| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0367/И |
| Дугаар | 360 |
| Огноо | 2017-11-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит ААТҮГ /РД:5890683/-гийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Дөрөө цагаан нуур” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нямхүү, нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...манай байгууллага нь “Дөрөө цагаан нуур” ХХК-иас түрээсийн төлбөр нэхэмжлэх гэсэн боловч хариуцагчийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байна. Иймд “Дөрөө цагаан нуур” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит ААТҮГ түрээсийн гэрээний нэг тал болох “Дөрөө цагаан нуур” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт шаардах эрхэээ хэрэгжүүлэхэд түүний оршин суугаа газар мэдэгдэхгүй, түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч хаягийг тодруулж чадаагүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухайгаа нэхэмжлэлд дурьдаж “Дөрөө цагаан нуур” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу хариуцагчийн оршин байгаа газрын тодорхойлох хэрэгтэй болдог.
Энэ шаардлагыг өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж эрэлхийлсэн боловч олдохгүй, зайлшгүй хуулийн байгууллагаар энэ ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлага гарсан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтаар “Дөрөө цагаан нуур” ХХК нь иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр олгох, баталгажуулах журмын 3.1-т Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглодог учраас нэмэлт мэдээлэл, баримт шаардахгүйгээр эрэн сурвалжилж хаяг байршлыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэх боломжтой.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрэн сурвалжлах ажиллагааг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “Дөрөө цагаан нуур” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар “Дөрөө цагаан нуур” ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс хийж гүйцэтгэсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.
4. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс “Дөрөө цагаан нуур” ХХК-ний оршин байгаа газрыг олж тогтоомогц энэ тухайгаа нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид мэдэгдэхийг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ