Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  О.Болормаа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат ҮД:00-74,

шүүгдэгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, өдөр Дорнод аймгийн Цагаан Овоо суманд 1986 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, буриад ,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл -6, эцэг, эх, эгч, хүргэн ах, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-807  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  Шарайд овогт Будын Батжаргалд /РД:ЖЛ86050232/

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 201625012112 дугаар 105/2016/0140/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батжаргал нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны орчим О.Гомбодоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед зүүн хацар ясны нийлмэл хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, хамарын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт, тархи доргилт бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батжаргал:  2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бид  гурав архи ууж байхад тэр хоёр намайг буриад гэж  яс үндэсээр доромжилж хэрүүл зодоон эхэлж хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

      Мөрдөн байцаалтанд хохирогч О.Гомбодоржийн: 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо цэргийн хотхоны ойролцоо Баяраа, Батжаргал бид 3 архи хувааж уусан. Баяраа машин барьж яваа болохоор архи уугаагүй...12 цаг өнгөрчихсөн байсан. Тэгэхээр нь бид 2 монелоос дээшээ байдаг дэлгүүрээс нэг юм аваад Баяраагийн найз охины гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрнаас дээшээ өгсөөд нийтийн байрны хажууханд уусан.Ууж байхад Батжаргал Баярааг цохих шиг болсон...машины хаалга онгойлгосон чинь Батжаргал үгийн зөрөөгүй намайг шууд цохисон. Миний хамрыг хуга цохчихоор нь доошоо болоод суусан. Баяраа бид 2-ыг болиулсан чинь Батжаргал Баяраатай зодолдоод эхэлсэн...өөрийнхөө хамрыг бариад үзсэн чинь далийчихсан байхаар нь уурандаа чулуу аваад Батжаргалын толгой руу цохисон. Баяраагийн шүд нь хөдөлчихсөн байна алнаа гэхэд Батжаргал зугтаад алга болсон. Миний нуруу туруугүй нилээн цохиод байсан..Баярсайхан Батжаргал хоёр ямар ч байсан хоорондоо цохилцож байгаа нь харагдсан… гэх мэдүүлэг /хх-81-82/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баярсайханы: ...Батжаргал 3-уулаа тоглохоо болъё ганц шил архи уучихъя гээд хамт нийлж архи уухаар болсон. Батжаргал дэлгүүр лүү яваад 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи авчирсан. Тухайн архийг миний машинд хувааж уунгаа юм ярьж байтал найз охин Хулан гэрээсээ гараад ирсэн. Батжаргал, Гомбодорж бид 3 архиа уугаад урьд болсон явдлаа яриад инээгээд байж байтал Батжаргал гэнэт машинаас буугаад миний хажуу талын хаалган дээр ирээд миний нүүрэн тус газарт 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнд яаж байна гэсэн чинь Батжаргал би тоглож л байна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь зам заа гээд сууж байсан чинь Батжаргал Гомбодорж дээр очоод цохичихоор нь би ч тэр 2-ыг тоглож байгаа юм байна даа гэж бодоод сууж байтал Батжаргал Гомбодоржийг машинаас татаж буулгаж ирээд газар унагаагаад дээрээс нь нүдээд эхэлсэн. Тэгтэл Гомбодорж ууж байсан архи шилээр Батжаргалын толгойн дээр цохисон чинь архины шил хагарсан. Тэгэхээр нь би Батжаргалын араас нь барьж аваад чи яаж байгаа юм архи өгч байгаад хоёр найзыгаа зодож байгаа юм уу гэсэн чинь Батжаргал чи муу юу гээд байнаа гээд намайг татаад шууд мөргөсөн. Тухайн үед Гомбодорж босч чадахгүй газар хэвтээд байсан... гэх мэдүүлэг /хх-82/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн үзлэг хийсэн акт 7232 тоот:

1.Гомбодоржийн биед зүүн хацар ясны нийлмэл хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, нуруунд зулгаралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эмч шинжээч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-13-р тал/

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Батжаргал нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны орчим О.Гомбодоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед зүүн хацар ясны нийлмэл хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, хамарын нуруу, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт, тархи доргилт бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт  авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул  гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  Б.Батжаргалын  гэм бурууг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Батжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Гомбодоржийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч О.Гомбодорж  нь  гомдол саналгүй,  нэхэмжлэх  зүйлгүй   гэсэн байна. / хх-н 99-р тал/

Шүүгдэгч Б.Батжаргал нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 24-р тал/

Иймд шүүгдэгч Б.Батжаргалыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Гомбодорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарайд овогт Будын Батжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Будын Батжаргалыг /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Б.Батжаргал нь хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Батжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ