| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0160/Э |
| Дугаар | 256/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 256/ШЦТ/2017
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа
иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаа,
хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох 201719000058 тоот Эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р баг Нарстайн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгч Д.Энхтуяаг өмөөрч хүргэн ах Б.Амарсанааг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Санамсаргүй зүйл болсон. Зарим нэг мэдүүлэгүүдийг нэмүүлж яриад байгаа. Өөрөө зуухаа мөргөөд унасан ш дээ. Тэрнээс төмрөөр цохисон зүйл байхгүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болоод ийм зүйл болсон. Би санаатай зодсон зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Амарсанаа нь 2016 оны 12 сарын 29-ний шөнө намайг гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд миний хүү ухаангүй байсан. Тэгээд бид 2 гэмтлийн эмнэлэг дээр 20 хоносон. Эхний 10 хоногт их хүнд байсан. Дараа нь сэргээн засах эмнэлэгт хэвтсэн. Миний хүү бүтэн 9 сарын хугацаанд унадаг болчихсон. Таталтын эмийг эхлээд өдрийн 1-р ууж байсан одоо өдрийн 3-р ууж байгаа баруун тал нь саажилттай болсон. Тэгээд өчигдөр орой Улаанбаатар айлд ирэхэд унаад түргэн дуудаад магнизм хийгээд гайгүй болгосон. Одоо халуураад байнга чичрээд байлдаг болсон. Одоо 3 хүүхэдтэй амьдрал хэцүү байна. Д.Э түргэн дуудаагүй орхиод яваад өгсөн байна лээ. Тэгээд гэртээ 2 хоносон байгаа юм. Хэрвээ эмч дуудаад өгөөд явсан байсан бол манай хүү хагалгаанд орох боломжтой байсан гэж гэмтлийн эмч нь хэлсэн. Том охин 11 настай надтай хамт амьдарч байсан. Дундах нь 10 настай эгч дээр нь байдаг юм байна. Багийг нь ээж нь аваад явсан гэж байна. Би өөрөө 70 гарсан хүн өвчин намдаах эмийг өдрйин 3-р ууж байна. Одоо 2.088833 төгрөг нэхэмжилж байна. 1.000.000 төгрөг бол өмгөөллийн хөлс байгаа. Би 5.600.000 төгрөг нэхэмжилсэн тэрнээс 3.500.000 төгрөг авсан байгаа. Манай бэр ажилгүй Батсүмбэрт байгаа байх манай хүүтэй суугаад 11 жил болж байгаа. Тэгээд том охиноо манайд авчираад өгсөн дундах бага 2-оо авчираад манайд сургуульд явуулж байсан юм гэв.
Хохирогч Б.Амарсанаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2016 оны 12 сарын 27-ны өдөр би гэртээ эхнэр Энхтуяа, дүү Д.Э нарын хамт байж байсан. Д.Э бид 2 самаранд явж ирээд самраа тушаачихаад байж байсан. Тэгсэн манай хөрш айлын залуу Шүрээ орж ирээд юм яриад сууж байсан. Тэгсэн Д.Э уулын хишиг гээд архи авахаар намайг дагуулаад гарсан. Бид 2 манай гэрийн урд талын дэлгүүрээс 0.75 литрийн сархад архи 2,5 литрийн боргио пиво аваад гэр лүүгээ хариад Шүрээтэй хамт ууж дууссан чинь Шүрээ Д.Эоос 10000 төгрөг зээлье гэсэн чинь Д.Э 20000 төгрөг авдарнаас аваад Шүрээгийн хамт гарсан. Гэрээс гараад 30 минутын дараа гэрт орж ирсэн. Тэгээд Амараа ах хоёулаа Шүрээгийнд очъё гээд хамт авсан. Шүрээгийн гэрт очсон чинь ээж нь архи уулаа гээд уурлаад байхаар нь архийг нь аваад Оогий гээд залуугийнд орж архи уусан. Миний араас Д.Э ирээд тэр архийг ууж дуусаад гэр лүүгээ харьсан. Гэртээ ороод хөргөгч дээрээс тамхи аваад зогсож байхад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн чинь намайг цохиж унагаагаад гэрийн гадна чирж гаргаад зодчихоод буцаагаад гэр лүү оруулсан. Тэгээд ухаан алдсан. Нэг сэрэхэд би эмнэлэгт байсан. Би зодуулсаны дараа бүтэн нэг өдөр гэртээ ухаан орж гараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-25-27 тал/,
Гэрч Д.Энхтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: .. Тэгээд самараас ирээд 2016.12.27-ны өдөр тус бүр 300 мянган төгрөгтэй болсон, Амарсанаа хангайн хишиг юм чинь ганц шил архи авж ууна гээд дэлгүүрээс Улаанбаатар нэртэй 750 граммын 1 шил архи, 2.5 литерийн Боргио пиво аваад Д.Э болон хөрш айлын залуу болох Даваасүрэн нар хувааж уусан юм. Архиа ууж дуусахад тэр хоёр ууланд явж ирсэн ядар ч байна унтаж амрах гэхэд Даваасүрэн дахин 1 шил архи авж ууя гээд байсан. Тэгээд 21:00 цагийн үед гарч яваад удаагүй Амарсанаа Д.Э нар дэлгүүрээс архи авчирсан. Тэрний өмнө Даваасүрэн би нэлээд согтчихлоо гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн байсан. Даваасүрэн байхгүй тул Д.Э утасаар ярихад хүрээд ир гэж хэлсэн. Д.Э, Амарсанаа нар Даваасүрэнгийн гэрлүү яваад өгсөн. Би гэртээ ганцаараа унтаж байхад орой 00:00-01:00 цаг өнгөрсөн байх гаднаас Амарсанаа согтуу орж ирээд намайг өшиглөөд "дүү чинь сайхан зодолдож чадахгүй, намайг ингэж зодож хоролчихлоо, алив чи бос, би Дархан явлаа" гэж хэлсэн. Түүний нүүр ам болон хувцас хунар нь авах юм байхгүй цус болсон, толгой нь хоёр талдаа язарч цус гоожиж байсан, түүний нүүр ам нь авах юм гүй хавдаж хөхөрсөн байсан. Би юу болсон юм бэ? чи шөнө орой хаашаа явах гээд байгаан гэхэд танай дүү зодчихлоо би явлаа гээд цустай хувцас хунараа тайлаад байсан. Тэгж байгаад гэмтэлээсээ болс н юм уу, архинаасаа болсон юм уу зууханы хойно байж байгаад хойшоо гэдрэгээ саваад зууханы яндан мөргөөд унасан. Тэгээд би түүний цусыг арчиж цэвэрлэж тайвшируулаад тэр шөнөдөө гэртээ хоносон. Д.Э зүгээр унтаад өгсөн. Маргааш нь би Амарсанаагийн хувцас хунарыг нь цэвэрлэж угаасан. Түргэн дуудаж үзүүлэхүү гэхэд "байж бай, дүү чинь мандал явсан юм чинь, эмнэлэг дуудах байлгүй түр харж байя" гэж хэлсэн. Тухайн өдөр Дархан руу ээжрүүгээ явах ёстой байсан бөгөөд ээж нь залгаад байхаар нь яахуу юу гэж хэлэх үү гэхэд "өнөөдөртөө амжихгүй, бие хаа нь өвдөөд байна, санаа нь зовчих байх зодуулсан гэж битгий хэл" гэж хэлээд зүгээр унтаад байсан. Өдөр нь босож ирээд бантан идээд унтсан. Үдээс хойш 15-16 цагийн үед толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм уусан. Орой нь Даваасүрэн орж ирээд Амарсанаа намайг дэлгүүрлүү явуулж 2.5 литрийн боргио пиво авчруулж уусан. Мөн тэр шөнөдөө хоноод даараад байна, гээд байс хийгээд цай гээд хэцүү байдалтай хоносон. Би өглөө нь чи болохгүйнээ ер нь эмнэлэгт үзүүлье гэж хэлээд сумын эмнэлэгрүү түргэн дуудсан. Түргэний машингүй байна, та наад хүнээ яаж ийгээд өөрсдөө авчир гэж хэлсэн. Тэгээд би 16:00 цагийн үед Баяраа гэх жолооч ахаар сумын эмнэлэгрүү хүргүүлсэн. Сумын эмч үзээд анхан шатны тусламж үзүүлээд 23:00 цагийн үед Улаанбаатар хотруу гэмтэлийн эмнэлэгрүү хүргэж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 тал/,
Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тухайн үед сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ажилтай байсан. Тухайн үед буюу 2016 оны 12 сарын 29-ний өглөө манай эмнэлэгт "Сөгнөгөрт хүнд зодуулаад халуураад гэмтсэн байна, ирж үзнэ үү" гэж дуудлага өгсөн талаар хүлээн авахын сувилагч надад хэлж байсан юм. Тэр үед манай эмнэлгийн дуудлагын автомашин нь эвдэрээд засвартай байсан жолооч нь хот яваад үдээс хойш автомашинаа ажилд нь оруулсан байсан юм. Тэгээд 16:50 цагт иргэн Амарсанаа нь өөрсдийн унаагаар хүлээн авах дээр ирсэн. Тэр үед би алсын дуудлагаар Сөгнөгөр 3-р багт ухаан алдаж унасан гэх хүнд тусламж үйлчилээ үзүүлээд 18:30 цагийн үед эмнэлэг дээр ирж Аамарсанааг үзэхэд ерөнхийдөө юм яриад ухаантай асуултанд оновчтой хариулж байсан хэрнээ, баруун талын гар хөл саажсан, нүүр битүү хавдаж хөхөрсөн, хоёр нүдний склер цагаан нь улайсан духны арьс хавдсан, тэмтэрхэд доор нь шингэн зүйл булхалцаж байсан, баруун нүдний зовхи хэсэгт тэмтэрхэд яс нь хонхойсон мэдрэгдэж байсан, хүзүүний хөшинг нэг хуруу тэмтрэгдэж байсан, шээе гэсэн хэрнээ өөрөө шээж чадахгүй, шээс нь дусагнаж гарч байсан туд катейтар тавьж 1.5 литр шээс авсан, хамарнаас цус гарж тогтсон байдалтай байсан. Тэгээд асуумж авахад Амарсанаа би эхнэрийнхээ дүүтэй архи уусан, тэгээд намайг гэрийн гадаа тархи толгойруу учиргүй өшиглөөд байсан гэж ярисан. Би тэрний дараа юу болсон талаар асуухад тэрний дараа юу болсоныг мэдээгүй, би нэг мэдэхэд өглөө гэртээ хэвтэж байсан гэж ярисан. Тархины хүнд гэмтэлээсээ болоод саажилт үүссэн энэ маш хүнд гэж хэлээд эхнэр Энхтуяагаас Амарсанаагийн ээжийн утасыг аваад нөхцөл байдлыг танилцуулсан, цаг алдалгүй боломжит эмчилгээг хийж биеийн байдалыг тогтворжуулж 21-22 цагийн үед гараад Улаанбаатар хотруу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн юм. Өөр зүйл болоогүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Гэрч Д.Эрдэнэмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Миний төрсөн дүү Д.Э нь 1977 оны 05 сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт айлын бага хүүхэд болсон төрсөн. Эхээс 7 уулаа байж байгаад 2 ах, 1 эгч нь өнгөрчихсөн одоо байгаа нь 2 эгч, 1 ах нь тус тусдаа амьдралтай байдаг юм. Төв аймгийн Батсүмбэр суманд багадаа сургуульд сурч байгаад 7-р ангиасаа гарчихсан. 1998 онд Төв аймгий Батсүмбэр суманд түймэрт явж байгаад зам тээврийн осолд орж тархи толгойны өвчтэй болчихсон юм. Тухайн үеийн жолооч нь тормозгүй машинтай явж байгаад зам тээврийн осол гаргаснаас болж 20-оод хүнээс газар дээрээ 2 хүн нас барж, 2 хүн маш хүнд гэмтсэний нэг нь манай дүү байгаа юм. Д.Эт тухайн үед цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байсан бөгөөд бие муутай тул цэрэгт яваагүй. Түүнээс хойш байнга татаж унадаг өвчтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай тул 2009 оноос хойш группед байдаг юм. Эхнэр хүүхэд байхгүй, ганц бие бөгөөд эгч Энхтуяагийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газар эцэг, эхийнхээ гал голомт дээр 1987 оноос хойш амьдарч байсгн. Амарсанаа, Энхтуяа нартай сүүлийн 1 жил хамт амьдарч байгаа юм. Д.Э, Амарсанаа нарын хоорондын харилцаа маш дажгүй байдаг юм. Хамтарч хадлангаа хадах, самарт яваад байдаг, Амарсанаагийн хүүхэдүүд нь ааваасаа илүү Д.Эт маш сайн байдаг юм. Д.Э, Амарсанаа нар хоорондоо муудалцаж байгаагүй. Харин Амарсанаа эхнэр Энхтуяатай байнга хэрэлдэж муудалцдаг, хоорондын харьцаа таарамж муутай байдаг, аль алинаас нь болдог байх гэж бодож байна. Энхтуяа, Д.Э нар бол архи согтууруулах ундаа уугаад байдаггүй, Амарсанааг ууж байхыг нь хараагүй гэхдээ Энхтуяагийн яриагаар бол Амарсанааг нэлээд агсам согтуу тавьж байгаа гэж яриж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Р.Янжмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 29-ний өдөр 17:30 цагийн үед Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн эмч Ганчимэг гэх хүн надруу утасаар яриад "Баянцагаан овогтой Амарсанаа танай хүүхэд мөн үү, хүүхэд чинь хүнд зодуулаад маш хүнд гэмтсэн байна, би эндээс шаардлагатай арга хэмжээг аваад хотруу Гэмтэл согог судлалын эмнэлэгрүү хүргэе" гэж хэлсэн. Тэгээд би тэр мэдээг дуулаад Улаанбаатар хотруу явахдаа Амарсанаагийн 3 хүүхдийг Дарханд байдаг эгч Эрдэнэмааг дуудаж өгөөд явсан. Тэгээд би 2016.12.29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүүтэйгээ уулзахад Амарсанааг Энхтуяа аваад ирчихсэн толгой нүүр нь хавдаж хөх няц болсон ухаангүй өмдөндөө шээсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би энэ өдрөөс хойш 40 хоног эмнэлэгт хүүгээ сахиж байгаад 2017.02.07-ны өдөр эмнэлгээс гарсан. Амарсанаа эхний 10 хоног эмнэлэгт байхдаа тодорхой хэлж чадахгүй байж байгаад зарим юм аа мартаж санаад байна ямар ч байсан намайг Д.Э зодсон гэдгийг хэлж байсан. Яг юунаас болоод зодуулсанаа санахгүй байсан. Тэр хоёр ямар ч байсан архи уусан гэж байсан. Өөр зүйлийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Гэрч О.Даваасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Амарсанаагийн гэрт 2016 оны 12 сарын 27-ны өдөр нэг шил 750 граммын архи, 2.5 литерийн пиво хувааж уусан. Тэгээд тэр хоёрыг дэлгүүрлүү дахин архинд явах үед нэлээд согтоод байсан тул харьж амрахаар явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,
Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот дүгнэлт Б.Амарсанаагийн биед тархины эдэд цус хуралт, няцрал, баруун нүдний ухархайн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 173 тоот “Д.Э нь урьд өмнө нь "Тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Сэтгэцийн өвчний оноштой сэтгэцийн групп хөдөлмөрийн чадвар алдалтын 60% тай байдаг гэсэн эмнэлгийн бичиг баримт байна. Д.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна. Д.Э нь одоо "Тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Зан төрхийн өөрчлөлт. Уналт таталтын хам шинж" сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Э нь болсон хэргийн байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Э нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 48-51 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 270 тоот “Б.Амарсанаа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.Амарсанаа нь одоо сэтгэцийн хувьд "Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил" өвчтэй байна. Болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэь^зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 100-102 тал/,
Бусад баримт
- Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн албан бичиг /хх-4 тал/,
- хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16- 19 тал/,
- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22 тал /,
- Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 09 тоот албан бичиг /хх-33-34 тал/,
- эд зүйлийн үнэлгээ /хх-46 тал/,
- Б.Амарсанаагийн өвчний түүх /хх-71-83 тал/,
-шүүгдэгч Д.Эын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-61 тал/,
-шүүгдэгч Д.Эыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хх-57-58 тал/ сэжигтнээр, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /хх-59-60 тал/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эт 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүр мөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохиролсанаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3-р баг Нарстайн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эгч Д.Энхтуяаг өмөөрч хүргэн ах Б.Амарсанааг зодож бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Энхтуяа, гэрч Б.Ганчимэг, гэрч Д.Эрдэнэмаа, гэрч Р.Янжмаа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Эт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хохирогч Б.Амарсанаа нь 5.588.833 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас шүүгдэгч Д.Э нь 4.060.000 төгрөгийн хохирол төлсөн байна. Хохирогч Б.Амарсанаагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.528.833 төгрөгийг шүүгдэгч Д.Эоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаад олгуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “нокиа 3310 маркийн хуучин гар утасны битүүмжлэлийг шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Амарсанаад хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Эт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар ялтан Д.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эоос 1.528.833 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амарсанаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Янжмаа нарт олгож, хохирогч Б.Амарсанаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хяанан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Ялтан Д.Э нь хохирогч Б.Амарсанаад нийт 4.060.000 төгрөгийн хохирол төлсөн, ялтан Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “нокиа 3310 маркийн хуучин гар утасны битүүмжлэлийг шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Амарсанаад хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Ю.ЭНХМАА