| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00220/И |
| Дугаар | 692 |
| Огноо | 2017-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 692
| 2017 оны 12 сарын 08 өдөр |
Дугаар156/ШШ2017/00692 |
Хэнтий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00220/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ........................т оршин суух, Д.Ч холбогдох,
Нэхэмжлэгч: ..................... Д.О нэхэмжлэлтэй,
"өмгөөллийн хөлс 850 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний үеэл дүү Д.О нь эрүүгийн хэрэгт холбогдож, өмгөөлөгч Д.Ч-тэй 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүнээс хойш Д.Ч нь нэг удаа байцаалтанд орсон бөгөөд өмгөөллийн ажлаа хангалтгүй хийсэн. Мөн хохирогчийн холын хамаатан гэдгээ бидэнд хэлсэн тул Д.Ч-тэй хийсэн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан. Биднийг өөр өмгөөлөгч авахыг хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед Д.Ч-д өгсөн мөнгөний талаар огт ярилцаагүй. Миний бие Д.О-ийн эх нэгтэй эгч Д Д.Ч-д гэрээний 10 хувь болох 150 000 төгрөгийг хасч, үлдсэн 950 000 төгрөгийг буцаан авна гэдгээ хэлээрэй гэж захисан юм.
Энэ тухай Д өмгөөлөгч Д.Ч-тэй уулзаад хэлэхэд одоохондоо мөнгөний боломж муу байна. Дараа сард өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл өгөөгүй. Бид Д.Ч-гээс үлдэгдэл мөнгөө нэхээд авч чадаагүй тул Монголын өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороонд гомдол гаргасан юм. Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Ц.О-ч гэдэг хүн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай тоот захирамжаар хариу ирүүлсэн. Уг захирамжинд “.... Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, тодорхой хувийг эргүүлэн авахаар тохиролцсон байна. Харин төлбөрийг хэр хэмжээгээр буцааж өгөх асуудлаар харилцан зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа ажээ... Сахилгын шинжээчийн саналд Д.Д нар өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгөө шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж тодорхойлсон нь зөв байна...” хэмээн дурьджээ.
Энэ захирамжинд өмгөөлөгч Д.Ч нь үлдэгдэл зөрүү мөнгийг буцааж өгнө гэж мэдүүлсэн боловч 850 000 төгрөгийг төлж барагдуулахгүй өдий хүрлээ. Иймд Д.О-д учруулсан хохирол болох 850 000 төгрөгийг хариуцагч Д.Ч-гээс гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1-2 тал)
Хариуцагч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.О нь 2014 онд эгчтэйгээ хамт манайд орж ирээд эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчөөр ажиллахыг хүссэн. Ингээд Д.О-ийн өмгөөлөгчөөр ажиллах болсон. Өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа өмгөөлөгчийн зүгээс юу хийх ёстой бүгдийг хийж ажилласан. Нэг өдөр О-н эгч гэж нэг хүүхэн орж ирээд намайг хохирогч талтай хамаатан юм байна. Тийм учраас өмгөөлөгчөөр ажиллуулахаас татгалзсан юм. Хэдийгээр би хохирогч талтай ямар нэгэн төрөл садангийн холбоогүй ч гэсэн өмгөөлүүлж байгаа талыг татгалзсан байхад нь юу гэхэв гээд өмгөөлөгчөөр ажиллахаа больсон. Түүнээс хойш би О-тэй цагдаа, прокурор, шүүх дээр таарч байсан. Надаас нэг удаа ч өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байгаагүй. Би О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг энэ хүнийг сайн мэдэхгүй. Ямар учиртай 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэсэн болохыг мэдэхгүй юм. Би О өөртэй нь очиж уулзаж байсан. Надад ямар нэгэн нэхэмжлэл гаргасан гэж хэлээгүй. Нэхэмжлэл гаргасан талаар ч мэдэхгүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтангэрэл гэдэг хүнийг өөр ашиг сонирхлоор нэхэмжлэл гаргаад яваад байна гэж би үзэж байна. О итгэмжлэл хийлгээд явуул гэж хэлсэн байсан. Тухайн үед би О өмгөөлсөн тодорхой хугацаанд ажиллагаа хийж байсан. О өөрөө надаас ямар нэгэн мөнгө нэхэмжлээгүй байхад Алтангэрэл гэдэг хүн яагаад нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.О миний бие Хэнтий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ч-тэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-д энэ талаар нэхэмжлэл гаргах хүсэлт тавиагүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч Д.Ч-тэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 42 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байна. (хх-ийн 4 тал)
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Ч-гээс “өмгөөллийн хөлс 850 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.О-ийн нэхэмжлэлтэй, Д.Ч-д холбогдох, “өмгөөллийн хөлс 850 000 төгрөг”-ийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ