Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00758

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1256 дугаар магадлалтай,

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

“К” ХХК, Ц.Т нарт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 26 000 000 төгрөгийг гаргуулах, Ц.Т, “К” ХХК-иудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.Бын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай хариуцагч “К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Тын өмгөөлөгч Б.Бий хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Ц.Гтэй харилцан тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68-1 тоот, 52.8 м.кв талбайтай, 2 өрөө байрыг барьцаалж, 22 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүүнд нь уг орон сууцыг хөлслөн сууж, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон 22 000 000 төгрөгийг бэлнээр өгч байрыг хөлсөлсөн. Зээлдэгч Ц.Г нэмж мөнгө хэрэгтэй гэхэд нь 3 000 000 төгрөгийг нэмж олгосон. Ингээд зээлдэгч Ц.Г зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлээ төлж чадахгүй болсон тул дахин 1 000 000 төгрөгийг нэмж бэлнээр авч нийт зээлийн үнийн дүн 26 000 000 төгрөг болж, зээлийг 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлөхөөр сунгалт хийсэн. Гэтэл Ц.Г 2016 онд нас барсан байдаг. Ингээд түүний ах Ц.Ттай уулзаж зээл, байрны талаар ярилцахад би энэ өртэй байрыг өвлөхгүй гэж ярьж байсан мөртлөө 2017 онд Ц.Т нь уг байрны өмчлөгчөөр тогтоогдсон байна. Өмчлөгчийн хууль ёсны үүргийнхээ дагуу зээл, байрны асуудлыг зохицуулахыг шаардахад үүргээ биелүүлэхгүй байна. Иймд байр барьцаалж зээлж авсан 26 000 000 төгрөгийг Ц.Таас гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалан зээл олгосон. Зээлдэгч Ц.Г нь барьцааны гэрээг үл хөдлөхөд бүртгүүлэхгүй, би банкнаас зээл аваад зээлийг төлнө гэж итгүүлэн “К” ХХК-иас зээл аваад алга болсон. Гэтэл Ц.Т уг байрыг хуулийн дагуу өвлөн авчихаад уг орон сууцыг зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж хуйвалдаж зээлийн гэрээгээр 85 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр 18 600 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан мэтээр дүр эсгэсэн хэлцэл хийсэн байна. Иймд Ц.Т, “К” ХХК-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ц.Таас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг талийгаач Ц.Гээс Ц.Т өвлөн авсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцнаас хангаж өгнө үү.

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх зохицуулалттай тул байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй. Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.1 дэх хэсэгт зааснаар банкны байранд хууль бусаар оршин суугаагүй, тэргүүн ээлжид байрыг худалдан авах эрх нэхэмжлэгчид байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь зөвхөн “К” ХХК, Ц.Т нарын хооронд хийгдсэн гэрээ тул Ж.Бт хамаагүй. Ц.Т нь Ж.Баас мөнгө аваагүй, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дууссан, Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн дотор нэхэмжлэлээ гаргах ёстой, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ц.Г нь “К” ХХК-иас 60 000 000 төгрөгийн зээл аваад үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан, өв нээгдсэн үед “К” ХХК Ц.Таас нэхсэн, Ц.Т барьцаалсан хөрөнгийг шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хүлээж авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцлага хүлээнэ. Ц.Г, Ж.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн шаардлага хуулийн үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг зээлдэгчид олгосноор гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Мөнгийг олгоогүй тохиолдолд гэрээ байгуулсан гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй юм. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар нотариатад гомдлын шаардлага гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш жилийн дараа Ц.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Ж.Б, Ц.Г нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч буюу Ц.Г нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгч 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой атал 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Б Ц.Г нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдохоор байна. Үүнээс үзэхэд өвлөгч буюу хариуцагч Ц.Т өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлөгчийн хүлээн авсан өв буюу эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан зүйл байхгүй байхад өвлөгч өвлүүлэгчийн зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь гүйцэтгэх нь хууль зүйн үндэслэлгүй. Ж.Б Ц.Г нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу Ц.Гийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2 дахь хэсэгт зааснаар түүнийг нас барснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

“К” ХХК Ж.Б нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т банкны эрх хүлээн авагчаас бусад этгээд банкны хөрөнгөөс үл маргах журмаар аливаа шаардлагыг хангуулах эрхгүй гэж заадаг. Банк Ц.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Ж.Бт хамаагүй, Ц.Г өмчлөгчийн хувьд хөрөнгөө барьцаалсан, өвлөж авсан хөрөнгөд ногдох үүргээ банктай хэлцэл хийж барагдуулсан, 61 400 000 төгрөгт төлбөр барагдуулах гэрээ байгуулж 18 600 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, Ц.Тт 18 600 000 төгрөгийг өгөх ёстой гэжээ.

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Тын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52.8 м.кв талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “К” ХХК-ийн нэр дээр шилжиж 000677485 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл тус орон сууцанд Ж.Б болон түүний төрөл садангийн хүмүүс хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд хэд хэдэн удаа орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу “К” ХХК өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардаж байх тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Б нь Ц.Гтэй харилцан тохиролцож Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52.8 м.кв талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалж /цаашид худалдан авах зорилгоор/ 22 000 000 төгрөгийг жилийн хугацаатайгаар зээлдүүлж, тус орон сууцанд амьдарч байсан. Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн 3 жил тасралтгүй эзэмших үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй гэж заасан. Гэтэл “К” ХХК нь уг орон сууцыг өөрийн өмчлөлд авахдаа ямар ч судалгаа тандалт хийлгүйгээр уг байрыг талийгч Ц.Гт олгосон зээлийн барьцаандаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөрийн эрх ашиг, давуу байдлыг ашиглан Ц.Тт давхардуулан зээл олгосон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар талийгч Ц.Гтэй хийсэн хэлцэлүүд нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу байрны барьцаанд Ц.Гт төлсөн 26 287 950 төгрөгийг “К” ХХК болон өв залгамжлагч Ц.Т нараас хувь тэнцүүлэн гаргаж төлсөн тохиолдолд уг байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй.

Ж.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоотод хууль бусаар оршин сууж байсан асуудал байхгүй, хуульд зааснаар тэргүүн ээлжид үргэлжлүүлэн хөлслөх, худалдан авах давуу эрхийнхээ дагуу оршин сууж байгаа ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах, өвлөгч Ц.Т нь “К” ХХК-иас зээл авахдаа барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа талаар “К” ХХК-д Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч “К” ХХК-тай хамтран хариуцах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг баримтлан Ц.Таас 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 400 000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг, Ц.Тын Ктай 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Ж.Бын эзэмшлээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 52.8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ж.Бын төлсөн 539 000 төгрөг, “К” ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Таас 250 950 /хоёр зуун тавин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ж.Бт, Ж.Баас 70 200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг гаргуулан Кны эрх хүлээн авагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1256 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Тын өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны 1256 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.  Шүүхийн шийдвэрийн ХЯНАВАЛ хэсэгт “...К Ц.Ттай 2017 оны 10 сарын 04-ны төлбөр барагдуулах гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 61 400 000/ дээрх орон сууцыг өмчлөлдөө авах зөрүү төлбөрт 18 600 000 төгрөгийг олгохоор харилцан тохиролцож 2018 оны 12 сарын 04-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.” гэж буруу дүгнэсэн байна. Ц.Т уг 18 600 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн уг хөдлөх хөрөнгийг Кинд шилжүүлэхийн тулд хийсэн гэрээ бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө Кнаас аваагүй. Уг худалдах-худалдан авах гэрээ бол БГД-ийн бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргаж өгсөн уг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь ирүүлсэн материалууд дотор байсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр уг үл хөдлөх хөрөнгийг Кинд шилжүүлж өгсөн баримт юм. Үүнийг зөрүү өгөхөөр тохирсон гэж шүүх дүгнэж байгаа нь алдаатай байна. Учир тэгж тохирсон ямар ч тохироо хийсэн баримт байхгүй байхад шүүх нотлох баримтыг тэгж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Үүнийг үндэслэн Ц.Таас 18.6 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.  Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээр дурдсан 2017 оны 11 сарын 02-ны 07 дугаартай дээрх өвлөх эрхийн гэрчилгээгээр 61 400 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Т өвлөн авсан байх боловч Ц.Т нь Кны эрх хүлээн авагчаас 18.6 сая төгрөгийн авлагатай байх тул энэхүү хэмжээгээр Ж.Бын өмнө үүрэг гүйцэтгэх нь зүйтэй” гэжээ. Иргэний хуулийн 535.1.-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж заасан. Өвлөх эрхийн гэрчилгээнд өвөлсөн эд хөрөнгийн хэмжээг 61 400 000 төгрөг гэж тодорхойлсон бол энэ л хэмжээгээр Ц.Т бусдын өмнө үүрэг хүлээх хуулийн зохицуулалттай.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна, мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс судалж шийдвэр гаргана гэсэн заалтууд зөрчигдсөн байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 арын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийн “...Ц.Таас 18 600 000 төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны 1256 дугаартай магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ц.Т, “К” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 26 000 000 төгрөгийг гаргуулах, Ц.Т, “К” ХХК-иудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “К” ХХК нь Ж.Бын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Ц.Таас 18 600 000 төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, үлдэх 7 400 000 төгрөг гаргуулах, “К” ХХК, Ц.Т нарын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн үүргийг нэхэмжлэлд заасан орон сууцнаас хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, Ж.Бын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Ц.Тын өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ц.Гтэй “Зээлийн гэрээ” байгуулж, 22 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор, зээлийн барьцаанд Ц.Гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот 52.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан “Барьцааны гэрээ” байгуулж, зээлийн хүүд тус орон сууцыг хөлслөн суухаар, “Орон сууц хөлслөх гэрээ”-г тус тус байгуулжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч Ж.Б 22 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж, орон сууцыг эзэмшиж эхэлсэн, зээлдэгч 2013 оны 09 дүгээр сарын 13-нд 3 000 000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөгийг нэмж зээлж, гэрээний хугацааг тухай бүр сунгаж байжээ.

Гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Г “К” ХХК-тай “Зээлийн гэрээ” байгуулж, 60 000 000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж авахдаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот 52.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

Зээлдэгч Ж.Ганцэцэг 2015 оны 07 дугаар сарын 25-нй өдөр нас барсан ба түүний төрсөн ах Ц.Т 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгчийн өмчлөлд байсан орон сууцыг өвлөж, тус орон сууцны өмчлөгч болсон, улмаар “К” ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Ц.Гийн банкинд төлөх зээлийн 61 400 000 төгрөгийн төлбөрт орон сууцыг “К” ХХК-д шилжүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ц.Т орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлэн өгч улмаар худалдан авагч “К” ХХК зээлийн төлбөрийн үнийн дүнгээс илүү гарсан 18 600 000 төгрөгийг Ц.Тт шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бус эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ гэж, 535 дугаар зүйлийн 535.1.-д өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Иргэн Ж.Б, Ц.Г нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч нас барсан үндэслэлээр зээлдүүлэгч нь өв залгамжлагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Харин өвлүүлэгчээс өвлөн авсан хөрөнгийн хэмжээг барьцааны орон сууцны үнийн зөрүү 18 600 000 төгрөгөөр тооцон өвлөгчийн хүлээх хариуцлагыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ц.Гтэй байгуулсан зээлийн барьцааны гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, улмаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй талаар, мөн “К” ХХК, Ц.Т нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчөөгүй үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж буй орон сууц хариуцагч “К” ХХК-ийн  өмчлөлд шилжсэн тул орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргаантай харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч Ж.Б нь зээлийн төлбөр 26 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Т болон “К” ХХК-д холбогдуулан гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх “К” ХХК-д холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул “К” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1256 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01308 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хангуулах...” гэснийг дараа “..., “К” ХХК-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.Тын өмгөөлөгч Б.Бий гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД