| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/26 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Нарийн бичгийн дарга Шарав овогт Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Р.Анхдаваагийн өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн Шүүгдэгч Сартуул овогтой Раднаагийн Анхдаваа Мөнх овогтой Эрдэнэцогтын Сэр-Од Дагвий овогтой СаМөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Анхдаваа, Э.Сэр-Од, С.Мөнхзаяа нарт холбогдох 2023000060023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, эгч нарын хамт, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Бор дүнзэнгийн хэсэг 1-27 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Сартуул овогтой Раднаагийн Анхдаваа, Регистрийн дугаар: ИЮ89121992,
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-н доод хэсэг 2-3 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Мөнх овогтой Эрдэнэцогтын Сэр-Од, Регистрийн дугаар: ИФ92092016,
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсэг 10-6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Дагвий овогтой Санждоржийн Мөнхзаяа, Регистрийн дугаар: ИТ95041812,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Р.Анхдаваа, Э.Сэр-Од нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08- нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдэл дундын хэсэгт байрлах Н.Чадраабалын гэрт “том дуугарлаа, ахыг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар Н.Чадраабалын хашааны гадна гарч харилцан зодолдож яллагдагч Р.Анхдаваа нь Э.Сэр-Одын эрүүл мэндэд баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүд, баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл, яллагдагч Э.Сэр-Од нь Р.Анхдаваагийн эрүүл мэндэд дээд эрүүний баруун, зүүн 1-р шүдний угийн хэсгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл учруулж, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч С.Мөнхзаяа нь мөн цаг хугацаанд Н.Чадраабалын гэрийн гадна “Утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар Р.Даваанямтай маргалдаж улмаар түүний нүүр орчимд нь гараараа нэг удаа цохиж дээд эрүүний баруун 1-р шүдний цөгцний хэсгийн тал хугарал, зүүн 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтлийг учруулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Р.Анхдаваа, Э.Сэр-Од нар нь 2020 оны 01 дүгээр сарын 07- ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдэл дундын хэсэгт байрлах Н.Чадраабалын гэрт “том дуугарлаа, ахыг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар Н.Чадраабалын хашааны гадна гарч харилцан зодолдож яллагдагч Р.Анхдаваа нь Э.Сэр-Одын эрүүл мэндэд баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүд, баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл, яллагдагч Э.Сэр-Од нь Р.Анхдаваагийн эрүүл мэндэд дээд эрүүний баруун, зүүн 1- р шүдний угийн хэсгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл учруулж, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч С.Мөнхзаяа нь мөн цаг хугацаанд Н.Чадраабалын гэрийн гадна “Утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар Р.Даваанямтай маргалдаж улмаар түүний нүүр орчимд нь гараараа нэг удаа цохиж дээд эрүүний баруун 1-р шүдний цөгцний хэсгийн тал хугарал, зүүн 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтлийг учруулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус тооцох үндэслэл: 1. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаярын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №000000027 дугаартай “...Р.Даваанямын биед: Дээд эрүүний баруун 1-р шүдний цөгцний хэсгийн тал хугарал, зүүн 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шууд цохилтын улмаас үүснэ. Дээд эрүүний баруун 1-р шүдний цөгцний хэсгийн тал хугарал, зүүн 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 71-р хуудас/, 2. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаярын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №000000026 дугаартай “...Р.Анхдаваагийн биед: Дээд эрүүний баруун, зүүн 1-р шүдний угийн хэсгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь шууд цохилтын улмаас үүснэ... Дээд эрүүний баруун, зүүн 1-р шүдний угийн хэсгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 78-р хуудас/, 3. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмат Т.Отгонбаярын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №000000029 дугаартай “...Э.Сэр-Одын биед: баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүд, баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь цохилтын улмаас үүснэ... баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүд, баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тус тусдаа хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-р хуудас/, 4. Э.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чадраабал ахынд Мөнхзаяагийн хамт очоод тэнд байсан хүмүүстэй цуг нийлээд цуг архи ууцгаасан. Тэгээд би тэнд байсан нэг ахтай нь маргалдаад хоорондоо зодоон хийсэн...Би намайг өшиглөсөн гээд байгаа хамар нь унжуу сонин дуугараад байгаа залуутай харилцан зодоон хийсэн. Би тэр залуугаас өөр хэн нэгэн залуутай хэрүүл маргаан зодоон хийгээгүй санагдаж байна...Надтай зодоон хийгээд байсан залуу намайг газар унагаж байгаад дээрээс толгой, нүүр лүү цохиод байсан. Яг хэдэн удаа яаж цохисонг би мэдэхгүй байна... Өөр хүн цохиж зодоогүй байх. Ямар ч байсан тэр хамар нь унжуу залуу намайг цохиж зодсон... Миний биед нүүрэнд нүд хавдсан. Хөмсөгөнд шарх үүссэн. Өөр гэмтэл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, 5. Р.Анхдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлсэн: Тэгээд юм ярьж сууж байгаад надтай зодоон хийсэн гээд байгаа Сэр-Од гээд залуу дуу нь өндөрсөөд том том яриад байхаар нь жоохон дуугаа намтгаач хажууд хүүхэд унтаж байгаа гээд манай ах Давааням болон гэрийн хүмүүс хэлсэн. Тэгсэн тэр Сэр-Од чи гөлөг минь дуугай байгаарай чамайг 1 дүгээр 10 жилд нусаа гоожуулаад явж байсныг чинь мэднэ гэсэн. Тэрнээс болоод би Сэр-Одтой муудалцсан. Тэгээд хоёулаа гэрээс гараад гудманд хоорондоо зодоон хийсэн... Намайг Сэр-Од зодсон. Уг үйлдлээс болж миний биед үүдэн нэг шүд хугарч, нэг шүд хөдөлгөөн орсон. Сэр-Од бид хоёрыг зодоон хийж байхад дундуур хүн ороогүй... Гараараа нүүр лүү цохиод байсан. Яг хэдэн удаа цохисонг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2, 3 удаа цохисон. Сэр-Одоос өөр хүн намайг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/ 6. Хохирогч Р.Даваанямын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч С.Мөнхзаяа учруулсан болох нь:“...Тэгээд цуг сууж байгаад тэр Сэр-Од гэдэг залуу нь том том дуугараад болохгүй болохоор нь дуугай бай гэж хэлээд тэрнээс болоод маргаан үүссэн. Тэгээд манай дүү Анхдаваа Сэр-Од хоёр бид хоёрын маргаанаас болоод хоорондоо барьцалдаад авахаар нь Чадраа тэр хоёрыг салгаад гэрээсээ аваад гарсан. Тэгээд Должко бид нар юм ярьж сууж байгаад Должко гадаа ер нь юу болоод байна гээд тэр гурвын араас нь гарахаар нь би бас жоохон сууж байгаад араас нь гарах гээд үүдэнд очоод гутлаа өмсөөд эргээд утсаа авах гэсэн чинь утас алга болсон байсан. Тэгэхээр нь дүүгийнхээ утсыг аваад өөрийнхөө утас руу залгасан чинь тэр Мөнхзаяа гээд байгаа залуугийн халаасанд нь миний утас дуугарсан. Тэгээд тэрнээс болоод бид хоёр муудалцаад барьцалдаж авсан. Тэгээд гадаа гараад гэрийнх нь үүдэнд зогсож байсан чинь Должко бид хоёрыг салгаад дунд зогсож байх хооронд Должкогийн дээгүүр Мөнхзаяа гараа оруулж ирээд миний үүдэн шүд рүү цохьчихсон. Тэгээд би шүд хугалаад хаячихлаа ш дэ гэж хэлээд Должкод хэлж байгаад тэр Мөнхзаяа гэдэг залуугаас утасаа авахуулаад цагдаад дуудлага өгсөн...Мөнхзаяа бид хоёр миний утаснаас болж хоёулаа маргалдаж Мөнхзаяа нь миний нүүр лүү цохисон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-46-р хуудас/, 7. Гэрч Н.Чадраабалын “...Манай ажлын Сэр-Од дуу нь өндөрсөөд том том дуугараад Даваанямтай маргалдаад байсан...Анхаа, Сэр-Од хоёр хоорондоо зодолдоод би тэр хоёрыг салгаад, эхнэр Мөнхзаяа, Давааням хоёрыг хоорондоо барьцалдаж авахад нь салгасан. Үүдэнд машин нь ирсэн байхад нь би Сэр-Од, Мөнхзаяа хоёрыг суулгах гээд хүчрээгүй...Анхдаваа, Сэр-Од...ямар ч байсан зодоон хийгээд бие биенийгээ цохиод байсан. Анхдаваа өөр хүн цохиж зодоогүй, Сэр-Од эхлээд Давааням руу том том дуугарч байгаад Анхдаваатай зодоон хийсэн. Анхдавааг хаана нь хэдэн удаа цохисонг би анзаараагүй хоорондоо харилцан зодоон хийгээд байсан. Сэр-Од өөр хүн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 60-61-р хуудас/ 8. Гэрч Э.Должинсүрэнгийн “...Хэрүүл маргаан тэр Сэр-Од гээд залуу нь нэлээн том том өндөр дуугаар яриад байсан чинь Давааням дуугаа намсаг гээд хэлсэн чинь Сэр-Од нь чи 1 дүгээр арван жилд нусаа гоожуулсан бацаан байсан гээд үгээр идээд байсан. Тэгээд манай нөхөр Чадраа Сэр-Одыг дагуулаад гэрээс гарсан. Би чи аваад гадаа гараад тайвшируулчихаад ороод ир гээд нөхөр аваад гарсан. Тэгтэл Анхдаваа бие заслаа гээд гарсан юм. Тэгээд гадаа нэлээн чанга чанга дуугараад зодолдох гээд байгаа бололтой байхаар нь би гарчихаад эргээд гэртээ ороод ирсэн чинь гэрт Мөнхзаяа, Давааням хоёр барьцалдаад авсан байсан. Гадаа гарахад Сэр-Од, Анхдаваа хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан. Нөхөр тэр хоёрыг салгаад байж байсан. Тэгээд би эргээд гэртээ орсон. Тэгсэн гэрт тэр хоёр барьцалдаад авсан байсан...Даваанямын шүд рүү Мөнхзаяа цохьсон...Зодоон болохын өмнө хэн хэнийх нь биед ямар ч гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/ 9. Шүүгдэгч Р.Анхдаваагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“...Би ахыгаа өмөөрч Сэр-Одтой муудалцсан. Тэгээд гадаа гараад хоорондоо барьцалдаж аваад Сэр-Од намайг эхлээд цохиж аваад тэгээд хоорондоо харилцан зодоон эхэлсэн. Тэгээд сүүлд шүд хугарсан. Би шүдээ үзэхэд үүдний нэг шүд хугарсан байсан. Тэнд Сэр-Од бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Зодооныг Сэр-Од эхэлсэн...Би баруун гараараа нүүрэн хэсэгт нь 4-5 удаа цохисон...Өөр хүн зодоон цохионд оролцоогүй... Би Сэр-Одтой эвлэрсэн одоо гомдол, санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 107-108-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 10. Шүүгдэгч Э.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Чадраа ахынд очсон. Тэгээд тэднийд ороод хөзөр тоглонгоо архи ууж сууж байгаад Даваанямтай маргалдаад маргаанаас болоод би Анхдаваатай барьцалдаж аваад харилцан зодоон хийсэн. Эхлээд Чадраа ахын гэрт маргаан хийгээд дараа нь гэрээс гараад Чадраа ахын хашаан дотор Анхдаваатай зодоон хийсэн.Тэгсэн чинь Анхдаваагийн ах Давааням цагдаа дуудсан байсан...Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан...Нэг мэдсэн би хашааны гадаа Анхдаваатай зодоон хийгээд зууралдаад байж байсан...Би ганцхан Анхдаваатай зодоон хийсэн. Өөр хүнтэй зодоон хийгээгүй. Би юугаар хэдэн удаа хаашаа нь цохисон эсэхийг мэдэхгүй байгаа. Өөрийн ухаангүй нилээн согтсон байсан учир сайн мэдэхгүй байна...би гэм буруугаа ойлгож байгаа хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Би Анхдаваагийн биед гэмтэл учируулснаа бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 103-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 10. Шүүгдэгч С.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Даваанямыг заамдаад хаалгаар түлхээд үүдний таамбарын хэсэгт гарсан. Хаалгаар гараад таамбар дотор нь бид хоёр муудалцаад хоорондоо түлхэлцээд гадагш гарсан. Гадаа дөнгөж гараад гэрийн үүдэнд Чадраагийн эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд салсан хойно миний гараас цус гоожоод унахаар нь би гар хазчихсан байна ш дээ гэж хэлээд Даваанямыг гараараа нэг удаа шүд рүү цохичихсон. Тэгээд салаад гадагш хашаанаас гараад явсан...Би Даваанямтай утаснаас болж хэрүүл маргаан үүсгэсэн. Түүнээс өөр хүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй. Би Даваанямтай зууралдаж аваад нэг нэг цохилцсон. Түүнээс өөр хүнтэй зодоон хийгээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 112-113-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Учир нь хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Э.Сэр-Од, С.Мөнхзаяа, Р.Анхдаваа нарын гэм буруутай үйлдэл, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нотолж байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохиролд төлөх төлбөргүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд мөн гэрч Н.Чадраабал, Э.Должинсүрэн нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Э.Сэр-Од, С.Мөнхзаяа, Р.Анхдаваа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Э.Сэр-Од, С.Мөнхзаяа, Р.Анхдаваа нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон шүүгдэгч Р.Анхдаваад 800нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.Сэр-Одод 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч С.Мөнхзаяад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч тус бүрд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Сэр-Од, С.Мөнхзаяа, Р.Анхдаваа нарт 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Сэр-Од, С.Мөнхзаяа, Р.Анхдаваа нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болно. Мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Р.Анхдаваагийн хувьд ногдох хөрөнгөнөөс Х.Грейс маркийн 80-47 ЗАН улсын дугаартай авто машиныг, шүүгдэгч Э.Сэр-Одын хувьд ногдох эд хөрөнгөнөөс Samsung маркийн 32 инчийн LCD телевизорыг, шүүгдэгч С.Мөнхзаяагийн хувьд ногдох Samsung Galaxy A7 маркийн гар утасыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Сэр-Од, Р.Анхдаваа, С.Мөнхзаяа нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Анхдавааг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.Сэр-Одыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000/долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч С.Мөнхзаяаг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Анхдаваа, С.Мөнхзаяа, Э.Сэр-Од нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Анхдаваа, Э.Сэр-Од, С.Мөнхзаяа оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Шүүгдэгч Р. Анхдаваа, С.Мөнхзаяа, Э.Сэр-Од нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар Р.Анхдаваагийн хувьд ногдох хөрөнгөнөөс Х.Грейс маркийн 80-47 ЗАН улсын дугаартай авто машиныг, шүүгдэгч Э.Сэр-Одын хувьд ногдох эд хөрөнгөнөөс Samsung маркийн 32 инчийн LCD телевизорыг, шүүгдэгч С.Мөнхзаяагийн хувьд ногдох Samsung Galaxy A7 маркийн гар утасыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч Р.Анхдаваа, Э.Сэр-Од, С.Мөнхзаяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ