Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 100

 

“Ж Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлгч М.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаар магадлалтай, “Ж Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У, Ц.А нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У, Ц.А нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001... тоот актын 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,454,500 төгрөгийн төлбөрөөс 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 45,454,500 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 83 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ. 

Нэхэмжлэгч “Ж Ц” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001... тоот актын 454 545 400 төгрөгийг зөрчилд ногдуулан 45 454 000 төгрөгийн нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нийцүүлж өршөөлд хамруулаагүй, хуулийг хэрэглээгүй, хэрэглэх боломжтой байтал хэрэглэлгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Мөн хуулийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан. Дээрх хуулийн үйлчлэлд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001... тоот акт бүхэлдээ хамаарч байхад шүүх зөвхөн “торгууль, алданги нь хамаарна” гэж ойлголтоор үнэлж, дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хуулийн ерөнхий зохицуулах харилцаанд энэ акт бүхэлдээ хамаарч, өршөөлд хамрагдах болохыг тодорхой тусгасан байна. Цаг хугацааны хувьд ч дээрх хуулийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд ...нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй болохыг тайлбарлаж, нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд түүнийг хангасан атлаа, тухайн компаниас бидний шаардсан нотлох баримтуудыг гаргуулан авалгүйгээр шүүх шийдэж шийдвэрээ гаргасан, энэ нь шүүхээс “нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан баримтуудыг “А” компаниас шаардсан албан бичгээр нотлогддог.

Түүнчлэн “...“Д” ХХК нь “Ж Ц” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь байна...” гэж дүгнээд байгааг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан баримтуудыг шаардсан газраас нь гаргуулан аваагүй атлаа, тогтоогдсон, нотлогдсон гээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэж мөн л процессын зөрчил гаргажээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт авагдаж, дүгнэлт хийх ёстой нотлох баримтуудыг авч хэргийг шийдвэрлэх нь энэ маргааныг нэг мөр шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан  бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан журмын дагуу бичээгүй тул байх тул шийдвэр,  магадлалын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “хий бичдэг” гэх асуудалд “Д”, “Х”, “Ж” ХХК-ийн захирал Г.Ж-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан, Татварын албанаас эдгээр компанийн бичсэн “хий бичилттэй” гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд холбогдох аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 010079... дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд холбогдуулан “Ж Ц” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчлэн шалгахад тус компани нь “Д” ХХК-иас 454 545 454 төгрөгийн үнэ бүхий материалыг худалдан аваагүй, 45 454 545 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй атлаа уг “хий бичилттэй” падааныг 2012 оны 4 дүгээр сарын “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-даа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан болох нь тогтоогджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, гэж заасан тул “төлөөгүй татвар”-т холбогдох 454 545 454 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001... дугаар акт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасанд нийцсэн байна.

Түүнчлэн татвар төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй, нэхэмжлэгч “Ж Ц” ХХК нь 2012 оны 010079... дугаар падаанд бичигдсэнээр “нэмэгдсэн өртгийн албан татвар”-т 45 454 545 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй, татварын улсын байцаагч нараас зөвхөн уг падаанд холбогдуулан хэсэгчилсэн шалгалт хийсэн учир нэхэмжлэгчийн “...шүүх төлбөрийн нэхэмжлэл, худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйлгээ гарсныг нотлох дансны бичилт, бүртгэл, санхүүгийн баримтыг “А” компаниас шаардан гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, татвар төлөх нь “үүрэг”, үүргээ биелүүлээгүй татвар төлөгчөөр төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж буй нь “хариуцлага” биш тул нөхөн төлүүлэх татвараас уг хуулийн дагуу өршөөгдөх үндэслэлгүй болно.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нотлох баримт цуглуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хууль бус” гэж маргаж хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, төлүүлэхээр тогтоосон “торгууль, алданги”-ийг өршөөх байтал, “хүчингүй” болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байдлаар шийдвэр гаргасан нь буруу тул шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Ц” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У, Ц.А нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001... дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрөөс 13 636 400 төгрөгийн торгууль, 13 029 600 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ