| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00654/И |
| Дугаар | 676 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 676
| 2017 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 156/ШШ2017/00676 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2016/00654И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: ..............оршин суух, холбогдох, (РД: УЕ-00000000),
Нэхэмжлэгч: .............................тоотод оршин суух, Ц (СЮ-00000000)-ын нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд болон шууд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.А-тай 2003 онд танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.О, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Е нар төрсөн юм. Би багш мэргэжилтэй. Б.А нь архи ууж агсан тавьж, гэрийнхээ эд хогшлыг зарж архи уудаг байсан. Архи уухаараа намайг харддаг, зоддог байсан. Өөрийн үзэл бодлоо тулгадаг, худлаа ярьдаг, ажил хийдэггүй. Намайг согтуу үедээ хоолой боож зоддог. Б.А өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй, ажил тайван амгалан хийлгэдэггүй байсан. Би хүүхдүүдээ айдас түгшүүргүй эрүүл саруул байлгахыг хүсэж байна. Б.А нь хүүхдийн хүмүүжилд муу үлгэр дууриалал үзүүлдэг. Хичээл засаж байхад өрөөнд орж ирээд зогсдог. Намайг ална гэж дарамталдаг.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. (хх-ийн 1-3 тал),
Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Ц.Ц хоёр хүүхэд төрүүлсэн. Ц.Ц намайг байнга доромжилдог байсан. Би архи уухаараа агсан тавьж нэг удаа зодсон. 2006 онд би хадмыхаа малыг маллаж хөдөө байдаг байсан. Сүүлийн 6 жилийн хугацаанд зун хөдөө мал маллаж байсан. Ц.Ц хотод амьдардаг байсан. 2016 оны 11 сарын 27-ны өдөр архи уусан үедээ бага хүүхдээ авч эгчийндээ очсон. Тэгээд Ц.Ц ах дүү нартайгаа ирээд намайг цус нөж гартал зодсон. Тэгээд би цагдаад баригдсан юм. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Би хоёр хүүхэдтэйгээ уулзаагүй удаж байна. Иймд намайг хүүхдүүдтэй минь уулзуулж өгнө үү гэв. (хх-ийн 21-24 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Б.А-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Он, хүү Э.Е нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.О, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Е нарыг төрүүлсэн болох нь № 0059128 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, № 0000312730, № 0425307-395 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 11-10 тал) нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 7 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.А нь гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар хариуцагч Б.А-ын байнга хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Насанд хүрээгүй Э.О-гийн шүүхэд өгсөн: .... Аав Хэнтий аймагт ирснээс хойш бидэнтэй хамт амьдрахгүй 1 жил болж байна. ...аав дандаа архи уудаг...нэг архи уухаараа дахин дахин уудаг.... архи уусан үедээ намайг нэг удаа зодсон....ээжийг маань ажилдаа явах боломжгүй болтол нь хамаг бие нь хөх няц болтол зодсон. Ээжийг маань жирэмсэн байх үед бас зодож байсан...гэрийхээ эд хогшлыг зарж архи уудаг....согтуу үедээ дүүг хоёр удаа авч явна гэж зугтааж байсан....би ээжтэйгээ хамт байна гэсэн тайлбар. (хх-ийн 44-45 тал)
2. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б Б нарын Ц.Ц-ын нөхцөл байдалд үнэлгээ хийсэн тэмдэглэл. (хх-ийн 36-37 тал)
3. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшингийн үнэлгээ. (хх-ийн 38-40 тал)
4. Хэнтий аймгийн цагдаагийн газрын ажилтан Г.Х-н аюулын зэргийн
үнэлгээний маягтын хуулбар (хх-ийн 42-43 тал)
5. Хариуцагч Б.Аын талаарх цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдлын
баримт (хх-ийн 26-34 тал)
6. Нэхэмжлэгч Ц.Ц-ын шүүхэд болон шууд хуралдаанд гаргасан: Миний бие Б.А-тай 2003 онд танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.О, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Е нар төрсөн юм. Би багш мэргэжилтэй. Б.А нь архи ууж агсам тавьж, гэрийнхээ эд хогшлыг зарж архи уудаг байсан. Архи уухаараа намайг харддаг, зоддог байсан. Өөрийн үзэл бодлоо тулгадаг, худлаа ярьдаг, ажил хийдэггүй. Намайг согтуу үедээ хоолой боож зоддог. Б.А өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөггүй, ажил тайван амгалан хийлгэдэггүй байсан. Би хүүхдүүдээ айдас түгшүүргүй эрүүл саруул байлгахыг хүсэж байна. Б.А нь хүүхдийн хүмүүжилд муу үлгэр дууриалал үзүүлдэг. Хичээл засаж байхад өрөөнд орж ирээд зогсдог. Намайг ална гэж дарамталдаг. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн тайлбар. (хх-ийн 1-3 тал)... зэрэг болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэлт цуцлах үед хоёр хүүгээ хэнийхээ амрамжинд үлдээх талаар харилцан тохиролцоогүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү Э.Огийн санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Бага хүү Э.Е нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 1 нас, 5 сар, 17 хоногтой, хүү Э.О нь 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 13 нас, 4 сар, 18 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 9-10 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг дарга Ө.Ө-ийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор, (хх-ийн 7 тал) насанд хүрээгүй Э.О-гийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. (хх-ийн 44-45 тал)
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Э.О, хүү Э.Е нарыг эх Ц.Ц-ын асрамжинд үлдээхээр тогтов.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-ын эцэг байх эрхийг хязгаарлуулах, насанд хүрээгүй Э.Е хүүхдийн мөнгө авдаг дэвтрийн эзэмшигчийн нэрийг солиулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргажээ.
Хариуцагч нь хүүхдийг орон сууц, хувцас хоол, ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь энэ талаарх баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хариуцагч Б.А-ын эцэг байх эрхийг хязгаарлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгч нь насанд хүрээгүй Э.Е хүүхдийн мөнгө авдаг дэвтрийн эзэмшигчийн нэр солиулах хүсэлтийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Зохигчид тухайн банкинд өөрсдийн биеэр очиж хүсэлтээ гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мундас овогт Ц.Ц, хариуцагч Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2004 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.О, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Енарыг эх Ц.Ц-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.А-аас хүү Э.О, Э.Е нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Аын эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай хүсэлт, насанд хүрээгүй А.Энх-Ертөнцийн хүүхдийн мөнгө авдаг дэвтрийн эзэмшигчийн нэр солиулах нэхэмжлэгчийн хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Э.О, Э.Енарыг эцэг Б.А-тай уулзуулж байхыг эх Ц.Ц-д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.М-т даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ