| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00364/и |
| Дугаар | 402 |
| Огноо | 2017-11-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- *******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- *******-т холбогдох,
хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашигт 51.772.628 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, зээлдүүлсэн 11.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс иргэн *******, ******* нартай хамтран хөрөнгө нийлүүлж, Есөнбулаг сумын Оргил багт 14 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Барилга барихад нилээн цаг хугацаа шаарддаг. Зээлийн мөнгө төлөх, барилгаа хурдан дуусгах тал дээр хамтарч ажилласан. Хөрөнгө оруулалтыг боломжтой нь гаргаж явсан. Маргааны гол шалтгаан мөнгийг захиран зарцуулах эрх нэг хүнд байсан. Ингээд барьсан орон сууц зарагдаж бид ашиг хуваахад надад харьцангуй бага хэмжээтэй ашиг өгч байсан бөгөөд сүүлийн орон сууцны үнээс огт ашиг өгөөгүй учир *******-той уулзахад би зээлтэй болохоор өгч чадахгүй гэж байснаа сүүлдээ өгөхгүй гэсэн учир эвлэрүүлэн зуучлалд хандсан. ******* эвлэрүүлэн зуучлагчид үндэслэлгүй тайлбар нэг удаа өгөөд л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй бөгөөд бид учир зүйгээ олох боломжгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Бид гурав 437.000.000 төгрөгийн хөрөнгө хувааж гаргасан. Эхлээд гарсан хөрөнгөө хувааж дараа нь орж ирсэн хөрөнгөө хуваана гэж тохиролцсон. Үлдсэн мөнгө 3 хуваагдаж очих ёстой байсан. 5 сарын үед тооцоо нийлсэн. Ингээд *******-ийн тайлбарт дурьдсанаар тооцоо хийхэд Ө.Г 165.000.000 төгрөг буюу 37.7 хувь, ******* 135.000.000 төгрөг буюу 31 хувь, миний бие 137.250.000 төгрөг буюу 31.1 хувийн хөрөнгө нийлүүлсэн байна. Нийт орон сууцыг худалдан борлуулсаны орлого нь 657.600.000 төгрөг болж улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс, нотариатын хөлс, татвар зэргийг хасахад 643.908.000 төгрөгийн орлого олсон байгаа бөгөөд хөрөнгө оруулсан хувь хэмжээгээрээ тооцож авахад ******* 242.753.316 төгрөг, ******* 170.200.000 төгрөг, ******* би 201.543.204 төгрөг авах байтал ******* 305.908.000 төгрөгийг авч 63.154.684 төгрөг илүү авсан. ******* 170.200.000 төгрөг авч 39.411.480 төгрөг дутуу, ******* би 167.800.000 төгрөгийг авч 33.743.204 төгрөг дутуу байна. Тиймээс *******-оос миний дутуу авсан 33.743.204 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо бодит байдлаар өөрийн тооцоолсоноор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж анх хөрөнгө нийлүүлсний хөрөнгийн хэмжээ нь ******* 146.400.000, ******* 135.000.000, ******* 145.000.000 төгрөг байх тул 33.743.204 төгрөгийг 51.772.628 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 374-т зааснаар оруулсан хөрөнгийг үнэн зөвөөр тооцох шаардлагатай байгаа. Хариуцагч мөнгөө үндэслэлгүйгээр ихэсгэсэн. Гэрлийн мөнгийг хариуцагч төлөөгүй, 657.600.000 төгрөгнөөс төлж байсан. Сүүлийн 2 байрны мөнгийг ******* бид 2 хувааж авах байгаад Б-ос орж ирсэн 44.000.000 төгрөгний тал мөнгийг би аваад, талыг нь *******-т өгсөн. Дараагийн байрны үнэ болох 73.000.000 төгрөг *******-ийн данс руу орсноор ******* нь ******* руу яриад *******-т өгөх гэж байна гээд мөнгийг өөртөө шилжүүлж авсан байгаа. Би Ө.Г-оос огт мөнгө зээлж байгаагүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй учраас ямар учраас яах гэж хэзээ хэрхэн мөнгө зээлсэн талаараа бичиж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад ямар мөнгө хэзээ зээлсэн талаар асуухад юу ч хэлж чадаагүй. Түүнчлэн зээл гэдэг асуудал нь үндсэн нэхэмжлэл болох хамтран ажилласан ашиг хуваах асуудалд хамаарч тооцогдох асуудал гэж үзэхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Говь-Алтай аймгийн Жинст багт 2014 оны 5 сард *******, ******* нартай хамтран 13 айлын орон сууцны барилгыг хөрөнгө оруулалтыг хамтран хийж ашгаа хуваалцахаар тохиролцон барилгын ажлыг эхлүүлсэн. Ашиг орлогыг хувиар тооцож авна гэж яриагүй. Нийт орлогоос зардлаа хасаад ашгаа авна гэж тохиролцсон. Тусгай зөвшөөрлийг би авсан. Барилга барихад заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр бариулахаар Монгол Улсын барилгын тухай хуульд заасны дагуу миний өөрийн “Хярын улаан” ХХК нь барилгын зөвшөөрөлтэй байсан учраас манай компаний нэр дээр үйл ажиллагааг эхлүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлан мэдээг барилга хот байгуулалтын яаманд гаргах, барилга угсралтын ажилтай холбоотой татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Барилга хот байгуулалтын газар зэрэгтэй холбоотой тайлан мэдээ, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэх зэрэг бүхий л ачааллыг өөрийн биеэр би үүрч ажиллаж байсан. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ хугацаанаас миний бие өглөө 07 цаг 00 минутаас 21 цаг хүртэл тасралтгүй харж зогсож барилгын ажил дуустал өөрийн ажлаа умартан цаг наргүй ажиллаж байсан. Хэрэгтэй зүйлүүдийг барилгын ажлаа тасалдуулахгүй тулд цаг хугацаанд нь авч өгч, өдрийн хэд зах явах, гадуур барилгын хүнтэй уулзах, машин техник бэлтгэх зэрэг ажлуудыг зохицуулан хийж ажилласан. Барилга барихад эрчимд тогны мөнгийг цаг тухай бүрт нь би өөрөөсөө өгдөг байсан. Нэхэмжлэгч *******-ийн тухайд өөрийн ажлаа хийгээд барилгын ажилд огт оролцоогүй явдаг байсан. Барилга барихад миний бие 172.041.691 төгрөг, ******* нь 137.250.000 төгрөг, ******* 135.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж 12 машины зогсоол бүхий 14 айлын доороо гараштай 5 давхар орон сууцны барилга нь нийт 547.891.691 төгрөгөөр боссон. Урьдчилгаанд 103.600.000 төгрөг ирснийг бид гуравын хэн ч аваагүй барилгын ажилд оруулсан. Энэ 103.600.000 төгрөгийг миний цэвэр ашиг мэтээр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод Мижээ гэдэг хүнээр 5 сая төгрөгөөр зураг гаргуулахад мөнгийг нь би шилжүүлсэн, дахин зураг гаргуулсан. ******* нь нийтдээ 96 сая төгрөг авсан, 73 метр квадрат байр авсан. Харин би бензин тосны зардлаа огт бичээгүй. Уг барилгын байр борлуулсны орлого 657.600.000 төгрөг болсон ба үүнээс үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс, нотариатын хөлс 13.692.000 төгрөгийг, барилгын нийт өртөг 547.891.691 төгрөгийг хасахад 96.016.309 төгрөгийн ашигтай байх ба нэг хүнд 32.005.436,3 төгрөг ногдохоор байна. Барилга бариулаад хажууд нь байсан хамт хөрөнгө оруулсан ******* үүнийг мэдэх болно. Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад ******* нэхэмжлэл гаргахдаа ******* бид хоёроос мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд би очоогүй биш, намайг дуудаагүй байж байгаад *******, ******* нарыг дуудсан байсан. Намайг дуудаад очиход энэ хоёр явсан байсан. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа өгсөн. тус барилгын орлогоос би 305.908.000 /урьдчилгаа 103.600.000, байр зарагдах үед 202.308.000/ төгрөг авч өөрийн 172.041.691 төгрөг, байрны урьдчилгааны 103.600.000 төгрөг нийт 275.641.691 төгрөгийг барилгад оруулж миний авсан ашиг нь 30.266.309 төгрөг болж байгаа ба илүү авсан ашиг огт байхгүй.
Харин *******-тэй хамтарч орон сууц барих явцад ******* нь мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэхээр нь тухайн үед дансанд нь хийдэг байсан. Надад буцааж өгөөгүй, барилга барих тооцоонд ороогүй, надаас зээлсэн мөнгөө барилгад оруулаагүй бөгөөд *******-т зээлсэн мөнгө 11.000.000 төгрөг болсон тул уг мөнгийг *******-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашигт 51.772.628 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-т 2014 онд зээлдүүлсэн 11.000.000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаарджээ /хх-1, 45, 70/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 05 дугаар сараас иргэн *******, ******* нартай хамтран хөрөнгө нийлүүлж, Есөнбулаг сумын Оргил багт 14 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Бид ашиг хуваахад орон сууцнуудаа зарж борлуулаад анх нийлүүлсэн хөрөнгө оруулалтаа эхний ээлжинд гаргаж, дараа нь ашгаа 3 хуваахаар тохирсон. Гэтэл надад харьцангуй бага хэмжээний ашиг ногдож, сүүлд зарагдсан орон сууцны үнээс огт ашиг өгөөгүй тул *******-ийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гаргасан тайлбарыг үндэслэн Ө.Г нь 165.000.000 төгрөг буюу 37.7 хувь, ******* нь 135.000.000 төгрөг буюу 31 хувь, миний бие 137.250.000 төгрөг буюу 31.1 хувийн хөрөнгө нийлүүлсэн. Орон сууцыг худалдан борлуулсаны нийт орлого 657.600.000 төгрөг болсноос татварт төлсөн 13.692.000 төгрөгийг хасаж тооцон 643.908.000 төгрөгийн орлогоос хөрөнгө оруулсан хувь хэмжээгээрээ тооцож авахад ******* 242.753.316 төгрөг, ******* 170.200.000 төгрөг, би 201.543.204 төгрөг авах байтал ******* 305.908.000 төгрөгийг авч 63.154.684 төгрөг илүү, ******* 170.200.000 төгрөг авч 39.411.480 төгрөг дутуу, би 167.800.000 төгрөгийг авч 33.743.204 төгрөг дутуу авсан байна. Тиймээс *******-оос дутуу авсан 33.743.204 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо бодит байдлаар өөрийн тооцоолсоноор тооцож үзэхэд анх хөрөнгө нийлүүлсний хэмжээ ******* нь 146.400.000 төгрөг, ******* нь 135.000.000 төгрөг, Б би 145.000.000 төгрөг байх тул *******-оос нийт 51.772.628 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй... гэж тайлбарлан /хх-1, 49, 50-51, 70/, Д.Б гэж гарын үсэг зурсан 2014 оны барилгын ажилд зарцуулсан хөрөнгийн тооцоо гэх 3 нүүр хүснэгт бүхий жагсаалт /хх-52-54/, тооцоо нийлсэн гарын үсэг, огноогүй 15 нүүр хүснэгтээр гаргасан жагсаалт /хх-55-69/, утсаар бичлэг хийсэн яриаг хуулсан CD 1 ширхэг зэргийг,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Говь-Алтай аймгийн Жинст багт 2014 оны 5 сард *******, ******* нартай хамтран 13 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг хамтран хийж ашгаа хуваалцахаар тохиролцон барилгын ажлыг эхлүүлсэн. Барилга барихад заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр бариулахаар Монгол Улсын барилгын тухай хуульд заасны дагуу миний өөрийн “*******” ХХК-ний нэрээр тусгай зөвшөөрөл авсан. Уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлан мэдээг барилга хот байгуулалтын яаманд гаргах, барилга угсралтын ажилтай холбоотой татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Барилга хот байгуулалтын газар зэрэгтэй холбоотой тайлан мэдээ, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэх зэрэг бүхий л ачааллыг өөрийн биеэр би үүрч ажилласан. Барилга барихад эрчимд тогны мөнгийг цаг тухай бүрт нь би өөрөөсөө өгдөг, ******* нь тээврийн зохицуулалтын даргаар ажиллаж өөрийнхөө ажлаа хийгээд барилгын ажилд огт оролцоогүй. Уг барилгыг барихад би 172.041.691 төгрөг, Д.Б нь 137.250.000 төгрөг, ******* 135.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж 12 машины зогсоол бүхий 14 айлын доороо гараштай 5 давхар орон сууцны барилга нь нийт 547.891.691 төгрөгөөр боссон. Байрны урьдчилгаанд 103.600.000 төгрөг ирснийг барилгын ажилд зарцуулсан байгааг миний авсан мөнгө мэтээр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгыг борлуулсан нийт орлого 657.600.000 төгрөг болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс, нотариатын хөлсөнд нийт 13.692.000 төгрөгийг төлөөд барилгын нийт өртөг 547.891.691 төгрөгийг хасаж 96.016.309 төгрөгийн ашигтай, нэг хүнд 32.005.436,3 төгрөг ногдохоор тооцоо гарсан. Миний авсан ашиг 30.266.309 төгрөг бөгөөд илүү авсан зүйл огт байхгүй. Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад ******* нь ******* бид хоёроос мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн байгаад одоо надаас нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж тайлбарлан /хх-26-27, 81/, барилгын материалын тооцоо гэх 7 нүүр огноо, гарын үсэггүй жагсаалт /хх-28-34/, урьдчилгааны тооцоо гэх 1 нүүр огноо, гарын үсэггүй жагсаалт /хх-35/, ******* ТӨХК Говь-Алтай салбар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, нэр гэдэгт ******* гэх 5 нүүр жагсаалт /хх-36-40/, БУ48-78/14 дугаартай 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой тусгай зөвшөөрөл гэх баримт 2 нүүр /хх-41-42/, ******* гэх нэртэй Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-92-94, 102-103/, 2014 оны барилгын ажилд зарцуулсан мөнгө 2015 оны 5 сар гэх 4 нүүр жагсаалт /хх-96-99/, урьдчилгааны тооцоо гэх огноогүй, гарын үсэггүй, 1 нүүр жагсаалт /хх-100/, цаасан дээр гараар хар, хөх, ягаан өнгийн балаар нэр үнэ бичсэн огноо, гарын үсэггүй жагсаалт 1 нүүр /хх-101/, ******* гэх нэртэй Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-104, 109/, огноо, нэргүй, төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга гэх баримт /хх-105-108/, 2015 оны 06 сарын 08-ны өдрийн огноотой, Д.Б .... дугаарын дансанд *******-оос 6.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт эх хувь /хх-110/, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн огноотой, *******-ийн 241900031894 дугаарын дансанд Ө.Г-оос 10.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт эх хувь /хх-111/, *******-ийн Нарлаг хотхоны 8-р байрны 5 тоотын 2 өрөө орон сууцны үнийн үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг иргэн ******* бэлнээр өгсөн тухай гарын үсгийн үнэн зөв нь гэрчлэгдсэн тодорхойлолт гэх баримт /хх-112/, ******* ХХК 2014-6 гэсэн огноотой кассын дэвтэр /хх-114-167/, огноогүй, 4 давхар байшингийн 2 ширхэг фото зураг /хх-193/ зэргийг тус тус нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар иргэн *******-ийн хамт Говь-Алтай аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт 14 айлын доороо гараштай 5 давхар орон сууцны барилга барихаар ярилцан, барилгын ажлын тусгай зөвшөөрлийг хариуцагч *******-ийн компани болох “*******” ХХК-ний нэрээр авах, иргэн *******-ийн эзэмшлийн газар дээр уг барилгын ажил эхлэхээр тохиролцож, улмаар 2014 оны 5 сард барилгын ажил эхэлж 2015 оны 01 дүгээр сард ашиглалтанд оруулсанаар хамтран ажиллах гэрээг талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар амаар байгуулсан байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул зохигчид хамтран ажиллах, хүн тус бүр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү хамтран ажиллаж байгаа этгээдүүдийн гол зорилго нь тодорхой үйл ажиллагааны үр дүнд зохих хэмжээний ашиг олох явдал байдаг бөгөөд зохигчид ингэж хамтран ажиллах хэлцэл хийсэн болон 14 айлын доороо гараштай 5 давхар орон сууц барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн, 657.600.000 төгрөгөөр уг орон сууцыг худалдан борлуулсан, 13.692.000 төгрөгийг татвар, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Талуудын маргаж байгаа үйл баримт нь нэхэмжлэгч өөрийн оруулсан хувь хөрөнгийг *******-ийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гаргасан тайлбараар 137.250.000 төгрөг гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тооцоолсоноор 145.000.000 төгрөг оруулсан гэж хоёр зөрүүтэй дүнгээр хөрөнгө оруулсан тул орон сууц худалдан борлуулсаны нийт орлого 657.600.000 төгрөгнөөс татварын зардал 13.692.000 төгрөгийг хасаж 201.543.204 төгрөгийг авах байтал 167.800.000 төгрөгийг авсан тул дутуу 51.772.628 төгрөгийг ашигт авна гэж, хариуцагч ******* нь барилга барихад би 172.041.691 төгрөг, ******* нь 137.250.000 төгрөг, ******* 135.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, орон сууц борлуулсан нийт орлого 657.600.000 төгрөгнөөс татварт 13.692.000 төгрөгийг төлсөн, барилга барихад гарсан нийт өртөг 547.891.691 төгрөг бөгөөд 96.016.309 төгрөгийн ашигтай, нэг хүнд 32.005.436,3 төгрөг ногдохоор, би ашигт 30.266.309 төгрөг авсан, ******* нь нийт 167.800.000 төгрөг авсан гэж маргаж байна.
Зохигчид хамтран барьсан 14 айлын, доороо гараштай 5 давхар орон сууцыг 2015 оны 1 дүгээр сард ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн талаар маргаагүй бөгөөд үүнээс хойш талууд ашиг хуваах асуудалд маргаагүй, ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй байх бөгөөд орон сууц худалдан авсан *******-ийн 73.600.000 төгрөг, Б-ийн 44.100.000 төгрөгний төлбөрүүд 2017 он гарснаар төлөгдсөн, уг төлбөрөөс хувь авна гэж маргаж, гуравдагч этгээдэд буюу *******-т холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 01 дүгээр сараас хойш хамтран ажиллах гэрээ болон ашиг орлого, хөрөнгө оруулалтын талаар маргаан гараагүй байх бөгөөд ******* гэх айлаас төлсөн 44.100.000 төгрөгнөөс нэхэмжлэгч Д.Б 24.100.000 төгрөгийг, гэрч ******* 20.000.000 төгрөгийг, ******* гэх айлаас төлсөн 73.600.000 төгрөгнөөс хариуцагч ******* 31.400.000 төгрөг, гэрч ******* 42.200.000 төгрөг тус тус авсан талаар тайлбарлаж, гэрч мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ******* дээрх төлбөрөөс өөрт ногдох хувийг авах ёстой гэж маргасан.
Хариуцагч Ө.Г-ийг нийт 305.908.000 төгрөг авсан гэж маргаж байх боловч уг төлбөрт байрны урьдчилгаа төлбөрийн 103.600.000 төгрөг орсон, уг мөнгийг барилгын ажилд зарцуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн боловч үгүйсгэсэн үндэслэлээ тайлбар, баримтаар нотлоогүйн зэрэгцээ барилгын тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан 20.000.000 төгрөг, барилгын зураг хийлгэсэн 5.500.000 төгрөг зэргийг хариуцагч хөрөнгө оруулалт оруулж тооцож байгаа нь үндэслэлгүй гэж маргасан. Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгтэй болно.
Хамтран ажиллах гэрээний үндсэн шинж нь хоёр ба түүнээс дээш этгээдүүд ашиг олох болон бусад тодорхой зорилгод хүрэхийн тулд талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээнд гурван этгээд оролцсон, оролцогч бүр ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамж буюу хөрөнгө оруулах талаар, барилгын төсөв, хамтын хувь хөрөнгөд хамтын үйл ажиллагааг хэрхэн хуваарлах болон хөрөнгө оруулах, ажил үйлчилгээг хэрхэн, хэн хариуцах талаарх тохиролцоо огт хийгдээгүй, ашиг авахаар маргаж байгаа 14 айлын, гараштай 5 давхар орон сууцны барилга барихад нийт хэдэн төгрөгний өртөг зардал гарсан талаар тооцоо нийлээгүй, өөрсдийн хөрөнгө оруулсан хувь хэмжээ, барилга хэдэн төгрөгний төсөвт өртөгөөр боссон дүн дээр маргаж, харин орон сууц худалдан борлуулсаны орлого 657.600.000 төгрөг, татвар, хураамжид төлсөн төлбөр 13.692.000 төгрөг гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн.
Гэрээний оролцогч тал өөрийн хөрөнгийг тодорхой зорилгод хүрэхийн тулд бусадтай нийлж захиран зарцуулахаар сайн дураар хураамж болгон төлж байгаа тохиолдолд уг хөрөнгө нь дундын өмчлөлийн зүйл болох нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцэхээр байна. Тиймээс ч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т ...талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасан бөгөөд гэрээнд оролцогч талууд тус бүрийнхээ оруулсан хөрөнгө оруулалтыг хэний өмчлөлд байх талаар ямар нэгэн тохиролцоо мөн хийгдээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б дээрх барилгыг барихад өөрийн оруулсан хураамж буюу хөрөнгийн хувь хэмжээг 137.250.000 төгрөг, 145.000.000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарлаж шүүх хуралдаан дээр 145.000.000 төгрөгний хөрөнгө оруулсан тул гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Д.Б нь 137.250.000 төгрөгний хөрөнгө оруулсан гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 35.988.769 төгрөг болгон багасгаж, ашиг орлогыг хуваах боломжтой талаар тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй.
Талууд олсон ашгаа хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан. 657.600.000 /нийт орлого зөвшөөрсөн/ - 13.692.000 /татвар, үйлчилгээний хөлс зөвшөөрсөн/ - гэрч ******* /135.000.000 төгрөгний хөрөнгө оруулаад/ 172.000.000 төгрөг /авсныг хүлээн зөвшөөрсөн/ – ******* 172.041.691 төгрөгний /хөрөнгө оруулаад/ 202.000.308 төгрөг /авсан дээр маргаантай/ – ******* 145.000.000, 137.250.000 төгрөгний /хөрөнгө оруулсан дээр маргаантай/ 167.800.000 төгрөг авсныг зөвшөөрсөн, барилгын нийт өртөгийг 437.250.000 төгрөг, 547.891.691 төгрөг гэж маргасан. Зохигчид ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар бичгийн гэрээ хийгдээгүй, өөрсдийн оруулсан хураамж буюу хөрөнгө оруулалтын дүн дээр тооцоо нийлээгүй, хэн алиныхаа хөрөнгө оруулсан хувь хэмжээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийн гаргасан барилгын ажлын тооцоо гэх хүснэгт бүхий ажлын жагсаалтыг нотлох баримтаар гаргасан.
Зохигчдын нотлох баримтаар гаргасан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн огноотой ******* гэж гарын үсэг зурсан тайлбар нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-4-6/, барилгын материалын тооцоо гэх 7 нүүр огноо, гарын үсэггүй жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн материалуудыг авсан талаарх орлого, зарлагын баримтгүй /хх-28-34/, урьдчилгааны тооцоо гэх 1 нүүр огноо, гарын үсэггүй жагсаалт мөн л нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-35/, ******* ТӨХК Говь-Алтай салбар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, нэр гэдэгт Хярын улаан гэх 5 нүүр жагсаалт канондсон нотлох баримтын шаардлага хангаагүй, хаяг гэдэгт хөгжил 6-4 гэж бичигдсэн /хх-36-40/, БУ48-78/14 дугаартай 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой тусгай зөвшөөрөл гэх баримт 2 нүүр канондсан нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-41-42/, ******* гэж гарын үсэг зурсан 2014 оны барилгын ажилд зарцуулсан хөрөнгийн тооцоо гэх 3 нүүр хүснэгт бүхий жагсаалт нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн барилгын материал авсан талаарх орлого, зарлагын баримтгүй, ажилчид цалин хөлсөө авсан талаарх ажилчдын гарын үсэггүй /хх-52-54/, тооцоо нийлсэн гарын үсэг, огноогүй 15 нүүр хүснэгтээр гаргасан жагсаалт мөн л нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн хэнтэй тооцоо нийлсэн болох нь тухайн бараа материалын орлого зарлагын баримтгүй /хх-55-69/, 2014 оны барилгын ажилд зарцуулсан мөнгө 2015 оны 5 сар гэх 4 нүүр жагсаалт нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-96-99/, урьдчилгааны тооцоо гэх огноогүй, гарын үсэггүй, 1 нүүр жагсаалт /хх-100/, цаасан дээр гараар хар, хөх, ягаан өнгийн балаар нэр үнэ бичсэн огноо, гарын үсэггүй жагсаалт 1 нүүр нотлох баримтын шаардлага хангаагүй /хх-101/, огноо, нэргүй, төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, хэнийх болох нь тодорхойгүй /хх-105-108/, Хярын улаан ХХК 2014-6 гэсэн огноотой кассын дэвтэр /хх-114-167/ зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл зохигчид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан боловч маргааны зүйл болох ашиг хуваах талаар тохиролцоо хийгдээгүйгээс Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцлүүлэн хуваарилахад оролцогч бүрийн хураамж буюу хөрөнгө оруулалт тодорхойгүй, өөрсдийнх тайлбараар хэлсэн дүнгээр тооцоход нөгөө тал үгүйсгэж маргаж, өөр хоорондоо тооцоо нийлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй буюу хамтран ажиллах гэрээний ашигт 51.772.628 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн үндсэлэлээ тайлбарласан Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь заалт нь хамтын үйл ажиллагааны явцад үүссэн алдагдлыг гишүүд хоорондоо хэрхэн хуваарилах асуудалд хамааралтай. Өөрөөр хэлбэл гишүүд алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй бол өөрийн оруулсан хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцах юм.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч *******-г нь барилгын ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч ******* мөнгө хэрэгтэй байна, зээлээч гэхэд дансаар шилжүүлдэг байсан. Уг мөнгийг надад буцааж өгөөгүй, барилгын тооцоо, барилгын ажилд оруулаагүй тул зээлдүүлсэн 11.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор өөрийн нэр дээрх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгийг нотлох баримтаар гаргасан /хх-92-93/.
Хаан банкинд......, ...... дугаартай дансыг нэхэмжлэгч ******* эзэмшдэг болохыг хүлээн зөвшөөрсөн, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгнүүдийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж, гэрч *******-ийн данснаас 2.200.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөгийг ажлын өрөөнд нь аваачиж өгсөн талаар хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч дээрх мөнгийг хувьдаа аваагүй, барилгын материалтай холбоотой зардалд шилжүүлж байсан гэж үгүйсгэсэн.
Хариуцагч *******-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 4 удаагийн шилжүүлгээр нэхэмжлэгч *******-ийн дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 92-93 дугаар хуудсанд авагдсан дансны хуулгаар нотлогдож байх боловч нэхэмжлэгчийн “...зээлдүүлсэн мөнгө юм бол яагаад барилгын материалын тооцоо гэх хүснэгтэд зээлдүүлсэн гэх он сартайгаа Билгээд гэж бичигдсэн...” талаарх асуултыг хариуцагч барилгын материалын бараагаа авчирч өгөөгүй гэж үгүйсгэсэн боловч нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй. Өөрөөр хэлбэл барилгын бараа материал авахаар мөнгө шилжүүлсэн боловч бараа материалаа авчирч өгөөгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Түүнчлэн хариуцагчийн нотлох баримтаар гаргасан барилгын материалын тооцоо гэх 7 нүүр хүснэгтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй боловч уг хүснэгтийн 4, 5 дахь нүүрэнд Б-д гээд 3.500.000, 1.000.000, 3.000.000 гэх тоонууд бичигдсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох шаардлага биш байх боловч хариуцагч тал 11.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлдүүлсэн болохоо 2014 оноос хойш 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлийн үүргийг шаардаагүй гэх нөхцөл байдлаа баримтаар мөн нотлоогүй тул хариуцагч Ө.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хүсэлтээр гэрчээр оролцсон *******, ******* нар нь ...14 айлын орон сууцны барилга барих ажилд хамтран оролцсон, худалдан борлуулсан байрны төлбөрүүд газрын эзэмшигч байсан *******-ийн дансаар орж ирдэг, хамтран ажиллах гэрээнд оролцсон *******, *******, ******* нарын хүсэлтээр мөнгийг тухай бүрт нь шилжүүлдэг байсан талаар, гэрч *******-ийн гэрт тооцоо нийлэхээр цуглараад тооцоо нийлээгүй болохыг, гэрчээр оролцсон *******, ******* нар нэг гэр бүлийн гишүүд болохыг тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч *******-гийн дансаар орж ирсэн орон сууцны үнэ, гэрч ******* 135.000.000 төгрөгний хөрөнгө оруулсан талаар талууд маргаагүй болно /хх-170-188, 189-192/.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан яриа хуулсан 1 ширхэг CD-нд бичигдсэн яриа нь нэхэмжлэгч өөрийнхөө утсанд бичсэн яриаг хуулсан гэж тайлбарлаж байх боловч уг бичлэгүүд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт болж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар мөн хуулийн 38.5-д заасныг зөрчсөн буюу дуу бичлэгийг хууль бус аргаар хийсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх- CD/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.763 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 190.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх ньзүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 477 дугаар зүйлийн 477.3, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-оос хамтран ажиллах гэрээний ашигт 51.772.628 /тавин нэгэн сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун хорин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ээс зээлдүүлсэн 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2 баримтаар төлсөн 574.763 /таван зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 1 баримтаар төлсөн 190.950 /нэг зуун ерөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ