Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 243

 

105/2019/0105/Э

 

 

 

 

 

 

 

 

Б.Н холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Н холбогдох эрүүгийн 1806087892049 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б Н, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр .................. хотод төрсөн, .. настай, ............., б................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;

 

Б.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 18 тоотод хохирогч Г.Цолмонг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-ийн Н-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд зан үйлээ засах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг” хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл шүүгдэгч Б.Н хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн боловч тухайн хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний 119 дугаартай дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н  тус шүүх хуралдаанд: “...Тайлбаргүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н ийн өмгөөлөгч Н.Дашдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй. Анх хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Н ийн мэдүүлгээр “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах магадлалтай байна” гэсэн хүсэлт гаргаж, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулсан...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 18 тоот гэртээ эхнэр Г.Цолмонг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Н ийн “...Манай эхнэр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би эхнэрээс “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гэхэд эхнэр ууртай “миний хаачих чамд ямар хамаатай юм бэ” гэж юу ч болоогүй юм шиг тоохгүй намайг цохиж аваад байхаар нь би ... өмссөн хувцсыг нь хараад шууд шоконд орсон. Тэгээд л юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд цагдаа намайг гавлаж байхад ухаан орсон ... Би яг ямар байдлаар цохиж гэмтэл учруулснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

хохирогч Г.Цолмонгийн “...Би гэртээ орой 22 цагийн үед ирсэн. Тэгтэл нөхөр “чи хаачаад ирэв, нөгөө хүнтэйгээ уулзчихаад ирэв үү” гэж асуухаар нь “би чамд ямар хамаатай юм бэ” гэж нөхрийгөө цохиод авсан. Тэгтэл Нэмэхгэрэл миний гадуур хувцсыг тайлаад коридорт намайг нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Миний толгой түрүү, таарсан газар руугаа цохиж байсан. Би тухайн үед маш их орилсон, намайг цохисон байдал хэр хугацаанд үргэлжилснийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 5-6/,

насанд хүрээгүй гэрч Б.Учралын “...аав Нэмэхгэрэл надаас “ээжийнхээ фэйсбүүк хаягийг хэлчих” гэж хэлэхээр нь би ээжийг фэйсбүүк хаягийнх нь кодыг хэлж өгсөн. Тэгээд орой ээж гэртээ ирээд аав, ээж хоёр орилолдоод муудалцаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Цолмонгийн биед баруун зулай ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн, нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, эрүү, зүүн хөх, зүүн мөр, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13095 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 8/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Н  нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна...” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 28-30/ зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Н ийн “...Өмссөн хувцсыг нь хараад шууд шоконд орсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд цагдаа намайг гавлаж байхад ухаан орсон ... Би яг ямар байдлаар цохиж гэмтэл учруулснаа мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн /хх 25-26/, хохирогч Г.Цолмонгийн “...Нэмэхгэрэл өмнө нь намайг зодож байгаагүй ... Нэмэхгэрэл нь архийг тааруулж хэрэглэдэг, уг нь төлөв даруу, намайг дагаж ирсэн 9 настай хүүг минь эцгийн хайраар хайрлаж халамжилдаг дагавар хүүхэд гэж бодон ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй ...Ингэж уурладаг хүн биш...” гэж мэдүүлсэн /хх 5-6/ мэдүүлгүүдээс дүгнэхэд, Б.Н  нь эхнэр Г.Цолмонгийн худал хэлж бусадтай эр, эмийн харилцаанд орсныг нь мэдсэн, тухайн үед хэт задгай дотуур хувцас өмссөн байсныг нь хараад сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх боломжтой байх тул Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Н  нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна...” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Иймд шүүгдэгч Б.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарчээ.

 

            Анхан шатны шүүх Б.Н ийн гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...Зан үйлээ засах сургалтад хамрагдах...” үүрэг хүлээлгэхээр заасан байхад анхан шатны шүүх Б.Н “зан үйлээ засах” гэсэн хуульд заагаагүй үүргийг хүлээлгэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

 

            Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хэрхэх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх...” гэсэн хуулийн шаардлагад нийцэх тул прокурорын бичсэн “...хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд зан үйлээ засах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсүгэй...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсэгт “...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх, прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Н мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ