Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0372

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 17 өдөр                    Дугаар 372                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

“М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 297 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,”М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М т ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Г.Ут холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 100-н айлд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг М т ХХК- иас Э э ХХК-д, Э э ХХК-иас Б а ХХК-д, Б ХХК-иас иргэн Г.У-т шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ут Сүхбаатар дүүргийн засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 1-6 тоотод амины хашааны зориулалтаар 600 м.кв газрыг эзэмшүүлсэн. Г.У-т тухайн газрыг эзэмшүүлсэн нь М т ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамж нь ямар нэгэн байдлаар бусдын эрх ашгийг хөндөөгүй өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Г.У-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 1-6 тоотод амины хашааны зориулалтаар 600 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжаар өмчлүүлэх шийдвэр гарсан байна. Иргэн Г.Ут тухайн газрыг өмчлүүлсэн нь М т ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээч зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүчингүй болсон 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг иргэн Р.Н гэгч нь Э э ХХК-ийн нэрээр мэдүүлэг бөглөж, улсын бүртгэлд бүртгүүлж Э э ХХК-ийн нэр дээр 1998 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн бүртгүүлсэн байна. Уг хүчингүй болсон гэрээг мэдсээр байж 1998 оны 5 сарын 9-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ийм үйлдэл хийснээр уг хөрөнгө нь өөр этгээдэд шилжих үндэслэл болсон гэж үзэж байна. 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ дүгнэсэн актад гэрээ байгуулснаас хойш 1 сарын хугацаанд Ц.М нь өөрийн хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан боловч энэ заалтыг Р.Н нь өөрт ашигтай байдлаар хэрэглэсэн байна” гэжээ. Гуравдагч этгээд Б.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.У миний бие нь уг газрыг 2003 онд Т.Даас хууль ёсны дагуу худалдаж авсан. Т.Дтай садан төрлийн холбоо байхгүй. Г.У миний бие нь худалдаж авсныхаа дараа 4 хүний нэр дээр хувьчилж авсан.

 

//

1998 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гэрээг дүгнэж, үл хөдлөх хөрөнгө, газрыг эзэмших гэрээ”-г иргэн Р.Н, иргэн Ц.М нар иргэний хувьд байгуулсан. Тухайн объект, газар нь гэрээ байгуулах үед М т ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан болох нь тогтоогдож байх тул шилжүүлэх хууль зүйн үндэслэл байсан байна. Тиймээс энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 47 дугаар зүйлийн 47.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2, 14 дүгээр зүйлийн 1.1, 3, 18 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М т ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Н.Ууганбаярт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дүгээр захирамжийн Г.Ут холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 100-н айлд байрлах эд хөрөнгийг М т ХХК-иас Э э ХХК-д, Э э ХХК-иас Б а ХХК- д, Б ХХК-иас иргэн Г.Ут шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Нэхэмжлэгч М т ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.06.25-ны өдрийн 297 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх: ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд ...нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж дүгнэнэ ... гэсэн заалтыг зөрчлөө. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...1998 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр дээрх гэрээг дүгнэсэн акт үйлдэж Р.Н-ээс зээлсэн 10.000.000 төгрөг, түүний хүү 4.200.000 төгрөг, алданги 3.050.000 төгрөг нийт 17.250.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М нь төлөх боломжгүй болсон учраас Р.Н-д худалдахаар тохиролцжээ гэсэн тайлбарыг хийж, дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.06-ны өдрийн шүүх хуралдааны 5236 тоот тэмдэглэлд: ... шүүх хуралд хариуцагчаар оролцсон Р.Н нь нэхэмжлэлийн шаардлага болсон 5 ш барилга байгууламж, 1890 м.кв газрыг

 

Т.Дын гуйлт хүсэлтийн дагуу миний бие Ц.М-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

“Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Т.Д нь манай кампанид менежерээр ажиллаж байхдаа манай компанийн тамга тэмдгийг ашиглаж, дэлгүүр болон газрыг хууль бус аргаар Булган алтай ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байсан” гэж мэдүүлсэнтэй нэгэн адил утга агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж байсны зэрэгцээ гуравдагч этгээд Т.Д захиргааны хэргийн шүүхэд гаргасан анхны тайлбартаа “дэлгүүр, газрын бичгийг шилжүүлж авсан, түүгчээр барахгүй зээлээ төлбөл дэлгүүр газрыг буцааж өгөх болзолтойгоор авсан” гэж өөр хоорондоо харилцан хамааралтай, шалтгаант холбоо бүхий хууль ёсны нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой бичгийн баримттай харьцуулан үзэж бодитойгоор үнэлж дүгнэлгүй орхигдуулсныг буруу гэж үзэж байна. 1998.04.07-ны өдрийн худалдан авах гэрээг гэрээнд оролцогч Ц.М, Р.Н нар харилцан тохиролцсоноор 1998.05.09 -ний өдрөөс 2008.05.09-ыг хүртэл 10 жилийн хугацаатай 17.250.000 төгрөгийн өрийг ашиглалтын зардалд тооцож эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан болох нь Т.Д, Р.Н нарын мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдсон. Т.Д өрийг төлбөл буцааж өгөх болзолтойгоор авснаа захиргааны шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байхад шүүх 1998.08.07-ны өдрийн худалдан авах гэрээг тайлбарлан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй байна.

Тухайн үед Т.Д Ховд аймгийн засаг дарга, засгийн газрын референт зэрэг төр засгийн өндөр албан ажил, албан тушаалыг хашиж байсан нь захиргааны байгууллагын ажилтнуудыг хууль бус шийдвэр гарахад нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад тогтоогдсон.

Тухайлбал: 1997.01,09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ... энэ хууль нь бүртгэлийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тодорхойлон зааж байв. Бүртгэлийн байгууллагын ажилтнууд хуулийн 6.1,7,8,9,9.4 ... зэрэг зүйл заалтыг зөрчиж үл хөдлөх хөрөнгийн газрын кадастр, хэмжээ маштабыг гаргуулах, бүртгэлийн хураамж, тэмдэгтийн хураамж гаргуулах, Үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг гаргаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байхад хуулийн заалтыг ноцтойгоор зөрчин бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдсон. Хуульд заасан журмын дагуу Б.Нянтайсүрэнгээс газар болон объектыг шилжүүлсэн мэдүүлгийг гаргаагүй, кадастрын зураглал объектыг үл хөдлөх газрын албанд өгөөгүй

 

 

 

байхад Т.Д нь үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээг авч, засаг даргын захирамж гаргуулсан нь тогтоогдсон.

Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага болсон газрыг хууль тогтоомжийн заалтыг зөрчин, үл хөдлөх эрхийн гэрчилгээгүй , кадастрын зураглалгүй, газрын төлбөрийг тушаалгүй өөрийнхөө гар дээр 5 жил гаруй дарж байгаад 2003 онд Гангаагийн Ууганбаяр гэгчид худалдсан. Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад Г.У нь гэр бүлийн хэрэгцээнд .... гэсэн хүсэлт гарган Лхагвын Наранбаярт 2007.10.18-ны өдөр 588 м.кв, мөн онд дахин 411 м.кв, 2007.10.18-ны өдөр 600 м.кв нийтдээ 3 удаа засаг даргын захирамж гаргуулсны зэрэгцээ иргэн Сонинцэцэгт 600 м.кв газрыг шилжүүлэн авсан нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдсон учраас дээрх газрыг нэр бүхий хүмүүст олгосон засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Шүүх нэмэгдүүлсэн шаардлыг хүлээн авч хариуцагч нарын зарим нэгэнд гардуулсан гэсэн тайлбарыг хэлж байснаа Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүх хурлын танхимд 2014.06.25-ны өдрийн 08.30 цагт зарлагдсан шүүх хуралдаанаас 20 минутын өмнө шүүгч 3217 тоот захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

Шүүгчийн захирамжийг 2014.06.25-ны өдөр дугаар авч тамга тэмдэг даран, гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа 2014.06.20-ны өдрөөр огноолдсон, нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 -т заасныг удирдлага болгон /захиргааны акт нь үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан/ гэсэн заалтыг удирдлага болгон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэг хэлэлцэх ажиллагааны журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэлт болгон давж заалдах гомдол гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Маргаж буй үйл баримтын тухайд:”М т” ХХК нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 100 айлд байрлах 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй дэлгүүр, цайны газрыг 1890 м.кв газрын хамт барьцаалан “Э э” ХХК -аас зээл авч, уг зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Дэлгүүрийн барилгыг худалдах худалдан авах гэрээ”1-гээр шилжүүлж, 1999 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Э э” ХХК-д бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ2 гарсан байна.

Харин нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэл болгосон “1998 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан” гэх гэрээний тухайд, уг гэрээг талууд тухайн үед байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй (2011 онд3), нотариатаар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлсэн байдал нь цаг хугацааны хувьд сүүлд төдийгүй талууд зохих ёсоор оролцож уг гэрээг гэрчлүүлээгүй болох нь хэргийн баримтаар4 тогтоогдсон.

Иймд "1998 оны 5 дугаар сарын 09 -ны өдөр байгуулсан" гэх гэрээг тухайн цагт байгуулаагүй, зохих шаардлага хангасан байдлаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул одоо уг гэрээг үндэслэж Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийх, шүүхээс улсын бүртгэлийн байгууллагыг буруу ажилласан гэж үзэх боломжгүй.

Нэгэнт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 100-н айлд байрлах тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг”М т” ХХК -аас “Э э” ХХК-д шилжүүлсэн нь хуульд нийцсэн байх тул “Э э” ХХК -аас “Б а” ХХК -д, “Б а” ХХК -аас иргэн Г.Ут шилжүүлсэн бүртгэлүүдийг дээрх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн зохицуулалт байхгүй.

Газар эзэмших эрхийн тухайд: Нэхэмжлэгч”М т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны шийдвэрээр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө байрших 0,19 га газрыг 4 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй байсан байх бөгөөд тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг гэрээний дагуу бусдад шилжүүлэхдээ уг газрын эрхийг шилжүүлэх талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн байхаас гадна, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн, газар ашиглах эрхийн хугацаа дууссан зэргээр уг газрыг ашиглах эрх дуусгавар болсон байна.

“М т” ХХК-д дахин уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гараагүй, түүнээс хойш газар эзэмшлийн асуудлаар эрх бүхий этгээдэд хандаж хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдүүд нь өмчлөх эрхээ хуульд зааснаар бусдад шилжүүлсэнтэй уялдаж,

Хэргийн 1-р хавтасны 63-р хуудаст Дэлгүүрийн барилга худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнд “Р.Нгийн эзэмшилд шилжснээс хойш буцааж 1 сарын хугацаанд худалдаж авах” заалт байсан ч хэрэгжүүлээгүй байна.

2 Хэргийн 1-р хавтасны 70-р хуудаст

Хрэгийн 1-р хавстасны 23-27-д Ц.Мөнгөнчимэг, Р.Н нарын мэдүүлэг 4 Хэргийн 2-р хавтасны 59-63-рт

 

 

газар эзэмших эрх үүссэн байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 104, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар Г.Ут 600 м.кв газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй байна.

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд болон бусад асуудлаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан бөгөөд энэхүү маргааны харилцааг зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай (1997 оны), Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Газрын тухай хуулиудыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 
 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа

шүүгч С.Мөнхжаргал,

шүүгч Ц.Цогт