| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0290/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/312 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0290/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт А-ийн .Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000352 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц овогт А-ийн Г /регистрийн дугаар:......../, ......... оны ........... дугаар сарын ...........-ний өдөр ................ аймгийн ........... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., оршин суух тодорхой хаяггүй, /...........аймгийн ........сумын ........... дугаар баг, .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед ..... аймгийн ........ сумын .... дугаар багт байрлах .... ломбардын гадна байрлуулсан иргэн Д.Г-ийн ... ДАУ улсын дугаартай Киа Бонго-III маркийн тээврийн хэрэгслийн тэвшнээс Mutlu-120 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2018000000352 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],
Эд зүйлс хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3],
Хохирогч Д.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр .. аймгийн ... сумаас .....-д ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө өөрийн хүнд даацын ачааны машиндаа 2 ширхэг шинэ аккумляторыг .......... сумын .... дугаар багт байрлах “Зиг Заг” авто засварын газраас нэг ширхгийг 425,000 төгрөгөөр бодож хоёр ширхэг аккумуляторыг 850,000 төгрөг худалдаж авсан. Худалдаж аваад .... ДАУ улсын дугаартай К.Вонго-III тээврийн хэрэгслийн ачаан дээр тавиад Дархан захын урд талын 02/4 байранд байдаг Жи-Мобайл үүрэн холбооны салбараас утас авахаар орсон. Тэгээд орж утас худалдаж авч гарч ирээд машинаа тойроод харсан чинь худалдаж авсан хоёр аккумляторын нэг нь алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн газраас үүрэг чиглэл аваад Дархан зах орчмоор явж байгаад “Ихэр Могой” худалдааны төвийн цаад талын шатан дээр өмнө нь цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байсан зах орчмоор байнга архидан согтуурдаг Г гэгч нь шинэ аккумулятор зарна гээд сууж байсан. Тэгэхээр нь хаанаас авчирсан талаар асуухад Шинэ Дарханаас дүүгийнхээс авчирсан гэж хэлэхээр нь худлаа яриад бай гэж хэлээд хоорондоо ярилцаад зогсож байтал уг аккумляторын эзэн гэх ***** гэдэг залуу ирсэн. Тэгээд миний алдсан аккумлятор мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө аккумуляторыг аваад *****ийн унаж явсан портер дээр очиход Гы авч явсан аккумулятортой ижил аккумулятор ачаан дээр нь байсан. Тэгээд Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхийг хүлээж байгаад Гг хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “... 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 120 амперын аккумлятор 2 ширхгийг зарсан. Нэг ширхэг аккумулятор 425,000 төгрөг үнэтэй.” гэх мэдүүлэг[6],
А.Г-ы мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, яллагдагчаар 08 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Дархан” зах дээр явж байхдаа 3 шил архи уусан. Тэгээд 20/4 дүгээр байрны засмал замын хоёр хажуугаар явж байтал цагаан өнгийн портер маркийн машин байхаар нь араар нь тойроод үзсэн чинь ачаан дээрээ хоёр ширхэг аккумулятор тавьсан байхаар нь нэгийг нь аваад “Ихэр могой” худалдааны төвийн хажууд байдаг шатан дээр зарах гээд сууж байтал унадаг дугуйтай цагдаа ирсэн. Удалгүй аккумуляторын эзэн бололтой нэг хүн ирээд энэ миний алдсан аккумулятор байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн нар ирсэн. Би ганцаараа хулгай хийсэн. Би тухайн үед архины мөнгө олох санаатай байсан юм.” гэх мэдүүлэг[7],
Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/4 дүгээр байрны зүүн талын засмал зам дээр байсан иргэн Д.Гийн эзэмшлийн “Киа Бонго-III” маркийн 0026 ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээрээс 120 ампер цаг аккумулятор /шинэ/ 1ш эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[8],
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Г-ий холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед ...... аймгийн ..... сумын......... дугаар багт байрлах .... ломбардын гадна байрлуулсан иргэн Д.Гийн .......... ДАУ улсын дугаартай Киа Бонго-III маркийн тээврийн хэрэгслийн тэвшнээс Mutlu-120 ампертай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч А.Г нь хохирогч Д.Г-ийн эд зүйл /аккумулятор/-ийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч. А.Г-ы хувьд анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож, хохирогчийн эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэж өгсөн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр ял шийтгэж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч А.Г-ы гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүний цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 56 цагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж шүүгдэгч А.Г-ы биеэр эдлэх ялыг 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт А-ийн Г.-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д өдөрт наймаас дээшгүй цагаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ы 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэмжээг 184 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Г-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР