| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0140/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/132 |
| Огноо | 2017-05-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2017/0140/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч Д.Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт Д.Б-од холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000212 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд яд шийтгэлгүй, Д.Б-
Шүүгдэгч Д.Д.Б- нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим өөрийн найз С.С.П-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заазуураар С.С.П-ын толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2008 онд гэмт хэрэг үйлдэж баривчлах ялаар шийтгүүлж байсан. Одоо миний бие эхнэртэй болж хамт архи уудаг найзуудаасаа зайгаа авсан. Эхнэр бид хоёрыг танилцахаас өмнө С.С.П- манайд амьдардаг байсан. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрын эмэгтэйчүүдтэйгээ цэргийн баяр тэмдэглэж байхад С.С.П- ирээд “надаас зээлсэн мөнгөө өгч одоо өгч чадахгүй” гэдгээ хэлсэн. Ингээд С.С.П- бас нэг найз бид гурав манай гэрт очиж пиво болон архи хувааж уусан. Ууж байсан архиа дуусгачхаад С.С.П- тэр хоёрыг “одоо манай гэрээс яваарай” гэж хэлчихээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад С.С.П- босооч гээд миний хөл рүү өшиглөхөөр нь сэрсэн. Намайг сэрэхэд нөгөө найз маань явчихсан С.С.П- үлдсэн байсан. Тухайн үед эхнэр маань гэрт хүн авчирч архи уулаа гээд уурлаад байсан ба С.С.П- намайг унтаж байхад манай эхнэрийг янз бүрээр хэлсэн байсан. Тэгээд би эхнэрээ өмөөрч С.С.П-той маргалдаж түүнийг айлгах зорилгоор заазуур бариад дайрахдаа биед нь гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн манай эхнэр 6 сартай жирэмсэн эмнэлэгт хэвтэж байгаа буюу бие нь их муу байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...С.С.П-ыг манай гэрээс явахгүй байгаагаас нь болж би эхнэртэйгээ маргалдахад С.П- манай эхнэрийг өмөөрч намайг өшиглөхөд нь би уурандаа түүний толгойг заазуураар цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг \хавтаст хэргийн 22\,
Хохирогч С.С.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр хоёрыг эвлэрүүлэх санаатай Н-г өмөөрөөд сууж байсан газраасаа Д.Б-оогийн цээж рүү нь түлхээд чи битгий ингэж уурлаа, хоол ундаа идчихээд сайхан амар гэхэд Д.Б-оо над руу заазуур барьж дайраад бид хоёрын асуудал чамд хамаа байхгүй гээд барьж байсан заазуураараа миний толгой руу цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/
Гэрч Г.Н-мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Б-оод найзуудыгаа авч ирээд өдөржин гэрт архи уулаа , Б- одоо хүртэл явахгүй байна гэж ууралсан юм. Тэр үед Д.Б-оо уурлаад аягатай хоолоо цонхоор гаргаад шидчихсэн юм. Тэгтэл Б- “ Д.Б-оо чи яаж байгаа юм бэ эхнэрийнхээ хийсэн хоолыг гаргаж цацаад байх даа яах вэ дээ” гэж Д.Б-оогийн хөл рүү өшиглөсөн. Тэр үед Д.Б-оо бид хоёрын амьдрал чамд чамд хамаагүй гэж уурлаад гал тогооны түмбүчикнээс заазуур аваад Б- барьцалдаж аваад үүдний амбаар руу гарсан. Тэгээд үүдний амбаарт тэр хоёр ноцолдож байгаад Д.Б-оо Б- духан дээр нь заазуураараа цохичихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/
“...1.С.С.П-ын биед духны шарх, хүзүү хоолойны зүүн хажуу талын зулгаралт, тархи доргилт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.С.С.П-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 24\ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д.Б- нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 7-109 тоотод өөрийн найз С.С.П-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заазуураар С.С.П-ын толгойн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Д.Б-ыг бусдын бие махбодид санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д.Б- нь урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар түүний ялтай байх хугацаа дуусгавар болсон байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Д.Б-од ял шийтгэл оногдуулахдаа түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д.Б- нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг устгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Д.Д.Б-од анхааруулсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Д.Б-ыг батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ