| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0397/И |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрхийн 13 дугаар гудамж, 902 тоот хаягт оршин суух, Өлзий Түмэн-Өлзийгийн Болормаа /РД:ЧП71101707/
Талийгаач Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би талийгаач нөхөр Б.Бат-Эрдэнэтэй 2003 онд танилцаж, 2005 оны 02 дугаар сараас хамтран амьдарсан. 2007 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Батнямыг төрүүлсэн. Бид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүүгээ эцгээр нь овоглосон. Талийгаач нөхөр Б.Бат-Эрдэнэ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан. Би хүү Б.Батнямд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор талийгаач нөхөр Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Болормаа нь хүү Б.Батнямд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилгоор талийгаач Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.Болормаа талийгаач Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсан гэх үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Т.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 0028807-179 дугаар төрсний гэрчилгээний хуулбараас үзвэл нэхэмжлэгч Т.Болормаа талийгаач Б.Бат-Эрдэнэ нарын дундаас 2007 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Батням төрж, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу эцэг Б.Бат-Эрдэнийн нэрийг авсан байна.
Нэхэмжлэгч Т.Болормаа Б.Бат-Эрдэнэтэй 2005 оны 02 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан үйл баримт Налайх дүүргийн 1-р хорооны Засаг даргын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн тодорхойлолт, хүү Б.Батнямын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-15-21, 26/
Б.Бат-Эрдэнэ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 209 дугаар гэрчилгээгээр нотлогдоно. /хх-4/
Мөн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэх гэрч Б.Наранцэцэгийн “...Т.Болормаатай манай ах 2004, 2005 оны үеэс үерхэж, хамт амьдарч эхэлсэн. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд амьдардаг байсан. Нэг нэгнийдээ ирэн очин байдаг байж байгаад тусдаа гарцгаасан. 2007 онд хүү Б.Батням төрсөн одоо 10 настай. Манай ахын ганц хүү нь мөн. Ах Б.Бат-Эрдэнэ маань 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өвчний учир нас барсан. Т.Болормаа нь 2004 оноос хойш манай ах Б.Бат-Эрдэнийг нас барах хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Чинзоригийн “...Талийгаач Б.Бат-Эрдэнэ ах манай ээжийн дүү. Манай ах Т.Болормаа хоёр 2003, 2004 оноос хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа 1 хүүхэдтэй. Хүү Б.Батням нь одоо 10 настай, Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд суралцдаг. Манай ах Б.Бат-Эрдэнэ Т.Болормаа нар нь 2004 оноос 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтаар давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Т.Болормааг талийгаач Б.Бат-Эрдэнэтэй 2005 оны 02 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Өлзий Түмэн-Өлзийгийн Болормаа /РД:ЧП71101707/-г 2005 оны 02 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Б.Бат-Эрдэнэтэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ