Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0486

 

Т.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээд О.У хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.А нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1348а тоотын газрыг 2003 онд барилгын хог болон ахуйн хог, үнс хаясан байхад нь өөрсдийн хөрөнгөөр, хүүхдийн хамт цэвэрлэж, 2003 оноос уг газраа гэр барин амьдарч эхэлсэн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэн гэж үзэж байна. Т.А нь тухайн үед газар дээрээ хашаа барих боломжгүй байсан тул 2007 оноос айл буулган түрээслүүлж байсан бөгөөд энэ талаар хорооны иргэд бүгд мэднэ. Уг газартаа хаяг авах гэхэд төлөвлөлтөд ороогүй байгаа. орохоор нь олгоно гэсэн тул “задгай” гэсэн хаяг олгосон. Дараа нь уг газар нь төлөвлөлтөд орсон тул 28-1348а гэсэн хаягийг олгосон. Газрын алба танайх олон жил амьдарсан уг газрыг өмчилж авах эрхтэй гэж байсан боловч 2010 оны 01 дүгээр сарын 02-нд хүсэлт гаргахад газрын албаны ажилтан Б.О хашаагаа хатгасны дараа шийдвэрлэж өгье гээд өргөдлийг хүлээж авалгүй буцаасан. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 01-нд Гэрэл ХХК-иар кадастрын зураг хийлгэж, 2011 онд газраа тойруулан хашаа хатгаж, дахин өргөдөл гаргахад манай өргөдөл гаргасан газрын тал нь О.У-ийн газартай давхацсан гэдэг үндэслэлээр буцаасан атлаа газар дээрээ амьдарч байгаагүй. хог цэвэрлэхэд оролцож байгаагүй О.У-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэнд гомдолтой байна. О.У-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх, ‘Газар эзэмших. ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-д “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д “хээрийн судалгаа хийх” ёстой байсан боловч хууль, дүрэм зөрчсөний улмаас О.Ундармаа 2012 онд өргөдөл гаргасан байхад тухайн газар дээр 2003 оноос хойш амьдарсан Т.Амгаланбаяр газраа эзэмшиж чадахгүй байна. Уг газар дээр хэн нь түрүүлж газрыг эзэмшиж, амьдарч байсан гэдгийг гэрчүүд хангалттай нотлох бөгөөд сансрын зургаас ч тодорхой харагдана. Хаягжилтын хувьд Т.А-ынх Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1348а тоот гэж байгаа боловч зэргэлдээ О.У-ийнх 28-1381 тоот гэж дараалсан бус зөрүүтэй хаяглагдсан. 1348а тоотын хажууд 1381 гэсэн тоот байх боломжгүй, 1381 тоот хаягийг өөр газарт олгосон талаар Д.Б гэрчийн мэдүүлэг өгсөн.

Тухайн үед газар эзэмшүүлэхдээ хууль, журмын дагуу газар дээр нь очиж үзсэн бол О.У-д газар эзэмшүүлэхгүй, маргаан гарахгүй байх байсан. Иймд Газрын тухай хууль, журмыг зөрчиж Баянгол дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн, дээрх хууль зөрчиж гарсан шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан тул хууль бус болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэн О.У-ийн гаргасан нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг өргөдөл зэргийг үндэслэн Газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орж, шинээр баталгаажуулах саналтайгаар тухайн газрын эрхийг хэлэлцэн дэмжигдэж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1381 тоот амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг О.У-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газар эзэмших эрх нь айл бууж, хашаа барьснаар тогтоогдохгүй бөгөөд гагцхүү эрх бүхий байгууллагын газар эзэмшүүлсэн шийдвэр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тогтоогдоно. О.У-ийн газар эзэмших хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1,3-д зааснаар бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан тул дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

 

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Д.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамж, 1381 тоот хашааны 700 м.кв газрыг анх Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар О.У-д эзэмшүүлсэн байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж газар өмчлөх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/360 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлсэн бөгөөд иргэнд өмчлүүлсэн газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог тул Т.А-рын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд О.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Ундармаа миний бие Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1381 тоотод оршин суудаг бөгөөд уг газрыг 2009 онд 9 дүгээр хороо байхад хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч нарыг дагуулан явж, ямар ч хүн эзэмшиж аваагүй, хоосон газрыг заалгаж авсан бөгөөд тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул газраа хүрээлүүлэн дугуй суулган хамгаалж, эргэж тойрч байсан. Улмаар газар дээр кадастрын зураг хийлгэн, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газраа эзэмших хүсэлт гаргасан боловч уг газар нь 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр буцаасан.

2012 онд дахин өргөдлөө өгч, газар дээрээ хашаа татах гэсэн боловч миний кадастрын зураг н.Б-ын кадастрын зурагтай давхацсан, н.Б нь уг газрыг хэд хоногийн өмнө тэгшлүүлсэн байсан. Улмаар газрын алба маргаантай байгаа тул газар олгохгүй гэхээр нь н.Б-тай харилцан тохиролцож, 350000 төгрөг өгөөд маргаангүй болж, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамж гарч 700 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан. 2013 онд газраа өмчилж авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх шийдвэр гарсан.

2012 оны 05 дугаар сард хашаа барьж байхад Т.А-ын эхнэр Т.Ч ирж хэл амаар дайрч, доромжлон миний өмчилсөн газар луу түрж орон хашаа татаж, түрээсийн айл буулгасан. Миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлөөгүй тул Газрын албанд хандахад 2013 оны 06 дугаар сард Т.Чимгээд шаардах хуудас хүргүүлсэн боловч чөлөөлж өгөөгүй. Т.А нь уг газар дээрээ 2003 оноос хойш хогийг нь цэвэрлэн амьдарч байсан, газар эзэмших хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд амьдарч байгаагүй болох нь зураг дээрээс харагддаг. Үнэхээр 2003 оноос хойш амьдарсан бол

 

газраа эзэмших боломжтой байсан. Мөн Газрын албанд хандсан бол албан ёсоор бичгээр хариу мэдэгдэх ёстой. Энэ талаар баримт байхгүй, эзэмшигч болохыг нотолсон баримт байхгүй. Анх уг газар нь маш их хогтой газар байсныг цэвэрлэж, тэгшлүүлэн хашаагаа барьж, 8x7 хэмжээтэй байшин барьж, одоо амьдарч байна. Т.А нь газрын асуудлаар надтай огт уулзаж байгаагүй. Дан гэрчийн мэдүүлгээр эзэмшигч гэдгийг тогтоох боломжгүй, тэгээд ч гэрийн мэдүүлэг өгсөн хүмүүс нь бүгд Т.Ч-ийн найз, нөхөд, таньдаг хүмүүс нь юм. Миний хууль ёсоор өмчилж авсан газарт халдаж байгаа Т.А-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, миний эзэмшлийн газарт түрж орсон хашааг буулган, миний эрхийг хамгаалж, өмчлөлийн газрыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны шүүхийн 09 дүгээр сарын 23-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1,21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ын гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/360 дугаар захирамжуудын О.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, миний хууль ёсоор эзэмшиж байсан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28- 1348а тоотод байрлах газрыг эзэмшүүлж өгөхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Т.А би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1348а тоотын газрыг 2003 онд барилгын хог болон ахуйн хог, үнс хаясан байхад нь өөрсдийн хөрөнгөөр, хүүхдүүдийн хамт цэвэрлэж, 2003 оноос уг газраа гэр барин амьдарч эхэлсэн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэн байсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн амьд гэрчүүд бүгд миний энэ байдлыг гэрчилсэн байхад шүүх анхаарч үзсэнгүй. Гэтэл О.У-ийнх уг газар дээр 2 тал хашаа 2013 оны хавар барьж, наадмын 2, 3 хоног өдөр шөнөгүй, битүү бүхээгтэй машинаар барилгын материал зөөж, байшин барьсан бөгөөд үүнийг хавтаст хэрэгт байх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно.

Мөн геодези зураг зүйн газраас ирүүлсэн түүхчилсэн сансрын зургаар манайхаас сүүлд хашаа барьсан нь нотлогдоно. Газар дээр нь очиж үзвэл н.У-ийнх манай нэг тал хашаа, горькийн 28-1340 тоотын нэг тал хашааг ашиглан 2 тал хашаа барьсан байдаг юмаа. Хашаагаа барих үедээ кадастр хийлгээгүй байсан. Бүр О.У нь хүний газар дээр ирж буусан ба урьд нь н.Д хэмээх ядарсан айл амьдарч байсан юм. Уг газартаа горькийн 28-13496 тоот хаяг аван одоог хүртэл албан ёсоор бүртгэлтэй байдаг ба зөвшөөрлөө нэгдсэн журмаар хөөцөлдөнө гээд авч чадаагүй байсан юм. Уг хүмүүс шүүхэд гуравдагч этгээдээр оролцуулж өгөөч гэхэд шүүх оролцуулаагүй юм Дэлгэрцогт гэдэг айл амьдарч байсныг бас бүх гэрчүүд нотолсон байдаг. Энэ н.Д-ын газрыг Бадамханд тэгшилж өөрөө авахаар хөөцөлдөж байсан ба н.У, н.Б 2-ын тохиролцсон талаарх баримт хэрэгт байдаг

Мөн манайх О.У-аас түрүүлж БГД, 21 дүгээр хороо, Горькийн 28- 1348а гэсэн хаягийг авсан ба харин О.У нь бүр сүүлд өөр газар үзүүлж байгаад Горькийн 28-1381 тоот хаяг авсан байдгийг гэрч Д.Б нотолсон байдаг Өөрөөр хэлбэл Горькийн 28-1381 тоот хаягийг өөр газарт олгосон талаар Д.Б мэдүүлдэг.

2010 оны 01 дүгээр сарын 02-нд газраа эзэмших хүсэлтийг Баянгол дүүргийн газрын албанд гаргаж байсан бөгөөд газрын албаны ажилтан Б.О хашаагаа хатгасны дараа шийдвэрлэж өгье гээд өргөдлийг хүлээж авалгүй буцаасан. Ингэж надад олгоогүй хэр нь газар дээрээ амьдарч байгаагүй, одоо ч амьдардаггүй, хог цэвэрлэхэд оролцож байгаагүй О.У-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэнд туйлын гомдолтой байна.

Баянгол дүүргийн газрын албаныхан О.У-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна”, Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-д “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д “хээрийн судалгаа хийх” гэж зааснаар газар дээр очоод үзсэн бол манайхыг давхацсан байхыг мэдэх боломжтой байсан. Ингэж газрын тухай хууль дүрмийг зөрчин О.У-д олгосон байдаг юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 426 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж Т.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч гомдолдоо “ ...Т.А би Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1348а тоотын газрыг 2003 онд барилгын хог болон ахуйн хог, үнс хаясан байхад нь өөрсдийн хөрөнгөөр, хүүхдүүдийн хамт цэвэрлэж, 2003 оноос уг газарт гэр барин амьдарч эхэлсэн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэн байсан гэж үзэж байна...” гэжээ.

 

 

 

Газар бол төрийн өмч бөгөөд Иргэний хуулиар эзэмших эрх үүсдэггүй, харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.", 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасны дагуу газар эзэмших эрх нь үүсэх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан тул нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй байна.

Мөн гомдолд “...2010 оны 01 дүгээр сарын 02-нд газраа эзэмших хүсэлтийг Баянгол дүүргийн газрын албанд гаргаж байсан ...Баянгол дүүргийн газрын албаныхан

О.У-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна.”, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх” гэж зааснаар газар дээр очоод үзсэн бол манайхыг давхацсан байхыг мэдэх боломжтой байсан.” гэжээ.

Нэхэмжлэгч Т.А нь 2013 оноос өмнө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ... гаргана.” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагүй болох нь Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 459 дүгээр албан бичиг, хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй талаар холбогдох байгууллага, эсхүл шүүхэд хандаж байгаагүй байдал зэргээр тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд гуравдагч этгээд О.У-г 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргах үед нь тухайн газрыг хэн нэгэн этгээд хууль ёсоор эзэмшээгүй, эзэмшихээр өргөдөл гаргаагүй байсан байх тул хариуцагч нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/360 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...манайх тухайн газрын ойролцоо Горькийн 28-1335 а тоот хашааны газрыг эзэмшин амьдардаг, хүүхдүүд том болж байгаа учраас

 

алсдаа хэрэгтэй гэж тэр газрын хогийг цэвэрлэн эзэмшиж байсан” гэх тайлбар, мөн нэхэмжлэгчийн гомдолд "... тухайн газар н.Д, н.Бын гэх айлууд амьдарч байсан” тухай дурдсанаас үзэхэд маргаж буй газар дээр 2003 оноос хойш тасралтгүй гэр барин амьдарч байсан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд дээрх Засаг даргын захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.