Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00070

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн И.Буманбаяр,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох 132/2015/0060/Э индекстэй, 201606000113 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 01 дүгээр сард Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Зүйлийн эх гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид 1320960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.*******ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

201606000113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ч.*******ийн өгсөн: ...Миний бие 2016 оны 04 дүгээр сарын эхээр багийн малчин өрхүүдээр тойроод явж байхад Орхон сумын 2 дугаар багийн нутагт Зүйлийн эх газарт мод бэлтгэчихсэн цасан дороос ирсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Хуулийн дагуу хохиролын мөнгийг нөхөн төлөх юм бол гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

Гэрч С.*******гийн өгсөн: ..2016 оны 01 сарын эхээр /хэдний өдөр байсныг мэдэхгүй сайн санахгүй байна/ манай нөхөр ******* эхлээд мод хийх талаар ярьж байсан. Үүнээс 2, 3 хоногийн дараа мод хөрөөддөг хүн авчираад мод хийчихлээ гэж надад хэлсэн. Намайг хонинд яваад ирэх хооронд бэлдчихсэн юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

Гэрч   Б.*******гийн өгсөн: ...2016  оны 04 дүгээр сарын 10-ны  өдөр  багийнхаа   хуралд суучихаад гэртээ хариад байж байхад Халиун багийн засаг дарга ******* утсаар яриад Зүйлийн хөндийд байрлах *******ийн гэрийн ойролцоо ууланд нойтон шинэс мод бэлтгэгдсэн байна гэж хэлсэн юм. Би маргааш өглөө нь ганцаараа мод бэлтгэсэн байсан гэх газар нь очиход өвөл бэлтгэгдсэн байдалтай моднууд байсан. Тэгээд бэлтгэсэн гэх моднуудыг тоолж үзэхэд мухар 50 ширхэг мод байсан. Уг моднуудын мөчрийг тайрч аваагүй байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/

Яллагдагч Н.*******ийн өгсөн: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын эхээр өвөлжөөний мо бэлтгэх зорилгоор Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт орших Зүйлийн эх гэх газраас 50 ширхэг нойтон хар модыг зөвшөөрлийн бичиггүй бэлтгэсэн. Бэлтгэхдээ Орхон аймгийн Эрдэнэ багийн нутагт орших Дуурга хүнсний дэлгүүрийн урд зогсдог мод хөрөөддөг залууг хөлслөөд авч ирсэн.  Би тухайн хөрөөчин залууг танихгүй, одоо харвал танина... гэх мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 тал/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 тал/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 тал/, ял шалгуурын хуудас /хх-ийн 38 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтыг авч үзвэл шүүгдэгч Н.******* нь 2016 оны 01 дүгээр сард Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Зүйлийн эх гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид 1320960 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ болсон үйл баримт нь хэрэг учрал болсон газарт болон модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.*******, гэрч С.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

 Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Н.*******ийг ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль экологид 1 320 960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд /экологи эдийн засгийн үнэлгээгээр/ 1 320 960 төгрөгийн шууд хохирол учирсан ба хохирогч нь экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1 320 960 төгрөгийн шууд хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримт, хохирол төлөгдсөн талаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын орлогч Ж.Энхтуяагийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ. Харин Ойн санд учруулсан хохирол Байгаль орчин хяналтын Улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулж, өөрөөр хэлбэл ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэм буруутай этгээдээс Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүйг дурьдаж, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжилсэн" мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 50 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хус модыг утсгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, төлбөргүй, хохирогч ойн санд учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгахыг дурьдсугай.

5. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 50 ширхэг шинэс модыг улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ