Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 694

 

2017 оны 12 сарын 08 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00694

  Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2014/00345/И

          Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............. тоотод оршин суух, Б.Ө-д холбогдох 

“Б.Ө-гээс ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй, А ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6 700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч, шинжээч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч “А” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ө-тэй дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ байгуулсан гэрээний үнийн дагуу урьдчилгаа 40 хувь болох 6 600 000 төгрөгийг өгсөн. Захиалагч талаас байшин бариулахаа больсон гэдгээ гүйцэтгэгч талд мэдэгдээд гэрээний дагуу өгсөн урьдчилгаа мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Дахин 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дүнзэн байшин бариулах гэрээний 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд хавсралт оруулж уг хавсралтаар гэрээний урьдчилгаанд таарах дүнзэн банз авахаар гэрээ байгуулсан. Гэтэл хугацаа дууссан боловч одоог хүртэл банзыг нийлүүлэхгүй байна. Иймд гэрээний урьдчилгаа болох 6 600 000 төгрөгийг алдангийн хамт Б.Ө-гээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

   Нэхэмжлэгчийн “А” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ө-тэй дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ байгуулсан гэрээний үнийн дагуу урьдчилгаа 40 хувь болох 6 600 000 төгрөгийг өгсөн. 2010 онд Аварга тосон ХХК нь Ж-тай гэрээ байгуулсан. Ж нь Өг туслан гүйцэтгэгчээр ажлуулсан. Манай компани Б.Ө-тэй гэрээ байгуулаагүй. Ийм учраас Б.Ө-гийн нэхэмжилж байгаа 6 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх Ж-тай тусдаа гэрээ байгуулсан. Ж Ө-тэй 10 400 000 төгрөгөөр тохироод байшинг бариулсан. Ж-д манайх тусдаа мөнгө өгсөн. Иймд Б.Ө-гээс 6 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

   Хариуцагч Б.Ө нь шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Эрчим хүч барилга трест ХХК-ийн захирал Ж, Онон-Эрдэнэ нартай 5*5 харьцаатай 2 байшин, 5*6 харьцаатай 1 байшин /1м2 тус бүр 130 000 төгрөг/ барих гэрээ байгуулсан боловч уг захиалгийг А ХХК руу шилжүүлж уг А компанийн гаргасан барилгын зургийн дагуу 80м2 байшинг 120м2 болгон өөрчилсөн. Би уг байшинг 80м2 барихаар тооцоолон материалаа авч мөн 80м2 байшин болгоно гэсэн зорилгоор захиалагчаас мөнгө авсан байсан. “А” ХХК-ийн  6 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банзыг би бэлтгэсэн байсан боловч “А” ХХК нь өөрсдөө ирж аваагүй.

   2011 онд “А” ХХК нь 2010 онд миний барьсан нөгөө байшин шиг шинэ байшинг яг тэр зургаар нь бариулья гээд бид байшин барих гэрээ байгуулж, урьдчилгаанд 6 600 000 төгрөгийг авсан нь үнэн. Гэвч А  ХХК-нь урьд 2010 онд надаар бариулсан амрагчдын байшинг томсгосон 40 м2-ийн үнийг одоог хүртэл төлөөгүй. Иймд 40 м2-ийн үнэ 5 200 000 төгрөг, дээр нь тухайн үед Өмнөдэлгэр сумын засаг дарга З гэдэг хүний байшинг барих ажилтай байхад наад ажлаа зогсоож манай компанийн ажлыг түрүүнд нь хий гэж шахаж хийлгэснээс З гэдэг хүн надад өгөх ажлын хөлснөөсөө 1 500 000 төгрөгийг хассан ба үүнийг А  ХХК-нь надад нөхөж өгөх ёстой бөгөөд энэ тээврийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагч Б.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А” ХХК –иас байшинг томсгож барьсан 40 м2-ийн үнэ 5 200 000 төгрөг, тээврийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Шинжээч С.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу Дэлгэрхаан суманд үйл ажиллагаа явуулах “А” ХХК-ийн амралтын газарт очиж маргаж байгаа байшинг хэмжиж үзлэг хийсэн. Уг амрагчдын байр нь 15.9*8.8 метрийн харьцаатай 6 өрөө бүхий байшин байсан. Тухайн үед шүүгч 3 торх бүхий тус тусдаа байшин гэж ойлгож асуултаа тавьсан байсан нь одоо бол учир дутагдалтай юм. Энэ байшинд орсон дүнз модыг бол тоо хэмжээг нь гаргасан. 240 ширхэг дүнз мод орсон гэж тогтоосон. Энэ байшинг үнэлэх боломжгүй. Учир нь иж бүрэн ажлын зураг байхгүй. Байшингийн огтлолын зураг байхгүй. Барилгын техникийн бичиг баримтын шаардлагыг хангахгүй байгаа юм гэв.

  

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, шинжээчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч Б.Ө-гээс ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6 600 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Харин хариуцагч Б.Ө нь “А”  ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6 700 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

            Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Ө-тэй өөрийн амралт, сувиллын газартаа амрагчдыг хүлээн авах зориулалттай дүнзэн байшин бариулахаар 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ /хх-ийн 4-9/ байгуулсан болох нь тогтоогдож байна. Энэ гэрээний дагуу байшин бариулах төлбөрийн 40 хувь болох 6 600 000 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК нь Б.Ө-д банкаар шилжүүлэн өгсөн байх ба үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. 

Хариуцагч Б.Ө нь захиалагчаас 6 600 000 төгрөгийг урьдчилгаанд авсан боловч дүнзэн байшин барих ажлаа эхлээгүй, хийж гүйцэтгээгүй байх ба улмаар талууд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр урьд байгуулсан Дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээнд өөрчлөлт оруулж “А” ХХК нь уг байшинг хариуцагч Б.Ө-гээр бариулахаа больж, урьдчилгаанд өгсөн мөнгөнийхөө оронд  Б.Ө-гээс 25 куб метр банзыг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авахаар болсон боловч хариуцагч энэ банз модыг одоог хүртэл бэлтгэж өгөөгүй байна.

            Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч хариуцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалж, хожим гэрээний нөхцлөө өөрчилж, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч энэхүү гэрээ хэрэгжээгүй байна.

           Иймд “А” ХХК-ийн хариуцагч Б.Ө-гээс ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хариуцагч Б.Ө нь шүүх хуралдааны явцад “А” ХХК-д 2010 онд амрагч хүлээн авах зориулалттай байшинг томсгож барьсан 40 м2-ийн үнэ 5 200 000 төгрөг, тээврийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлж байх тул шийдвэрт үүнийг дурдах нь зүйтэй байна..

           Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг улсын орлого болгож хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгох нь зүйтэй байх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө илүү төлсөн 43 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Ө-гээс 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А”  ХХК-д олгосугай.

            2. Хариуцагч Б.Ө нь “А”  ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6 700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120 550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ө-гээс 120 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Б.Ө-гээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165 350 төгрөгийн 122 150 төгрөгийг улсын орлого болгож, болгож, үлдэх 43 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

           4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР