгүн, гэрч Я.Дэлгэржаргал, Б.Номин, М.Учралтмаа нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 125 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Ялалтын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч А.Ялалтын дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх боловч насанд хүрээгүй хохирогч А.Тэнүүнгүн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Анхбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа талаараа мэдүүлэг өгчээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэжээ. Өөрөөр хэлбэл хуульд шүүгдэгчийн хувьд хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй хэн нэгний шахалт, дарамтгүйгээр сайн дураараа эвлэрсэн байна. .

Иймд шүүгдэгч А.Ялалт нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдэж, гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байх тул шүүгдэгч А.Ялалтад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Яллат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хирист овогт Алтандөшийн Ялалтыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч А.Ялалт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ялалтад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                            

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ