Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2390

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Д” ХХК,

Хариуцагч Б.Т-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч Б.Той 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Т нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй.

Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 328 952 төгрөг, хүү 613 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 114 төгрөг, нийт 995 400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Манай байгууллага 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож, нийт 8 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийт 433 хоногийн хүү 2 866 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577 189 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Д” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байгуулсан талаар маргахгүй. Зээлийн гэрээний хугацаанд нийт 995 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр миний өмчийн барилгын урд талын барилгад гал гарч өмчийн ихэнх хэсэг нь шатаж, нуранги үүссэний улмаас үлэмж их хэмжээний хохиролд орж төлбөр төлөх чадваргүй болсон. Энэ талаар тус байгууллагын захирал болон эдийн засагч нарт мэдэгдэж байсан.

“Д” ХХК нь үндэслэлгүйгээр 8 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцооллоор үндсэн зээл 3 671 048 төгрөг үлдсэн. Энэ үнийн дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолж бодох ёстой. Мөн гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн хүнд байдалд орсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Тоос зээлийн гэрээний үүрэгт 5 712 150.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 287 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Тоос тэмдэгтийн хураамж 106 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй болон явцын төлбөр тооцооны талаар нэг ч баримт шүүхэд ирүүлээгүй, нэг хуудас баримтад зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг хариуцагч Б.Тоос гаргуулан өгнө үү гэсэн төдийд хэрэг үүсгэж ажиллах нь нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан, хэт ялгавартай хэрэг тул шүүх хуулийг дээдлэн, эрх тэгш хандах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуулийн хүрээнд хангуулж ажиллана уу.

2017 оны 04 дүгээр capын 13-ны өдрийн 16 цагаас 18 цагын хооронд Б.Т миний өмчийн СХД-ийн 14 дүгээр хороо, 9 давхар орон сууцны өмнө талд байрлах 3 давхар барилгад гал түймэр гарч, 3 давхрын ихэнх хэсэг ба 2 дугаар давхрын ихэнх хэсэг бүрмөсөн, 1 дүгээр давхрын тэн хагас, подвалийн хэсгүүд нь шатаж, нуранги үүссэний улмаас үлэмж их хохирол гарч, цаашид зарим хэсэг нь нурах, хажуугаар байгаа явган хүний зам 1 метрт баруун ар талд нь орон сууцны арк 7-8 метр зайд байдаг тул хүний амь нас эрсдэх аюултай болж, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай болсноор төлбөрийн чадваргүй болсон. Энэ талаар “Д” ХХК-ийн зээлийн эдийн засагч болон захиралд нь мэдэгдсэн болно.

Шүүх хариу тайлбар болон холбогдох хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасныг болон 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зөрүү, ББСБ-ууд залилан мэхэлж, шүүхийн шийдвэр гаргуулдаг гэдгийг баримтаар нотолж, өмнө нь 995 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн төлбөрт 3 671 048 төгрөг үлдсэн, энэ дүнгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодох ёстой.

Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн хүнд байдалд орсон нөхцөл байдлыг харгалзан хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар хөнгөлж өгнө үү гэж хүсэлт гаргасныг шүүх шийдвэрт дурдсаныг тодотгон, доорх байдлаар төлбөрийн чадваргүй байдалд хүрсэн тайлбар болон холбогдох баримтуудыг тус шүүхэд гаргаж өгснийг зориуд тэмдэглэж байна.

Мөн шинэ нөхцөл байдлууд үүсч, бүрдүүлбэр хангахгүйгээр шүүх хурал хийж байгаатай холбогдуулан дээрх гал түймрийн улмаас миний төлбөрийн чадвар алдсаныг нотлох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэрээр миний бие 27 000 000 төгрөгийг “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-д төлж чадаагүй байгаа бодит байдал, HUMMER Н-3 маркийн УББ 4770 улсын дугаартай автомашинаа “Ёонже байгаль” ГҮТББ-тай байгуулсан гэрээгээр 2018 оны 03 дугаар сарын 20-24, мөн оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд аяллын захиалгат тээврийн үйлчилгээ үзүүлж 2000-2400 ам.долларын орлого олохоор хийсэн гэрээ зэргийг харгалзан зээл болон хүү, алданги төлөх хугацааг 6 сараар түдгэлзүүлэх буюу эсвэл үндсэн зээлийг 100 хувиар төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэх шаардлага зайлшгүй байгаа. Өөрөөр хэлбэл би өмнө нь 1 000 000 гаруй төгрөг төлсөн байхад одоо хүү, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлээс давж байгааг тодруулан, бүрдүүлбэр хангуулахыг 2 удаа бичгээр хүссэн боловч шүүх бүрдүүлбэр хангахгүйгээр шүүх хуралдааныг өдрөөр хойшлуулахдаа нэхэмжлэгч талын буруу мэдүүлсэн зөрүүтэй нэхэмжлэлийг дутуу залруулсан.

Иймд шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар тооцох бололцоо байсан ч хэрэглээгүй, миний эдийн засгийн хямралын байдал болон надад учирсан хохирлыг харгалзан, нэхэмжлэгчийн хохирол хүлээгээгүй, хийсвэр орлогоос нь боломжтой хэмжээнд эрсдэл тооцож, шударга ёсны зарчмыг ханган, асуудлыг зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаж, төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийг үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулна гэснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ үндсэн зээлийн төлбөрийг төлнө, харин миний эд хөрөнгөд гал түймрийн улмаас хохирол учирсныг харгалзан хүүгийн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 00000023 тоот зээлийн гэрээ, /хх 5-6/ Ф/00000023 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, /хх 3-4/ зээлийн дансны хуулга, /хх 20/ нэхэмжлэгч байгууллагын 9015003127 дугаарт бүртгэлтэй Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх 7/ энэхүү гэрээ байгуулагдсаныг хариуцагч үгүйсгээгүй, зээлдүүлэгчээс зээлийг шилжүүлснийг үндэслэн зээлдэгч төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн ба анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч нь үндсэн зээлд 328 952 төгрөг, хүү 613 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53 114 төгрөг, нийт 955 400 төгрөг төлсөн, 3 671 048 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, хүү, нэмэгдүүлсэн хүүг уг үлдэгдлээс тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан бөгөөд гэрээний 2.1.3, 2.4 дэх заалтаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул хууль болон гэрээний дагуу зээлийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгч “Д” ХХК-д үүссэн байна.

Иймд анхан шатны шүүх 3 671 048 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сар, 8 хоногийн хугацааны зээлийн хүү 1 700 918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340 183 төгрөгийг тооцож, үндсэн зээлийн хамт нийт 5 712 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 2 287 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

Хариуцагч Б.Т нь гал түймрийн улмаас эд хөрөнгөд хохирол учирч,  зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг зээлдүүлэгч ББСБ-д мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгэсэн, талуудын харилцан тохиролцож тогтоосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байдал тогтоогдоогүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасган тогтоох хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу биш байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ