Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 113/ШШ2020/0003

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: А овогт Д-ийн Б (РД:), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоотод оршин суух;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс;

Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нийгмийн даатгалын шимтгэл төлж 20 жил 11 сар ажилласнаас УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн Чойр хэсэг, Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн Чойр хэсэгт тус тус шавар будагчин /засал чимэглэлчин/ 4-р зэргээр 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн хортой нөхцөлд тасралтгүй 10 жил 2 сар ажиллаж байна. Би 2010 оноос эхлэн тасралтгүй 3-р ангийн Чойр хэсэгт шавар будагчин /засал чимэглэлчин/-аар ажиллаж будаг болон барилгын материалд хордсон, ажлын байранд өргөх хэмжээнээс хэтэрсэн хүнд зүйл өргөснөөс нуруунд суулт, муруйлттай, тархи толгой өвдөнө, тоосонд хамар битүүрч янгинана, нүд хорсож нулимс гоожино, хоолой хорсож дотор муухайрч бөөлжис хүрнэ, ходоод зүрх өвдөнө, аманд будаг амтагдана, ажлын байрны онцлогоос хүзүү шохойжилттой болсон зэрэг нөхцлөөс хөдөлмөрийн чадвар буурсан, байнгын давтамжтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаж, дотор, мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг болсон.

Миний ажлын байр нь улирал харгалзахгүй шавар будагчин /засал чимэглэлчин/ ажил үүргийг барилга ашиглалт үйлчилгээний Чойр хэсэгт нэг орон тоон дээр ганцаараа хийж гүйцэтгэдэг.

Ажил олгогчоос миний ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг Хамтын гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-т “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажилтнуудад ажилласан 1 цаг тутамд нь 80 төгрөгийн нэмэгдэл олгох” гэж заасны дагуу миний биед “шавар будагчин” гэсэн ажил үүргийг хөдөлмөрийн хортой нөхцлийн нэмэгдлийг олгож ирсэн болно.

Миний бие дээрх эрүүл мэндийн нөхцөл, хөдөлмөрийн чадвар буурч байгаа байдлаас үүдэн Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дахь шалгуурыг хангаж, хөдөлмөрийн хортой нөхцөлд 10 жил 1 сар ажилласан тул хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах хүсэлтээ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжийн 2 дахь хэсэгт “Өргөдлийг авч үзэхэд хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох хортой нөхцлийн хавсралтын 2 дахь хэсгийн 6 дахь заалтад Барилгын бетон үйлдвэрлэлийн ажил мэргэжилд хамаарахаар заагдсан тул дээрх байгууллагын ажил үйлчилгээ нь ажлын ангиллын хувьд тохирохгүй” гэж өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус юм. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалт болон нэхэмжлэгч миний өндөр насны тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрхийг тус тус зөрчиж байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д зааснаар өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сүмбэр сумын 2-р багийн иргэн Д.Б нь Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 3-р ангийн Чойр хэсгийн барилга, орон сууцны ангид 20 жил 9 сар шавар будагчнаар ажилласан тул хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэвэрт гарах өргөдлөө 2020 оны 01 дүгээр сарын 23-нд ирүүлсэн. Иргэн Д.Б-ийн өргөдлийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Ч.Г хүлээн авч шалган магадлаад хөдөлмөрийн хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг өөрт нь хэлж мэдэгдсэн.

Засгийн газрын 1994 оны 171 тогтоол “Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн 4 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дэх заалтыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлөөр иргэн Д.Б-ийн өргөдлийг авч хэлэлцэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 2 дахь хэсгийн 6 дахь заалтанд Барилгын бетон үйлдвэрлэлийн бункерийн машинч, химийн сорьц бэлтгэгч, конвейерийн машинч, асфальт бэлтгэгч, тос найруулагч, барилгын шаварчин, будагчин /засал чимэглэлч/, зуурмагийн цехийн мастер, цехийн дарга гэсэн ажил мэргэжлүүд хамаарч байна. Харин иргэн Д.Б Улаанбаатар төмөр замын барилгын ангид ажиллаж байгаа нь барилгын бетон үйлдвэрлэлийн ажил мэргэжилд хамруулж оруулах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг зөвлөлийн гишүүд гаргаж, тогтоолоор баталгаажуулсан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 2 дахь хэсгийн 6 дахь заалтанд бетон үйлдвэрт ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийг оруулж тооцох боломжтой болно. Иймд иргэн Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зөрчсөн гэх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг уул нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс гаргасан шаардлагатайгаа холбогдуулан “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын нэр, чиг үүрэг ер өөрчлөгдөөгүй, хамтын гэрээний дагуу ажил олгогчоос хортой нөхцлийн нэмэгдэл олгодог тул өөрт таатай нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж, хариуцагч нь “нийгмийн даатгалын орон нутгийн болон төв байгууллага, яамнаас нэхэмжлэгчид хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах салбарын ангилалд хамаарахгүй” гэж тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргана.

Энэ тохиолдолд (1) аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Д.Б-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан” нь хууль бус эс үйлдэхүй болох эсэх, (2) түүний улмаас нэхэмжлэгчийн “өндөр насны тэтгэврийг /хөнгөлөлттэй нөхцлөөр/ тогтоолгох” эрх зөрчигдсөн эсэхийг шалган тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх нь захиргааны хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдөх эсэхийг шүүхээс магадлах замаар хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл болно.

I. “Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд;

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн эрхийг “нийтдээ 20-иос доошгүй жил, ... үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд /хөдөлмөрийн хортой, халуун/ ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол ... өөрийн хүсэлтээр” гэж тодорхойлон заажээ.

1. Хэрэгт бичгийн нотлох баримтаар цуглуулсан Д.Б-ийн хөдөлмөрийн гэрээ, цалингийн дэлгэрэнгүй карт, нийгмийн даатгалын дэвтэр, “шавар будагчин”-ны ажлын байрны тодорхойлолт, тус ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, харьяа ангийн дарга нарын тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний III ангийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 60/532, Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 88/206 болон 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 88/387 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын Барилга, ашиглалт үйлчилгээний III ангийн санхүүгийн холбогдох баримт бичигт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр[1] нэхэмжлэгч нь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн харьяа Барилга, орон сууц ашиглалт, засвар, үйлчилгээний ангиудад “шавар будагчин”-ны ажлын байранд 7 жил 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, ажил олгогчоос тухайн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний дагуу түүнд хэвийн бус, хүнд, хортой гэхчлэн хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлийг олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Д.Б-ийн 2015-2016 оны цалингийн дэлгэрэнгүй карт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нь Улаанбаатар төмөр замын Барилга, ашиглалт, засвар, үйлчилгээний ангийн архивт хадгалагдаж үлдээгүй байх боловч хэргийн оролцогчдын тайлбарыг бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл эдгээр хугацаанд түүний эрхэлж байсан ажлын байрны нэр, чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөөгүй тул тухайн хугацаанд “шавар будагчин”-аас өөр ажлын байранд, эсхүл өөр хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байсан гэж үзэхгүй.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу “тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгэх” үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь ажилтныг буруутгах буюу ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түүний эрхэлж буй ажлыг хэвийн бус нөхцөл биш гэж үзэх үндэслэл болохгүй.

2. Нэхэмжлэгчийн эрхэлж буй “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Барилга ашиглалт, үйлчилгээний III ангийн “шавар будагчин” гэх ажил мэргэжлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын II бүлэг /№6/-т заасан “барилгын шаварчин, будагчин (засал чимэглэлч)” гэдэгт хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс “Д.Б-ийн 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн харьяа Барилга ашиглалт, засвар, үйлчилгээний ангиудад “шавар будагчин, засал чимэглэлч”-ээр ажиллаж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдэл авч байсан үйл баримттай маргахгүй, гагцхүү “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь барилгын бетон үйлдвэрлэлийн ажил мэргэжилд хамаарахгүй учир хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь Д.Б-ийн өргөдлийг шийдвэрлэхдээ, түүний эрхэлж буй ажил мэргэжлийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаас явцуу хүрээнд буюу “будагчин” гэж тодорхойлж, хөдөлмөрийн хүнд нөхцлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоох “нийтийн аж ахуй, орон сууцны засвар үйлчилгээ” гэх ажил мэргэжлийн ангилалд хамаарна гэж дүгнэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 4/3894 дүгээр албан бичгээр өгсөн чиглэл зөвлөмжийг баримтлан “хөдөлмөрийн хортой нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж тус тус шийдвэрлэсэн байна[2].

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын II бүлэг буюу хөдөлмөрийн хортой нөхцөл /№6/-д “барилгын шаварчин, будагчин (засал чимэглэлч)”, IV бүлэг буюу хөдөлмөрийн хүнд нөхцөл /№38/-д “будагчин” гэж хамаарах ажил мэргэжлийн нэр төрлийг тус тус заасан бөгөөд Д.Б-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааж, түүний эрхэлж буй “шавар будагчин” гэх ажил мэргэжлийн нэр, чиг үүрэг нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй илүү тохирч байна.

Үүнээс гадна хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгохыг хүссэн Д.Б-ийн эрхэлж буй “шавар будагчин /засал чимэглэлч/” гэх ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарах эсэхийг тодорхойлоход хариуцагчийн тайлбарласанчлан зөвхөн “салбарын буюу ажлын ангилал” гэх ерөнхий ойлголтоор бус ажлын байрны стандарт, хөдөлмөрийн нөхцөл, эдийн засгийн үйл ажиллагааны ангилалд тулгуурлахаас гадна холбогдох эрх зүйн зохицуулалтыг ч харгалзан үзэх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, .. хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “ Нийгмийн даатгал нь иргэн, ... аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, ... даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход ... хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн”, 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, тус зүйлийн 3-д “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцлийг хуулиар тогтоож болно” гэж тус тус заасныг Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан “... хууль дээдлэх, ... даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах” нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчимтай уялдуулан тайлбарлавал, аж ахуйн нэгж байгууллага нь хамтын гэрээний дагуу ажилтанд олгосон цалин хөлс /хөдөлмөрийн хортой нөхцлийн нэмэгдлийг тооцон/-нөөс хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, даатгуулагч хуульд заасан хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан, мөн хуулиар тогтоосон тэтгэвэр олгохгүй байх нөхцөлд хамаарахгүй дээрх тохиолдолд “хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д орохгүй гэх шалтгаанаар түүний тэтгэврийг уул нөхцлөөр тогтоохгүй байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлавал зохих дээр дурдсан зарчмууд хийгээд Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон хүний эрх, баталгааг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/2666 дугаар албан бичигт “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/149 дүгээр тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэдийн хөдөлмөрийн нөхцлийн тодорхойлолтыг манай байгууллага гаргахгүй болно” гэснээс үзвэл тус газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/3894 дүгээр албан бичгээр дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлсэн чиглэл зөвлөмж нь хууль тогтоомжийн адил заавал дагаж мөрдөх шинжгүй юм. 

3. Хариуцагч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Улаанбаатар төмөр замд өөртэй нь адил ажил хийж байсан хүн хөдөлмөрийн хортой нөхцлөөр өндөр насны тэтгэврээ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр тогтоолгосон тухай шүүхийн шийдвэр байдаг гэж ярьсан. Тэр хүний ажиллаж байсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн барилгын үйлдвэрлэлийн нэгдэл нь нэхэмжлэгчийн ажиллаж буй Барилга ашиглалт, үйчилгээний ангиас өөр, хортой нөхцөлд хамаарч болно”, “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үйл ажиллагаа нь өөрөө хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн ангилалд хамаарахгүй” зэргээр зөрүүтэй тайлбарууд гаргасныг дурдав.

Нэгтгэвэл, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох нөхцөл шаардлагыг хангасан болох нь дээрх байдлаар тогтоогдсон байхад тэтгэврийг хуульд заасан нөхцөлд олгохгүй байх зарчмыг алдагдуулан хуулиас гадуур хязгаарлалт тогтоож, хууль дээдлэх зарчимд нийцүүлэн тогтоосон төрийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу  тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байна.

Даатгуулагч хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж, хуулийн шимтгэл төлсөн байхад захиргааны байгууллагын хууль бусаар тэтгэвэр тогтоохоос татгалзсаны улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх” зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

 

II. “Өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг даалгах” шаардлагын тухайд;

Дээрх байдлаар Д.Б-д хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзсан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг шүүхээс тогтоосон ч нэхэмжлэгчийн “өндөр насны тэтгэвэр авах эрх” /тэтгэвэр тогтоолгохоос өөр/ зөрчигдсөн байх нь захиргааны байгууллагад холбогдох шийдвэр гаргахыг даалгах үндэслэл болно. 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх хэрэгжих нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй юм.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн ... /хуульд/ заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн Барилга ашиглалт, үйлчилгээний III ангитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, “шавар будагчин”-ы ажлыг эрхэлж байгаа учраас тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдээгүй гэж үзнэ.

Иймд “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус” гэдгээс үл шалтгаалан, өндөр насны тэтгэвэр авах эрх хэрэгжээгүй тул энэ эрх нь зөрчигдөөгүй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Д.Б-ийн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэний дараа[3] түүний өргөдлийг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт, 41 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” хэсгийг хангаж, “өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Д.Б-ийн тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэний /хэрэгжих нөхцөл бүрдсэний/ дараа түүний өргөдлийг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ


[1] Эдгээр нь хэргийн I хавтасны 11-31, 52, 56-62, 91, 97, 102-111, 132-146, 167-177 болон II хавтасны 2-5, 41 дэх талд авагдсан.

[2] Хэргийн I хавтасны 87-89 дэх талд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоол, тэмдэглэл, 121-126 дахь талд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл тус тус авагдсан.

[3] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу