Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2391

 

Б.Я, Д.Б нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Я, Д.Б,

Хариуцагч Г ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар 30 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 15 750 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Я, Д.Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, өмгөөлөгч Б.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Я, Д.Б нар нь Г ХХК-ийн бариулсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороололд байрлах 3-3 дугаар байрны 107 м.кв 3 өрөө орон сууцыг гараашийн хамт 305 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус компанитай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, байрандаа нүүж орсон ба гэрээний 2.1-д заасны дагуу 8 удаагийн төлөлтөөр 17 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулан, тус гэрээний 5.3-т заасны дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан. 

Гэрээний дагуу Б.Я, Д.Б нар нь Г ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг төлсөн. Б.Я, Д.Б нарыг амьдарч байх хугацаанд барилгын материалын чанараас шалтгаалж байнга дээд айлаас ус алдах, хажуу айлын хана цуурч нурах, 00-ын өрөөний хана нурах, байнга өмхий үнэртэх зэрэг асуудлууд гардаг байсан. Ус алдалтын асуудлаас шалтгаалж дүүжин хана нурах эрсдэл ч бий болж байсан. Энэ талаар тухай бүрт нь Г ХХК-д мэдэгдэж тус компанийн зардлаар засвар хийлгэдэг байсан боловч анхнаасаа монтажаа буруу хийсэн болон Монгол Улсын барилгын стандарт нормд нийцээгүй Солонгос Улсын зургаар сантехник болон агааржуулалтын асуудлыг шийдсэн учраас засвар хийсэн ч үр дүн гарахгүй доголдол дутагдлууд үргэлжилсээр байсан тул гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлөхөө зогсоож, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г ХХК-ийн менежер н.Баасансүрэн, барилга хариуцсан Солонгос Улсын иргэн Юн Бан У, гүйцэтгэх захирал С.Мөнхзаяа болон түүний нөхөр н.Эрдэнэсайхан нартай уулзан байрнаас гарахаа мэдэгдсэн.

Г ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч байрыг хүлээн авсан бөгөөд тус өдрөө Б.Я, Д.Б нар нь байрнаас нүүж гарсан. Б.Я, Д.Б нарыг тус байрыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсний дараа Г ХХК-ийн зүгээс байрыг бусдад худалдсан болно. Иймд Б.Я, Д.Б нар нь Г ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр татгалзсан тул төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Л.Загдаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч нар нь захиалгын орон сууцны байр барилгын норм, журмыг зөрчсөн, доголдол, гэмтэлтэй байсан гэдэг байдлаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэвч, барилга доголдолтой байгаагүй бөгөөд нэхэмжпэгч нар энэ шалтгааны улмаас байрнаас гараагүй юм. Нэхэмжлэгч Б.Я нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай компанид хүсэлт гаргаж байсан. Тус хүсэлтэд байр ямар нэгэн доголдолтой байсан талаар дурдагдаагүй бөгөөд өөрсдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор байрны төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар бичсэн байдаг.

Энэ нь нэхэмжпэгчид байрны төлбөрийг төлөөгүй, байрнаас гарсан бодит шалтгааныг тодорхой илтгэнэ. Түүнчлэн, нэхэмжлэгч нар гэрээний үүргээ зөрчсөнөөс болж бид байрыг бусдад бага үнээр худалдаж хохироод байна. Мөн, нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу байрыг хүлээн авч байрандаа нүүж орсноос хойш манай байрыг ашигласан, байранд элэгдэл үүссэнтэй холбоотой хохирол учирсан. Бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд зааснаар гүйцэтгэж, ямар нэгэн доголдолгүй байрыг хүлээлгэж өгсөн. Дээрх үндэслэлүүдээр бид нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний тайлбартаа: Нэхэмжлэгч нь төлбөрийг гэрээний 2.1-д зааснаар хувааж төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Мөн байрыг худалдан авч чадахгүй болсон гэж байрыг хүлээн авахаас татгалзаж, орхин гарсан. Орон сууц захиалагч нар гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой манай компанид хохирол учирч байна. Тухайлбал, захиалагч нар бидний орон сууцыг 2 орчим жилийн хугацаанд төлбөргүй ашиглаж өөрсдийн төлбөрийг хэмнэж, мөн байранд элэгдэл явагдсантай холбоотой бид засвар хийж зардал гаргасан.

Бид “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.4-т заасны дагуу байрны нийт үнийн дүнгийн 15 хувийг шаардах эрхтэй юм. Гэрээний нийт үнийн дүн нь 305 000 000 төгрөг тул үүний 15 хувь нь 45 750 000 төгрөг болж байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нараас манай компанид 30 000 000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 15 750 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.4-т дэх заалт нь талуудын хооронд үүсээд буй маргаантай хамааралгүй юм. Учир нь, нэхэмжлэгч Б.Я, Д.Б нар нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу захиалгаар бариулсан байраа хүлээн авахаас татгалзаагүй, харин ч хүлээн авсан. Талууд байрыг хүлээн авсан эсэхэд маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэл болоод хариу тайлбар зэргээс харагдаж байна.

Үүнээс гадна Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт алданги хэрхэн төлөхөөр заасан байна. Алдангийг гэрээний талуудын үүргийн зөрчилтэй холбоотойгоор бус гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотойгоор төлдөг. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Я, Д.Б нарт олгож, хариуцагч Г ХХК-ийн 15 750 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Я, Д.Б нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Я, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагч Г ХХК-иас төлсөн 236 700 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Я, Д.Б нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Загдаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг заажээ. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзсан гэдэг. Энэ нь уг орон сууцыг худалдан авсанаас хойш 1 жил, 2 сарын хугацаа өнгөрсний дараах эд хөрөнгөтэй холбоотой гомдол буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан үе юм.

Гэрээнээс татгалзахын тулд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх ёстой боловч нэхэмжлэгч нар мэдэгдээгүй. Худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийн доголдол үүссэн байх ёстой байдаг. Г ХХК нь гэрээнд заасан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар нотлогддог. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон байх ёстой байдаг.

Нэгэнт гүйцэтгэгч нь захиалагчид биет байдлын доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгсөн байгаа тул нэхэмжлэгчээс нэмэлт хугацаа тогтоох үндэслэлгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч талд гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж болохоор байна.

Харин нэхэмжлэгч нар нь гэрээний үүргийн зөрчлийн улмаас буюу барилга доголдолтой байснаас байрнаас гараагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Ягийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр компанид гаргасан хүсэлтэд түүнийг байрны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүйн улмаас байрнаас гарах болсныг илтгэнэ. Шүүх уг нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн байх ёстой гэсэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг хяналгүйгээр, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад гэрээнээс татгалзсан татгалзлыг нь баталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь төлбөрийг гэрээний 2.1-д зааснаар хувааж төлөх үүрэгтэй байсан боловч байрны үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон гэж байрыг хүлээн авахаас татгалзаж, орхин гарсан талаар холбогдох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан болно. Бид үлдэгдэл төлбөр болох 15 750 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2.4 дэх заалтын агуулга нь захиалагч байраа аваагүй нөхцөлд гүйцэтгэгч нь гэрээний үнийн дүнгийн 15 хувийг авах агуулгатай буюу гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцож гэрээнд тусгасан зохицуулалт юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдлын талаар тодруулж, дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Я, Д.Б нар нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нараас гэрээнд заасны дагуу алдангид 15 750 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Я “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс татгалзаж, орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “Г” ХХК-д хүлээлгэн өгсөн тул орон сууцны үнэд төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан ба хариуцагч татгалзлаа орон сууцыг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нар орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэх шалтгаанаар гэрээнээс татгалзсан, ийнхүү татгалзахад хариуцагчийн буруу байхгүй, харин нэхэмжлэгч орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээний 2.4-т зааснаар 45 750 000 төгрөгийн  алданги тооцогдох тул 30 000 000 төгрөгийг уг төлбөрт суутган, 15 750 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Маргааны зүйл болсон орон сууцыг улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн актаар 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс байнгын ашиглалтад хүлээн авсан тухай хариуцагч тайлбарласан ба бүрэн баригдаж, ашиглалтад орсон байрыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч тал хүлээн авсан  байх тул гэрээ “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэж нэрлэгдсэн ч агуулгаараа худалдах, худалдах авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Гэрээнээс татгалзаж, орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр компанид хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй, улмаар уг орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Д.Бямбахишигт худалдсан талаарх гэрээ /хх 58-61/ хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал гэрээнээс татгалзсаныг худалдагч тал хүлээн зөвшөөрч орон сууц буюу гэрээний зүйлийг буцаан авсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгийг нэгэн зэрэг, биечлэн буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч хуулийн дээрх зохицуулалтын дагуу үүргээ биелүүлээгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн шаардсан боловч “захиалагч нь энэхүү гэрээг дангаараа зөрчиж байраа авахгүй тохиолдолд орон сууцны үнийн нийт төлбөрийнхөө 15 хувийг алдангид төлж, үлдсэн хэсгийг авна” гэж томьёолсон ба уг заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй, тодруулбал, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсоныг алданги гэж тодорхойлсон хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Гэрээний дурдсан заалтыг үгийн шууд утгаар тайлбарлавал хуульд нийцсэн,  анзын гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ