Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/445

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:179/2017/0001/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн даргаар                                               Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч                                                          Т.Аюушбаатар,

Улсын яллагч                                                                     Б.Сүрмандах,

Хохирогч                                                                              Ж.Г-,

Хохирогчийн өмгөөлөгч                                                     Д.Н-,

Шүүгдэгч Б.Б.Д ын өмгөөлөгч                              Б.Б-,

Шүүгдэгч Ц.Ц.Б  өмгөөлөгч                                  Ч.Э-,

Шүүгдэгч Ш.Д, Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-ын Б.Д , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ын Ц.Б нарт холбогдох эрүүгийн 201322000462 тоот хэрги йг Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой  инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Ц.Б

 

2. Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух, Үндэсний сурын спортын мастер, Барилгын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Ш.Д

Шүүгдэгч  Ш.Д, Ц.Б нарт Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч Ш.Б.Д , хохирогч Ж.Г- нар А.Э-, Д.А- нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед “гарын үсэг зурж өгсөнгүй” гэж шүүгдэгч Ш.Б.Д , хохирогч Ж.Г- нар маргалдсан, орой 21 цагийн үед шүүгдэгч Ц.Ц.Б нь шүүгдэгч Ш.Б.Д ынд ирж тэд хамтдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-20-17 тоотод оршин суух иргэн хохирогч Ж.Г-ын хашааны гадаа очиж байшингийн цонх руу “Парабеллум П08” маркийн гар буугаар буудсан, хохирогч Ж.Г- болон түүний эхнэр Баасандалай нар нь маргааш өглөө нь буюу 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө байшингийн цонх хагарч, сумны хошуу хананд шигдсэн байсныг мэдсэн,

 

Шүүгдэгч Ц.Б нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох Парабеллум Р08 бууг хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.Д өгсөн: ...“Тухайн үед манай компани барилгын ажил гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөө би Ж.Г-оор гарын үсэг зуруулах гэсэн боловч намайг архи авч ир гэсэн учир архи авч очсон бөгөөд тухайн өдрөө Ж.Г-той орой болтол архи ууж явсан. Тэр өдрөөс өмнө бид Ж.Г-оор гарын үсэг зуруулахаар 24 хоног хөөцөлдсөн бухимдалтай байсан. Орой би гэртээ харьсны дараа Ц.Б-эд Ж.Г-ыг таньдаг бол гарын үсэг зуруулахад туслаач гэж гэртээ дуудсан юм.  Яг хэдэн цагийн үед Ц.Б-ийг дуудсанаа мэдэхгүй байна. Тухайн үед ямар зүйл болсон талаар мэдэхгүй байсан боловч хавтаст хэрэгтэй танилцсаны дараа л ийм зүйл болсон гэж сэргээж мэдсэн. Өдөр нь Ж.Г-оор гарын үсэг зуруулах гэсэн боловч гарын үсэг зурж өгөөгүй учир бид муудалцсан. Тухайн өдөр цахилгааны хязгаарлалттай байсныг санаж байна. Ц.Ц.Б над дээр ирэхдээ архи авч ирснийг би ууж, согтоод тасарсан байсан. Түүнээс хойш яг юу болсныг нарийн сайн мэдэхгүй байна. Өглөө гарын үсэг зуруулахаар Ж.Г-той архи уугаад гэртээ харьснаа мэдэж байгаа, өөр зүйл санахгүй байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Б өгсөн: ...“Тухайн үед Б.Д ах бид хоёр зарим ажил дээр хамтарч ажилладаг, барилга барьдаг байсан. 2013 оны 09 дүгээр сарын 10-ны үед Б.Д ах бид хоёр барилгын ажил эхлүүлсэн санагдаж байна. Миний хувьд ажилгүй завтай байсан учир Б.Д ахын ажилд нь хамтарсан. Б.Д өмнө нь хийсэн ажлынхаа мөнгийг хөөцөлдөж байгаа гэдгийг би мэдэж байсан. Намайг дуудахдаа Ж.Г-оор гарын үсэг зуруулах хэрэгтэй байна гэж байсан. Миний мэдэж байгаагаар Б.Д ах тухайн өдрийн өглөө Ж.Г-той уулзана гээд явсан. Харин орой 20:00 цагийн үед над руу залгаад архи аваад ирээч гэсний дагуу архи аваад Б.Д ахын гэрт нь очсон. Б.Д ах Ж.Г-той ярилцаж үзсэн боловч гарын үсэг зуруулах ажил бүтэхгүй байна, чи Ж.Г-ыг таних уу гэж надаас асуугаад, хоёулаа Ж.Г-ынд очиж уулзаад ирье, чи хамт явалцаад өгөөч гэж гуйж байсан. Бид 23:00 цагийн үед миний эзэмшлийн УАЗ-469 маркийн машинтай Ж.Г-той уулзахаар хашааны гадаа нь очиж хашааг нь нүдсэн боловч гэрээс нь хүн гарч ирээгүй. Гэтэл Ж.Г-ын нохой над руу дайраад байсан тул би машин дотроо байсан хуучны гар буугаар Ж.Г-ын нохойг айлгах гэж буудсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Г-ын өгсөн: 2013 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө энэ хэрэг болсон. Тухайн өдөр нь бүтэн сайн өдөр байсан бөгөөд амралтын өдрөөр Б.Д надтай уулзаж гарын үсэг зуруулахаар ирсэн. Түүнээс өмнө хагас сайн өдөр Б.Б.Д тай бас таарсан, нэг шил архитай н.Сэнгээ гэдэг залууг дагуулж ирээд, надтай архи уух, ажил ярих санал тавьсан. Би тухайн өдөр би амралтын өдөр ажил ярихгүй ээ гэхэд Б.Д задалсан архиа буцаагаад аваад явсан.

 

, ...Тухайн үед би амралтын өдрүүдээрээ хувийн гараашаа барих гээд найзуудаа дуудаж, манай найзууд ирж гарааш барьж байсан.  Урьд өдөр нь би найзуудынхаа хамт архи уусан байсан. Өмнө өдөр нь задлаад аваад явсан архиа Б.Д авч ирээд, бид зургуулаа 0,75 литртэй Соёрхол гэдэг архийг 10:00 цагийн үед уусан. Гэтэл манай н.Э- гэдэг найз маань гадаадаас ирлээ гээд намайг дуудахад нь би н.А-, Б.Д нарыг дагуулан гурвуулаа н.Э-ийн гэрт очсон. Манайх н.Э-ийн гэрээс холгүй 300 метр зайтай байдаг юм. н.Э- виски задалсныг бид ууж байгаад Б.Б.Д тай хэрэлдэж муудалцсан, барилцаж авсан. Тухайн үед н.Э-, н.А- нар биднийг салгасан. Би Б.Д архи уухаар ажил ярьж болдоггүй, илүү гүйцэтгэл авахгүй ээ, гурвалсан гэрээний үндсэн дээр илүү ажил хийсэн талаар дүгнэлт гаргуулж байгаад илүү ажлын өртөгөө авч болно гэж хэлсэн. Төсөвт өртөгтөө тааруулж зураг үйлдсэн гэдгийг хэлсэн. Гэтэл Б.Д хоёулаа эвлэрье гээд надад нэг виски авч өг гэхээр нь би “Далай Ээж” супермаркетаас Ёкозуна гэдэг вискиг авч бид манай хашааны үүдэнд манай гараашийг барьж байсан хоёр ах болон н.А- гэдэг найз маань ирж бид хамт уусан. Б.Д нь архи уухаараа нэлээн агсам тавьдаг зангаараа янз бүрийн юм яриад уурлаад байхад нь би таныг Авилгатай тэмцэх газарт өгнө үү гэхэд тэгээрэй гэж хэлж байсан. Энэ үед н.А- та угаасаа л ийм хүн шүү дээ ажлын хөлс дутуу өгдөг, ажлынхаа хөлсийг авах гэхээр ална, хядна болдог шүү дээ гэж хэлээд тэр хоёр муудалцсан. Манай эхнэр, хүүхэд 17:30 цагийн үед ирэх ёстой учир тэрнээс өмнө Б.Д эртхэн явуулъя гэж бодоод, согтуу машин бариулж болохгүй гээд н.Э- гэдэг найздаа хэлээд манай найз н.Э- Б.Д аваад явсан. Б.Д орилж, чарлаж байгаад л явсан. Би эхнэр хүүхдээ ирэхээс өмнө хоол хийх гэж байгаад унтаад өгсөн байсан. Би 22:00 цагийн үед сэрээд хөрш айл руугаа ороод суухад, манай гараашийг барьж байгаа залуучууд хажуу айлд ороод архи ууж байсан. Би тэнд сууж байгаад 23:00 цагийн үед гэртээ ороод унтсан. Өглөө манай эхнэр хүүхдүүдээ хүргэж өгөх гээд машинаа асаагаад хөшгөө татсан чинь цонх сонин хагарсан байсан, 2,5 см голчтой нүх цонхны зүүн дээд өнцөгт үүссэн байсан. Намайг хараач гэхэд нь цонхыг хараад, харалдаа эргээд харахад хана дээр сум зоогдсон байсан. Сум нь шалнаас дээшээ 150 см орчим өндөрт зоогдсон байсан. Би эхнэртээ Б.Д ална, буудна гээд байсан, буудсан байна гэж хэлсэн. Бид тэр даруй цагдаад хэлье гээд хашааны урд талаар нь явсан ул мөрийг арилгахгүйгээр гарч явсан. Машин явдаг зам дээр нь хориглолт тогтоож машинаар хааж зогсоосон. Гудамжийг цагдаа иртэл барилга барьж байгаа хүмүүсээр хамгаалалт авхуулсан, өөрийн зургийн аппаратаар зураг авсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч А.Э-ийн өгсөн: “Би 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 8 цагт босчихоод өөрийнхөө 2 хүүхдийг, дүүгийнхээ 1 хүүхэдтэй хамт 7 дугаар цэцэрлэгт аваачиж өгөөд 11 цаг 30 минутын үед том хүүгээ сургуулиас нь очиж авсан. Тэгээд гэртээ байж байтал Г- гэсэн дугаараас 13 цаг 51 минутын орчим надруу залгаад манай гэрт хүрээд ирж амжих уу гэсэн. Би тэгэхээр нь амжихгүй байх, хүүхдүүдээ харж байна гэхэд тэгвэл танай гэр лүү одоо очлоо гэсэн. Г- утсаар ярьсны дараа 10 минутын дараа манай гэрт Б.Д , А- нарын хамт ирсэн. Б.Д , Г- нар нь жаахан халамцуу, А- нь гайгүй ирсэн. Би тэд нарт Сантори нэртэй виски задлаж өгсөн, ...тухайн үед Б.Д , Г- нар барилгын талаар юм ярьж байгаад маргалдсан...,тэр хоёр барилгын материал дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь Г- нь ууж идэж явахад би ажил хийхгүй, дараа болъё гэсэн чинь Б.Д  нь чамд сонгуулийн үеэр 500.000 төгрөг өгөө биз дээ, бас хивс өгсөн гээд яриад байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад нэг нэгийгээ харилцан ганц нэг удаа цохисон. Би яг хэд цохисон, хаана нь цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрыг зодолдоод эхлэхээр нь би салгасан гэх мэдүүлэг, /хх-ийн 66-71/,

 

Гэрч У.Амгаланбатын өгсөн: ...Намайг тэдний хашаанд ороход Г-, Б.Д , А- гээд 2 хүний хамт хашаан дотроо банзан дээр юм ярьчихсан сууж байсан. Би тэдний гадаа хөрөөгөө буулгасан. Хэсэг юм ярьж суусны дараа 12 цаг 30, 40 минутын үед Г-, А-, Б.Д  нар Б.Д ын цагаан өнгийн аксент маркийн машинаар гараад явсан. Тэгтэл орой 18 цаг өнгөрч байхад Б.Д ын цагаан өнгийн аксент машинтай хамт Г-ын гэрийн гадаа ирсэн. Машин дотор нь нөгөө 3 хүний хамт манай ангийн Э- сууж байсан. Тэгэхээр нь би Г-ыг машин дотроос нь тосч авахаар очсон. Би тэд нартай 10-20 минут юм ярилцсан. Би Б.Д аас өдөр нь уулзахдаа хэдэн төгрөгний өгцөө авцаа байсан болохоор тэрийгээ нэхсэн. Тэгтэл Б.Д  надад 100.000 төгрөг өгнө гээд салсан юм. Тэгтэл Б.Д  орой нь ирчхээд надад мөнгө өгөхгүй гээд агсам тавих янзтай намайг ална, хядна гэхээр нь би та яахаараа намайг ална хядна гээд байдаг юм. Би таны насыг хүндлээд дуугүй байхад чинь, ийм настай байж намайг яаж зодох вэ дээ гэтэл чи намайг харж байгаарай, маргааш дүү нараа авч ирж байгаад чамайг зодуулна гэхээр нь би согтуу хүний үг юм даа гээд нэг их юм бодолгүй чимээгүй өнгөрсөн. Б.Д  ер нь уухаараа их агсам зантай болчихдог. Б.Д  Г-ын гадаа хэсэг маргаж байгаад А-, Э- нарын хамт яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/,

Гэрч Д.А-ийн өгсөн: ...“Өчигдөр өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь манайд Б.Д  ирээд Г- дуудаж байна. Хоёулаа хамт очъё гээд Г-ын гэрт нь очсон. Тэдний гэрт очиход гадаа гараашийг нь барьж байсан хоёр хүн, Г- гурвуулаа байсан.  Г- халамцуу архи уучихсан байсан. Б.Д  бид 2 Г-той ажлын талаар ярьсан. Г-той уулзаад байж байсан чинь айл руу явъя гээд Э- гээд найзындаа очсон..., Э- жижиг шилтэй архи гаргаж ирсэн..., архиа хувааж уугаад байж байсан чинь гэрээн дээр гарын үсэг зурж  өгөхгүй гээд маргаан болоод Г-, Б.Д  2 хальт зодолдсон. Тэгэхээр нь бид 2 салгасан..., архи ууж дуусгачхаад Г-ыг хүргэж өгчхөөд Э-, Б.Д  бид гурав Б.Д ын гэрт нь очсон. Б.Д ынд ирээд удаагүй байж байтал Э-ийн эхнэр, хүүхэд нь ирээд аваад явсан. Би Б.Д ын машиныг хашаанд нь оруулалцаж өгчхөөд 20 цагийн үед гэртээ харихаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

Гэрч М.Б-гийн өгсөн: ...”Сүүлийн хэд хоног ажил ихтэй байсан болохоор хүүхдүүддээ зурагтаа унтраагаад унт гэж хэлээд 21 цаг 00 минутын үед унтсан. Намайг унтаж байтал хана түг хийх шиг чимээ гарах шиг болохоор нь би тэр чимээнд нь цочиж сэрсэн. Би сэрээд хэсэгхэн орон дотроо хэвтэж байгаад гадаа хашаанд хүн амьтны хөрөө, эд зүйл байгаа гэж бодоод том өрөөнийхөө урд талын цонхны булангаар харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Тухайн үед гадаа өдөр шиг гэрэлтэй /сартай/ байсан ба хашаанд байсан эд зүйл байсан байрандаа байсан. Тухайн үед цаг хараагүй. Багцаагаар 01-02 цаг орчим байх. Тэгээд 07 цаг 30 минутын хүү маань бие засах гээд босоход нь цаг асуусан юм. Тэгээд ажилдаа явах гээд том өрөөний урд 3 цонхны өөдөөс харсан буйдан дээр суугаад гутлаа өмсч байтал том өрөөний урд талын 3-н цонхны дунд талын цонх хагарчихсан байхаар нь Ганаа энэ цонхыг хэн хагалчихваа гэж асуусан. Тэгтэл манай нөхөр босч байгаа харагдсан. Би тэр үед бага охиноо дагуулаад хажуу айлын Нямаа ахын гэрт ороод “манай цонх хагарчихсан байх юм хэзээ хагарсан юм бол гэтэл М эгч “шөнө би нэг чимээнээр цочиж сэрсэн” тэр чимээнээр хагарсан юм болов уу гэхээр нь би хүртэл шөнө нэг чимээнээр сэрсэн. Тэгвэл шөнө нэг хүн цонхыг маань чулуугаар хагалсан юм байна л даа гэж хэлчихээд машинаа асаагаад хашаанаасаа гарах гэтэл манай нөхөр гарч ирээд манай цонх руу буудсан байна, Чингисийн зурагны хажуу талд ханан дээр сум нь байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудахаар болсонгэх мэдүүлэг /хх-ийн 78-81/,

 

Гэрч Ш.Э-ын өгсөн: ...”машин дотор ярьж байгаа хүмүүсийн дууны өнгөөс сонсоход Г- нь Д- ахаа гээд байсан. Харин нөгөөдөх нь Г-оо гээд хашгираад байсан. Хэн нь хэлснийг мэдэхгүй ямар ч байсан “алнаа” гэсэн үг гарч байсан. Би хувьдаа Д- хэлсэн байх гэж бодож байна /Д- согтохоороо дандаа ална, буудана гэж ярьдаг ч маргааш нь тааралдахаараа ах нь тасарсан байна, уучлаарай гэж явдаг хүн/ тэрнээс миний дэргэд хоорондоо зодолдсон юм байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,

 

Гэрч Р.Д-ны өгсөн: ...”2013 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 01-02 цагийн үед манай нөхөр компьютер тоглож байсан. Би тухайн үед хүүхдийнхээ хичээлийг хийж байсан. Би номоо дуусгачхаад нөхөртэйгээ хамт компьютер тоглоод сууж байтал гадаа гэнэтхэн тас хийгээд дуугарсан. Би тухайн үед нь машины дугуй хагарсан гэж бодсон. Тэгээд минут ч болоогүй байхад гадаа тас хийгээд дуугарсан. Би нөхрөөсөө юу юм бол гэж асуухад манай нөхөр гал нь таараагүй машин байхаа гэж хэлсэн. Бид 2 үргэлжлүүлээд тоглоомоо тоглож байгаад унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

 

Гэрч Л.Б-ын өгсөн: ...”01-02 цагийн үед манайхаас ертөнцийн зүгээр зүүн зүгт гал нь тараагүй машин бууддаг шиг “пад” гэх дуу 2 удаа гарсан. Г-ынх манайхаас 2 хаалганы цаана байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 84/,

 

Гэрч Н.Ө-ны өгсөн: ...”утсаар ярьснаас хойш нэг их удаагүй барагцаагаар 21 цагийн үед Сүхээ манайд ганцаараа ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи авч ирээд тэр хоёр ажлын тухай ярьцгаасан. Би хүүхдээ унтуулах гээд хэсэг зүүрмэглэж байгаад сэрэхэд Сүхээ гэртээ харьлаа гээд гараад явсан. Сүхээг явсны дараа эхнэр Мөөжиг нь миний гар утас руу залгаад Багийн хөгжлийн төвийн барилгын санхүүжилт орсон уу гэж асуухаар нь би үгүй, ороогүй байна гэсэн чинь утсаа тасалчихсан. Сүхээг явсны дараа манай нөхөр хүүхэдтэйгээ тоглож байгаад унтах гээд хувцсаа тайлж байтал Сүхээ манай гэрт ганцаараа ороод ирсэн. Орж ирээд хальт сонсоход Г-ийн гэрийг заагаад өгчих гээд манай нөхрөөс асуугаад байсан, би бол сайн сонсоогүй. Тэгээд манай нөхөр хувцсаа өмсөөд Сүхээтэй хамт гарсан. Би унтаад үлдсэн, нэг их удаагүй манай нөхөр ганцаараа орж ирээд унтсан. Маргааш өглөө нь гэртээ шартаад хэвтэж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 298-299/,

 

Гэрч Ж.Ц-гийн өгсөн:...Б-ийг хашаанаасаа машинаа унаад гарснаас хойш ах Баяраа нь манай гэрт 22 цаг болох гэж байхад орж ирээд Ц.Б  эхнэр над руу утсаар залгаж яриад Б-ийг машинтай энэ тэрүүгээр согтуу яваад байна, та олоод гэрт нь аваад ирээч гээд байна, хоёулаа хамт гарья гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Баяраатай хамт явахаар болсон...Баяраа бид 2 Б-ийг Д-ын гэрт байж магадгүй гээд Д-ын гэрийн гадаа очсон...Тэр хашааны урд талд 10 орчим минут хүлээж байтал Ц.Б өөрийнхөө УАЗ 469 машиныг барьчихсан Д- хажууд нь суучихсан хоёулаа нилээн халамцуу ирсэн. Тэгэхээр нь Баяраа бид 2 Б-ийг дагуулаад гэрт нь авч ирсэн гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 300-302/,

 

Гэрч Н.Э-ын өгсөн: Би 2012 оны намар 11 дүгээр сард Д- ахын компанид ажиллаж байхдаа аймгийн цахилгаан станцын өргөтгөл дээр буюу Бөмбөгөр циркийн зүүн талд гэр барьж ажиллахаар болсон. Тэгээд тэр гэрийг барих гээд манай ажилчид бүгдээрээ оролцож байсан. Би гэрийн нэг туургыг сөхтөл туурган завсар бор өнгийн савхин ширэн гэртэй төмөр гар буу байсан. Би тэр бууг хуйнаас нь гаргаж ирээд буунаас замгийг нь салгаад үзтэл магазиндаа 8 ширхэг сумтай байсан. Би тэр бууг даамал А-т үзүүлэхэд наадах чинь байлдааны зориулалттай буу байна гэж хэлэхээр нь би тэр бууг гэртээ аваачаад хадгалсан. Тэгтэл 7-8 хоногийн дараа Д- ах гэрийн туурган дор хийчихсэн буу хаана байна гэхээр нь би надад байгаа гэж хэлсэн. Тэгтэл Д- ах машинаар надтай хамт манай гэрт очоод тэр бууг надаас аваад явсан гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 303-304/,

 

Гэрч Э.Э-гийн өгсөн: ”тэр бууг Эрдэнэ-Очир олоод надад үзүүлэхээр нь би уутнаас нь гаргаад хартал хүрэн өнгийн бариултай гар буу байсан. Тэр бууны замаг нь хойшоо дээшээгээ гозойж цэнэглэгдэж байсан. Би тэр бууных нь хойно байдаг түгжээг мулталж замгийг нь авч байгаад гол төмөр доторхыг нь харсан. Тэгэхэд гол төмөр нь хуучин бололтой сум гараагүй удсан шинжтэй байсан. Би тэр бууг нь үзээд Эрдэнэ-Очирт эргүүлээд өгсөн. Буунд магазин байсан ч сум бол байгаагүй. Надад Эрдэнэ-Очир энэ сум нь юм шиг байна гээд нэг сум үзүүлсэн тэр нь богинохон сум байсан. Би түүнээс өөр сум хараагүй гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 307-308/,

 

Гэрч Б.Б-ны өгсөн: ...”намайг гэртээ орохын үед Ц.Б Д-ынд очоод санхүүжилт орж байгаа гэнэ, цалин тавих байх энэ талаар уулзаад ирье гээд явсан. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би Б-ийг явсных нь дараа дэлгүүр орж тамхи авахад цаг яг 22 цаг болж байсан. Тэгээд нилээн орой ч болсон, Ц.Б ирэхгүй болохоор нь удаад байна, цалингаа бодоод байгаа юм шиг байна хоёулаа Д-ынд очъё гээд Цагаан ахын хамт портер машинаар шууд Д-ын гэрт нь очсон. Бид 2-ыг Д-ын гэрийн гадаа очиход Д-, Ц.Б хоёр Ц.Б  супер УАЗ 469 машин дотор сууж байсан. Д-ын эхнэр хашааны гадаа гараад ирсэн байсан. Намайг очиход Ц.Б хаа хүрч яваа юм гэхээр нь би энэ хүрч явна гэсэн чинь Ц.Б та 2 түрүүлээд явж бай, би араас чинь хөдөллөө гээд би хөдөлсөн. Миний араас Ц.Б хөдлөөд явсан. Бид нар шууд гэртээ ирсэн гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 316-318/,

 

Гэрч А.Лхагва-Эрдэнийн өгсөн: ... Парабеллум Р08 буу нь дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдаж байгаад одоо байлдааны галт зэвсгийн зэвсэглэлийн чанараа алдаж зэвсэглэлээс хасагдаж одоогоор ашиглагдахгүй байгаа. Харин иргэдийн гар дээр үзэсгэлэн, өв залгамжлагдаж ирсэн бэлэглэлийн чанартай ганц нэг хадгалагдаж байхыг үгүйсгэхгүй. Энэ бууны үйлдвэрлэл зогссон сум нь ч гэсэн үйлдвэрлэгдэхээ больсон, харин энэ буунд сум тааруулж хийгээд ажиллуулахад буудах боломжтой байх, учир нь галт зэвсгийн элэгдэл хорогдол нь бага байдаг гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 392-393/,

 

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай ... Ш.Б.Д  нь урьд нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байгаагүй, Сэтгэцийн хувьд эрүүл. Албадан эмчилгээ хийх шаардлагагүй, Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт, /2 дугаар хх-ийн 373-374/,

 

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээртэй ... Ц.Ц.Б нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт, /2 дугаар хх-ийн 377-378/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 56 дугаартай: ...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах загвараар илрүүлсэн сэжигтэн Ш.Б.Д ын хэрэг болох өдөр өмсөж байсан гутлын мөртэй хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтийн зураг 18, 20-д байх гутлын мөрүүд тохирч байна. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн эзэнгүй гутлын мөрний санд байгаа мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт, /хх-ийн 144-145/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Хос-Эрдэнийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3036 дугаартай: ... Шинжилгээнд 9x18 мм-ийн сумны хошуу ирүүлсэн байна. Дээрхи сумны хошуу, хонгио нь 9x18 мм-ийн гар буу, пистолет- пулемётод зориулагдсан сумны хошуу хонгио байна. Сумны хошуун дээр бууны гол төмрөөс үүссэн бянтны мөр байна. Хошуун дээр үүссэн бянтны мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Энэ сумны хошуу нь галт зэвсгийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгиог хонгионы амсар хэсгийг 9.71 мм голчтой нарийсган зүлгэсэн байна. Буудагдаагүй 9x18 мм-ийн ПМ сумын хонгионы амсар хэсэг 9,91 мм голчтой байдаг. Шинжлэгдэж байгаа хошуу хонгио хоёр өмнө нь нэг бүхэл байсан. Хэргийн газраас олдсон гэх сумны хошуу, хонгио нь галт зэвсгээс буудагдсан байна. Дээрхи шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу хонгиог 9x19 мм-ийн сумаар бууддаг буунд тааруулан амсар хэсгийг нарийсган зүлгэсэн байна. Дээрхи хошуу хонгио нь 9x19 мм-ийн Парабеллум, Вальтер Р38 загварын буунаас буудагдсан байж болно. Жич: Энэ нь 9x19 мм-ийн сум нь хонгионы амсар хэсгээрээ 9,65 мм-ийн голчтой байдаг, 9x18 мм-ийн сум нь 9,91 мм-ийн голчтой байдаг тул 9x19 мм- ийн Парабеллум, Вальтер Р38 загварын буунд 9x18 мм-ийн сум нь сумны байранд таардаггүй/томдох/ учраас 9x18 мм-ийн сумыг хонгионы амсар хэсгээр зүлгэж нарийсгаж дээрх төрлийн буунд тааруулсан байна гэх дүгнэлт / хх-ийн 155-156/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188, 359/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /х-ийн 261/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 277-285/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг нь обьектив, субьектив шинжийн нийлэмж байдаг ба дээрх тохиолдолд гэмт хэргийн субьектив шинжийг тухайн этгээд ямар зорилгоор уг үйлдлийг хийсэн болохыг тодруулж, хийсэн үйлдэлд нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэхээс өөр боломжгүй.

 

Шүүгдэгч Ш.Д, Ц.Бнар ямар зорилгоор хохирогч Ж.Г-ын гэрийн гадаа очиж хашааны гаднаас байшингийн цонх руу буудсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй ба энэ талаарх шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлэхээс өөрөөр тухайн үед болсон үйл баримтыг сэргээн тогтоох боломжгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б нохой айлгах гээд буу гаргах үед санамсаргүй буу алдсан мэт мэдүүлж байх боловч энэ байдал нь нотлогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь үл ялих зүйлээр шалтаглан хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчсөнөөрөө танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ш.Б.Д ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “танхайрах гэмт хэрэгт Б.Д  хамтран оролцоогүй” гэж мэтгэлцжээ.

 

Гэвч Эрүүгийн хуульд “хоёр түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн нэгдэж үйлдсэн бол бүлэглэж гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ш.Б.Д  согтуугаар Ц.Б-эд “гарын үсэг зурж өгөхгүйгээс болж ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа талаар ярьж түүнийг дуудан хохирогчийн гэрийн гадаа хамт очоогүй бол” Ц.Ц.Б Ж.Г-ын гэрийн гадаа очих шаардлагагүй ба шүүгдэгч Ш.Б.Д ыг энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Г- “Б.Д  зочны өрөөний байрлалыг харсан, санаатай ор луу чиглүүлж буудсан” гэж байх боловч шүүгдэгч нар “хүнийг санаатай алахыг завдсан” гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Цонх руу буудсан нь “хүнийг санаатай алахыг завдсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба Ш.Б.Д д Хөвсгөл аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б-эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчлэх нь шүүгдэгч нарт ашигтай, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

Иймд шүүгдэгч  Ш.Д, Ц.Бнарыг  бүлэглэн байлдааны зориулалттай зэвсэг хэрэглэж, хохирогч Ж.Г-ын байшингийн цонх руу буудаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ц.Б байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй ба гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон эд материалын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэнэ гэсэн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Ж.Г-ын нэхэмжлэлийг хэлэлцээгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч  Ш.Д, Ц.Бнар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх боловч энэхүү нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан байх тул шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “мөн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үзэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүйгээр заасан.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс /2013 оны 9-р сарын 24/ хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 5 жил 2 сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч нарт холбогдох 201322000462 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сумны хошуу, 1 ширхэг сумны хонгио зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч энэ хэрэгт Ц.Ц.Б нь 14 хоног, Ш.Б.Д  149 хоног тус тус цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн, хураасан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б.Д д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3, 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш.Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Д, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 201322000462 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сумны хушуу, 1 ширхэг сумны хонгио зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн, хураасан эд хөрөнгөгүй, хохирогч Ж.Г- иргэний нэхэмжлэл гаргаагүй, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, Ц.Б энэ хэрэгт 14 хоног, Ш.Д  149 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ш.Д, Ц.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ

 

                    ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР