Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 695

 

 2017 оы 12 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2016/00695

 

 

       Хэнтий айм

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                        156/2017/00611/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............................оршин суух, С.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  БХ холбогдох “ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Ч.Ч, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1989 онд анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн, 2013 оноос Б.Х-н “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр томилогдсон. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Т-ны захирагчийн тушаалаар ажлаас халагдсан юм. 2017 оны 08 дугаар сарын 30-нд захирагчийн албанаас 11 цагт эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хуралдаж эмийн эргэлтийн сангийн 2015, 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэнэ гэсэн мессэж захирагчийн нарийн бичгийн дарга Хорлоогоос ирсэн юм. Би хурал дээр үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг танилцуулаад дууссаны дараа захирагч Ч.Ч намайг “өдөр тутмын гүйлгээ гардан хийдэггүй, шилэн данс хөтөлдөггүй, НӨАТ-ын баримт үйлчлүүлэгч нарт олгодоггүй” гэсэн шалтгаан хэлэлцэж намайг ажлаас хална гэсэн.

Би өдөр тутмын гүйлгээг өөрөө гардан хийж, шил угаагч, няраваар орлогоо өдөр бүр банканд тушаалгадаг байсан.

Шилэн данс хөтлөх ёстой гэсэн ямар ч албан бичиг гарч байгаагүй.

НӨАТ-ын баримт нь интернетийн сүлжэээнээс болж гардаггүй байсан. Би эрхлэгчийн хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Б.Х-н захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-3 тал)

Нэхэмжлэгч С.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй, намын бодлогоор санаатай халсан гэж үзэж байна. Ажлаас халах тушаалын нэг үндэслэл нь намайг өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаагүй гэсэн үндэслэл байсан. Би эм зүйч мэргэжлийн тангараг өргөснийхөө хувьд өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцаж, алдагдуулахгүй ажиллаж байсан. 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаартай Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмийн эргэлтийн сангийн ажиллах журмын 2.5 дугаар зүйлд удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг тухайн зөвлөлийн даргын шийдвэрээр батална. Мөн 3 дугаар зүйлийн 3.3-д эргэлтийн эмийн сангийн мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын зардлыг санхүүжүүлэх гэсэн заалтыг баримтлан захирагч Х.Б-ын тушаалыг үндэслэн эмийн эргэлтийн сангийн ашгаас сургалтын төлбөрөө төлүүлсэн гэж үзэж байна. Шилэн данс хөтлөх тухай сургалт хийгээгүй, албан бичиг ирээгүй, үүнийг хөтлөх ёстой байсан бол нягтлан бодогч хөтлөх ёстой байсан гэж бодож байна.

Манай эмийн сан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Е-баримт-“н программыг суулгасан. Хэнтий аймгийн эрүүл мэндийн сан дээр эмийн эргэлтийнхэн бүгд ирж суулгасан, манайхаас 165.000 төгрөг тушаасан. Эхэндээ сумдуудын хэмжээнд ажил жигдэрээгүй, модемыг нь 99.000 төгрөгөөр анх авч байсан, тухайн үед сүлжээ орж ирэхгүй байсан. Дараа нь мөн “Элба-10” гээд Жи мобайлийн модем 240.000 төгрөгөөр авсан боловч бас сүлжээ ажиллахгүй байсан. 2017 оны 5, 6 сард программ нийлүүлсэн газартай холбогдож ярихад эргээд надтай ирж уулз гэсэн хариу өгсөн. Би 8 сард очиход амралтанд яваад байгуулага дээр хүн байгаагүй, тушаал гарсанаас хойш би ахиж хөөцөлдөөгүй байна. Яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэдгийг манай захирал газар дээр нь нэг ч өөрийн биеэр ирж үзэж хараагүй, ямар нэг тусламж үзүүлсэн үйлдэл байхгүй, тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаа, аж ахуйн нэгж байгууллагууд, ажилчид интернет холболтыг өөрсдөө дэмжиж эрүүл мэндийн газартайгаа хоорондоо уялдан холбогдож, нэг салбарын авч болдоггүй юм уу гэж би хүсэлт тавьж байсан.

Өдөр тутмын үйл ажиллагаа алдагдуулсан гэдэг нь анх би Эрүүл мэндийн газарт хүсэлт өгсөн, ээлжийн амралтаа авъя гэхэд, манайх бол гаргахгүй тухайн орон нутгийн захирагчаас ээлжийн амралтаа ав гэж хэлсэн. Миний хувьд сонгуулийн ажилд явахдаа байнгын үйл ажиллагааг алдагдуулж байгаагүй, өдөр нь хийх ёстой зүйлээ хийгээд, тушаах ёстой мөнгийг нь тушааж байсан. Мөн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдээгүй. Намайг ажлын байранд удаа дараа байхгүй байна гэж үзсэн бол, надруу, мэргэжлийн хяналтаас албан тоот өгөх байсан, тиймээс би санаатай худал хэлж байна гэж үзэж байна. Хоорондоо хуйвалдаж Ц-г ажлаас хална гэсэн зорилготой байсан. 2016 оны 1 дүгээр сард Эрүүл мэндийн газраас дөрвөлсөн гэрээнд захирагч гарын үсэг зураагүй, гэрээ хийгдээгүй. 2016 оны миний ажлыг дүгнэж өгөөгүй, Батжаргал эмч ирээгүй, энэ хоёр хамтран хуйвалдсан гэв.

 

Хариуцагч Ч.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Б.Х-н 69 дүгээр байрны 07 тоотод оршин суух, С. Б.Х-н эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын шийдвэрийг үндэслэн Б.Х-н захирагч ч миний гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  1. С.Ц нь эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар

хангаж гардан зохион байгуулж байгаагүй гэдгээ хяналтын зөвлөлийн хуралдаанд хэлсэн. С.Ц нь Б.Х-н  ардчилсан намын дарга болж сонгуулийн ажил удирдах болсон тул ээлжийн амралтаа авч улс төрийн ажлаа явуул гэж мэдэгдсэн боловч, 2 сар цагийн бүртгэлд бүртгэгдээгүй ажлаа хийгээгүй нь сахилгын шийтгэл оногдуулах нэг үндэслэл болно.

  1. Шилэн данс хөтөл гэж албан бичиг ирж байгаагүй гэсэн тайлбарт “хүн бүр хууль

дүрэм журмыг нэгэн адил биелүүлэх үүрэгтэй гэсэн иргэний болон байгууллагын удирдлагын наад захын  үүрэг хариуцлагыг ухамсарлаагүй” байгаа нь нэхэмжлэлийн тайлбараас харагдаж байна.

  1. Монгол улсад НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд 2 жил болох гэж байхад түүнийг огт

хэрэгжүүлээгүйгээс гадна орон нутагт энэ талаар 2 удаагийн нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж зөрчилтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон боловч хэрэгжүүлээгүй.

  1. С.Ц нь 2015 онд эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр томилогдмогц

эргэлтийн эмийн сангийн ашгаас өөрийн сургалтын төлбөр 3 000 000 төгрөг гаргуулж авч хэрэглэсэн. С.Ц нь “Хунт хийморь” ХХК-тай бөгөөд хүнс, бараа, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Амжиргааны дээгүүр орлоготой өрхийн нэг юм.

  1. 2017 оны 06, 07 сард огт ажиллаагүй цагийн бүртгэл дээр бүртгүүлээгүй байж

цалин авсан байна гэхэд би мэдэхгүй нягтлантай ярь би яаж мэддэг юм гэсэн хариултыг тооллогын комиссын гишүүдийн өмнө хэлсэн.

  1. Бусад сумын эмийн сангууд өөрийн ашгаараа өөрийн гэсэн байртай болох, орон

нутгийн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээгээ сайжруулах гэсэн олон төрлийн арга хэмжээ авч ажилладаг. Харин С.Ц нь сургалтын төлбөрөө төлснөөс хойш санаатайгаар огт ашиггүй ажиллуулж, удирдлагын зардлаа өсгөсөөр байна.

  1. Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хүлээж авснаас хойш эргэлтийн

эмийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурлыг 3 удаа зарласан боловч, 2 удаа ирц хүрээгүй, нэг удаад С.Ц нь Улаанбаатар хотод хувийн ажлаар явсан шалтгаанаар хойшилж байсан.

  1. Ажлаас халсан тушаал нь “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн удирдах зөвлөл,

хяналтын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хамтын шийдвэр бөгөөд нийт 9 гишүүн оролцож, 1 гишүүн түтгэлзэж, 2 гишүүн татгалзаж, 6 гишүүн дэмжсэнээр 67 хувийн саналаар дэмжсэн гэжээ. (хх-ийн 15-16 тал)

 

   Хариуцагч Ч.Ч-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6,7 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Эргэлтийн эмийн сангийхан огт ажлаа хийгээгүй. Миний бие Засаг даргын хувьд өөрийн биеэр очиж та амралтаа аваад энэ улс төрийн ажлаа хий, эргэлтийн эмийн сангийн ажил чинь цалгардаад байна гэж хэлсэн боловч амралтаа аваагүй, эрүүл мэндийн газрын даргад очиж амралтаа авна гэж өргөдөл өгсөн байсан. Эрүүл мэндийн дарга өөрт нь танай Засаг дарга амралтыг чинь өгнө гэж хэлээд буцаасан байсан. Амралтаа аваагүй, ажилдаа 2 сар очоогүй, хавтаст хэргийн материалд цагийн бүртгэлийг оруулсан гэж хэлсэн нь хуурамч нөхөж хийсэн бүртгэл, надад тухайн үед очсон бичлэг байгаа шаардлагатай бол үзүүлж болно. Мөн иргэдээс олон удаа гомдол санал ирсэн, эргэлтийн эмийн сангийн хүн байхгүй байна, угаагч нь эмийхээ нэрийг мэдэхгүй байна гэж байсан. Сургалтын төлбөр дээр хэргийн материалд өгсөн 2011 оны Эрүүл мэндийн сайдын 297 дугаар журам дээр 3 дугаар зүйлийн 3.3 дээр эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг удирдах зөвлөлийн шийдвэрээр дараах үйл ажиллагаанд зарцуулна гэж байгаа. Үүнд:

Сургалтын зардал орж байгаа, харин сургалтын төлбөр төлөх шийдвэр гаргасан Засаг дарга ямар нэг удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн “төрийн хөрөнгөөр сургуульд сурч байвал, ажиллаж байх хугацаандаа цалингаа авна” гэсэн огт хамааралгүй заалтыг үндэслээд, дангаараа төлбөрийн асуудлыг шийдэж 3.055.000 төгрөгийг Анагаах ухааны их сургуулийн дансанд шилжүүлсэн байна.

 Шилэн дансыг нягтлан хөтлөх ёстой гэж тайлбарласан нь Эргэлтийн эмийн сангийн удирдах албан тушаалтан эрхлэгч хүн өөрөөсөө зайлуулж болохгүй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар “Е-баримт”-ын тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байхад энэ шалтгаанаа арилгаж чадаагүй байна гэдэг тухайн эргэлтийн эмийн санг удирдаж байгаа хүний ажлын хариуцлагагүй байдал гэж үзэхээс өөр аргагүй, хууль хэрэгжээд хоёр хоноогүй, хоёр сар болоогүй, хоёр жил болж байна. Эцэст нь ажилд томилох тухай, Засаг даргын захирамж мөн удирдах зөвлөлийн шийдвэр байхгүй, Эрүүл мэндийн сайдын 295 дугаар журмын 2.2 дээр бүх шатны Засаг даргын удирдах болон хяналтын зөвлөл, тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна гэсэн байна. Шийдвэрээр томилох ёстой байтал, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зөвлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар, мөн Эрүүл мэндийн 10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг гэсэн огт хуульд байхгүй заалтыг үндэслэж ажилд томилогдсон. Би 2017 оны шинэ гэрээнд гарын үсэг зураагүй, яагаад гэвэл тайлангаа тавиагүй, миний хувьд яаж ажиллаж байсныг нь мэдэхгүй, ямар үндэслэлээр дүгнэж зурах вэ дээ. Гэрээнд гарын үсэг зураагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ц нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б.Х-н Засаг дарга Ч-ын захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Энэ нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэсэн заалтыг үндэслэн, ажилтан хөдөлмөрийн цагийн зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээг таслан зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт байдаг, хавтас хэрэгт цугларсан нотлох баримт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлснээс, дүгнэж үзэхэд Ц нь давтан сахилгын арга хэмжээ авахуулсан үйлдэл байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг Засаг дарга хөдөлмөрийн гэрээнд заасан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учраас дүгнээгүй байна. Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу ажилд нь эргүүлж оруулахыг дэмжиж байна гэв.

 

Гэрч Ц.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: С.Ц нь Хэнтий аймгийн хувьд дээд боловсролтой эм зүйч, нийт 18 хүн байдгийн 14 нь Хэнтий аймгийн төвд байдаг, 3 нь төрийн байгуулагад, бусад нь хувийн, хөдөө сумдад 4 эм зүйч ажилладаг, 1 нь Бэрх тосгонд эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг, ур чадварын хувьд сайн, зан харилцаа сайтай,  ёс зүйтэй, шинэ эмэнд мэдрэг. Мэдрэг гэдэг нь шинэ эмийг тухайн орон нутагт аваачих, цааш түгээх тал дээр маш сайн ажилладаг, миний мэдээгүй эмийг, улсын бүртгэлд бүртгэгдсэн зэрэг мэдээлэл сайтай, эргэлтийн эмийн сандаа эмийг эргэлдүүлэх тал дээр сайн ажилладаг.

 Манай эмийн эргэлт орон нутаг, хүн амаас болж харилцан адилгүй байдаг, Б тосгон гэхэд эргэлтийн эмийн сан маш сайн, эмийг татан авалт хийдэг, манайх 30 хоног эмийг зээлээр өгдөг, 31 дэх хоног дээр алданги хүү тооцох гэрээ хийдэг. Ц эрхлэгчийн хувьд цаг алдалгүй тооцоог хийдэг.

2017 оны 7 дугаар сард 2016 оны урамшуулалтай холбоотой “Итгэлт хамба” явах аялалын талаар Ц эрхлэгчтэй ярилцаж байсан, тухайн үед би өөрөө явж чадахгүй, ганцаараа ажил дээрээ байгаа учир, өөрийнхөө оронд хүүхдээ явуулъя гэж хэлж байсан. Насанд хүрээгүй хүүхдийг “Хил” нэвтрүүлэх тал дээр би аялалын компанитай холбогдож нэлээн олон хоног хөөцөлдсөн. Тухайн үед суманд нь очиж ажлын байрандаа байсан үгүйг очиж харж байгаагүй. Эмийн сан 7 хоногт дунджаар 1 татан авалт хийдэг байсан. С.Ц нь ажлын байран дээрээ байхгүй байсан бол бараа татан авалт явагдахгүй байсан. Ц нь 99039500 дугаартай өөрийнхөө утсаар байнга залгаж захиалга өгдөг, өөр утсаар ярьдаггүй гэв.

 

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ажилтан С.Ц нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Б.Т-ны захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай, ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, эмийн сангийн эрхлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Ажил олгогч Б.Т-ны захирагч Ч.Ч нь ажилтан С.Ц-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халсан гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ажилтан С.Ц нь 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/05 дугаартай, Хэнтий аймгийн Б.Х-н захирагчийн тушаалаар эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр томилогдож 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10  дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан тушаалын хуулбаруудаар тогтоогдож байна. (хх-ийн 1-3, 15-16, 17-18, 39, 51 тал)

С.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар: ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...гэсний дагуу 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болох нь шүүхийн дардас, (хх-ийн 4 тал) Б.Х-н захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай тушаалын хуулбарын захирамжлах хэсгийн 1-д “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн эрхлэгч С Цг эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн үүднээс гардан гүйцэтгэх эрхлэгчийн үүргээ удаа хангалтгүй биелүүлж ажилласан тул 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсугай гэжээ. (хх-ийн 51 тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Цг эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн үүднээс гардан гүйцэтгэх эрхлэгчийн үүргээ удаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан ажлаас халсан байна.

Ажил олгогчийн (хариуцагч) шүүхэд болон шүүх хуралдаанд: нэхэмжлэгч (ажилтан) С.Ц нь өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн үүднээс гүйцэтгээгүй, 2 сар ажлаа хийгээгүй, шилэн данс хөтөлдөггүй, НӨАТ-ын баримт иргэдэд өгдөггүй, сургалтын төлбөрөө эргэлтийн эмийн сангийн орлогоос төлсөн тул эргэлтийн эмийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хуралдааны шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан ажлаас халсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч  (ажилтан) С.Ц нь 2017 оны  6, 7 дугаар сард ажлаа хийж, өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг байсан. Сургалтын төлбөрийн хувьд Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаартай тушаалын 3 дахь зүйлийн... эмийн эргэлтийн сангийн мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын зардлыг эмийн эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн заалтыг үндэслэн Б.Х-н захирагч Х.Б нь тушаал гаргаж 3 055 000 төгрөгийг АУШУИС-ийн дансанд шилжүүлсэн юм.

Шилэн данс хөтлөх тухай сургалт болоогүй, нягтлан бодогч хөтлөх байх, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Е-баримтын программ суулгаж төлбөр төлсөн боловч сүлжээ ажиллахгүй байсан.

Б.Х-н захирагч нь надтай 2017 онд надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. 2016 оны ажлаа дүгнүүлээгүй гэж гэрээ хийхээс татгалзсан. Иймд ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх хариуцагч (ажил олгогч) нь нэхэмжлэгчийг (ажилтан) 2 сар буюу 2017 оны 6, 7 дугаар сард ажил хийгээгүй гэсэн тайлбар нь гэрч Ц.Бгийн мэдүүлгээр, сургалтын төлбөрөө эргэлтийн эмийн сангийн орлогоос төлүүлсэн гэдэг нь Б.Х-н захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/74-б дугаартай захирамжийн хуулбараар няцаагдаж байна гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд Б.Х-н захирагчийн өрөөнд хуралдаж С.Цг 2 сар ажлаа хийгээгүй, шилэн данс хөтөлдөггүй, НӨАТ-ын баримт иргэдэд өгдөггүй, сургалтын төлбөрөө эргэлтийн эмийн сангийн орлогоос төлсөн гэж “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлаас халах шийдвэр гаргасан хурлын тэмдэглэл, (хх-ийн 17-18 тал)

Ажилтан (нэхэмжлэгч) С.Ц нь Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаартай тушаалын эмийн эргэлтийн сангийн ажиллах журмын 3 дах зүйлийн... эмийн эргэлтийн сангийн мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын зардлыг эмийн эргэлтийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэсэн заалтыг баримтлан Б.Х-н захирагч Х.Б нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр а/74-б захирамж гаргаж миний сургалтын зардлын 3 055 000 төгрөгийг АУШУИС-д дансаар шилжүүлсэн гэх нотлох баримтууд, (хх-ийн 53, 45-50 тал) “Номгон-Ээл” эмийн эргэлтийн сангийн 2017 оны орлого, зарлагын бүртгэлийн хуулбар, (хх-ийн 56-57 тал)  гэрч Ц.Б-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, эмийн эргэлтийн сангийн хооронд байгуулсан гэрээний биелэлт, (хх-ийн 58 тал) Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, эмийн эргэлтийн сан, Эрүүл мэндийн төвийн хооронд байгуулсан дөрвөлсөн гэрээ (хх-ийн 6-7 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит байдлыг тогтооход шаардлагатай мэдээлэл байх тул нотлох баримтаар үнэлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан....бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу  түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Нэхэмжлэгч (ажилтан) С.Ц нь 2 сарын хугацаанд ажил тасалсан, сургалтын төлбөрөө эргэлтийн эмийн сангийн орлогоос төлүүлсэн... гэх мэт гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл С.Ц нь хэзээ, хаана, ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь  бичгийн нотлох баримтаар  нотлогдохгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т.... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... байвал хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

“Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтанд хариуцагч (ажил олгогч), нэхэмжлэгч (ажилтан) хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Үүнд:

  1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, эмийн эргэлтийн сан,

Эрүүл мэндийн төвийн хооронд байгуулсан дөрвөлсөн гэрээнд Б.Х-н захирагч Ч.Ч гарын үсэг зурж, тамга дарж, баталгаажуулаагүй байна. (хх-ийн 6-7 тал)

  1. Хариуцагч (ажил олгогч) нь шүүх хуралдаанд:... С.Ц нь 2016 оны тайлангаа

тавиагүй тул 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар...

  1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, эмийн эргэлтийн сангийн

хооронд байгуулсан гэрээний биелэлт, (хх-ийн 57 тал)... зэрэг болно.

 

Иймд ажилтан С.Ц-г хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэнтий аймгийн Б.Х-н захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “ажлаас халах тухай” Б/10 дугаартай, захирамжаар ажилтан (нэхэмжлэгч) С.Ц-г үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтыг зөрчсөн байх тул түүнийг Хэнтий аймгийн Б.Х-н “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна  гэж шүүх дүгнэв.

   Хариуцагч (ажил олгогч) нь өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 44 тал)         

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

   1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Цг Хэнтий аймгийн Б.Х-н “Номгон-Ээл” эргэлтийн эмийн сангийн ажилд эгүүлэн тогтоож, Хэнтий аймгийн Б.Х-н захирагчийн ажлаас халсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ