Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 301/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Арслан овогт О.От холбогдох эрүүгийн 1834000000343 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Кабин” гэх газарт Я.Мтай “үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Бэлчээрээс болж маргаан гарсан. Үхрээ авах гэж очсон. Тэгээд маргалдсан. Тэр хүний бэлчээрийн газар үхрээ тууж очоогүй өөрсдөө хүрээд ирж байгаа юмыг яах юм бэ гээд маргалдсан. Хохиролд 2.000.000 төгрөг төлсөн” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Я.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би 14 цагийн үед өөрийн өвөлжөөн дээрээ очтол О.Оын үхэрнүүд байхаар нь тэр үхэрнүүдийг жаахан өвөлжөөнөөсөө холдуулж байтал О мотоцикльтой 14 цаг өнгөрч байхад согтуу ирээд үгийн зөрүүгүй мотоцикль мөргөж унагаад тэгээд О миний нүүрэнд 4-5 удаа цохисон тэгээд миний гарт байсан шилбүүрийг булааж аваад толгой нуруу зүүн гар луу цохиод байсан тэгэхлээр нь би зөрүүлээд бариад автал намайг газар дарж унагаад хөлөөрөө миний шүд рүү нэг удаа өшиглөсөн тэгээд нуруу гар хөл рүу 2-3 удаа өшиглөсөн, гутлын түрүүнд байсан гар утсыг эвдчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
  2. Гэрч Ц.Бадамхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай багийн иргэн О.О нь эхнэр, 3 хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай сайн малчин, хүн ард иргэдтэйгээ маргалдаж муудалцаад байдаггүй, нутаг орондоо нэр хүндтэй, архи дарс уугаад явж байгааг би хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэггүй. М, О нар нь их ойрхон нутагладаг хүмүүс, урьд өмнө нь муудалцаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
  3. Гэрч О.Өнөрсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “миний дүү О нь төлөв даруу зантай, нутаг орондоо нэр хүндтэй, томоотой, тусархуу, архи дарс хэрэглэдэггүй...Я.Мтай хувийн өш хонзон өр авлагын зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/
  4. Хохирогч Я.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн №661 дугаартай “...Я.Мын биед дээд эрүүний баруун 1 шүдний хугарал, зүүн зовхи, зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, бугуйнд цус хуралт, эруүнд зулгаралт, зулайн хуйх, зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга. бугуйнл зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/
  5. Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн үед үхрээ харах гээд явж байтал манай гэрийн хойно М манай үхрийг хөөгөөд байсан юм тэгэхээр нь би явж очоод яагаад манай үхрийг хөөгөөд байгаа юм гэж асуутал өөдөөс хөөхгүй яадгийн гэхлээр нь би чи бүгдийг нь хөөхгүй миний үхрийг ялгаж хөөгөөд байхдаа яадгийн гээд муудалцаад би гараараа Мыг 2 удаа цохиод газар байсн модон шилбүүрээр зүүн талын гаранд нь 2 удаа цохисон, би Мын баруун гараараа нүүрэнд нь 2 удаа тэгээд модон шилбүүрээр зүүн гаранд нь 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  6. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 тал/
  7. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 тал/
  8. Эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 22 тал/
  9. Хохирогч Я.Мын шүүгдэгч О.Оаас нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 35-36 тал/
  10. Хохирогч Я.Мын мөрдөн байцаалтын шатанд гаргасан гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 42 тал/ зэрэг болно.

 

         Шүүгдэгч О.Оын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                

              Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 4- дүгээр багийн нутаг “Кабин” гэх газарт Я.Мтай “үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Я.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...О мотоцикльтой 14 цаг өнгөрч байхад согтуу ирээд үгийн зөрүүгүй мотоцикль мөргөж унагаад миний нүүрэнд 4-5 удаа цохисон, миний гарт байсан шилбүүрийг булааж аваад толгой нуруу зүүн гар луу цохиод байсан...намайг газар дарж унагаад хөлөөрөө миний шүд рүү нэг удаа өшиглөсөн тэгээд нуруу гар хөл рүу 2-3 удаа өшиглөсөн, гутлын түрүүнд байсан гар утсыг эвдчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, шинжээч эмчийн №661 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 тал/, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Оыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

            Хохирогч Я.Мын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...О.О нь хохирлын 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй...“ гэх хүсэлт /хх-ийн 42 тал/, шүүхээс хохирогч Я.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч О.Оыг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.От эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Тав: Бусад асуудлаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ташуурыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эрүүгийн 1834006420282 тоот хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                           

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Арслан овогт О.Оыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Арслан овогт О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч О.Оыг оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Оыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ташуур 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

 

  1. Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг
    дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА