Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2020/0220/Э |
Дугаар | 2020ШЦТ/227 |
Огноо | 2020-07-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2020ШЦТ/227
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч С.Цэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Цэцэгт холбогдох эрүүгийн 2014000000250 дугаартай хэрэгт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд бсговсролтой, Жаргант овогт Сангийн Цэцэг,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Цэцэг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Х.Долгорсүрэнгийн эрх чөлөөнд халдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Цэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... нөхөр Ч.Даваасүрэнгийн хамт өдөржингөө хашаагаа хоол ундгүй янзлаад байж байтал хашаа руу мал орхоор нь залуу хүн байж хүний хөдөлмөрийг үнэлж сураач энэ хашаа руу мал битгий оруулаарай гэж урьд нь хэлж гуйсан гэж Х.Долгорсүрэнд хэлтэл намайг сохор Сангийн хүүхэн гуйлгачин минь гээд г хэл амаар доромжлохоор нь чи намайг үхсэн аавын минь нэрээр дуудаж хэл амаар доромжлолоо гээд хоорондоо хэрэлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Хохирогч Х.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Шар ширэг” гэх газар хууль бусаар хашсан хашаа руу нь манай хонь ойртохоор нь би нөхрийнхөө хамт очиход манай хонь руу Ц.Даваасүрэн, С.Цэцэг хоёр урт хэмжээний шургааг шидээд байж байхаар нь та хоёр боль гэсэн чинь Ц.Даваасүрэн, С.Цэцэг хоёр нийлээд намайг хэл амаар доромжлон туранхай тэмээний үдээр минь чи эндээс зайл гээд хулгайчаар дуудсан. Би хариуд нь сохор Сангийн хүүхэн гэж хэлсэн чинь над руу чулуу, унины мод шидэхээр нь өөдөөс нь шороо цацсан. Ц.Даваасүрэн төмөр утсаар миний нуруу руу ороолгож хөл рүү өшиглөсөн. С.Цэцэг нь таягаараа миний зүүн гарын шуу руу цохиж, зүүн талын гуя руу цохиж, зүүн талын хэвлий хэсгээс базаж чулуу, унь шидсэн. Манай нөхөр цаанаас нь та нар больцгоо гэсэн чинь нэг юм арай намдаж больсон. Мөн зүүн талын гуя руу цохиж, зүүн талын хэвлий хэсгээс базаж надад гэмтэл учруулсан. Ц.Даваасүрэн нь миний нуруу руу төмөр утсаар нэг удаа шахуурдаж миний хөл рүү өшиглөсөн. Миний зүүн гар шуу битүү хавдартай, нуруун дээр төмөр утасны мөр үүссэн, баруун талын хэвлий хэсэг базуулсан шархтай байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 6- 8/,
Гэрч Ц.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Хөх хошуу” гэх газар малын хашаагаа янзлаад байж байтал Х.Долгорсүрэнгийн мал орсон байхаар нь та нар чинь залуу хүмүүс байж малаа хашаа руу оруулахгүй байж болохгүй байна уу хүний хөдөлмөрийг үнэлж сураач гэхэд хөгшин өнгөрцөгнүүд, ядуу гуйлгачингууд гэж хэл амаар доромжилсон. Би нөхөрт нь мэдрэл муутай юм уу авгайгаа аваад зайлаа ч гэсэн нөхөр Х.Долгорсүрэнг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн ... би эхнэр Х.Долгорсүрэнгийн хамт мотоциклиор мал эргүүлэх гээд очтол Ц.Даваасүрэн, С.Цэцэг хоёр манай мал руу чулуу нүүлгэж байсан болиоч малын хөл гар хугалчихлаа гэхэд бид хоёрыг зайлцгаа, гай болсон хүмүүс миний нутаг гэж хэлээд тэрнээс үүдэн хэрүүл маргаан болж манай эхнэр тэр хоёртой хэрэлдсэн. С.Цэцэг нь тэмээний үдээр минь битгий гай болоод бай эхнэр Х.Долгорсүрэн энэ газар нутгийг сохор Сангийн хүүхнийх гэж сонсоогүй юм байна гэтэл С.Цэцэг нь газраас шороо чулуу цацаад таягаараа Х.Долгорсүрэнг цохьсон. Ц.Даваасүрэн нь гартаа барьсан төмөр утсаар манай эхнэрийг ороолгосон. Манай эхнэр орилоод мотоциклийн араар орж би мотоциклиосоо бууж дундуур нь орсон. Намайг Ц.Даваасүрэн нь төмөр утсаар ороолгох гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай 1.Х.Долгорсүрэнгийн биед зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 18-19/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 26-28/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 42/, шүүгдэгч С.Цэцэгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, депозит дансны хуулгууд /хх-ийн 37-38/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 52/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 65/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Цэцэг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед иргэн Х.Долгорсүрэнгийн эрх чөлөөнд халдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч С.Цэцэгийн... Х.Долгорсүрэн намайг сохор Сангийн хүүхэн гуйлгачин гээд намайг хэл амаар доромжлохоор нь чи намайг үхсэн аавын минь нэрээр дуудаж хэл амаар доромжлолоо гээд хоорондоо хэрэлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, Хохирогч Х.Долгорсүрэнгийн... С.Цэцэг нь таягаараа миний зүүн гарын шуу руу цохиж, зүүн талын гуя руу цохиж, зүүн талын хэвлий хэсгээс базсан, чулуу, унь шидсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 6-8/, Гэрч Ц.Даваасүрэнгийн ...Х.Долгорсүрэн хөгшин өнгөрцөгнүүд,гуйлгачингууд гэж хэл амаар доромжилсон, би нөхөрт нь авгайгаа аваад зайлаа ч гэсэн нөхөр Х.Долгорсүрэнг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, Гэрч Б.Гансүхийн ... Ц.Даваасүрэн, С.Цэцэг хоёр манай мал руу чулуу нүүлгэж байС.Цэцэг нь газраас шороо чулуу цацаад таягаараа Х.Долгорсүрэнг цохьсон. Ц.Даваасүрэн нь гартаа барьсан төмөр утсаар манай эхнэрийг ороолгосон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн….Х.Долгорсүрэнгийн биед зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цэцэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Цэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Хэрэг учрал болсон өдөр хохирогч Х.Долгорсүрэн, шүүгдэгч С.Цэцэгт нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч С.Цэцэг нь хохирогчийг таягаараа цохиж гэмтэл үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч С.Цэцэг нь хохирогч Х.Долгорсүрэн зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгарал гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 18-19/ дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч С.Цэцэг нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Шүүгдэгч С.Цэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Цэцэгээс хохирогч Х.Долгосүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч С.Цэцэг нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Цэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлөхөө ирэлхийлсэн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч С.Цэцэг нь тэтгэвэрт байдаг, сар бүр тогтмол орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч С.Цэцэгийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж , шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Цэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Шүүгдэгч С.Цэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргант овогт Сангийн Цэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Цэцэгийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Цэцэгээд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Цэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Цэцэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч С.Цэцэгийн эзэмшлийн ...Самсунг маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Цэцэгт олгосугай.
7. Шүүгдэгч С.Цэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цэцэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА