Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 697

 

 2017 оны 12 сарын 11 өдөр

   Дугаар 156/ШШ2017/00697

                Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00656/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: .........................тоотод оршин суух, Г.М холбогдох,

Нэхэмжлэгч: ........................... оршин суух, Б.С нэхэмжлэлтэй,          

"хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.М 2010 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 сарын 11-ний өдөр хүү  Т төрсөн юм. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсөн бойжиж байна. Одоо Г.М тусдаа амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. (хх-ийн 1 тал),

 Хариуцагч Г.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.С-тай 2010 онд танилцаж, хамт амьдарч байсан. Бидний дундаас Т хүү төрсөн юм. Т хүүг өөрийн хүүхэд гэдэгт маргах зүйлгүй. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. 2018 оны 05 дугаар сарын 01-өдрөөс тэтгэлэг төлөх саналтай байна гэжээ. (хх-ийн 21 тал)

Хариуцагч Г.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: би анхан шатны шүүхэд өөрийн биеэр болон өмгөөлөгч оролцуулах боломжгүй болохыг тайлбарлав. Хуралд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 23 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г.М-ээс хүү Т тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г.М-тэй 2010 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү Т төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 21 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Зохигчид нь 2011 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Т нь төрсөн цагаасаа хойш эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн зохигчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Т эх Б.С-ын асрамжид үлдээхээр шийдэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар: Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасан байх тул нэхэмжлэгч Б.С нь хүү Т эцэг Г.М-тэй уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг Г.М нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Г.М-ээс тэтгэлэг гаргуулж хүү Төгсбилэгтэд олгохоор тогтов.

Хариуцагч нь энэ талаар маргаангүй болно.

Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 135.2.8-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Тг эх Б.С-ын асрамжинд үлдээсүгэй.                                                                                                                                      

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.М-ээс сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Төгсбилэгтэд олгосугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.С-т даалгасугай.                          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.М-ээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгосугай.           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ