Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 355

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх хороолол, 12-37 тоотод оршин суух, Боржигон Даваасүрэнгийн Дуламсүрэн /РД: ВЮ86010761/-гийн

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6д-97 тоотод оршин суух, Долоон тайжийнхан Чойсүрэнгийн Алтанхуяг /РД: ИЭ74082710/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, хариуцагч Ч.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Алтанхуягтай 2012 онд танилцаж 2015 онд охин Д.Саруулсайханыг төрүүлсэн. 2016 оны 12 сард Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ч.Алтанхуягийг охин Д.Саруулсайханы эцэг мөн гэж тогтоосон ... өнөөдөр миний охин 2 настай, өдий болтол охиноо гээд ирээд уулзсан удаа байхгүй хагас өнчин хүүхэд шиг амьдардаг. Цаашид ийм байдлаар хүлээж байхаар хүүхдийн тэтгэлэг шийдвэрлүүлээд энэ хүнийг байхгүй юм шиг амьдарсан нь дээр байна ... иймд хуулийн дагуу шийдэж тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн гэр бүлтэй 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би энэ амьдралын дунд өөрөө алдаа гаргаад ийм асуудал гаргасан. Гэхдээ би энэ хүнд цаг тухай бүрт нь дэмжлэг үзүүлээд хашаа байшин авъя гэхэд нь мөнгөөр тусалж байсан. Байнгын мөнгөний асуудал гаргаад байдаг. Би 2 хөгшин эцэг, эхтэй тул шөнөөр утсаа унтраадаггүй, шөнийн цагаар миний утсанд намайг үзэн ядсан мессэж ирдэг. Би Д.Дуламсүрэнд өөрт нь намраас миний ажил зүгээр болохоор би мөнгө өгнө гэж хэлсэн ... хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн нь хариуцагч Ч.Алтанхуягт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Алтанхуяг охин Д.Саруулсайханы эцэг мөн эсэх болон хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

Д.Дуламсүрэн, Ч.Алтанхуяг нар нь 2012 онд анх танилцан тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин Д.Саруулсайхан төрсөн, Ч.Алтанхуяг нь охин Д.Саруулсайханы эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, охин Д.Саруулсайханы төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, Хүний их эмч Б.Баярмаагийн “... Д.Саруулсайхан нь эрүүл өсөж бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар “... Ч.Алтанхуяг нь Д.Саруулсайханы биологийн эцэг байх боломжтой, магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувь байна” гэсэн дүгнэлтийн хуулбар /хх-9-10/ зэргээр нотлогдож байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.Алтанхуяг нь охин Д.Саруулсайханд тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Ч.Алтанхуягаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Д.Саруулсайханыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч Ч.Алтанхуяг шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Д.Дуламсүрэн охин Д.Саруулсайханд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ч.Алтанхуяг зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Алтанхуягаас 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан  2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Д.Саруулсайхан /РД: УД15310701/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Д.Саруулсайханыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Долоон тайжийнхан Чойсүрэнгийн Алтанхуягаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Ч.Алтанхуягаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.500 /гучин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Алтанхуягаас 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН