| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00607/И |
| Дугаар | 689 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 689
| 2017 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2017/00689 | Хэнтий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00607/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч:............................... Б.Э холбогдох,
М-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“бусдад учруулсан гэм хорын хохирлын 1 402 800 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч МХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: МХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын №1400100323 тоот гэрээт даатгуулагч С.Э нь 84-94 УНЕ улсын дугаартай Nissan X-Trall маркийн автомашиныг 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аврага” тосон рашаан сувиллын төвөөс урагш 3 км-ын зайтай замд жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед улсын дугааргүй, “Кенгтон” маркийн хар өнгийн мотоциклийн жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчиж С.Э тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан юм.
Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг М-ХХК-иас барагдуулж, 1 402 800 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан.
Иймд Б.Э-аас гэм хорын хохиролд 1 402 800 төгрөгийг гаргуулж, МХХК-д олгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нийт 1 402 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 402 800 төгрөгөөс нь татгалзсан, хариуцагч Э нь 1 000 000 (нэг сая) төгрөгийг 2018 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 45 тал)
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Эд холбогдох гэм хорын хохиролд 1 402 800 төгрөг гаргуулах тухай МХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 51 тал)
Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Э би нэхэмжлэгч МХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 402 800 төгрөгөөс татгалзаж, 1 000 000 нэхэмжилсэн юм. Би 1 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон болно. Маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 47 тал)
Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд цас зуд ихтэй байгаа тул намайг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 48тал)
Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: М-ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-аас гэм хорын хохиролд 1 402 800 төгрөгийг гаргуулах тухай хэрэгт хэргийн оролцогчид 1 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна гэв. (хх-ийн 55 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Б.Э-аас “бусдад учруулсан гэм хорын хохирлын 1 402 800 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч М-ХХК нь шүүхэд гаргасан 1 402 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 402 800 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 1 000 00 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Б.Э нь 1 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хариуцагч Б.Э-д холбогдох, М-ХХК-ийн нэхэмжлэлтэй “бусдад учруулсан гэм хорын хохирлын 1 402 800 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид 1 000 000 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч МХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
Ж.БОЛДБААТАР
Л.ЦЭРЭНДУЛАМ