| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00344/И |
| Дугаар | 138/ШШ2017/01065 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2017/01065
| 2017 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 138/ШШ2017/01065 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******/РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* овогт *******ын *******од/РД:*******/ холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,
Нэхэмжлэгч П.*******,
Хариуцагч С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******той 1999 оноос танилцан ойр дотно харилцаатай болж, улмаар 2000 оны 11 сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр хүүгийн эцэг эх болсон ба одоо том хүү Г.******* 17 настай, бага хүү Г. 09 настай. Нөхөр маань гэр бүл болох үеэр архийг бага зэрэг балгадаг байсан боловч сүүлдээ архи уух нь ихсэж, биднийг хаяж явж хэд хоногоор ч хамаагүй гэртээ ирдэггүй болсон. Ингээд архи уусан үедээ гэр орондоо агсам согтуу тавьж, хэрүүл маргаан өдөх, намайг бусадтай хардаж, хэл амаар доромжлох, пийшэн сав нураах, хоёр хүүхэдрүүгээ юм шидэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. Миний бие хоёр хүүхдээ аваад 2011 оны сүүлээр салж явсан боловч дахин архи дарс уухгүй гэж гуйж амлаад байхаар нь хоёр хүүхдээ бодоод дахин хамт амьдарсан. Гэвч тэрээр хэлсэн амандаа хүрээгүй дээрх байдал дахин үргэлжилж эхэлсэн тул 2013 оноос дахин салж явсан бөгөөд түүнээс хойш тус тусдаа амьдраад 4 жил гаран болж байна. Энэ хугацаанд ******* буцаж хамт амьдрая, хүүхдүүдээ бодьё гэж нэг удаа ч гуйж ирээгүй, байнга архи ууж гадуур хэсэж тэнэж явдаг болсон байсан. Энэ хугацаанд хааяа хоёр хүүхэдтэйгээ уулзаж хувцас хунар авч өгсөн, том хүүгээ хагалгаанд ороход нь мөнгө төгрөг өгч байсан. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдэд нь эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хоёр хүүгээ би өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 онд танилцаад 2000 онд гэрлэлтээ батлуулсан. Хоёр хүүтэй. Архи дарс ууж, гэр орондоо агсам согтуу тавьдаг минь үнэн. Үүнээс болж бид салаад 2013 оноос хойш 4 жил болж байна. Нэгэнт бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүгээ ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдүүддээ боломжоороо хэрэгтэй зүйлийг нь авч өгөхийг хичээдэг. Цаашид хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч С.*******од холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1999 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2000 оны 11 сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2000 оны 10 сарын 21-ний өдөр хүү Г.*******, 2008 оны 3 сарын 16-ны өдөр хүү Г. нар төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, нөхөр С.******* нь байнга архи ууж, гэр орондоо агсам согтуу тавих зэргээр гэрийн дотор тайван бус байдлыг бий болгодогоос 2013 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох бөгөөд тэдэнд эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээх талаар маргаагүй тул тэднийг эх П.*******гийн асрамжинд үлдээхээр, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Г.*******, Г. нарыг 18 насанд хүртэл нь эцэг С.*******оор сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар үнэлж болохгүй нэхэмжлэл буюу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагуудад тус бүр 70200 төгрөг буюу нийт 140400 төгрөг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд түүнд ногдвол зохих улсын тэмдэгтийн хураамж болох 62677 /тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинд харьцуулсан/ төгрөг, нийт 203077 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгохоос гадна нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******/РД:*******/, ******* овогт *******ийн *******/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Г.*******, Г. нарыг эх П.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 09 нас 08 сартай хүү Г.ыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 17 нас 01 сартай хүү Г.*******, хүү Г. нарыг 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******оор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 203077 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УРТНАСАН